Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 373

 

МАГАДЛАЛ

 

2019.02.25                                                 Дугаар 373                                      Улаанбаатар хот

 

 

 

 

О.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/03643 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч МОХННУБТЗ-д холбогдох,

 

17 554 968 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаан:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э, Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хариуцагч байгууллагаас нийт 46 731 юань буюу 17 554 968 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж болох 16 500 юань буюу 6 198 390 төгрөг гаргуулах шаардлагын хувьд, нэг сарын 11 000 юанийн цалин хөлс авдаг бөгөөд түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалд 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор заасан. Энэ нь 22 000 юань болох юм. Гэхдээ нэхэмжлэгч нь уг мөнгөнөөсөө түрээсэлж байсан байранд өгсөн барьцаа 4 500 юанийг хасч тооцсон. Уг нь 17 500 юань нэхэмжлэх ёстой байсан боловч бид анхнаасаа тооцоогоо буруу хийсэн байна. Ингээд шүүхэд нэгэнт гаргасан шаардлага болох 16 500 юань буюу 6 198 390 төгрөг одоо нэхэмжилнэ. О.А-ийн сарын цалин 11 000 юань, гэтэл хариуцагч нь 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг суутгаж авах нь хуульд нийцэхгүй. Түүнчлэн О.А нь 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр уг байранд анх орсон. Гэтэл хариуцагч нь 2009 оны 01 дүгээр сарын 25-нд түрээслэсэн гэж тайлбарлаж байгаа. Энд нийтдээ 20 хоногийн зөрүү үүсч байна. 8 875 юанийн зөрүү дээр хариуцагч тал акт тавьсан. Гэвч 01 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ хийсэн хэдий ч 01 дүгээр сарын 05-ны өдөр тухайн байранд бодитойгоор амьдраад эхэлсэн тул уг өдрөөс тооцож түрээсийн төлбөр төлсөн, 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 3 дугаар сарын 25-ны өдөр, 3 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 25-ны өдөр гэж тооцсон актын 8 875 юань болох 20 хоногийн зөрүү үндэслэлгүй. Гэрээг цуцлах тохиололд 2 сарын өмнө мэдэгдэх үүрэг хүлээсэн. Уг гэрээнд талууд нэмэлт өөрчлөлт оруулж, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тохиролцоод сар бүрийн эхний 05-ны өдөр түрээсийн төлбөрийг 3 сараар буюу улирлаар нь төлөхөөр тохиролцсон. Тиймээс гэрээг хугацаагүй хийсэн, хугацаагүй гэрээ дууссан тохиолдолд тухайн хугацаагаар мөн сунгах хуулийн үйлчлэл хэрэгжих ёстой. 2 дугаар улирлын түрээсийн төлбөрийг 4 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч Улаанбаатар Төмөр замаас 3 сараар нь тушаасан. Ингээд 5 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Иймд гэрээнд заасан 2 сарын өмнө мэдэгдэх тухай заалт хэрэгжих боломжгүй юм. Тиймээс илүү төлсөн түрээсийн төлбөрийг суутгасан асуудал үндэслэлгүй.

Хүүхдийн сургалтын төлбөр 20 000 юань гаргуулах шаардлагын хувьд, нэхэмжлэгчийн хүү А.Д нь Бээжин хотын дунд сургуульд сурдаг ба сургалтын төлбөрт нь нийтдээ 90 000 юань төлдөг. Үүнээс нэхэмжлэгч 50 000 юанийг өөрөө төлдөг ба үлдэх 40 000 юанийг УБТЗ-аас төлдөг байсан. 2018 оны хичээлийн жилийн төлбөрт хариуцагч байгууллага 20 000 юанийг төлсөн байдаг. Харин үлдэх 20 000 юаныг УБТЗ-аас төлөөгүй. Нэгэнт УБТЗ-ын төсөвт суусан учир 20 000 юань буюу 7 513 200 төгрөг гаргуулж авах хүсэлтэй байна. Хэрэгт авагдсан Бээжин хотын төлөөлөгчийн газрын 2018 оны зардлын төсөвт “хүүхдийн сургалтын төлбөр”-т нийтдээ 110 000 юань тусгагдсан байдаг. Энэ 110 000 юанаас 70 000 юань тус Төлөөлөгчийн газрын тэргүүн Б.Э гэж хүний хүүхдийн сургалтын төлбөрт төлөгддөг. Үлдэх 40 000 юань нь нэхэмжлэгчийн хүүхдийн сургалтын төлбөрт төсөвлөгдсөн байгаа юм. Хэрэв хөдөлмөрийн гэрээ нь ажилтны буруутай үйл ажиллагаанаас шалтгаадан цуцлагдсан бол бид сургалтын төлбөрийн        20 000 юанийг угаасаа нэхэмжлэхгүй. Гэтэл 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр орон тоо хассан тушаал гаргаж, уг тушаалаа 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр мэдэгдсэн. Ингээд 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гарч, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар 2018 оны 6 дугаар сарын     04-ний өдөр бүх тооцоог дуусгахаар болсон. Ажлаас чөлөөлөгдсөн явдалд нэхэмжлэгч буруугүй учраас хариуцагчийн “...хөдөлмөрийн гэрээ дууссан учраас сургалтын төлбөрийг төлөхгүй” гэсэн тайлбарыг зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч нь 2018 оны ээлжийн амралтаа эдлээгүй. Иймд 2018 оны ээлжийн амралтын мөнгө болох 7 013 юаныг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь Улаанбаатар Төмөр замын даргын 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/103 тоот тушаалаар баталсан “Хилийн чанадад суух төлөөлөгчийн ажиллах журам”-ын дагуу УБТЗ-ын зардлаар төмөр замын сургуульд суралцаж байгаа оюутнуудтын нийгмийн болон эдийн засгийн асуудалд хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Нэхэмжлэгч энэ үүргийнхээ дагуу Бээжин хот дахь Зам харилцааны Их сургуульд УБТЗ-ын тэтгэлгээр суралцаж байгаа оюутнууд болох Н.Б , С.М , О.О, Э.У,Э.С, Э.Г нарт зуны амралтын билетийг урьдчилан захиалж, 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 6 оюутанд Бээжин хотоос Улаанбаатар хүртлэх цагаан билетийн хөнгөлөлтийн зөрүүд 2 009 юанийг хувиасаа төлсөн. Мөн Э.М гэж оюутны нэр хөнгөлөлттэй билетний жагсаалтад бичигдэж ирээгүй байсан тул хөнгөлттэй үнээр билет олгох боломжгүй болсон. Үүний улмаас үндсэн үнээр энгийн суудлыг 1 209 юанаар нэхэмжлэгч худалдан авч тухайн оюутанд өгсөн. Ингээд нэхэмжлэгч өөрийн зардлаар нийт 3 218 юанийг хувиасаа төлсөн. Уг нь баримтаараа бол 3 369 юань төлсөн байдаг. Гэхдээ мөн л нэхэмжлэгч маань шүүхэд хандахдаа тооцоогоо буруу хийсэн тул 3 218 юанийг л нэхэмжилнэ. Тухайн үед хариуцагч байгууллагын хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байсан н.О  гэх хүн “...оюутнуудын билетний мөнгийг хувиасаа аваад төлчих, одоо мөнгө явуулах боломжгүй, дараа нь өгнө” гэж хэлсэн учраас уг билетний мөнгийг нь нэхэмжлэгч өөрөөсөө төлсөн. Нэхэмжлэгч 2017 оны 7 дугаар сард санхүүгийн албанд тодорхой баримтууд, замын зардлуудыг төлсөн вагоны билетүүдийг хавсралтуудаар өгч, санхүүгийн албанд нь хүсэлтээ гаргасан. Гэтэл хариуцагч талаас оны дараа баримтаа өгсөн гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 16 500 юань буюу 6 198 390 төгрөг гаргуулах, 2018 оны ээлжийн амралтын мөнгө 7 013 юань буюу 2 634 504 төгрөг гаргуулах тухай шаардлагуудын хувьд О.А нь хариуцагч байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу БНХАУ-ын Бээжин хот дахь УБТЗ-ын Төлөөлөгчийн газарт төлөөлөгчөөр ажиллаж байсан. Бидний зүгээс өөрсдийн архивыг шалгаж үзэхэд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь байхгүй байсан тул хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүйг юм. УБТЗ-ын даргын 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б-I-164 дугаар тушаалаар орон тоо цомхотгогдсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Түүний ажлыг хүлээж авах комисс 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр очиж ажил хүлээлцүүлэх талаар урьдчилан утсаар мэдэгдсэн боловч О.А-ийн өөрийнх нь хувийн шалтгааны улмаас дээрх тушаалд заасан хугацаанд ажил хүлээлцэх боломжгүй болсон учраас хойшлогдсон. Ингээд УБТЗ-ын даргаас 5 дугаар сарын 31-ний өдрийн Б-Ш-192 дугаар тушаалаар ажил хүлээлцэх комиссыг 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 06-ны өдөр хүртэлх хугацаагаар Бээжин хотод томилолтоор ажиллуулах тушаал дахин гаргасан болно. Ийнхүү ажил хүлээлцэх комисс нь Бээжин хотод 2018 оны 6 дугаар сарын 04, 05-ны өдөр томилолтоор очиж ажиллан, О.А-ийн ажлыг тус хот дахь УБТЗ-ын Төлөөлөгчийн тэргүүн Б.Э-т хүлээлгэн өгсөн. О.А-ийг ажлаас чөлөөлөх тухай Б-I-164 дугаартай тушаалын дагуу түүнд 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжид 22 000 юань, ажилласан хугацааны /2018 оны/ ээлжийн амралтын мөнгө 7 013 юань олгохоос нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татварт 1 333.79 юань суутган, үлдэх          27 679.21 юанийг өгөх ёстой байсан. Гэхдээ уг мөнгөнөөс О.А-ийн амьдрах байрны түрээсийн барьцаа төлбөрт 4 500 юань, 2018 оны 6 дугаар сарын түрээсийн төлбөрт        12 000 юань, түрээсийн төлбөрийн зөрүү 8 870 юань, нийт 25 370 юанийг О.А-оос суутган авч үлдэх 2 309.21 юанийг түүнд олгож тооцоогоо дуусгана. Учир нь нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс шалтгаалж хариуцагч байгууллага Бээжин хотод нэхэмжлэгчийн түрээсэлж байсан байрны түрээсийн төлбөрт үндэслэлгүй, илүү төлбөр төлсөн. Иймд нийт 25 370 юаний төлбөрийг О.А-т олгогдох ёстой тэтгэмжээс суутгаж авах эрх зүйн үндэслэлтэй.

Хүүхдийн сургалтын төлбөр 20 000 юанийг мөн манай байгууллага төлөхгүй. Улаанбаатар төмөр замын Төлөөлөгчийн газрын 2018 оны зардлын төсөвт хүүхдийн сургалтын зардалд нийтдээ 110 000 юань төсөвлөгдсөн. Энэ 110 000 юанаас 70 000 юань Төлөөлөгчийн газрын тэргүүн Б.Э гэж хүний хүүхдийн сургалтын төлбөрт төлөгддөг. Харин үлдэх 40 000 юань нь нэхэмжлэгчийн хүүхдийн сургалтын төлбөрт төсөвлөгдсөн. Үүнээс 20 000 юанийг бид хүүхдийнх нь сургалтын төлбөрт төлсөн. Харин түүнд 4 дүгээр улирлын 20 000 юанийг олгох хууль зүйн үндэслэлгүй. Учир нь О.А-той байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон. Гэхдээ манай зүгээс хүүхдийн сургалтын 40 000 юанийг нэг хичээлийн жилд төсөвлөсөн нь үнэн.

2016 оны Улаанбаатар Төмөр замын даргын Оюутны тэтгэлэг сургалтын төлбөрийн тухай тушаалын дагуу 2016-2017 оны Зам харилцааны улсын их сургуульд суралцах нэр бүхий оюутны замын зардлыг жилд нэг удаа олгохоор заасан. Бидний зүгээс нэхэмжлэлд дурдагдсан нэр бүхий оюутнуудын билетийг худалдан авахад нэхэмжлэгч нийтдээ 3 218 юанийн зардал гаргасан, мөн уг төлбөрийг МОХННУБТЗ хариуцах ёстой эсэх тал дээр маргахгүй. Гэхдээ уг шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь өөрийн төлсөн 3 218 юанийг буцаан авахын тулд нэхэмжлэгч анхан шатны баримтуудыг хариуцагч байгууллагад Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу 2017 оны санхүүгийн жил дуусахаас өмнө бүрдүүлж өгөх үүрэгтэй. Гэвч хуульд заасан хугацаанд буюу 2017 онд багтааж нэхэмжлэгч эдгээр баримтуудыг гаргаж өгөөгүй. О.А 2017 оны зардлыг тухайн онд биш 2018 онд нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч өөрийн шаардлагаа гаргахдаа юанийн ханшийг 375 66 төгрөгөөр тооцож, холбогдох баримтыг өгсөн байна. Уг ханшийн тооцоолол дээр манай зүгээс маргах зүйлгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.1, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан МОХННУБТЗ-аас  17 053 967 төгрөгийг гаргуулан О.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 501 001 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 800 төгрөгөөс 89 524 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн   156 276 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 245 800 төгрөгийг гаргуулан 89 524 төгрөгийг нэхэмжлэгчид,       156 276 төгрөгийг улсын орлогод тус тус оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хэрэв шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан ажилтны нэг сарын цалин хөлснөөс хэтэрсэн хугацааны суутгалыг хийсэн гэж үзэж байгаа, нэхэмжлэгч нь мөн зүйлийн 63.3 дахь хэсэгт заасан буруу суутгал хийсэн гэж үзвэл хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдэрлүүлэх тухай заалтыг зөрчсөн мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийлдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг нэхэмжлэгч зөрчсөн байхад шүүх үүнийг анхаарч үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх” шаардлагыг хангасангүй. Батлагдсан дээрх төсвийн дагуу түүнд 2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 2017 оны 09 дүгээр сард 20 000 юань, 2018 оны эхний хагас жилийн сургалтын төлбөр болох 20 000 юанийг мөн оны 03 дугаар сард олгож улмаар нийт 40 000 юань олгосон байна. Харин түүнд 04 дүгээр улирлын буюу 2018-2019 оны хичээлийн жилийн 20 000 юанийг олгох хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нь гэвэл ажил олгогчоос байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон. Шүүхээс О.А нь анхан шатны санхүүгийн баримтуудыг тодорхой хугацаанд гаргаж өгөх үүрэгтэй болохыг хариуцагч тал нотлоогүй гэж дүгнээд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар 3 218 юань буюу 1 208 874 тегрөгийг хариуцагчаас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй мөн тайлангийн хугацаанд гаргаж өгөх үүрэг нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дахь хэсэгт зааж зохицуулсан байхад хариуцагчаас нэхэмжлэгчийн энэ талаарх үүргийг нотлоогүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт, нэхэмжлэгчийн аль шаардлагыг хангахдаа баримталж байгаа нь тодорхойгүй байна. Шүүх шийдвэртээ нэхэмжлэгч 17 554 968 төгрөгийн шаардлагад 245 725 төгрөг төлөхөөс 245 800 төгрөг төлж илуү 75 төгрөг төлсөн байхад түүнийг 156 276 төгрөг илүү төлсөн гэж улсын тэмдэгтийн хуваарилалтыг буруу тооцоолж бодсон байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч О.А нь хариуцагч МОХННУБТЗ-д холбогдуулан 17 554 968 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч байгууллагын даргын МОХННУБТЗ-ын  даргын 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б-1-164 дүгээр тушаалаар БНХАУ-ын Бээжин хот дахь МОХННУБТЗ-ын  төлөөлөгчийн газарт төлөөлөгчөөр ажиллаж байсан нэхэмжлэгч О.А-ийг “орон тоо хасагдсан” гэсэн үндэслэлээр 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож албан тушаалаас нь чөлөөлсөн байна. /хх 14/

Анхан шатны шүүх хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тохиолдолд нэхэмжлэгч О.А-т ажлаас халагдсаны тэтгэмж олгох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Тодруулбал, хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс шалтгаалж түрээсийн төлбөрт илүү төлбөр төлсөн, нэхэмжлэгчид олгогдох ёстой тэтгэмжээс суутгагдах ёстой” талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу “ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.

Түүнчлэн, ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжийн хэмжээг 16 500 юань буюу 6 198 390 төгрөг гэж тодорхойлон, хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан тул нэхэмжлэгч нь өөрөө нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар тодорхойлох эрхтэй.

Мөн шүүх, ажил олгогчийн гаргасан тушаал, хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, түрээсийн гэрээ болон холбогдох бусад нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд тооцсон үндэслэл тус бүрийн талаар тухайлан хийсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Дээрх хууль зүйн үндэслэлээр хариуцагчаас гаргасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэргийн үйл баримтыг зөв дүгнээгүй, нотлох баримтыг буруу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/03643 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 245 800 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ИЧИНХОРЛОО

 

             ШҮҮГЧИД                                         Ш.ОЮУНХАНД

 

                                                                          М.НАРАНЦЭЦЭГ