| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2018/00518/И |
| Дугаар | 101/ШШ2018/01084 |
| Огноо | 2018-03-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2018/01084
| 2018 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 101/ШШ2018/01084 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, шүүгч Д.Цэрэндолгор, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.С
Хамтран нэхэмжлэгч: О.А
Хариуцагч: Н ХХК
Хариуцагч: П.Б
Гэм хорын хохиролд 40 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.А, Г.С, хариуцагч Н ХХК-ийн төлөөлөгч Д.Н, хариуцагч Н ХХК-ийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагч П.Б, хариуцагч П.Б-ийн өмгөөлөгч Д.Э, иргэдийн төлөөлөгч Ж.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.С, О.А нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гэм хорын хохиролд 40,000,000 төгрөг гаргуулах тухай. Г.С миний бие өөрийн өвөг эцгээс ирсэн халтар манан, шүрэн толгойтой, мөнгөн халбагатай, нуухтай их гарын хөөргөтэй байсан. Нэг өдөр манай дүү Оюунсүрэн, нөхөр Аптанхүүгийн хамт ирж мөнгөний хэрэг гарлаа гэхэд тухайн үед бэлэн мөнгө байгаагүй учир хөөргөө өгч ганцхан Нарантуул худалдааны төвийн хүнсний зах доторх 19 дүгээр ломбардыг ажиллуулж буй иргэн Бт тавьж мөнгө аваарай гэсэн. Урьд нь тэнд тавьж мөнгө авч байсан удаа байгаа болохоор тэгээд манай хоёр дүү тэнд 2013- 02-27 ны өдөр тавьж мөнгө аваад дараа нь cap сард нь хүүг нь төлж сунгуулж байсан. Тухайн үед миний иргэний үнэмлэх байгаагүй учир О.Агийн нзр дээр тавьсан. Гэтэл Нарантуул худалдааны төвийн хүнсний захад 2013 оны 08 сарын 23-нд гал гарч тэнд барьцаанд байсан миний хөөрөг өртсөн. Харин нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас тус хэрэгт 201301022504 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болж, учруулсан хохирлоо иргэний журмаар шийдвэрлэх тухай тогтоомж гаргасан байна. Уг хэргийн улмаас шатсан хөөрөг маань эд мөрийн баримтанд хураагдсан бөгөөд шатсан захын суурин дээр шинэ барилга барин хэвийн үйл ажиллаггаа явуулж байна. Иймд эрүүгийн хэрэгт авагдсан Цагдаагийн байгууллагаас тогтоосон үнэлгээний дагуу хохиролын төлбөр болох 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулан хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч О.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нарантуул худалдааны төв дотор ажиллаж байсан Б эхнэрийн ах С-ын их гарын хаш хөөргийг барьцаалж 1 сая төгрөг зээл авсан. Сарын хүү нь 80 000 төгрөг байсан. Миний иргэний үнэмлэхээр барьцааалсан. Хүүгээ төлөөд сунгаад явж байтал Нарантуул шатсан. Улмаар ломбарданд байсан зүйл галд өртсөн. Бидний хөөрөг хохирсон гэж үзээд хариуцагч нарт холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Мөнгө төлөөгүй гэж байна. Гал гарсаны дараа 1 100 000 төгрөг төлөх гэтэл та нарыг хохироосон тул хохирлоо шийдсэний дараа хасуул гэснээр өгөөгүй гэв.
Нэхэмжлэгч Г.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нараас 40 сая төгрөг нэхнэ. Мөрдөн байцаах газар шинжээч томилоод гал өртсөн гэсэн. Өөрөө үнэлгээгээ гарга гэсэн. Хөөрөгний түүхийг шалгаад 40 сая гэдгийг үндэслэлтэй гэсэн. Нотолж чадахгүй байна гэнэ. Хэрэгт байгаа баримтаар миний хэлсэн 40 сая гэж байгаа. Хуулбарлахдаа 40 000 гэж гарсан байгаа байх. Би 40 000 мянга гэж хэлээгүй. Эх хувь дээрээ 40 сая гэж байгаа. Хариуцагч нар нь хөөргийг мэдэхгүй байх. Би түүхийг хэлсэн байгаа гэв.
Хариуцагч П.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч гэх О.А нь 2013 оны 2-р сарын 27-ны өдөр 119 тоот дугаартай зээлийн гэрээний баримтаар манай ломбарднаас 1 сая төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 8 хувийн хүүтэй зээлж барьцаанд нь дунд гарын цагаан саарал, шүрэн толгойтой, хажуу бөөрөндөө цавтай хөөргөө гуйж тавиулсан. 2013 оны 7 сар хүртэл сар болгоны хүү 80,000 төгрөгийг төлсөн. 2013 оны 8 сараас үндсэн зээл болон хүүгээ төлөхгүй сураггүй алга болсон. 2013 оны 8 сарын 23-нд Нарантуул захын хүнсний захад гал түймэр гарч миний ажиллаж байсан ломбардын байр гал түймэрт өртсөн. Цагдаагийн байгууллагаас гал түймэр гарсан байдал шалтгаан нөхцөлийг тогтоогоод тухайн гал түймэртэй холбогдуулж миний сейфийг битүүмжлээд доторх алт, мөнгө, хөөрөг шүр зэрэг зүйлсийг авч явсан. Эдгээрээс хөөрөгнүүд, шүр зэргийг үлдээсэн. Бусад зүйлсийг надад буцаан өгсөн. Нэхэмжлэгч гэх О.А, С нар нь 4 жил 7 сарын дараа гэнэт гарч ирж хөөргөө өөрөө үндэслэлгүй 40 сая төгрөгөөр үнэлж нэхэмжилсэн шаардлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй. Хөөргийг худлаа хар зураг гарган баримт болгож, шатсан, галд өртсөн гэж шүүхийн байгууллагыг илт хууран мэхэлж, төөрөгдүүлж байгаад маш их гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага хөөрөгний үнэ гэх 40 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Түймрийн дараа хөөргөө нэхэмжлэгч нар үзсэн. Шатаагүй хөөргийг шатсан гэж бичсэн нь худлаа. Сайн сэйфниы ачаар хөөргийг гэмтээлгүй авч үлдсэн гэв.
Хариуцагч Н ХХК-ний өмгөөлөгч Ц.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 497, 510-д бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан этгээд хохирол төлөх үүрэгтэй гэж заасан. Хөөрөг нь мөрдөн байцаах газарт байгаа. Иймд эд хөрөнгөд хохирол учруулсан гэдэг нь тогтоогдоогүй. Цагдаагийн бичгээр байгаа гэсэн байна. Нэхэмжлэгч нар нь хүсэлт гаргаад буцааж авах боломжтой. Хөөрөг халууны хамгаалалттай сэйф дотор байсан гэдэг. Иймд нэхэмжлэл нь үндэслэлгүй. Комиссын үнэлгээ 40 сая биш 40 мянга гэсэн. Хөөрөг байсаар байхад хохирол нэхсэн нь үндэслэлгүй. Ямар үндэслэлээр 40 сая гэсэн тодорхойгүй байна гэв.
Хариуцагч П.Б-ийн өмгөөлөгч Д.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь зээлийн гэрээгээр хариуцагч Бийн ажиллуулж байсан ломбардад хөөрөг барьцаалсан. 1 сая төгрөг авсан. 2013 оны 7 сар хүртэл хүүгээ төлсөн. 8 сараас зээл, хүүгээ төлөхгүй алга болсон. 2013 оны 8 сард гал гарч хариуцагч Бийн ажиллуулж байсан ломбард галд өртсөн. Гэвч хадгалах сэйф бат бөх байснаас дотор нь байсан зүйл бүрэн бүтэн гарсан. Цагдаагийн байгууллага битүүмжлээд авсан. Тэндээ байгаа. Цагдаагийн байгууллага нь хөөргийг 40 мянга гэсэн байдаг. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгоно уу. Учир нь ямар үндэслэлээр нэхэмжлэл гаргаснаа нотолж чадахгүй байна. Учир нь хөөрөг нь цагдаагийн байгууллагад байгаа гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.С, О.А нар нь гал түймрээс учирсан гэм хорын хохиролд 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н ХХК болон П.Б нар нь гэм хор учруулаагүй, зээлийн барьцаанд байсан хөөрөг цагдаагийн байгууллагад байгаа, 40,000,000 төгрөгний үнэлгээ нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч О.А нь 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүрэн толгойтой, манан хөөргийг Гурван байц ХХК-ний барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнд барьцаалж 1,000,000 төгрөгийг 03 дугаар сарын 29-ны өдөр хүртэл зээлсэн болох нь хэргийн 10 дугаар талд байгаа ломбардны барьцааны 119 дүгээр хуудас, түүнд дарагдсан тэмдэгээр тогтоогдож байна. Энэ үйл баримтын талаар зохигч хэн аль нь маргаагүй. Нэхэмжлэгч О.А нь уг хөөргийг нэхэмжлэгч Г.Сын өмч бөгөөд барьцаалахад өөрийн иргэний үнэмлэхийг ашиглуулсан гэж тайлбарласан. Улмаар нэхэмжлэгч О.А нь шүүх хуралдаанд гал түймрийн улмаас миний эд хөрөнгөд учирсан хохирол байхгүй, хариуцагч нараас нэхэмжлэх зүйлгүй, харин хадам ах Г.С хохирсон тайлбарлаж байна.
Иймд О.Агийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагч Н ХХК болон иргэн П.Б нар нь нэхэмжлэгч нартай иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй байна. Тодруулбал хөөрөг барьцаалан зээлдэх харилцаанд хариуцагч Н ХХК хамааралгүй бөгөөд хариуцагч П.Б нь иргэний хувьд оролцоогүй байна.
Хариуцагч Н ХХК-ний Нарантуул олон улсын худалдааны захад гал түймэр гарсан болох нь Баянзүрх дүүргийн прокурорын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1573 дугаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор тогтоогдож байна. Энэхүү гал түймэр гарсан хэрэгт хариуцагч нар гэм буруутай болох нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл уг хэрэгт хариуцагч нараас бусад этгээдийг яллагдагчаар татаж шалгасан бөгөөд хэргийг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгожээ. Тодруулбал гэм буруутай болохыг шүүх тогтоогоогүй. Иймд дээрх гал түймрээс болж нэхэмжлэгч нарт гэм хор учирсан гэх үйл явдалд хариуцагч нар гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн нь нэхэмжлэгч О.А-гийн гэх хөөрөг, даалин нь Мөрдөн байцаах албанд хадгалагдаж байгаа болох нь Цагдаагийн ерөнхий газрын Мөндөн байцаах албаны 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 11/2-1032 дугаар албан тоотоор тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч нар нь гэм хор учирсан гэх хөөрөгний үнэлгээг хэргийн 11 дүгээр талд байгаа эд зүйлийн үнэлгээ гэх баримтаар тогтоогдоно гэж тайлбарласан. Гэвч уг баримтад тусгагдсан үнэлгээ нь зөрүүтэй, эргэлзээтэй бөгөөд бусад баримтаар тогтоогдохгүй байна. Улмаар нэхэмжлэгч нар нь үнэлгээний талаар бусад баримтыг шүүхэд ирүүлээгүй, ямар нэг хүсэлт гаргаагүй, хууль зүйн туслалцаа авахаас татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Н ХХК, П.Б нарт холбогдох гэм хорын хохиролд 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.А, Г.С нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД
ШҮҮГЧИД Д.ЦЭРЭНДОЛГОР
Э.ЭНЭБИШ