| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/04491/И |
| Дугаар | 101/ШШ2017/03979 |
| Огноо | 2017-12-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2017/03979
| 2017 оны 12 сарын 11 өдөр | Дугаар 101/ШШ2017/03979 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Э даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ...... регистрийн дугаартай........................ тоотод оршин суух Човогт С.С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ........ регистрийн дугаартай, ............................ оршин суух О овогт Э.Б-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.С, хариуцагч Э.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч С.С нь 2014 онд хариуцагч Э.Бгаас газар худалдан авсан. Газрын төлбөрт 5,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Газрыг худалдан авсан гэж ойлгосон учраас газар дээр хашаа барьж, шороо буулгаж, тодорхой хэмжээний ажил бусдаар хийж гүйцэтгүүлсэн. Гэтэл нэг өдөр хариуцагч Э.Бтай уулзахад манай газрыг өөр хүн авсан, та өөрийн хийсэн юм аа аваарай гэсэн. Иймд би өөрийн хийсэн зүйлээ буцаан авсан. Э.Б миний газрын төлбөрт өгсөн төлбөрийг буцаан өгнө гэж зээлийн гэрээ байгуулсан боловч цувуулж бага багаар өгсөн. Одоо 2,100,000 төгрөгийн төлбөрийг буцаан өгөх дутуу байгаа. Иймд үлдэгдэл төлбөр 2,100,000 төгрөг дээр тухайн газар дээр ажил хийсэн ажилчдын хөлс 1,760,000 төгрөгийг нэмж, нийт 3,860,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 5,100,000 төгрөгийг 3,860,000 төгрөг болгон багасгасан бөгөөд хариуцагчаас зөвхөн тухайн газар дээр барьж байгуулсан зүйлийнхээ ажлыг хөлсийг нэхэмжилсэн. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би анх 2014 онд С.Сд газар худалдахаар тохиролцсон. Тухайн газрыг 2015 оны 9 сард зарах боломжгүй болж, газрын төлбөрт надад өгсөн 5,100,000 төгрөгийг зээлэхээр болж, нотариатаар орж, 5,100,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээний дагуу би өөрийн цалингаас 3,400,000 төгрөгийг цувуулж өгсөн. Өөрөөр хэлбэл газар зарахаар тохиролцсон боловч бүтэлгүйтсэн учраас зээлийн гэрээ байгуулсан. Иймд би мөнгө зээлсэн гэж төлбөрөө төлж байсан. 2,100,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Харин тухайн газар дээр ажил гүйцэтгэсэн ажилчдын ажлын хөлсийг хүлээн зөвшөөрөхгүй. С.С надад тухайн газар дээр хашаа барьж, шороо тэгшлэх гэх мэт ажлууд хийлгэж байгаа гэж хэлж байгаагүй. Хамгийн сүүлд манайд 12 цагийн үед ирэхэд нь би төлбөрөө 12 сардаа багтаагаад төлье гэж хэлж байсан. Харин тухайн газарт хуучин шон суулгасан байсан. Тус шон дээр С.С гуай банз хадаж байсан. Үүнийг гэрч нотлох болно гэв.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Э.Бгаас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 5,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа 3,860,000 төгрөг болгон багасгасан.
Хариуцагч Э.Б нэхэмжлэлийн шаардлагаас 2,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, хохирол 1,760,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч С.С, хариуцагч Э.Б нар 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр амаар тохиролцож, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Ургах наран усан сангийн 4-10 тоот газрыг 5,500,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцжээ.
Талууд уг маргаан бүхий Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Ургах наран усан сангийн 4-10 тоот газар нь эзэмших эрхтэй байсан болон уг эзэмших эрхийн үнэд нэхэмжлэгч талаас 5,500,000 төгрөгийг бэлнээр төлсөн үйл баримтын талаар маргахгүй байна.
Хариуцагч нь уг тохиролцооны дагуу газар зэмших эрхийг шилжүүлэх боломжгүй нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгчтэй тохиролцон газар эзэмших эрхийн үнэд хүлээн авсан 5,500,000 төгрөгийг зээлийн гэрээ болгон 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу 2,100,000 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй, харин газар дээр хашаа хаалга зэргийг барьсаны улмаас учирсан хохирол 1,760,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан бөгөөд хүсэл зоригийн илэрхийлэл нь хэлцэл хийгч хоёр этгээдийн хүсэл зориг нэгдсэн байхыг шаардах ба хэлцэл хийх саналыг нөгөө тал хүлээн зөвшөөрөх саналууд нэгдсэн байх учиртай.
Талуудын хүсэл зориг Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Ургах наранд усан сангийн 4-10 тоот газрыг худалдах-худалдан авахаар хүсэл зоригоо илэрхийлсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, 2016 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн хариуцагч Э.Бгийн гараар бичсэн бичвэр зэргээр тогтоогдож байна /х.х-ийн 8-9 дүгээр тал/
Хариуцагчийн татгалзалын үндэслэл болж буй хэрэгт авагдсан бичгээр байгуулагдсан зээлийн гэрээ нь хэдийгээр хэлбэрийн хувьд зээлийн гэрээний шинжийг агуулж байх боловч талуудын жинхэнэ хүсэл зориг илэрхийлэгдээгүй, өөрөөр хэлбэл нэг талаас 5,500,000 төгрөгийг зээлдүүлэх, нөгөө талаас уг мөнгийг тодорхой хугацааны дараа буцаан өгөх хүсэл зориг илэрхийлэгдээгүй байх тул зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. /х.х-ийн 5 дугаар тал/
Зохигчдын хүсэл зориг Иргэний хуулийн 243-261 дүгээр зүйлд үндэслэн илэрхийлэгдсэн байх бөгөөд уг хүсэл зоригийн агуулгыг тодорхойлж үзвэл нэг талаас гэрээнд заасан газар эзэмших эрхийг эрх шилжүүлэн авагчид шилжүүлэн өгөх, эрх шилжүүлэн авагч тал үнэ төлөх тохиролцоо нь Монгол улсын Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан Эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба хуульд уг гэрээг бичгээр байгуулах тусгай шаардлага байхгүй тул зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсч, үүрэг үүссэн байна.
Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3-т эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй гэж зааснаар эрх шилжүүлэгч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө болон түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэх үүрэг, эрх хүлээн авагчид хэлэлцэн тохирсон үнэ төлөх үүрэг тус тус үүсэхээр зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нь үнэ төлөх үүргээ биелүүлсэн харин хариуцагч нь эрхийн доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй улмаас нэхэмжлэгч нь хариуцагчийн хүлээсэн үүргээ зөрчсөнөөс гэрээнээс татгалзаж, үүнтэй холбоотой учирсан хохирлыг арилгуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгах хуулийн зохицуулалтын хүрээнд хамаарна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.
Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Ургах наран усан сангийн 4-10 тоот газарт хашаа болон хаалга барьсан ажлын хөлс, граж барихаар блок, элс хайрга буулгасан зардал, зам тэгшилсэн зардалд 1,760,000 төгрөгийг хохиролд гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд маргаан бүхий газарт хашаа, хаалга шинээр барьсан болох нь гэрч Ц.Алтанхундага, Ж.Энхтулга, Ө.Батцэнгэл нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул ажлын хөлс 1,060,000 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзэв. /х.х-ийн 54-57 дугаар тал/
Хариуцагч нь хашаа, хаалга барьсан болохыг үгүйсгээгүй боловч уг ажлыг нэхэмжлэгч өөрийн сайн дурын үндсэн дээр хийсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас граж барихаар блок, элс хайрга буулгасан, зам тэгшилсэнтэй холбоотой үйл баримт нь гэрч нарын мэдүүлгээр эргэлзээгүй тогтоогдоогүй байх тул үүнтэй холбоотой ажлын хөлс 700,000 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулах иргэний эрх зүйн хамгаалалтын аргаар хангагдах боломжтой байх тул нэхэмжлэгчийн эрхийг гэрээ байгуулахаас өмнөх байдалд нь сэргээж, гэрээний үлдэгдэл төлбөр 2,100,000 төгрөг, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас учирсан хохирол 1,060,000 төгрөг нийт 3,160,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Бгаас 3,160,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Сд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Соос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бгаас 65,510 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Сд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ