Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 75

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                         Б.Алтансүх    

Улсын яллагч                                                                      Н.Амаржаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                      Д.Энхтуяа

Хохирогч                                                                              Э.Одбаяр нарыг оролцуулан  шүүхийн  танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн  181.2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж нар овогт Чойжилсүрэнгийн Гантөмөрт холбогдох эрүүгийн 201710010065 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуучлалын менежер мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, ээж, эгч, дүү нарын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг, Тусгаар тогтнолын 05-02 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Тайж нар овогт Чойжилсүрэнгийн Гантөмөр /РД:НВ88110818/

   Прокурорын яллах дүгнэлтээр:  шүүгдэгч Ч.Гантөмөр нь согтуугаар 2017 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө олон нийтийн газар болох Булган плаза баарны 1 давхрын шатны хажууд иргэн Э.Одбаяртай “манай найзыг үл тоож томорлоо” гэх ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, танхайрах явцдаа түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:                                                                         

 Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Гантөмөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Чойжил гэж найзтайгаа уулзаж Булган плаза бааранд орсон. Тухайн үед манай найз Чойжил хүнтэй андуураад хохирогчтой мэндэлсэн юм. Тэгээд хохирогч би тэр хүн чинь биш ээ гэж хэлсэн. Тэр үед Чойжил уучлаарай ахаа гэж хэлэхэд хохирогч надад ийм бацаан байхгүй гээд Чойжилын гутал дээр шүүлсээ хаяахад миний дургүй хүрсэн юм. Тэгээд би хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохьсон. Тэгээд маргаад байж байтал цагдаа нар ирж бид нарыг авч явсан. Цагдаа дээр байж байх үед хохирогч бид хоёрыг цохьсон. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөн үү  гэв.

  • Хохирогч Э.Одбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энхбаяр бид хоёр баарны гадаа тамхи татахаар зогсож байтал үл таних 2 залуу баарны гадаа тамхи татаад зогсож байсан. Тэгсэн дээрх 2 залуу бид хоёрыг хараад байхаар нь өөдөөс нь адилхан хараад зогсож байсан чинь өндөр залуу нь чи намайг таньж байна уу чи тэр юм биш үү гэхээр нь би чамайг яахаараа таних ёстой юм, танихгүй юм байна гэж хэлээд зогсож байтал, түүнтэй хамт явсан намхан нуруутай залуу нь үгийн зөрөөгүй хажуунаас миний зүүн талын шанаа буюу ам хэсэг рүү нэг удаа гараар цохиж намайг газар унагаасан. Тэгсэн өндөр биетэй залуу миний шилбэ рүү өшиглөх шиг болохоор нь нь босоод зугтаасан чинь араас намхан нуруутай залуу хөөгөөд гадаа машины талбайд барьж авахаар нь түүнтэй зууралдаад зогсож байтал цагдаа нар ирж салгаад нөгөө хоёрыг авч явсан. Тухайн үед миний ам руу цохисноос болж их хэмжээний цус гарсан бөгөөд доод уруул язарсан, үүдэн шүдний хажуу талын 2 шүд хөдлөхөөр нь эмнэлгийн байгууллагад очиж үзүүлсэн... Гэм буруутай этгээдээс нэг ч мөнгө аваагүй бөгөөд эмчилгээтэй холбоотой ямар нэг төлбөрийн баримт болон үзүүлсэн гэх баримт байхгүй, хэрэг болсны дараа 2 шүд хөдлөөд байхаар нь холбогдох эмнэлгийн байгууллагад үзүүлэн эмч нараас зөвөлгөө авахад “ хэрэв шүд  хөдөлсөн тохиолдолд шүдийг шинээр сольж буюу мэс заслын аргаар ёзооронд нь бэхэлж суулгадаг, насны эцэст шүдний сулралт цаашлаад унах аюултай” гэсэн бөгөөд үүний эсрэг эмчилгээ хийлгэхэд ойролцоогоор 1 шүд 1.500.000 төгрөг болдог гэж байсан... Ингээд бодоод үзэхээр гэм буруутай этгээдээс 3.000.000 төгрөг нэхэмжилж байна, энэ мөнгийг өгчихвөл надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.. гэв.
  • Гэрч О.Энхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Тухайн үед шөнийн эргүүлээр ажиллаж Мягмарсүрэнтэй хамт Булган плазагийн баарны гадаа очиход Гантөмөр, Чойжил гэх залуучууд Одбаяр, Энхбаяр гэх залуучуудтай муудалцсан бололтой Одбаярын уруул нь сэтэрч цус гарсан байдалтай бүгд согтуу байсан. Тэгээд болсон зүйлийн талаар тодруулж асуухад Гантөмөр гэх намхан залуу Одбаярын нүүр лүү нь цохисон гэхээр нь хамт явж байсан найзын хамт саатуулаад, зодуулсан гэх залууг жижүүрт хүлээлгэн өгсөн. Одбаяр, Гантөмөр, Чойжил нар нилээд согтуу байсан бөгөөд Энхбаяр гэх залуу бараг эрүүл байсан гэжээ. /хх-ийн 18 тал/
  • Гэрч Я.Мөнхнасан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би баарны гадаа тэр хоёрыг байж магадаггүй гэж бодоод баарнаас гарахад Одбаяр, Энхбаяр 2 үл таних хоёр залуутай зодолдсон бололтой Энхбаяр нэг залууг хориод зогсож байсан. Харин Одбаярын амнаас цус гарчихсан, хоорондоо маргалдаад байсан. Ингээд би гадаа хүмүүс зодолдоод байна гээд баарны хамгаалагчийг дуудаад гаргаад иртэл өөдөөс цагдаа нар орж ирээд хэрүүл маргаан үүсгэсэн 2 залууг аваад явсан. Тэгээд бид 2 Одбаярыг эмнэлэгт үзүүлэхээр авч явсан. Би яг гадаа юу болсныг хараагүй, сүүлд нь асуухад тэр 2 залуу Одбаярыг өдөөд байсан гэснээс өөр зүйл яриагүй. Намайг гарахад нэг нэгнийгээ цохиж зодох үйлдэл хийгээгүй...гэжээ. /хх-ийн 20-21 тал/
  • 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Шүүхийн шинжилгээний албаны 112 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...Э.Одбаярын доод үүдэн шүдний булгарал, доод уруулын дотор талын язарсан шарх учирсан, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэжээ /хх-ийн 28 тал/
  • Гэрч Д.Энхбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би баарны гадаа согтуу хүмүүс байсан болохоор нь Одбаярыг ганцааранг нь гаргаад яахав гэж бодоод араас гараад ирэхэд баарны 1 давхар руу өгсдөг шатан дээр тамхиа татаад зогсож байхаар нь хажууд нь очоод зогсож байтал баарны гадна үүдэн дээр зогсож байсан 2 залуу бид хоёрыг чиглээд ороод ирсэн. Тэгээд өндөр, намхан 2 залуу архи уучихсан байсан ба өндөр нь залуу нь нэг хүний нэр хэлээд Одбаяраас мөн үү гэж асуусан. Гэтэл Одбаяр би тэр хүн чинь биш гэж хариулсан. Гэтэл өндөр залуу нь Oдбаярт тулаад очих үед Одбаяр дахин би чиний хэлээд байгаа хүн биш ээ, чи хүн андуураад байна гэж хэлтэл чи биш үү гээд байсан. Гэтэл хажууд нь зогсож байсан намхан биетэй залуу нь чи ер нь манай найзыг яагаад байгаа юм бэ гэж хэлээд Одбаярын эрүү хэсэгт баруун гараар 1 удаа цохисон. Тэр үед би Oдбаярыг цохисон залууг цаашаа түлхээд холдуулсан, Гэтэл өндөр биетэй залуу нь Одбаяртай зууралдаад уначихсан. Тухайн үед Одбаяр бид 2-ыг тамхи татаад зогсож байхад өндөр залуу нь хэрүүл маргаан үүсгээд, харин нөгөө намхан нь Одбаярыг цохисон...
  • Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 8 тал/
  • Замын-Үүд дэх гаалийн газрын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Энхтуяагийн Одбаярын ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 13-14 тал/
  • Гэрч Б.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /хх-ийн 15 тал/
  • Гэрч У.Ган-Одын мэдүүлэг /хх-ийн 16 тал/
  • Гэрч Б.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 22 тал/
  • Гэрч Б.Дэлгэрдалайн мэдүүлэг /хх-ийн 23 тал/
  • 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Замын-Үүд салбарын 1/90 дугаартай албан тоот /хх-ийн 51 тал/
  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 тал/
  • Их Монгол Дээд сургуулийн диплом, хавсралт /хх-ийн 53-54 тал/
  • Өргөмжлөлүүдийн хуулбар /хх-ийн 55-58 тал/
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 62 тал/
  • 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэвэр /хх-ийн 85 тал/
  • 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 5/09 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 88-89 тал/ зэрэг болно.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ. 

  Шүүгдэгч Ч.Гантөмөр нь согтуурсан үедээ 2017 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө олон нийтийн газар болох Булган плаза баарны 1 давхрын шатны хажууд хохирогч Э.Одбаяртай “манай найзыг үл тоож томорлоо” гэх ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Э.Одбаярын “.... дээрхи 2 залуу бид хоёрыг хараад байхаар нь өөдөөс нь адилхан хараад зогсож байсан чинь өндөр залуу нь чи намайг таньж байна уу чи тэр юм биш үү гэхээр нь би чамайг яахаараа таних ёстой юм, танихгүй юм байна гэж хэлээд зогсож байтал, түүнтэй хамт явсан намхан нуруутай залуу нь үгийн зөрөөгүй хажуунаас миний зүүн талын шанаа буюу ам хэсэг рүү нэг удаа гараар цохиж намайг газар унагаасан. гэсэн мэдүүлгээр,

Гэрч Д.Энхбаярын … өндөр нь залуу нь нэг хүний нэр хэлээд Одбаяраас мөн үү гэж асуусан. Гэтэл Одбаяр би тэр хүн чинь биш гэж хариулсан. Гэтэл өндөр залуу нь Oдбаярт тулаад очих үед Одбаяр дахин би чиний хэлээд байгаа хүн биш ээ, чи хүн андуураад байна гэж хэлтэл чи биш үү гээд байсан. Гэтэл хажууд нь зогсож байсан намхан биетэй залуу нь чи ер нь манай найзыг яагаад байгаа юм бэ гэж хэлээд Одбаярын эрүү хэсэгт баруун гараар 1 удаа цохисон… гэсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна.  

Иймд шүүхээс шүүгдэгч  Ч.Гантөмөрийг олон нийтийн газар согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-т  зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Энэ хэрэгт хохирогч Э.Одбаяр шүүгдэгчээс эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг нэхэмжилнэ гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа боловч хавтаст хэрэгт эмчилгээний зардлын талаар нотлох баримт авагдаагүй байх тул хохирогч Э.Одбаярыг дээрх баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ч.Гантөмөрийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.Гантөмөр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй бөгөөд битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж нар овогт Чойжилсүрэнгийн Гантөмөрийг олон нийтийн газар бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Ч.Гантөмөрийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих хугацаагаар хорих ялаар  хорьж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гантөмөрт оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гантөмөрт оногдуулсан 3 /гурав/ жил 1/нэг/ сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнсэж хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Замын-Үүд сум дахь сум дундын  Цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Шүүгдэгч Ч.Гантөмөр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичгийн баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Гантөмөрт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Л.БАТЖАРГАЛ