Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2019/00803

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2019/00803

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С СӨХ /гэрчилгээний дугаар:/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоот хаягт оршин суух,  М /регистрийн дугаар: /-д холбогдох

1,068,520 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ичинхорлоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ичинхорлоо шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус СӨХ-ны харъяа Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 13 дугаар байр, 25 тоот хаягт оршин суух П.М нь СӨХ-ны төлбөрөө 2008 оны 7 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сар х үртэл хугацаанд төлөөгүй.

Иймд дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ хийх зориулалтаар зарцуулагддаг СӨХ-ны төлбөр болох 1,068,520 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогтбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах 13 дугаар байрны С СӨХ нь П.Мөнхбаярт холбогдуулан 2008 оны 7 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэлх дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ хийх зориулалтаар зарцуулагддаг СӨХ-ны төлбөрт нийт 1 068 520 төгрөгийг нэхэмжилжээ.

Анх СӨХ-ны төлбөрийг төлөөгүй болсон шалтгааны хувьд, 2008 онд 13 дугаар байрны 2 дугаар орц нь дундын өмчлөлийн эд зүйл болон хөрөнгийг хамгаалах зорилгоор цалинжуулж ажиллуулдаг жижүүртэй байсан ба тухайн үед цахилгааны тоолуурыг хулгайд алдсан. Цахилгааны тоолуур нь орцонд буюу дундын өмчлөлийн хэсэгт байрладаг байсан. Энэ талаар СӨХ-нд мэдэгдэхэд төлбөрийг барагдуулна гэсэн боловч тодорхой арга хэмжээ аваагүйн улмаас бид өөрсдийн зардлаар цахилгааны тоолуурыг худалдан авч байрлуулсан. Гэтэл байрлуулсан тоолуурыг дахин хулгайд алдсан ба СӨХ-нд мэдэгдсэн боловч мөн л арга хэмжээ аваагүй.

Түүнчлэн, СӨХ-ноос тус байрыг кодтой хаалгатай болгоно гэж орон сууцны төлбөр дээр нэмж төлбөр авсан. Энэ талаар лавлахад нэг л удаагийн төлбөр татна гэж хэлж байсан боловч 2 удаа энэхүү төлбөрийг авсан. Ийнхүү дээрх нөхцөл байдлуудаас шалтгаалан СӨХ-ны төлбөрийг төлөөгүй буюу алдсан цахилгааны тоолуурын зардлыг тухайн төлбөрөөс хасч тооцуулах хүсэлтэй байсан. Өөрөөр хэлбэл, СӨХ нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүргээ биелүүлээгүй.

1 .Хөөн хэлэлцэх хугацаа.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д зааснаар тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зохицуулжээ. Хуулийн уг зохицуулалтаас үзвэл хариуцагч талаас 2015 оны 11 дүгээр сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэлх буюу 3 жилийн хугацааны СӨХ-ны төлбөрийн хувьд маргаж, түүнээс өмнөх хугацааны төлбөр нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

2.               Нэхэмжлэлийн шаардлагын тооцооны задаргаа.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлөхөөр зохицуулсан.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэлийн шаардлагын задаргаа тодорхой бус байна. Нэхэмжлэлийн шаардлагын аль хэсэг нь хэдээс хэдэн оны хооронд гарсан СӨХ-ны төлбөр, урсгал зардал буюу халаалт халуун, цэвэр, бохир ус, ариутгал зэргээр гарсан зардлын тооцоо хэрэгт авагдаагүй, Мөн засвар үйлчилгээг хэзээ хийсэн, түүнд ямар хэмжээний зардал гарсан талаарх баримт авагдаагүй байна.

 

СӨХ нь өөрөө хуулийн этгээдийн эрхгүй байхаар Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.3 дахь хэсэгт заасан. Өөрөөр хэлбэл, СӨХ-ноос дундын өмчлөлийн хөрөнгөд зарцуулснаас бусад тохиолдолд СӨХ-ны төлбөрөөс ашиг олох, илүү төлбөр авах эрхгүй юм. Хэдийгээр тогтоосон хэмжээгээр хураамжийг авах нь зүйтэй боловч ийнхүү ашиглалт болон засвар үйлчилгээний зардлаас илүү хэмжээгээр төлбөр авах нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

3.               СӨХ-ны төлбөрийн хэмжээ.

Нэхэмжлэгч С СӨХ-ны Удирдах зөвлөлөөс Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан зардлын хуваарилалт болон төлбөрийн хэмжээг ямар хэмжээтэй, хэрхэн тогтоосон тухай тэмдэглэл, тогтоол хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, сууц өмчлөгчдөөс авах цэвэрлэгээ, харуул хамгаалалтын төлбөр, цахилгааны болон засвар үйлчилгээ зэрэг бусад зардлыг айл өрхүүдээс 1 м.кв-т хэдэн төгрөгөөр тооцож авахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ. гэж заажээ. Гэтэл хэрэгт бүх гишүүдийн хурлаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг хэлэлцсэн талаарх баримт авагдаагүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагад СӨХ-ны нэг сарын төлбөрийн хэмжээ тодорхой бус байна. Иймд нэхэмжлэлд дурдсан байдлаас үзвэл 2008 оны 7 дугаар сараас 2018 оны 11 сар хүртэл тооцоход нийт 126 сар байх ба үүнийг нэхэмжлэгчийг тодорхойлсон нийт үнийн дүнд хувааж үзвэл нэг сарын 8 900 төгрөг байна. Хэргийн баримтаас үзвэл удирдах зөвлөлөөс уг төлбөрийг хэрхэн тогтоосон байдал нь тодорхой бус байна.

4.Бусад.

Сууц өмчлөгчдийн дундын эд хөрөнгө болох подволийн хэсгийг С СӨХ нь 2008 оноос хойш үсчин, барилгын, загасны дэлгүүр зэргээр бусдад түрээслэж, түрээсийн төлбөр авдаг. Одоогийн байдлаар 13 дугаар байранд хувцас засвар үйлчилгээг 4 иргэнд, барилгын материалын дэлгүүр 1 иргэнд, үсчин 2 иргэнд тус бүр сарын 200 000 төгрөгөөр буюу сард нийт 1 400 000 төгрөг, 8 айл амьдарч, тус бүр 250 000 төгрөгөөр буюу сард нийт 2 000 000 төгрөг, нийт сардаа 3 400 000 төгрөгийн түрээсийн төлбөрийг Соёмбо" СӨХ авдаг болно. Хэрэв нэхэмжлэгч талаас сууц өмчлөгчдийн дундын эд хөрөнгө болох подволийн хэсгийг бусдад түрээслэдэг үйл баримтын хувьд маргасан тохиолдолд, гэрч асуулгах, үзлэг хийлгэх хүсэлт гаргах нь зүйтэй байх.

Ийнхүү, түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч тал хэрхэн зарцуулж байгаа нь тодорхой бус байна. Түүнчлэн, тэдний ашиглаж байгаа бохир, цэвэр усны, цахилгааны зэрэг ашиглалтын зардлыг орон сууцанд оршин суух айл өрхүүдээс гарч байгаа эсэх нь тодорхой бус байна.

Дээрх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт болон засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С СӨХ нь хариуцагч П.Мөнхбаярт холбогдуулан, СӨХ-ны төлбөрт 1,068,520 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлйн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

С СӨХ-ны Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 13 дугаар байр, 25 тоот хаягт оршин суугч хариуцагч П.М нь тухайн орон сууцны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан Ү-2204017356 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул дээрх орон сууцны үйлчилгээний төлбөр, СӨХ-ны хураамжийг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 болон Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-д зааснаар төлөх үүрэгтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар 2015 оны 11 дүгээр сараас өмнөх төлбөр тооцоотой холбоотой шаардах эрх нэхэмжлэгчид байхгүй гэж маргасан ба нэхэмжлэгч нь дурьдаж буй хугацаанд хамаарах төлбөрийг шаардаж байсан эсэхээ шүүхэд нотлоогүй тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, 2015 оны 11 дүгээр сараас 2018 оны 11 дүгээр сар хүртлэх хугацааны 36 сарын төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, С СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын 6 дугаар тогтоол, тогтоолын хавсралтаас үзэхэд тус СӨХ-ны гишүүдийн төлбөр төлөх хураамжийг орон сууцны 1 м.кв талбай тутамд 200 төгрөг, хариуцагч П.Мөнхбаярын өмчлөлийн Ү-2204017356 дугаарт бүртгэлтэй орон сууцны талбайн хэмжээ 43 м.кв талбайтай болох нь тогтоогдож байх тул дээр дурдсан хугацааны төлбөр 309,600 төгрөг болно.

Иймд хариуцагч П.Мөнхбаяраас СӨХ-ны төлбөрт 309,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 758,920 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75 дугаар зүйлийн 75.2.3-д тус тус заасныг баримтлан, хариуцагч П.Мөнхбаяраас 309,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 758,920 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,194 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Мөнхбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 9,938 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С СӨХ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА