Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/243

 

Т.О-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Л.Галав,

хохирогч Б.М,

шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Б.Болортуяа,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч М.Түмэннаст, Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Т.О-д холбогдох эрүүгийн 2006 00000 2762 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Л овгийн Т-ын О, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ...-ийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ... /;

 

Т.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... давхарт ... тоот Б.Х-ын гэрийн үүдэнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Б.М-тэй “Харанхуй шөнө хүүхдээ хаяад алга боллоо” гэх шалтгаанаар маргалдан, улмаар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутгаар нуруу хэсэгт нь хутгалж цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралт, хэвлий, зүүн бугалгад шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газар: Т.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л овогт Т-ын О-ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, Т.О нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.О-ын өмгөөлөгч Б.Болортуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр О найз Х-ын гуйлтын дагуу охиноо дагуулан очиж, оройн 20 цагаас шөнийн 03 цаг хүртэл орцныхоо 3 давхрын ... тоот руу гэрийнхээ эд зүйлсийг зөөсөн. 03 цаг өнгөрч байх үед О-ын нөхөр пиво авч ирж, авч ирсэн пивоо хувааж ууж байгаад нөхрийгөө муудах үеэр нь О охиноо тэврээд Х нь хувцас, гар утсаа аваад гараад ирэхэд М коридорт орилоод байж байхаар нь оръё гэтэл гудамжинд гарч үргэлжлүүлэн орилон, муудалцаж, О-ыг цохиж “Би найзынх руугаа явлаа” гээд найз Ц руугаа утасдан “Намайг ирээд ав” гээд орилоод байсан. М нь хэл амаар доромжилж, аяга аваад О руу шидэхэд тэрээр бултсан боловч гал тогооны цонхыг нь хагалсан. О-ыг үсдэж, толгой руу нь 2 удаа цохиж, доош дарахаар нь Х салгаж, гэрт хүүхдүүд унтаж байхад агсам тавилаа гэж түүнийг гэрээсээ татаж гаргахад Х-ын нүүр рүү цохиж хамраас нь цус гаргасан. Х-ыг газарт унагаж, дээр нь гарч суугаад цохиж байхад нь О цагдаа дуудахаар гэр рүүгээ ортол утас нь унтарсан байсан учир хутга шүүрч аваад айлгахаар гүйгээд гарахад М Х-ын дээр байгааг хараад айсандаа хутгаараа нуруун тус газар нь хатгасан. Яг тэр үед М-ийн гар нь суларсныг Х гэрчилдэг. Т.О М-тэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай. Хүүхдүүдийнх нь төрсний гэрчилгээ авагдсан байхад энэ хүүхдүүдийг хэрхэх талаар шүүх шийдвэрлээгүй. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 1 дүгээр хэсгийн 2 дугаар зүйлийн 1, 3 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 1-д энэ талаар заасаар байхад 2 нас 2 сартай хүү Б, 1 нас хүрч байгаа охин Д нарыг хэрхэх талаар шийдвэрлээгүй. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...цагаан өнгийн плитан шал цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон...” гэсэн байх ба эдгээр цус хэнийх болохыг тогтоогоогүй. Гэрч Х “...Миний хамраас цус гарсан...” гэж мэдүүлсэн, түүний нөхөр нь “Манай гэрт цонх хагалж, манай эхнэрийг зодож цус нөжтэй нь хольсон байна” гэсэн. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл оролцогч нарын гарын үсэггүй боловч “оролцогч нарт уншуулж, танилцуулахад ямар нэгэн санал, хүсэлт байхгүй гэснээр үзлэгийг дуусгав” гэсэн нь ноцтой зөрчил болно. Гэрч Х.Ц “...хажуу айлын 1 залуу цуг салгалцсан...”, Т.О шүүхийн хэлэлцүүлэгт “...хажуу айлын хүн гарч ирсэн...” гэх мэдүүлэг өгсөн байдаг ба энэ хүн хэн болох, хэдийд гарч ирсэн, түүний сонссон, харснаар ямар үйл явдал болсон талаар тодруулаагүй. Т.О-ын өмгөөлөгч Л.Намнансүрэн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүсэлт гаргасан байх ба хүсэлтийг бүрэн хангах тухай мөрдөгчийн тогтоол гарсан байхад хүсэлтэд дурдсан ажиллагаануудыг хийгээгүй нь Т.О-ын эрх зүйн байдал дордоход хүргэсэн. Ерөнхий шүүгчийг орлон ажиллах шүүгчийг томилох тухай 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгч Т.Шинэбаярыг Ерөнхий шүүгч Н.Одонтуул томилсон атлаа Шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүн томилсон шийдвэрийг албажуулах тухай 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгч Т.Шинэбаяр Ерөнхий шүүгч Н.Одонтуул, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Т.Шинэбаяр, М.Түмэннаст нарыг томилсон нь ноцтой зөрчил гэж харагдаж байна. Шийтгэх тогтоолд хохирогчийн овгийг М.Б гэж янз, янзаар бичсэн. Хохирогч Б.М-ийг шүүх хуралдаанд оролцохгүй гэх талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй байхад шүүхэд дуудан ирүүлээгүй, утсаар мэдэгдээгүй төдийгүй өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч, удаа дараа хэрүүл үүсгэсэн үйлдлээ үргэлжлүүлсээр байсан, О, Х нарыг зодсон талаар, гэмт хэрэгт тооцохгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэж тайлбар, хүсэлтдээ илэрхийлсэн байтал хөнгөн ял, шийтгэл оногдуулах хүсэлт гаргасан мэтээр шийтгэх тогтоолд дурдсан. Т.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн нь гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл, илтгэх хуудас, хохирогч Б.М-ээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, Т.О-ын гэрчээр өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр Т.О нь хохирогчийн араас 1 удаа, урдаас 1 удаа, гарын шуунд хутгалагдсан шархууд өөр өөр байрлалаас үүссэн байхад анхнаасаа 2 удаа, 2-3 удаа, 3 удаа гэх зэргээр мэдүүлж байсан нь өөрийн үйлдэлд хяналт тавих чадваргүй, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан байсныг нотолж байна. Хохирогч Б.М-ийн хувьд шөнийн 04 цагаас хууль бус үйлдлээ эхлүүлж өглөөний 08 цаг 08 минутад дуудлага өгөх хүртэл 4 цаг үргэлжлүүлсэн, агсам тавьж, гал тогооны цонхыг хагалж, хүч хэрэглэж, заналхийллээ эхлүүлсэн, хажуу айлын залуу гарч салгасан гэвэл бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, О-ын хөрөнгө чинээ, ээж, ах нарынх нь гадаад төрх, гэр бүлийн байдалтай нь холбогдуулан үгээр гутаасан, Т.О болон Б.Х нарыг зодож, хүч хэрэглэсэн, нүүр, толгой руу нь цохисон, хамраас нь цус гаргасан, үсдсэн, дарж унагаж, дээр нь гарч суугаад багалзуурдсан зэрэг хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас Т.О найзыг нь боогоод алчихвий гэсэн сэтгэл санааны гэнэтийн цочролд орж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болж хохирогч Б.М-д хүнд хохирол учруулсан. Б.М нь 2018 онд Т.О нь том хүүхдээ төрүүлсэн өдөр “Төрөх гээд байна” гэхэд нь “Чи манай ээжийг ирээгүй байхад төрөх гэлээ” гэж согтуугаар агсам тавьж, эрүүлжүүлэхэд орж байсан, нийт 25 зөрчилд холбогдсоны 15 удаагийнх нь согтуугаар бусадтай хэрүүл маргаан хийж, зодолдож, 7 удаа эрүүлжүүлэхэд орж байсан байна. Эхнэр Т.О-ыг 1 сартай жирэмсэн буюу 2019 оны 3 дугаар сард Дорнод аймагт гэртээ байхад нь согтуугаар хоолойг нь багалзуурдаж, ухаан алдуулж байсан нь тухайн цаг хугацаанд найз Х-ыг нь газарт унагаж, дээр нь гараад суучихсан байсан нь сэтгэл санаанд нь хүчтэй нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 1-2 насны бага насны хүүхэдтэй тул торгох ял оногдуулах боломжгүй учраас ялаас чөлөөлөх эсхүл ял хойшлуулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Т.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед миний багын найз Б.Х-ыг алах гэж байна гэж бодож, айлгах гэж л хутга барьсан. Тухайн үед хутгална гэж огт бодоогүй. Найзын маань хамраас цус гаргаж, мөн зодож, намайг зодсон, үйлдлээ хянаж чадахгүй агсам тавьсан. Хүү, охин хоёроо тогтсон газаргүй, эгч нарынхаа гэрээр байж байгаа гэдгийг сонсоод харамсаж байна. Нөхөд Б.М нь надтай амьдрах гурван жилийн хугацаанд маш олон удаа эрүүлжүүлэхэд орж байсан. Энэ байдал нь тухайн өдөр надад хүчтэй нөлөөлж, найзыг минь боочихвий гэсэн бодол төрсөн нь үнэн тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хохирогч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдаанд оролцох гэсэн боловч хөдөө, сүлжээгүй газар байсан учир хурал хэзээ орох талаар мэдээгүй. Энэ бүхэнд эхнэрийгээ биш өөрийгөө буруутгаж байна. Би архи ууж ийм үйлдэл гаргаагүй байсан бол ийм юм болохгүй байсан. Т.О-ыг ялаас чөлөөлж өгөөч гэж хүсэж байна.” гэв.

 

Прокурор Л.Галав тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь субъектив шинжээрээ ялгаатай. Гэмт хэрэг үйлдэх үедээ тухайн этгээдийн сэтгэл санааны байдал ямар байснаараа ялгаатай. Хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогддог. Шүүгдэгч “Х-ийн дээр гарсан байсан учир хутгалсан” гэж мэдүүлдэг. Хэрэв Х-ийн дээр гарсан байсан бол салгах, өөр хүнээс тусламж хүсэх зэрэг өөр аргаар тухайн нөхцөл байдлыг таслан зогсоох боломж шүүгдэгчид байсан. Гар утас авах гэж очоод хутга авч гарч ирж, хохирогчийг мэдээгүй байхад нь ар талаас нь хутгалсан. Ийм учраас шүүгдэгчийн санаатай үйлдэл байна гэж үзсэн. Анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан учир хэвээр үлдээж, шүүгдэгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Т.О-ыг “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... давхарт ... тоот Б.Х-ын гэрийн үүдэнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Б.М-тэй “Харанхуй шөнө хүүхдээ хаяад алга боллоо” гэх шалтгаанаар маргалдан, улмаар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутгаар нуруу хэсэгт хутгалж цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралт, хэвлий, зүүн бугалгад шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, “...Т.О нь хохирогчийн араас хутгалсан ба цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралт, хэвлий, зүүн бугалгад шарх үүсгэсэн үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжгүй...” гэж дүгнэж, Т.О-ыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

 

Шүүх аливаа гэмт хэргийг шийдвэрлэхдээ болсон үйл баримтыг материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээтэй нийцүүлэн дүгнэлт хийхээс гадна шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа оролцогчийн гаргасан тайлбарыг зөвхөн хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэдэг учиртай.

 

Шүүх хохирогчийн санаатай, зүй бус, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу үйлдэл хийх зайлшгүй нөхцөл байдал тулгарсан эсэх, улмаар хохирогч, эсхүл түүнтэй хамт байсан бусад этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хохирол учирсан буюу учирч болох байсан нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэрэгт огт дүгнэлт хийлгүйгээр зөвхөн объектив шалгуур буюу үйлдэл, үр дагавар /хохирол/-ын хоорондын шалтгаант холбоогоор, хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтад бус зарим баримт, үйл баримтыг таслаж дүгнэсний улмаас Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд хүрсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

 

хохирогч Б.М-ийн: “...Х, О бид гурав маргалдаж, би Х-ыг цохиод авсан чинь манай эхнэр Х-ыг өмөөрч, Х-ын гэр рүү орж хатга авч, орцонд гарч ирээд миний зүүн талын далны доод хэсэг рүү 1 удаа, мөн миний урд талаас хэвлийн тус газар 1 удаа тус тус хутгалсан. Гэхдээ би тэр үед болсон зүйлсийг өөрөө сайн санахгүй байгаа юм. Тухайн үед юу болсон талаар надад манай эхнэр О болон Х нар хэлсэн юм. ...” /хх 30/,

 

гэрч Б.Х-ын: “...Би М-д хандаж “Чи хүний гэрт ирчихээд яахаараа хүн цохидог юм бэ, битгий давраад байгаарай” гэж хэлтэл М уурлаж, миний үснээс зулгааж, толгойг доош нь дарахаар нь би М-ийн цээж рүү гараараа цохисон. Тэгтэл М намайг доош дарсаар байгаад би газар уначихсан чинь М миний дээр гарч суугаад хоёр гараараа хоолой багалзуурдаж байснаа гэнэт хоёр гар нь сулраад явчихсан. Тэгснээ миний дээрээс босчихоор нь би газраас боссон...Би О-оос юу болсон талаар асуухад “Би нөхрөө хутгалчихлаа шүү дээ” гэж хэлсэн. ...” /хх 41-42/,

 

шүүгдэгч Т.О-ын: “...М Х-ыг заамдаад орц руу авч гарчихаад нүүрэн тус газар нь гараараа цохиод, хоолойг нь гараараа багалзуурдчихсан зогсож байхаар нь би М-ийгайлгах гэж Х-ийн гэрээс хутга авч гараад, гарч явахдаа босгонд тээглэж унаад, гартаа байсан хутгаараа М-ийн далан тус газар нь хутгалчихсан. ...” /хх 104/ гэсэн мэдүүлгүүд

 

Б.М-ийн биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, хэвлий, зүүн бугалгад шарх, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээинй Үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12078 дугаартай дүгнэлт /хх 50-51/,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-19/ зэрэг нотлох баримтуудаар Т.О нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... давхарт ... тоот хаалганы үүдэнд өөрийн нөхөр Б.М-ийг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Эдгээр нөхцөл байдлaас дүгнэлт хийхэд хохирогч Б.М нь шүүгдэгч Т.О-трй гэр бүлийн асуудлаар маргаан үүсгэж, түүний толгойн тус газарт нь цохиж, үснээс нь зулгаасан, өөрийн найзыг өмөөрч гэрээсээ гарахыг хүссэн Б.Х-ыг мөн хамар руу нь цохиж, улмаар Б.Х-ыг шалан дээр унагаж, дээр нь гарч нүүр рүү нь цохиж, хоолойг нь боох үед Т.О гэр рүү орж хутга авч ирээд хохирогч Б.М-ийн нуруун тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч Т.О-ын дээрх үйлдэл нь хохирогч Б.М-ийн гэрч Б.Х болон өөр рүү нь чиглэсэн хууль бус халдлага, довтолгооноос Б.Х-ыг болон өөрийгөө хамгаалах зайлшгүй шаардлагатай нөхцөл байдалд хийгдсэн аргагүй хамгаалалтын шинжтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ.

 

Тодруулбал, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн өөрийн эсхүл бусдын хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд халдаж, өдөөн турхирч буй хохирогчийн халдлагыг хохирогч гэмтсэн гэсэн шалтгаанаар зөвтгөж болохгүй бөгөөд хохирогчийн энэхүү үйлдлийн эсрэг хамгаалалт хийх эрхийг хуулиар иргэн бүрт зөвшөөрсөн байдаг.

 

Хохирогч Б.М нь Т.О-д хутгалуулж гэмтсэн болохыг гэрч Б.Х, хажууд нь хамт байсан гэрч Х.Ц, шүүгдэгч Т.О нар давхар гэрчилсэн төдийгүй тухайн үед хохирогч Б.М нь шүүгдэгч Т.О болон гэрч Б.Х руу дайрч довтолж цохисон, Б.Х-ын хоолойг боосон талаар  мэдүүлжээ.

 

Өөрөөр хэлбэл Т.О нь Б.М-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулах болсон гол хүчин зүйл, шалтгаан нь шүүгдэгч нь бусдын хуулиар хамгаалагдсан “Халдашгүй чөлөөтэй байх эрх”-ийг ноцтойгоор зөрчиж халдсан зүй бус үйлдэл бөгөөд энэхүү үйлдлээс хамгаалах, таслан зогсоох үйлдэл хийхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хохирол учруулсан нь “Аргагүй хамгаалалт” хийх эрхэд хамаарч байх тул Т.О-д холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

 

Эрх зүй нь аливаа этгээдийн хууль бус, зүй бус үйлдлийг ямагт хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд үүний эсрэг хүлээн зөвшөөрөгдөхүйц хамгаалалтыг зөв гэж үздэг тул хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаарч дүгнэлт хийж байх шаардлагатай.

 

Шүүгдэгч Т.О-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд Т.О-ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Т.О-д холбогдох хэргийг “Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч нь “Санаатайгаар ноцтой гэмтэл учруулсан тул гэм буруутай гэж үзэж байна. Аргагүй хамгаалалтыг хэтрүүлэн хэрэглэсэн” гэсэн дүгнэлт гаргаж байсныг дурдах нь зүйтэй.

 

Давж заалдах шатны шүүх Т.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн тул Т.О-ын өмгөөлөгч Б.Болортуяагийн гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 1-2 насны бага насны хүүхэдтэй тул торгох ял оногдуулах боломжгүй учир ялаас чөлөөлж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч Т.О-ын гаргасан “...хохироос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.О нь 59 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, түүнийг нэн даруй суллахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Т.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр шүүгдэгч Т-ын О-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    

2. Т.О нь 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 59 /тавин ес/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                       Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                               Ц. ОЧ