| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/0033/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/66 |
| Огноо | 2025-03-13 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/66
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагч Б.Түвшинтөр,
Иргэний хариуцагч Г.Н , Н.Б , И.Л (цахимаар),
Шүүгдэгч Т.Б-ийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,
Шүүгдэгч Ц.А-гийн өмгөөлөгч О.Аюурзана,
Шүүгдэгч Л.Л-ийн өмөгөлөгч Ж.Дорждэрэм,
Шүүгдэгч Т.Б , Ц.А , Л.Л , гэрч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Т овгийн Т-ийн Б , Б овгийн Ц-ийн А , Ж овгийн Л-ийн Л нарт холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны 12 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн *** суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Онцгой байдлын байгууллагын ажил, эрх зүйч мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн *** газрын *** ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Говь-Алтай аймгийн *** сум *** баг *** хороолол *** тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, *** регистрийн дугаартай, Б овогт Ц-ийн А .
Монгол Улсын иргэн, *** оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн *** суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч, бага эмч, сувилагч мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн *** ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн *** сумын ***баг *** тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, *** регистрийн дугаартай, Ж овгийн Л-ийн Л.
Монгол Улсын иргэн, *** оны 05 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн *** суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн *** газрын *** дарга ажилтай, ам бүл 6 эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн *** сумын *** баг *** дугаар байрын *** тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, *** регистрийн дугаартай, Т овогтой Т-ийн Б .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б , Ц.А , Л.Л нар нь бүлэглэн тус аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/417 дугаартай Хөрөнгө зарцуулах тухай захирамжийг гаргахад уг захирамжийн хавсралтаас тус аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хашаа нь эвдэрсэн зайлшгүй тусламж шаардлагатай гэх 58 иргэний нэрсээс 25 иргэний нэрсийг сольж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ерөнхийдөө гэр олгосон дээр нь бэлэн мөнгө олгосон асуудал дээр би энэ үйл ажиллагаа дээр хийсэн ажил нь гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлт гаргасан байдаг. Бусдаар энэ үйл ажиллагаатай холбоотой би ямар нэгэн ажил арга хэмжээнд нь оролцоогүй би мэдэхгүй. Гэр олголт дээр нь ч оролцоогүй, би тэр мөнгө цаасных нь асуудал дээр ч гэсэн ямар хүмүүсийн нэр орж ирээд ямар хүмүүсийн нэр нь олгогдсон нь мэдэхгүй. Би өөрөө энэ нутгийн хүн биш. Би Завхан аймгийн Цагаанхайрхан сумд төрж өссөн. 20032007 оны хооронд цагдаагийн академийн дээд сургуулийг төгсөөд 2007 онд энд томилогдож ирсэн цагаас хойш энэ нутгийн хүн болж энэ нутагт ажиллаж амьдарч байгаа. Ах дүүсийн хамааралтай, найз нөхдийн хамааралтай Бугат сумаас надад ямар ч таньж мэддэг тийм давуу байдал гаргах тийм бололцоо боломж байхгүй гэв.
Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 онд Бугат сумд шуурга болсон тухай онцгой байдлын газарт дуудлага мэдээлэл ирүүлсэн байдаг. Үүний дагуу удирдлагаас газар дээр нь очиж үзэж ажиллах үүрэг өгсөн. Тухайн үед гамшгаас хамгаалах төлөвт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Т.Б , манайд жолоочоор ажиллаж байсан Мөнхбаатар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас М гэсэн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй газар дээр нь очиж ажилласан. Удирдлагаас өгсөн үүргийн дагуу Засгийн газраас шийдвэр гаргаад 80 айлд гэр олгохоор шийдвэрлэсэн байдаг. Ингээд 80 айлд гэр олгох ажлыг миний бие тухайн үед бол гамшигт гал түймэрийн улсын хяналтын байцаагчаар ажиллаж байсан, онцгой байдлын газар салааны дэслэгчээр ажиллаж байсан А, жолооч Д нарын хамт Бугат сумд очиж ажиллаад тухайн жагсаалтад орсон 80 иргэнд 80 гэрийг олгож гарын үсэг зуруулан баталгаажуулж, үүний дараа 2019 оны 07 дугаар сард удирдлагаас өгсөн үүргийн дагуу хашаа нь унаж хохирол учирсан гэж Бугат сумаас 2 удаа ирүүлсэн нэрс байсан. Эхний удаа ирүүлсэн нэрс дээр 204 хүний нэр байсан. Дараагийн удаа ирүүлсэн нэр 58 айлын нэр байсан. Удирдлагаас өгсөн үүргийн дагуу гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Б тэй хамтарч ажилласан байдаг. Ингэж ажиллахдаа Бугат сумд сүүлд ирүүлсэн 58 айлын нэр дотор гэр авсан айл давхцаж байгаа эсэхийг шүүж гаргаж ир гэж удирдлагаас үүрэг өгсөн. Ингэж ажиллахад 6-7 айлын нэр гэрийн тусламжид хамрагдсан айлууд орж ирсэн. Тухайн үед Т.Б эхний ирүүлсэн 204 нэр дотроос өндөр настай хүмүүсийг эрэмбэлээд оруулъя гэж хэлсэн байдаг. Үүний дагуу регистрийн дугаараар нь хөөж шалгаад өндөр настай буюу 1930, 1940 оны хүмүүсийг нэр давхардсан айлуудын оронд оруулсан. Тухайн үед ийм техник ажиллагааг хийснээс өөрөөр солигдсон гээд байгаа хүмүүсийг сольсон ийм ажиллагаа бол хийгдээгүй. Дээрх өндөр настай гэх иргэдийг зөвхөн регистрийн дугаараар нь шүүсэн бусдаар энэ хүмүүсийг таньдаг мэддэг холбоо тогтоож байсан зүйл огт байхгүй болно. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч Л.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хувьд Т.Б , Ц.А нартай бүлэглэн үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэнийг сайн ойлгохгүй байгаа. Миний хувьд тухайн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн Засаг дарга байсан. Бугат сумд төрж өссөн. Бугат сумд ямар нэгэн ажил албан тушаал эрхэлдэггүй. Онцгой байдлын энэ албан хаагч нартай ямар нэгэн хамаарал холбоо байхгүй. Хувь хүний хувьд ийм байдаг. Ийм байхад бүлэглэн гэж орж ирсэн талаар ойлгомжгүй байдалтай байдаг. Манай хамаатны хүмүүс орсон байдаг. Мөн яллах дүгнэлтийг харахад Л.Л гийн дансаар орсон нь баталгаажсан гэдэг. Миний данс руу тэр хүмүүс мөнгө төгрөг хийсэн зүйл байдаггүй. Тухайн үед Н гэж манай ээж рүү хамаатнууд мөнгө төгрөг хийж юм авахуулсан хоорондын харилцаа байсан байх. Өөртөө ямар нэгэн мөнгөн төгрөг авсан, эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэдэг зүйл хувь хүний хувьд ойлгомжгүй байдаг гэв.
Иргэний хариуцагч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн үед би дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан. Тухайн үед тэмээний баяр болох гэж байсан. Бид нарыг сумаас гарахад шуурч эхэлж байсан. Тэгээд тэмээний баяр болох газар очиход нүд чихгүй шуурсан. Тэгээд юнителийн сүлжээ барьдаг. Тэгээд араас утсаар яриад шуурга буугаад гэр орон, хашаа дээвэр хачин юм боллоо гэж ярьсан. Бид хэд сумын урд талаас орж ирэхэд манай сумыг ерөнхийдөө сүйрүүлсэн байсан. Хаан банкны дээвэр авч шидсэн байсан. Маргааш нь багийн Засаг дарга ажлын хэсэг гараад хохирсон айлуудын зураг аваад явсан гэв.
Иргэний хариуцагч И.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед би хөдөө байсан. Эхнэр сум дээр хүүхдээ хардаг байсан. Хашаа урд тал тэр чигтээ жорлонтой хамт унасан, 2 амбаарын дээвэр унасан байсан. Би хөдөө мал дээрээ байж байхад ирж зураг авлаа гэж байсан. Дараа нь данс руу тусламжийн мөнгө орж ирсэн байсан гэв.
Иргэний хариуцагч Г.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манайх шуурганд өртөөд байшингийн дээвэр нурсан, хашаа нурсан байсан. Тухайн үед би хөдөө идэш хийгээд явж байсан. Ирэхэд тийм байдалтай байсан. Хүмүүс ирээд зураг аваад явсан гэсэн. Сүүлд 1 сая төгрөг данс руу орсон гэв.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Б , Ц.А , Л.Л нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн тухайн баримтат мэдээллийн нотолгооны ач холбогдол, хамаарал, хангалттай болон хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлсний үндсэн дээр үйл баримтыг дараах байдлаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
2018 оны 11 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй шуурганы улмаас хохирол учирсан ...Бугат сумын нэр бүхий 58 айл өрхөд аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/417 дугаартай “Хөрөнгө зарцуулах” тухай захирамж гарган тусламж олгогдсон болох нь:
1. Гэрч Н.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэр Бугат сумын 1 дүгээр багт байсан. Хашаандаа хоёр монгол гэртэй байсан. Тухайн үед би гэртээ хоёр хүүхдийн хамт байсан. Бид нэг гэртээ амьдардаг нөгөө гэр нь илүү гэр байсан. 2018 оны шороон шуургаар манай илүү гэр салхинд шидэгдэж эвдэрсэн. Харин бидний амьдарч байсан гэр бол унаагүй. Мөн манай хашааны урд хэсэг салхинд нурж унасан. Мөн хашааны хойд хэсэг нурсан. Засаг даргын тамгын газраас хүмүүс ирж нурсан гэр болон хашааны зургийг аваад байсан. Нэг удаа 1,200,000 төгрөгийг өгсөн. Хаанаас олгосон гэдгийг нь мэдээгүй. Манайд хашаа нурсан гэж мөнгө өгөөгүй. Мөнгө гэж манайд хэлээгүй. Засаг даргын Тамгын газраас хүмүүс ирээд зураг аваад байсан” гэх мэдүүлэг /4хх-53-54-р тал/,
2. Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн шуурганаар манай хашаа нурж унасан, гэрийн цагаан бүрээс бага хэмжээгээр урагдсан. Ийм л хохирол учирсан. Шуурга болсны дараа албаны хүмүүс ирээд бүртгэж аваад явсан. Миний нэр яагаад П гэж хүнтэй солигдсныг нь бол мэдэхгүй байна. Сүүлд нь сонсоход нэр солигдсон байна гэж дуулсан. Хохирлын 1,000,000 төгрөг олгосон гэдгийг мэдэхгүй. Харин шуурга болсны дараа Улсын онцгой комисс болон аймгаас гэр олгоод явсны хэд хоногийн дараа хоёр ширхэг гэрийн бор эсгий өгсөн” гэх мэдүүлэг /4хх-72-73-р тал/,
3. Гэрч Б.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр шуурга болох үед нөхөр Батчулуун бид хоёр Улаанбаатар хотод байсан. Дараа жилийнх нь хавар буюу 2019 оны 04 сард сумдаа ирж байсан. Тэгээд тухайн үед гэртээ ирэхэд манай байшингийн 3 ширхэг цонх хагарсан, хашаан дахь жорлон нурсан, гражны дээвэр хууларсан, банзан хашаа нурж унасан байсан. Шуурга болох үед нөхөр бид хоёр хотод байсан учраас ямар хүмүүс ирж бүртгэл судалгаа хийж, зураг дарсан талаар мэдэхгүй байна. 2019 оны зун хэдэн сар гэдгийг мэдэхгүй байна, Хаан банкны 5319012840 тоот дансанд шуурганы улмаас учирсан айл өрхөд олгогдох 1,000,000 төгрөг шилжигдэж орж ирж байсан. Есөнбулаг сумын Баяншанд багийн Засаг дарга Л нь манай нөхөр Б-ны төрөл садангийн холбоотой залуу байгаа юм. Нөхөртэй маань төрөл садангийн холбоотой боловч бид хоёрын хувьд дотно харилцаатай орж гардаг, холбоо байхгүй, ах, дүү нар учраас таарсан үедээ мэнд устай л явдаг. Мятав дарга байшингийн цонх хагарсан, хашаа чинь нурсан байна гээд ярьж байсан” гэх мэдүүлэг /4хх-79-р хуудас/,
4. Гэрч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Нөхөр Н бид хоёр 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр сумын төвөөсөө холгүй байдаг хөдөө гэр рүүгээ идшиндээ явсан юм. Үдээс хойш сумын төвөөс таньж мэддэг хүмүүс над руу утсаар яриад сумд хүчтэй шуурга болсон, айл өрхүүдийн хашаа хороо нурсан, гэр нурсан, танай хашаа ч гэсэн нурсан байна гээд ярьсан. Ингээд нөхөр бид хоёр сумын төв дээр шөнө 00 цаг болж байхад ирэхэд манай гэрийн 3 тал хашаа шуурганд хийсэн унасан, хашааны банз, шонгууд нь хугарсан байдалтай байсан. Маргааш өглөө нь аймгийн ОБГ-ын хүмүүс бас манай 5-р багийн даргаар ажиллаж байсан А бас бус хэдэн хүний хамтаар хүрч ирээд зураг дараад явсан. Тухайн үедээ хохирлын мөнгө олгогдоогүй, дараа жилийн хавар билүү, зун нь билүү дээ, сумын зарим нэг хүмүүс хашааны мөнгө 1,000,000 төгрөг орсон гээд яриад байсан. Тэгээд нөхөр бид хоёр сумын захиргаан дээр ирээд хохирлын мөнгө олгогдож байгаа юм уу гээд Засаг дарга болон багийн дарга А, нарийн бичгийн дарга Б зэрэг хүмүүсээс асуухад танай нэрсийг уг нь аймаг руу явуулсан. Яагаад мөнгө нь шилжигдэж орж ирэхгүй байгаа юм бол гээд өөрсдөө ч тодорхой мэдэхгүй байсан. Тэгсэн манайд олгогдох ёстой нэрсийн оронд 5-р багийн Б.Э гээд хүний нэрс бичигдсэн, энэ хүнд хохирлын мөнгө олгогдсон байсан байна лээ. Яагаад энэ хүнд манай хохирлын мөнгө олгогдсон талаар мэдэхгүй байна. Хуулийн байгууллагаас шалгаж тогтоох байх. Уг нь манай хашаа нурсан, шуурганы дараа хүмүүс хүрч ирээд бүртгэж аваад явсан юм. Ихэнх айлуудын хашаа нурсан байсан. Шуурганд хашаа нь адилхан нурж унасан айлууд 1,000,000 төгрөгөө авчихсан байна” гэх мэдүүлэг /4хх-107-108-р тал/,
5. Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн шуурга болох үед би гэртээ байхгүй байсан. 2019 оны 04 дүгээр сард Бугат сумд ирсэн юм. Энэ хугацаанд манайх эзгүй байсан. Би Бугат сумд хашаа байшинд амьдардаг юм. Байшин хэвийн байсан. Хашааны хоёр тал унасан байсан. Мөн гражийн дээвэр хуурсан байсан. 1,000,000 төгрөг авсан. Өөр зүйл аваагүй. Би 1,000,000 төгрөгийг хувьдаа хэрэглэсэн” гэх мэдүүлэг /4хх-111-112-р тал/,
6. Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тэр хүчтэй шуурга болох үеэр би сумын төв дээр гэртээ байсан. Би 5 ханатай монгол гэрт амьдардаг. Гэрийн тооно ард талаараа зад үсэрсэн, гэрийн гадуурх цагаан бүрээс урагдаж задарсан. Хашааны урд талын хэсэг нурсан. Шуурганаар ийм л хохирол амссан. Тэр хүчтэй шуурганаар манай сумд их, бага хэмжээгээр өртөж, хохироогүй айл гэж бараг байхгүй байх. Хамгийн гол асуудал хохирол нь их байна уу, бага байна уу. Хашаа, хороо нь тэр чигтээ нурсан байна уу, тал хэсэг нь нурсан байна уу гэдэг нь л чухал. Шуурганд өртөж хохирсон айлуудад тусламжийн мөнгө олгогдох гэж байгааг ч мэдээгүй. Гэнэт л миний дансанд 1,000,000 төгрөг шилжигдээд орж ирсэн. Тэгэхээр нь би гайхаад юун мөнгө ороод ирчихвээ гээд ойр тойрныхоо хашаа хорооныхоо айлуудаас асуусан чинь нөгөө шуурганаар хохирсон айлуудад буцалтгүй тусламж олгоно гэж байсан, тэр л мөнгө байгаа байх гэцгээж байсан юм. Мөнгө орж ирэхээр нь эгч нь баярлаж л байсан. Тэгээд нэгэнт дансанд орсон мөнгө юм чинь гээд тэр мөнгөөр хэдэн банз, гэрийн цагаан бүрээс, шинэ тооно худалдан авч байсан юм. Тэр шуурганаар чинь бүх л айл өрхийн хашаа, хороо, гэр, байшингийн дээвэр их, бага хэмжээгээр нурж унасан, хийссэн, эвдэрч хэмхэрсэн. Шуурга болсны дараа хүмүүс ирээд бүртгэж аваад яваад байсан. Манайхыг ч гэлтгүй манай эргэн тойрны айлуудыг бүртгээд явж байсан харагдсан. Тухайн үед ямар хүмүүс бүртгээд явсныг ч мэдэхгүй байна. Нас өндөр болсон болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Тухайн үед данс асуусан ч билүү сайн санахгүй байна. Нэгдсэн журмаар нь Хаан банкнаас гаргуулаад авсан ч байж магадгүй. Миний данс Хаан банканд бүртгэлтэй байдаг” гэх мэдүүлэг /4хх-114-115-р тал/,
7. Гэрч Д.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Шуурга болсны дараа аймгаас албаны хүмүүс манай сумын захиргааны хүмүүстэй нийлээд шуурганд өртөж хохирсон айл, өрхүүдийн зургийг дараад бүртгээд явсан. Манайхыг ч гэлтгүй манай гудамжны айлуудыг бүртгэж авч байсан. Тэгээд шийдэгдэхгүй нэлээн удаж байж байгаад хохирлын мөнгө болох 1,000,000 төгрөг бас үүнээс гадна сум орон нутгаас гэрийн хоёр ширхэг эсгий өгсөн. Манайх тэр шуурганд хохирол учирсан болохоор өөрийгөө хохирлын мөнгө авах ёстой гэж үзэж байна” гэх мэдүүлэг /4хх-169-170-р тал/,
8. Гэрч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Үнэн зөвөөр шударгаар явагдаад мөнгө олгосон бол зүгээр л байна. Гэтэл дундуур иргэдийн нэрийг сольсон байна. Одоо тэгээд гомдолтой гэж хэлээд тухайн мөнгө надад олдох эсэхийг хэлж мэдэхгүй байна. Уг нь хашаа нь эвдэрсэн иргэдэд олгох ёстой мөнгө байсан бол би авах л ёстой байх гэж бодож байна. Тухайн мөнгийг олдвол авмаар байна. Надад өөр санал хүсэлт байхгүй. Мөнгө олгох иргэдийн нэрсийн жагсаалтад миний нэр байсан. Хэн миний нэрийг хасаж өөр хүн оронд оруулсан гэдгийг би мэдэхгүй байна. Надад хохирол учирсан. Гэхдээ нарийн мөнгөн дүнгээр тооцож хохирол гаргаагүй. Шуурганы дараа хашаагаа засварласан. Хашааны банз модыг тэр чигт нь сольж байсан” гэх мэдүүлэг /4хх-233-234-р тал/,
9. Гэрч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Юуны өмнө Б гэж залуу бол манай нөхөр Лхачингийн төрсөн дүү нь, харин Ц бол нөхрийн төрсөн дүүгийнх нь нөхөр байгаа юм. Г, Ц.М нар ч гэсэн манай нөхрийн дүү нартай нь суусан нөхрүүд /хүргэн дүү нар нь/ юм. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Бугат сумд болсон хүчтэй шуурганы улмаас *** , *** , *** , *** нарын хашаа, гэр нь нурж унасан байна лээ. Тэгээд хохирлын мөнгө олгогдлоо гээд манай нөхөр бид хоёртой утсаар холбогдоод наанаасаа хашаа, хороо босгох банз, шургааг бас гэрийн бүрээс, эсгий аваад явуулаач гээд миний данс руу тус бур 900,000 төгрөг шилжүүлж байсан. Би шилжүүлсэн мөнгийг нь АТМ-ээс бэлэн гаргаж аваад аймгийн төвийн захаас банз, шургааг, гэрийн бүрээс зэргийг худалдаж аваад тус тусад нь Бугат сум руу машин унаанд дайгаад явуулж байсан юм. Яг ямар хүнээс авсан талаар санахгүй байна, аймгийн төвийн зах дээр гэр ахуйн бараа, хэрэгсэл зардаг хүмүүсээс эсгий, цагаан бүрээс зэргийг авч байсан, мод банз шургааг нь бол мод зардаг хүмүүсээс авч байсан, Худалдан авч байсан баримт, зарлагын баримтыг худалдаа хийсэн хүмүүс надад өгөөгүй. Хүү маань над руу залгаад 500,000 төгрөг зээлээч мөнгөний хэрэгцээ гараад байна гэхээр нь шилжүүлж байсан. Миний дансанд тэр үед *** , *** , *** , *** нараас мөнгө шилжүүлэхээс өмнө мөнгө байсан. Дансандаа байсан мөнгөнөөс хүү Лхагвацэрэн рүү шилжүүлж байсан” гэх мэдүүлэг /4хх-199-200-р хуудас/,
10. Гэрч В.Р-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...айл, аж ахуйн нэгжид өргөдөл гомдлын дагуу мөнгө нь олгогдсон. Би захирамжаа яаж гаргаснаа санахгүй, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 358 дугаартай тогтоолыг зөрчиж иргэн аж ахуйн нэгжид илүү мөнгөн дүнг олгоогүй гэж бодож байна. Тухайн үед аймгийн Засаг даргын гаргаж байгаа захирамжийг Хууль зүйн хэлтэс, Тамгын газрын дарга нар нь хянаж гаргадаг. Мөн аймгийн Онцгой комиссын гишүүд онцгой байдлын газрын гаргасан санал дүгнэлтийг үндэслэж хохирол барагдуулах арга хэмжээг авсан” гэх мэдүүлэг /5хх-109-110-р хуудас/,
11. Гэрч Д.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед Онцгой байдлын газрын даргаар Б гэж хүн ажиллаж байсан. Дарга надад хэлэхдээ *** гэж хүн хэл ам хийгээд байна. Мөнгө олгох иргэдийн жагсаалтад *** ы нэр орсон байгаа. Аймгийн Засаг даргын захирамжид *** ы нэр нь орно гэж байсан. Урьдчилаад мөнгийг нь өгчих гэсэн. Манай байгууллагад үндсэн болон нэмэлт санхүүжилтийн данстай. Улсын Онцгой комиссоос манай байгууллагын нэмэлт санхүүжилтийн дансанд хохирол нөхөн төлбөрийн мөнгө шилжүүлж байсан. Аймгийн Засаг даргын захирамжийг үндэслээд төлбөрийн хүсэлт бичсэн. Аймгийн Засаг даргын захирамж нь яагаад Засгийн газрын тогтоолтой зөрчилдсөн гэдгийг би мэдэхгүй байна. Б.*** гэх хүнийг танихгүй” гэх мэдүүлэг /5хх-130-131-р хуудас/,
12. Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр буюу шуурга болох үед Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн байсан. Тэгэхээр тэр судалгаа, айл өрхүүдийн нэрсийг хэрхэн яаж гаргасан, хэдэн айл, өрхийн нэрсийг аймгийн ОБ-ын газар руу хүргүүлж байсан талаар би мэдэхгүй байна. Ямар ч байсан би шуурга болох үед Бугат сумд байсан. Маш олон айл, өрхийн хашаа хороо нурж унасан, байшингийн дээвэр хууларсан, маш олон айлын гэр нурсан юм. Миний амьдарч байсан гэрийн цагаан бүрээс хууларсан, гэхдээ хохирол олгогдох нэрсэд нэрээ бүртгүүлээгүй. Би 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр буцаад ажилдаа ороход шуурганы улмаас хохирсон айл, өрхүүдэд мөнгөн тусламж олгохтой холбоотой асуудал хөндөгдөж байгаагүй. Гэтэл тухай оны 04 сараас эхлээд хашаа хороо нь нурсан айл, өрхүүдэд мөнгөн тусламж олгогдох юм болоод, олгогдохгүй ч юм шиг яригдаж эхэлсэн. 2019 оны 06 сарын эхээр аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга Л над руу утсаар яриад шуурганд өртсөн айл, өрхүүд, албан байгууллагуудынхаа судалгааг явуулаач гэхээр нь би Л-д "Би тухайн үед Гамшгийн газрын даргаар байгаагүй болохоор ямар ч бичиг баримт, материал байхгүй байгаа, би юу ч гэсэн дарга, холбогдох хүмүүсээс асуугаад эргээд хариу хэлье гэж хэлсэн. Ингээд Засаг дарга М, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарra Я.Б-оос айл, өрхүүдийн судалгаа, нэрсүүд нь эх хувиараа байгаа юм уу, аймгийн Онцгой байдлын газраас судалгааныхаа эх хувийг явуул гээд ярьж байна гэж хэлсэн чинь энд материал байхгүй, тухайн үед нэрсийг 2 удаа гаргаж аймаг руу явуулсан ш дээ гэж Б хэлсэн. Тэгэхээр нь би Л руу буцаж холбогдоод "сумаас материал эх хувиараа танай газар руу явсан гэж байна ш дээ, энд нэрсийн жагсаалт байхгүй байна гэсэн чинь Л "манай газарт ч гэсэн танай сумаас ирүүлсэн материал байхгүй байна, ирсэн судалгаа, нэрсийг Улсын онцгой комисс руу явуулчихсан. Нягтлан солигдоод хамаг бичиг баримт, нэрс байхгүй байна, тэгэхээр дахиад судалгаагаа гаргаад явуулаач гэсэн. Энэ талаар би Засаг дарга М-д танилцуулсан. Мөн ОБГ-ын орлогч дарга Л ч гэсэн Засаг дарга М руу хүртэл утсаар ярьж хэлсэн байсан. Тэгээд сумаас миний бие, газрын даамал Б, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б, Тамгын газрын дарга Б бид 4 сумынхаа бүх багуудаар явж шуурганд өртөж хохирсон айл, өрхүүдийн хашааг тоолж бүртгэсэн. Үүнийг тодруулж хэлбэл шуурганд өртсөн айлуудын бүх хашаагаар явсан, тэгээд сумд ирээд овог, нэр, регистрийн дугаартай нь тулгалт хийгээд, сумын Хаан болон Терийн банкнаас хөдөөний багт амьдардаг, утас нь холбогдох боломжгүй байсан зарим иргэдийн дансны дугаарыг нь гаргуулж аваад, ингээд хүснэгтэн хэлбэрт оруулж аймгийн Онцгой байдлын газар руу хүргүүлсэнээс хойш дахиж айл, өрхийн судалгаа, нэрсийг нэхэж шаардаагүй. Миний хувьд шуурганы улмаас өртөж хохирсон, хашаа нурсан нь айлуудын судалгааг Б, Б-тэй хамт дээрх байдлаар гаргаж хүргүүлсэн.
2019 оны 06 сард хийсэн судалгаагаар урд өмнө улсын онцгой комиссоос 80 айл, өрхөд гэр олгогдсон айлууд, мөн Хөдөлмөр халамжийн газраас зарим нэг айлуудад тусламж олгосон айлууд, нутгийн зөвлөлөөс зарим иргэдэд гэрийн мод өгч хандивт хамруулсан өрхүүдийг тухайн хашааны бүртгэлд огт оруулаагүй. Шуурганд өртсөн хэд хэдэн байшинтай айлуудад хандив тусламжинд хамрагдаагүй байсан. Д, Б гээд айлууд байгаа. Мөн Г-ийн Д гэж манай сумын иргэн намайг Улаанбаатар хотод явж байхад тааралдсан юм. Тэгсэн чинь энэ Д гэж иргэн та нар миний овог, нэрийг өөрчлөөгүйгээр зөвхөн Л-ийн Д-ийн дансыг өгсөн байна лээ, надад хохирол олгогдоогүй гэсэн гомдлыг хэлж байсан. Миний хувьд Г-ийн Д-ийн дансны дугаарыг Л-ийн Д-ийн дансыг бичиж аймаг руу явуулсан зүйл огт байхгүй. Сүүлд явуулсан судалгаагаар ямар ч нэр, ус солигдсон зүйл байхгүй, хийж гаргасан судалгаагаа аймгийн Онцгой байдлын газар руу хүргүүлж байсан. Аймаг дээр солигдсон юм уу, би тэр төлөөр огт хэлж мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /5хх-142-143-р хуудас/
13. Гэрч М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Шуурганд өртсөн айл, өрхүүдийн нэрсийг аймгийн ОБГ-т хүргүүлэхдээ хохирсон бүх л айл, өрхүүдийн нэрсийг гаргаад шуурга болсны дараа буюу 2018 оны 12 дугаар сарын үед явуулж байсан. Аймгаас албаны хүмүүс суманд ирээд 80 ширхэг гэрийг гэр оронгүй болсон, гэр нь дахиж ашиглагдах боломжгүй болсон 80 айлд хүлээлгэж өгсөн. Мөн Улаанбаатар хот болон аймгийн нутгийн зөвлөл, улаан загалмай нийгэмлэг зэрэг байгууллагаас шуурганд өртөж хохирсон айлуудад тусламж хэлбэрээр гэрийн тооно, цагаан бүрээс, хана зэрэг тиймэрхүү зүйлүүдийг өгч байсан. Хашаа хороо нь нурсан айлуудын хохирлыг барагдуулна, нөхөн олговор олгоно гээд байсан боловч энэ нь шийдэгдэж өгөхгүй явсаар 2019 оны 04 сар хүрсэн. Тэгэхэд тухайн үед аймгийн ОБГ-ын мэргэжилтэн А байх над руу утсаар яриад манайх газар руу явуулсан 200 гаран айлынхаа нэрсийг цөөлөөд 58 айл болгож ирүүлээ" гэсэн. Тэгж хэлэхээр нь 5 багийн дарга нарыг дуудсан ба 4-р багийн дарга ирээгүй харин түүний оронд Иргэд нийтийн Хурлын дарга Х.Б ирж хуралд суусан. Ингээд би аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн чиглэлийг хэлж тайлбарлаад 58 айл болгож явуулах юм байна, хохирлын нөхөн төлбөр авах нэн шаардлагатай айл өрхүүдээ нэгтгэж өг гэсэн. Багуудын дарга нараас баг тус бүрийнхээ хүмүүсийн тоог гаргаад ИТХ-ын нарийн бичгийн дарга Я.Б-д нэгтгүүлсэн. Нэгтгэсэн 58 айлын нэрс бол нөхөн олговор зайлшгүй авах ёстой айлууд байсан. Багуудын дарга нар өөрсдийнхөө багийн айл, өрхүүдээс хэн хэн гэж айлын хашаа, хороо нь шуурганд эвдэрч хэмхэрсэн зэрэг хохирлын талаар надаас илүү мэдэж байсан болохоор тэр явуулсан 58 айл хохирлын 1,000,000 төгрөг зайлшгүй авах ёстой байсан.
Нэгтгэсэн 58 айлын нэрсийг аймгийн Онцгой байдлын газар руу явуулахдаа тамга тэмдэгээ дараад эхний ээлжинд мэйлээр явуулаад дараа нь цаасаар араас нь явуулсан байх ёстой. Мэйлээр явуулахдаа бичиг хэргээр явуулсан санагдаж байна. Аймаг руу нэгтгэж явуулсан 58 айлын нэрсээс зарим айлын нэрс нь өөр хүмүүстэй солигдсон байсныг 2019 оны 09 сарын үед айлуудад хохирлын 1,000,000 төгрөг олгогдсоны дараа аймгийн Засаг даргын захирамжийн хавсралтанд бичигдсэн байсан нэрсээс хараад мэдсэн. Харин манай ээжийн нэрс 58 айлын нэрсийг явуулахад байгаагүй. Хэрвээ би ээжийнхээ нэрийг тэр 58 айлын нэрст оруулах байсан бол 2019 оны 04 дүгээр сард яг энэ хурлын танхимд 5 багийн дарга нартаа хурал хийх үеэрээ 2-р багийн дараар ажиллаж байсан Б-эд /***/ ямар нэгэн байдлаар нөлөөлж ээжийнхээ нэрийг оруулах байсан шүү дээ. Тэр нэрсүүд аймаг дээр солигдсон. Ямар учраас солигдсон учир шалтгааны талаар би өмнө нь хэлж байсан. Манай сумын гаралтай М /2012-2016 онд тус сумын ИТХ-ын даргаар ажиллаж байса Л манай Бугат сумын гаралтай/ Д-ийн Б Бугат сумын гаралтай Алтай нисэх буудлын дарга/ гэх мэтчилэн эдгээр хүмүүс өөрийн таньж мэддэг хүмүүсээ чихэж оруулахын тулд аймгийн Онцгой байдлын газрын хариуцах ажилтнуудад нөлөөлсөн болов уу гэж хардаж байна. Бүүр 200 гаран нэрсийг аймаг руу явуулахаас өмнө би ЗДТГ-ын дарга Б, Хурлын нарийн бичгийн дарга Я.Б-д хохирсон бүх айлуудынхаа овог, нэр, регистрийн дугаар явуулахдаа сумынхаа 2 банкнаас хүмүүсийнхээ дансны дугаарыг аваад явуулаарай, хохирол нөхөн төлбөр олгогдох бол хэрэгтэй болж магадгүй гэж чиглэл өгч байсан юм. Байгальмаа, Батболд хоёр сумын 2 банкнаас нэрс аваад явуулсан байх. Тэгэхээр нь аймаг дээр очсон хүмүүсийн дансны дугаараас л манай ээжийн дансны дугаарыг оруулж бичсэн байх. Суманд нэрс солигдоогүй гэдгийг тухайн үед сумын удирдлагаар ажиллаж байсан хүний тухайд мэдэж байна. Сумаас явуулсан нэрсийг аймаг дээр холион хутгаад хийж сольсон. Түрүүний миний хэлсэн улсууд аймгийн ОБГ-т ажилладаг эсвэл шуургатай холбоотой ажлыг хариуцаж ажиллаж байсан холбогдох ажилтнуудад нөлөөлж солиулсан байх гэж бодож байна. Харин тэр ажилтан, энэ ажилтан гэдгийг нь бол мэдэхгүй байна. Ямар ч байсан нэрс аймаг дээр солигдсон” гэх мэдүүлэг /5хх-153-154, 156-157, 159-160-р хуудас/,
14. Гэрч Я.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан уг судалгаа нь шуурга болсоны маргааш нь хийсэн судалгаа, шуурга болсоны дараа 3 ажлын хэсэгт гарч, 3 ажлын хэсгээс ирүүлсэн судалгаа, уг судалгаанд хамрагдсан айл, өрхүүд яг газар дээрээ хашаа, хороо нь нурсан, байшингийн дээвэр нь хууларч унасан, гэр нь нурж унасан байсан талаар хийгдсэн. 2018 оны 11 сарын 26-ны өдөр гаргасан судалгаанд тухайн шуурганаар гэр, оронгүй болсон айл, өрхийн судалгааг гаргаж нийт 124 айл, өрхийн судалгааг гаргаж аймгийн Онцгой байдлын газар руу явуулсан. Эхний энэ судалгаагаар улсаас 80 ширхэг гэр олгогдож шуурганаар гэргүй болсон айл, өрхүүдэд олгогдсон байдаг. Харин байшинтай айл өрх, хашаа, хороо нь нурсан айл, өрхүүдэд Онцгой комиссоос хөрөнгө мөнгө нь шийдэгдээгүй гээд тухайн үедээ хохирол нөхөн төлбөр хийгдээгүй. Дараачийн 2 дахь судалгаа буюу 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр аймаг руу явуулсан судалгаа болохоор 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр аймаг руу явуулсан гэр нь нурсан айлуудын судалгаагаар 80 айл, өрхөд нь гэр олгогдсон, тэгэхээр нь цаана нь 35 айл, өрх эхний судалгаанаас гэр олгогдоогүй үлдчихээд байсан. Энэ 2 дахь судалгаагаар эхний судалгаанаар гэр олгогдоогүй үлдсэн 35 айл, өрхийн нэрсийг бичсэн.
Харин хашаа, хороо нь нурсан айл, өрхүүдийн судалгаа мөн адил баг тус бүрээс тус тусдаа гараад сумаас шуурга болсоны дараа буюу 2018 оны 12 сарын үед явсан байх учиртай. Энэ судалгааг аймаг руу явуулсаны дараа айл, өрхүүдэд тухайн үедээ ямар нэгэн хохирол нөхөн төлбөр төлөгдөөгүй байж байгаад 2019 оны 04 сарын үед сумын Засаг дарга Мятав "аймгийн Онцгой байдлын газраас хашаа, хороо нь нурсан айл, өрхүүдийнхээ нэрсийг цөөлж 58 айл, өрхийн нэрсийг ирүүл" гэж байна гэхээр нь Иргэний танхимд Засаг дарга, 4 багийн дарга, миний бие анх явуулсан айл, өрхүүдийнхээ нэрсийг цөөлж 23 айл, өрхийн нэрсийг явуулсан. Ингээд нийт 58 айл, өрхийг эцсийн байдлаар аймаг руу явуулсан. Сүүлд явуулсан тэр 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн судалгааг тухайн үед Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б, газрын даамал Б, миний бие, жолооч Б нарын хамтаар шуурганы улмаас өртөж хохирсон хашаатай бүх судалгааг гаргаж аймгийн Онцгой байдлын газар руу явуулсан. Учир нь хандив тусламжийг шуурганд өртөж хохирсон өрх бүрт олгоё, нийгмийн халамж үйлчилгээнд хамруулах, шуурганд өртсөн өрх тус бүрт халамж үйлчилгээ, хандивыг тэнцвэртэй олгоё гэсэн зорилгоор энэ судалгааг гаргаж явуулсан. Хэрэв би хадам аав С, нагац эгч Х нарын нэрсийг оруулах байсан бол анх явуулсан 2 судалгаан дээр оруулаад аймаг руу явуулах байсан. Сум жижиг болохоор хэн хэнтэй төрөл садан, ах дүү гэдгийг суманд амьдарч байгаа захын нэг малчин мэднэ. Би энэ талаар урд гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой хэлсэн. Би үүнийг тэр Л гэж хүн л зориуд ийм байдлаар харагдуулах зорилгоор миний хадам аав, нагац эгчийн нэрсийг тэнд оруулсан байх гэж хардаж байна. Дээр хэлсэнчлэн сум жижиг болохоор миний хадам аав, ээж, төрөл садангийн талаар сумын бүх л хүн мэднэ, тэр тэрэнтэй ийм садан төрөл, энэ тэрэнтэй тийм холбоотой гэдэг ч юм уу, энэ талаарх мэдээллийг сумын хүмүүс мэднэ шүү дээ...” гэх мэдүүлэг /5хх-161-162, 163-164, 165-166-р хуудас/,
15. Гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 5 багийн Засаг дарга, сумын Засаг даргын өрөөнд байж байхад ИТХ-ын нарийн бичгийн дарга Я.Б, Засаг дарга Я.М нар аймгаас яриад байна нөхөн олговор олгох иргэдийн нэрсийг гаргаад өг. Хүн давхардуулж болохгүй гэж хэлсэн. Тэгээд би уг судалгааг гаргаад ИТХ-ын нарийн бичгийн дарга Я.Б-д өгсөн. 2 дугаар багаас Б.Т , М.Б , Ц.С , А.Ч , Т.Б , Ц.Ш гэсэн зургаан хүний нэрсийг гаргаж өгсөн. Тус захирамжид судалгаагаар гаргаж өгсөн 6 айл өрх бүрэн хамрагдаагүй байна. Тус захирамжид манай багаас Т.Д, М.Б , Б.Т , Ц.С нар нь хамрагдсан байна. А.Ч , Т.Б , Ц.Ш гэсэн 3 өрх, айл хамрагдаагүй байна. Мөн миний өгсөн судалгаанд Т.Д гэсэн өрх айл байхгүй...” гэх мэдүүлэг /5хх-181-рт хуудас/,
16. Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Аль нэгт аймагт гамшиг осол, аюулт үзэгдлийн дуудлага тухайн аймгийн Онцгой байдлын газарт ирж байгаа. Тэр даруй Онцгой байдлын газрын дарга сумын засаг дарга болон Засаг даргын тамгын газрын дарга нарт чиглэл өгч удирдлагаар хангадаг. Тухайн нөхцөл байдал хүндрэлтэй гэж үзвэл Онцгой байдлын газраас эрэн хайх аврах бүлэг гарган ажиллуулдаг. Жишээлбэл хүчтэй салхины улмаас айлын гэр нурах, хашаа нурах, байшингийн дээвэр хуулрах зэрэг хохирлыг тухайн сумын Онцгой комисс буюу Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг гарч учирсан хохирлыг тогтоож аймгийн Онцгой комиссын дарга буюу Аймгийн засаг даргад ирүүлдэг. Аймгийн Онцгой комиссын дарга буюу Аймгийн Засаг дарга нь Онцгой байдлын газрын даргад үүрэг чиглэл өгч ажил арга хэмжээг зохион байгуулдаг. Бичиг баримтын бүрдлийг Онцгой комиссын нарын бичгийн даргаар хангуулдаг. Аймгийн Онцгой комиссын дарга буюу Аймгийн Засаг дарга, орлогч даргаар Онцгой байдлын газрын дарга, Онцгой комиссын нарийн бичгийн даргаар тухайн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга ихэвчлэн байдаг. Зарим цөөхөн тохиолдолд Онцгой комиссын нарийн бичгийн даргаар Онцгой байдлын газрын албан тушаалтын томилсон байдаг. Гамшгаас хамгаалах тухай хуульд "Тухайн орон нутгийн нөөц хөрөнгөөс хохирлын хэмжээ давсан тохиолдолд Улсын онцгой комисст хүргүүлнэ" гэж заасан байдаг.
Мөн Онцгой комиссын нарийн бичгийн дарга нь гамшигт өртөж хохирсон айл өрх, албан байгууллагын бичиг баримтыг бүрдлийг шалгадаг. Заавал улсын хяналтын байцаагчийн дүгнэлт гарсан байх шаардлагатай. Улсын хяналтын байцаагч нь ирүүлсэн Баримтыг үндэслэн дүгнэлт гаргаж болох бөгөөд шаардлагатай тохиолдолд газар дээр очиж ажилладаг.
Гамшигт учирсан хохирлыг тухайн орон нутгаас шийдэх бол хохирлын талаарх баримтыг бүрдүүлж санхүү, төрийн санд хүргүүлж шийдвэрлүүлдэг. Улсын Онцгой комисс шийдвэрлэх бол материалыг Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлдэг. Тусламж дэмжлэг үзүүлэхэд Аймгийн Онцгой комисс хуралдаж шийдвэр гаргаж саналаа хүргүүлдэг бөгөөд дэмжлэг үзүүлэх айл өрхийн жагсаалтыг гаргасан байх ёстой. Гамшигт өртсөн иргэдэд олгосон тусламж, дэмжлэгийн санхүүгийн эх үүсвэрийг харах ёстой. Улсын онцгой комиссоос авч байгаа дэмжлэг тусламж бол аймгийн Онцгой комиссоос ирүүлсэн баримтыг үндэслэн олгодог учир нэр солигдох боломжгүй. Аймгийн онцгой комиссоос хандив тусламж олгохдоо заавал Онцгой комиссын даргын шийдвэр буюу Засаг даргын захирамж нэр сольж болно. Тэрнээс Онцгой комиссын гишүүд өөрсдөө дур мэдэх хандив тусламж авах иргэдийн нэрийг сольж болохгүй. Гамшигт өртсөн айл өрхүүдэд хандив тусламж хүлээж авах, захиран зарцуулах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол байдаг юм. Тухайн захирамжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Өмнө нь хандив тусламж авсан учир давхардуулахгүй гэсэн бол тухайн аймгийн Онцгой комиссын даргын шийдвэр гарах ёстой. Тэрнээс хэн нэгэн албан тушаалтан иргэдийн нэрийг дур мэдэн сольж болохгүй. Улсын Онцгой комиссоос дэмжлэг авсан бол тухайн 58 иргэний нэр бол анхнаасаа ирсэн байх ёстой бөгөөд тэр ирсэн нэрсийн дагуу иргэдэд олгох ёстой” гэх мэдүүлэг /5хх-211-212-р хуудас/,
17. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/417 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” захирамж болон хавсралт /6хх-237-239-р хуудас/, Онцгой байдлын Ерөнхий газрын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн б/878 дугаартай “Т.Б г томилох тухай” тушаалын хуулбар /6хх-242-р хуудас/, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн албан тушаалын тодорхойлолт /6хх-248-250-р хуудас/, Баримт бичиг /хавтаст хэрэгт авагдсан материал/-т 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /7хх-01-03-р хуудас/, Бугат сумын шуурганд өртөж хашаа нь нурсан айл өрхийн нэрсийн жагсаалт /7хх-50-рт хуудас/, Гүйлгээний дэлгэрэнгүй тайлан /7хх-51-р хуудас/, Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /8хх-92-96-р хуудас/, Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /8хх-144-148-р хуудас/, Ц.А г яллагдагчаар татсан тогтоол Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /8хх-122-126-р хуудас/, Ц.А гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /8хх-215-р хуудас/, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 291 дугаартай тодорхойлолт /8хх-218-рт/, Говь-Алтай аймгийн Онцгой комиссын 07 дугаар хурлын 2019 оны 08 дугаар сарын 13-ны тэмдэглэл /3хх-122-123-рт/, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 дугаартай “Л.Л г Баяншанд багийн Засаг даргаар томилох тухай” захирамжийн хуулбар /6хх-221-р хуудас/, Д.Н-ийн *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /7хх-102-р хуудас/, Ц.*** н *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /7хх-93-р хуудас/, Б.*** ийн *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /7хх-126-р хуудас/, Б.*** ын *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /7хх-155-р хуудас/, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн огноотой Бугат сумын айл өрхийн хашааны судалгаа /7хх-247-250-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол...” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжүүдийг тодорхойлжээ.
Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтны эрх мэдэл, албан тушаалын байдал гэдгийг хууль, түүнд үндэслэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, ажил үүргийн хуваарь, албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан чиг үүрэг, бүрэн эрх, эрх хэмжээний агуулгаар ойлгох бөгөөд үүгээр нь урвуулан ашиглах, эрх мэдлээ хэрэгжүүлэхгүй байх гэх мэт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргүүдийн шинжүүдийг тодорхойлдог.
Түүнчлэн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулна. Мөн “урвуулан ашиглах” гэдэг нь албан үүрэг, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, эсвэл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хийх ёстой үйлдээ хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.
Мөн, 2006 онд батлагдсан Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, “давуу байдал” гэдгийг 3.1.4 дэх хэсэгт “... албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгохоор тус тус заажээ. Энэ нь нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагдах агуулгаар тайлбарлагдана.
Нийтийн албан тушаалтан нь дээрх байдлаар тодорхойлогдсон албан үүрэг, бүрэн эрхээ биелүүлэхгүй байх, хийх ёстой үйлдлээ хийхгүй байх, эсвэл хийх ёсгүй үйлдлийг хийж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдал бүрэн эрхээ урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Б , Ц.А , Л.Л нарыг аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/417 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” захирамжийг гаргахад уг захирамжийн хавсралтаас тус аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн хашаа нь эвдэрсэн зайлшгүй тусламж шаардлагатай гэх 58 иргэний нэрсээс Б.Ц, Мөнхжий, Ж.Б, Ч.Л, Л.Н, Б.Н, Я.Ж, Ж.Ал, Б.Г, Х.Ч, Б.Ч, А.Ч , Т.Ба, Ц.Ш, О.Л, П.Ц, Ж.Г, С.Н, Г.М, Н.Б, Д.Б, Х.С, Б.Б, Ж.Б, С.М нарын 25 иргэний нэрсийг Ж.А, Т.Д, Б.П, Ч.Л, Я.Н, Б.Э, Б.Г, Л.М, С.Ц, Н.Б, Д.Д, Д.Х, Г.С, Г.*** , Б.*** , Ж.Б, Г.Р, Р.С, Л.Л, Г.Н , Н.Б , М.Ж. Б *** , С.С, Ц.*** нарын нэрсээр сольж бусдад давуу байдал олгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хүлээн авч хянан хэлэлцээд гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэлээ. Учир нь:
1.Хууль тогтоомжоор хүлээсэн бүрэн эрхээ албаны эрх ашигт харш байдлаар хэрэгжүүлэн өөртөө болон бусдад хууль бус давуу байдал бий болгосноор энэ гэмт хэрэг төгсөнө.
Гэтэл шүүгдэгч нарын үйлдлээс шалтгаалан бусдад хууль бус давуу байдал буюу тухайн гамшиг осолд өртөөгүй, эд материалын хохирол учраагүй хүмүүст тусламж олгосон гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаагүй болно.
Засгийн газрын 2018 оны 271 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Гамшгаас хамгаалах, дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам”-ын 3.1 дэх хэсэгт “Дотоодын хүмүүнлэгийн тусламжийг аж ахуйн нэгж, байгууллагаас тусгайлан нэр зааж ирүүлэхээс бусад тохиолдолд хэрэгцээ шаардлагыг үндэслэн хуваарилан олгох асуудлыг улсын хэмжээнд онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, орон нутагт тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ” гэж заажээ.
Тус журмын зохицуулалттай хэргийн нөхцөл байдлыг уялдуулан дүгнэвэл тухайн тусламжийг буюу 58 айл өрхийн нэрсийг аймгийн Засаг даргын захирамжаар баталж шийдвэрлэсэн байх бөгөөд уг захирамжийн хууль зүйн үндэслэл болон биелэлтийг гаргасан Засаг дарга хариуцах үүрэгтэй.
Гэрч Я.Б, Я.М, Ц.Б нарын мэдүүлгээр Говь-Алтай аймгийн Бугат сумаас 2018 оны 11 сарын 26-ны өдөр тухайн шуурганаар гэр, оронгүй болсон айл, өрхийн судалгааг гаргаж нийт 124 айл, өрхийн судалгааг, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр эхний судалгаанаар гэр олгогдоогүй үлдсэн 35 айл өрхийн нэрсийг, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн судалгаагаар шуурганы улмаас хохирсон хашаатай бүх айлын судалгааг гаргаж аймгийн Онцгой байдлын газар руу хүргүүлсэн байна. Уг судалгаанд хамрагдсан иргэдээс зайлшгүй тусламж авах шаардлагатай гэж үзэн Засаг дарга захирамж гаргасныг шүүгдэгч нарт хамааруулан буруутгаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд аливаа тусламж үйлчилгээ нь гамшиг осолд нэрвэгдсэн бүх хүнд биш түүнээс зайлшгүй тусламж үйлчилгээ шаардлагатай хүмүүсрүү чиглэгдэхээс гадна төлөвлөсөн хөрөнгө мөнгөнөөс шууд хамааралтай байдлаар явагддаг арга хэмжээ болохыг тайлбарлах нь зүйтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсэж үйлдсэн байдаг. Гэтэл шүүгдэгч нар хэрхэн гэмт хэрэг үйлдэхээр нэгдсэн, үүрэг оролцоогоо хэрхэн тодорхойлсон талаарх нотлох баримт авагдаагүй тул бөгөөд тэднийг шүүх гэмт хэрэг үйлдсэн гэж үзээгүй болно.
3. Аливаа эрх зүйн маргаантай асуудлыг салбарын хууль тогтоомжоор шийдвэрлэн түүнд заагдсан хариуцлагыг хүлээлгэх боломж байсаар байтал дээрх зөрчил, алдааг гаргасан албан тушаалтныг гэмт хэрэгт буруутган мөрдөн шалгах нь нийгмийн харилцааны хамгийн хүнд хэлбэрийг зохицуулах зорилго бүхий эрүүгийн хуулийн мөн чанар, зарчим алдагдах, үгүйсгэгдэхэд хүрнэ.
Тухайн захирамжаар тусламж авсан иргэдэд зайлшгүй шаардлагаар олгосон гэдгээ шийдвэр гаргасан албан тушаалтан хариуцах бөгөөд энэ үйл ажиллагаанд мэдээлэл өгөх чиг үүрэгтэй оролцсон албан тушаалтныг буруутгах тэр тусмаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох боломжгүй юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь албан тушаалтны санаатайгаар эрх мэдлээ хэтрүүлсэн, урвуулан ашигласан хууль бус үйлдлийн улмаас бусдад давуу байдал үүссэн байхыг шаардах бөгөөд энэ давуу байдал нь мөн хууль бус тохиолдолд хангагдана. Дээрх нэр бүхий иргэд гамшиг осолд өртсний улмаас төрөөс тусламж авсныг хууль бус давуу байдал гэж үзэх боломжгүй бөгөөд уг иргэдээс гамшиг осолд өртөөгүй, эд хөрөнгийн хохирол учраагүй мөртлөө шүүгдэгч нар хувийн ашиг сонирхолын үүднээс тэдэнд хандан авах ёсгүй тусламжийг олгосон гэж үзэхээргүй байна. Үүнийг нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Монгол Улсын иргэн “... хуульд заасан тохиолдолд эд мөнгөний тусламж авах...” эрхтэй байхаар баталгаажуулжээ.
4. Шүүгдэгч нар нь Говь-Алтай аймгийн Бугат суманд болсон шуурганд өртөж эд материалын хохирол хүлээсэн 58 иргэнд аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/417 дугаартай “Хөрөнгө зарцуулах” тухай захирамжийн хавсралтын жагсаалтын нэрсийг сольсон гэх үйл баримтад шүүгдэгч Т.Б , Ц.А , Л.Л нар оролцсон болох нь шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтууд буюу Говь-Алтай аймгийн Онцгой комиссын 07 дугаар хурлын 2019 оны 08 дугаар сарын 13-ны тэмдэглэл, гэрч, иргэний хариуцагч нарын мэдүүлгээр тогтоогдохгүй байна.
Мөн гэрч нарын мэдүүлэг, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд болон иргэний хариуцагч Н.Б ийн шүүх хуралдаанд өгсөн “...Нэрсийн жагсаалтыг онцгой комисс буюу байгууллагын дарга нар л явуулсан байгаа. Дарга нар бид нарыг хуралд нь оролцуулах битгий хэл оруулахгүй. Тухайн үедээ мөнгө төгрөг олгоно гэж юу ч яриагүй. Тэгж байтал 1,000,000 төгрөг орж ирсэн. Манайх граш, үргэлжлээд түлээ мод хийдэг амбаартай. Тэдгээрийн дээвэр унасан байсан. Тэр мөнгийг дээвэр засахдаа зарцуулсан. Миний ойлгосноор энэ 3 хүн бид нарын нэрийг өгсөн гэж ойлгоод байна. Энэ хүмүүсийг бид нар танихгүй. Л.Л нь 8 дугаар анги төгсөөд явсан. Хаана ажиллаж амьдардаг талаар мэдэхгүй. Одоо буцаагаад 1,000,000 төгрөг төлнө гэж байхгүй. Бид нар руу дансаа өг мөнгө хийнэ гэж ярьсан зүйл байхгүй. Өөрсдөө хохирчихоод буцаад мөнгө төлнө гэхээр хэцүү л байна” гэх мэдүүлэг/ шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Иргэний хариуцагч И.Л гийн шүүх хуралдаанд өгсөн “...Бидний хашаа эвдэрч унасан нь үнэн. Тэр мөнгөөрөө хашаа янзлаад ч бараг хүрээгүй. Одоо буцаад төлөх боломжгүй байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэргээр аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/417 дугаартай “Хөрөнгө зарцуулах” тухай захирамжийн хавсралтын жагсаалтад тусламж олгохоор дурдсан 58 өрх, айл өрхөөс нэр нь солигдсон гэх 25 айл, өрх буюу Ж.А, Т.Д, Б.П, Ч.Л, Я.Н, Б.Э, Б.Г, Л.М, С.Ц, Н.Б, Д.Д, Д.Х, Г.С, Г.*** , Б.*** , Ж.Б, Г.Р, Р.С, Л.Л, Г.Н , Н.Б , М.Ж. Б *** , С.С, Ц.*** нарыг гамшиг осолд өртөөгүй, эд материалын хохирол учраагүй, тусламж олгогдохгүй, тусламж авах шаардлагагүй өрх байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ.
Иймд шүүгдэгч Т.Б , Ц.А , Л.Л нарыг Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/417 дугаартай Хөрөнгө зарцуулах тухай захирамжийг гаргахад уг захирамжийн хавсралтаас тус аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хашаа нь эвдэрсэн зайлшгүй тусламж шаардлагатай гэх 58 иргэний нэрсээс 25 иргэний нэрсийг сольж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэг нь гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Б , Ц.А , Л.Л нарыг цагаатгаж шийдвэрлэсэн тул 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6, 36.6, 36.9, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овгийн Т-ийн Б , Б овгийн Ц-ийн А , Ж овгийн Л-ийн Л нарт холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т овгийн Т-ийн Б , Б овгийн Ц-ийн А , Ж овгийн Л-ийн Л нарыг цагаатгасугай.
2.Шүүгдэгч Т.Б , Ц.А , Л.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б , Ц.А , Л.Л нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас хохирсон гэж үзвэл холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ