| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 194/2025/0182/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/408 |
| Огноо | 2025-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/408
2025 02 06 2025/ШЦТ/408
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
улсын яллагч Б.Мөнгөнцэцэг
хохирогч Л.М, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал,
шинжээч эмч Ц.Э
шүүгдэгч Х.Ч, түүний өмгөөлөгч Л.Нинжбат нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **овгийн ******** холбогдох эрүүгийн “********” дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х.Ч,
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Ч нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 07 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** **дотор Л.М “Хийх ажлаа бусдаар хийлгэлээ” гэх шалтгаанаар маргалдаж нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь дээд уруулын дотор зүүн хэсэгт шарх, баруун завжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны *дугаар сарын 20-ны өдрийн ** дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүгдэгч Х.Ч нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч Л.Н нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар, хохирогчийн өмгөөлөгч Ж.Т нь хохирогч Л.М зөрчигдсөн эрхийг сэргээж, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах байр суурьтайгаар тус тус оролцсон болохыг дурдаж байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд Х.Ч нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 07 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *дотор Л.М “Хийх ажлаа бусдаар хийлгэлээ” гэх шалтгаанаар маргалдаж нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь дээд уруулын дотор зүүн хэсэгт шарх, баруун завжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогч Л.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 07 цаг 30 минутын үед *дүүргийн *дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** т* дотор жижүүр дээрээ мэдээгээ өгөөд тасгийн үүдэнд байдаг “СU"сүлжээ дэлгүүр дотор халуун уух юм аваад эрчимт эмчилгээний тасгийн өрөөнд орж ирэхэд эмч Х.Ч, , нар байсан. Тухайн үед эмч Х.Ч нь “Лекцийн “PP” өөрөө бэлд” гээд над руу ууртай янзаар хэлсэн. Тэгэх үед “Би өөрөө бэлдэж байгаа, хүнээр янзлуулж байгаа юм” гээд тайлбар өгөх үед өөдөөс уурлаад янз бүрээр хэлж байхад өөдөөс нь би “Чимээгүй бай” гэхэд “Чамаар дуугаа хориулахгүй” гэх үед “Тэгвэл би хэнээр юу хийлгүүлэхээ өөрөө мэдье” гэж хэлээд зогсож байтал намайг “Зайл” гээд хэлсэн. Тэгээд би халуун уух кофе аваад гарах үед “Гичий жингэр минь тэр чигээрээ зайл” гэсэн. Тэгэхээр нь би “Та зүгээр аятайхан байгаарай” гээд хуруугаараа зааж хэлэхэд эмч Х.Ч зүүж байсан нүдний шилээ над руу шидсэн. Тэгээд би “Та одоо яаж байгаа юм бэ?” гэх үед сандлаасаа босож ирээд гараа атгаж байгаад миний нүүр хэсэгт хоёр удаа цохисон. Тэгээд би өөдөөс нь “Та ахиад цохь л доо” гэх үед гараа атгаж байгаад нэлээн хэдэн удаа дахин цохисон. Тэгээд Б, Ц хоёр орж ирзэд салгасан. Тэгээд би эргэж гарах үед ширээн дээр байсан халуун кофе авч над руу шидсэн. Тэгээд би “Цагдаа дуудаж өгнө” гээд гараад явсан. Тэгээд 102 дугаар руу удаа дараа залгахад холбогдохгүй байсан буцаад эмч нарын өрөө рүү ороход Х.Ч шидсэн ханан дахь кофегоо арчаад, харин үйлчлэгч шалан дээр асгарсан зүйл арчиж байсан. Тэгээд “Чи цагдаагаа дуудсан уу?” гээд надад хэлэхэд нь “Та хүний нүүр рүү цохиж болж байгаа юм уу?” гэх үед “Хохь чинь” гэж хэлхэд “Та нөхөртэй ингээд зодуулаад үзэхгүй юу” гээд хэлсэн. Тэгэхэд үйлчлэгчийн шал арчиж байсан шалны модыг аваад зүүн гарын тохой бугалга хэсэгт нэг нэг удаа цохисон. Тэгээд би айгаад зугтаагаад өөрийн өрөө рүү ороод араас ирээд дахин шалны модны үзүүрээр хатгасан. Энэ үед эмч Э дундуур ороод “Х.Ч эмчээ та болиоч” гэж хэлсэн тэр үед шалны модны үзүүрээр нүүр рүү хатгасаад салсан...” /хавтаст хэргийн 5-6 дугаар тал/,
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Өглөө 08 цаг орчмын үед эмч нарын өрөөнд Х.Ч байсан гаднаас Л.М орж ирээд маргалдсан. Шалтгаан нь Х.Ч эмч Л.М өөрөө юмаа хийсэнгүй, залуу эмч нараар тайлан хийлгэлээ гээд Х.Ч шаардлага тавиад “Өөрөө хий” гэх зэргээр хэлсэн. Тэгээд 5 минут орчим маргалдаад Л.М эмч гараад явсан. Араас нь Х.Ч, Л.М араас “80-аад оны” гэж хэлэхэд Л.* эмч орж ирээд Х.*эмч Л.*-*нүүр рүү алгадсан. Дахиад 2 удаа алгадахад *эмч гаднаас орж ирээд бид хоёр тэр хоёрыг салгасан. Х.*эмч аягатай кофе шидсэн. Л.*-**эмч хоёрын толгой хэсэгт үсэрсэн. Тэгээд тэр хоёр хэрэлдээд байсан. Нүүр рүү нь 4 удаа алгадсан. Эхлээд нэг удаа алгадахад шилтэй тул хамрын дээд хэсэг улайсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/,
Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө ажил дээр байх үед эмч нарын өрөөнд кофе асгасан байсан болохоор цэвэрлэх гээд орсон. Ороход Х.*эмч, Л.*-*хоёр хоорондоо маргалдаад байсан. Л.*-*эмч гарч явах үед араас нь Х.* эмч миний хана түшүүлээд тависан байсан модыг аваад хоёр удаа цохисон. Миний санаж байгаагаар бол тэр Л.*-*эмч тэр эмчтэй нөхөртөө бавуулах билүү нүдүүлж байхдаа таарсан гэж харааж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/,
Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 08 цаг орчмын үед байх тасгийн өрөөнд байж байтал гаднаас Х.** , Л.М эмч нар хоорондоо хэрэлдээд байна гээд *, *эмч нар надад хэлсэн. Тэгээд маргалдаж байгаа өрөөнд ортол тэр хоёр салсан байсан. Тэгээд тэр өрөөний ханан дээр кофе цацарсан байсан. Би тэр өрөөнөөс гараад өөр өрөөнд хүнээ үзэх гээд ортол орилох чимээ гарсан. Гараад хартал ** эмч *-* эмчийн толгой хэсэгт шалны модоор намайг харахад нэг удаа цохисон. Тэгээд би Х.Р эмчид “Наад модоороо хүнийг цохиж болохгүй” гэж хэлсэн. Л.М Х.Ч хандаж “Нөхөртөө зодуулахдаа таарсан юм” гэж хэлсэн. Тэгээд тэр хэрэлдэж байгаад ** эмчтэй хамт салгасан. Сүүлийн үед жоохон бухимдуу болоод байгаа. Л.М, Б надтай 1 жилийн өмнө маргалдаж байсан. Тэгэхдээ зүгээр байж байгаад энэ жилээс бухимдуу болоод байгаа ажиглагдсан. Толгой, дух, хамар орчим нь миний харснаар 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/,
Гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Х.Ч нь ердийн, ерөнхийдөө нийтэч. Тухайн ажлын байран дээрээ хамгийн ахмад, ахлах эмч, тэргүүлэх эмч, өмнө нь тасгийн дарга 2-3 удаа болж байсан. Хүндтэй болон туршлагатай эмч. Миний харж байгаагаар зөвлөдөг, алдаа дутагдлыг зааж өгдөг, ажилдаа сайн, алдаа гаргахгүй гэж хичээдэг, асуудалд шүүмжпэлтэй ханддаг гэж боддог...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр тал/,
Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 08 цаг орчмын үед ажил дээр ирээд эмч нарын өрөөнд сууж байтал Л.М эмч гаднаас орж ирсэн. Х.Ч эмч дотор сууж байсан. Л.М эмч резидент эмчээр бэлдэж байсан ажлаа компьютер дээр хийлгэж байтал Х.Ч эмч залуу эмчээр ажлаа хийлгэлээ гэж хэлсэн. Тэгээд би нүүрний будгаа цамцан дээр унагаагаад тэр өрөөнөөс гараад буцаад ороод иртэл Х.Ч эмч Л.М эмчийг алгадаж байсан. Хаашаа гэдгийг нь санахгүй байна. Тухайн өрөөнд Б эмч хамт байсан. Тэгээд бид хоёр салгасан. Тэгээд нэг нүдний шил унах шиг болсон. Х.Ч эмч аягатай кофе шидсэн. Тэгээд Л.М гараад явсан. Л.М эмч тасгийн эрхлэгч хүн, харин Х.Ч эмч өмнөх тасгийн эрхлэгч байсан хүн. Л.М эмч ажилсаг, зан төрлийн хувьд даруухан биш, галзуу ч биш ажилсаг хүн. Х.Ч их зарчимч хүн. Манай тасагт олон жил ажилласан. Тэр утгаараа шаардлага тавьдаг. Бид нар бас хүндэтгэлтэй харьцахыг хичээдэг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ч.Э 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14770 дугаартай шинжээчийн “...Л.М дээд уруулын дотор зүүн хэсэгт шарх, баруун завжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг болон олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,
Шинжээч Ч.Э “...Л.М дээд уруулын дотор зүүн хэсэгт шарх нь хөнгөн зэрэгт тогтоогдоно. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дугаар тал/,
Яллагдагч Х.Ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Тухайн нөхцөл байдалд Л.М миний уурыг хүргэж над руу дайрсннас болоод би их уурласан үүнээс болоод би цочирдсон. Ямар ч байсан миний нүүр рүү салаавч гаргаад чичилж миний хамранд хүрсэн. Тэр байдлаас болоод их цочирдож давчидсан. Миний уур хүрч над руу чанга дуугаар хараасан, залуу эмч нар салгасан, би зүүн гараараа хаашаа цохисноо санахгүй нүүр тус газарт байх гэхдээ сайн санахгүй байна Тэр хүн буцаж гараад орж ирэхдээ намайг “Ална даа” гэж хэлсэн. Би өрөөндөө сууж байхад тэр хүн байн байн орж ирээд байсан. Гэрчүүд яриад байгаа шидсэн кофег цэвэрлээд хана цэвэрлээд байж байтал тэр хүн буцаж орж ирээд надад “Таны биед өөр эрэгтэй хүн хүрч болох уу?” гээд эргээд гарахдаа “Нөхөртөө зодуулж байхдаа таарсан гичий” гэж хэлэх үед би нуруу тус газарт нэг удаа шалны модоор цохисон. Өрөөнд ороод би нүүрэнд нь хүрээгүй шалны модны үзүүрээр шилийг нь унагаад гарсан. Яагаад ийм зүйл болсон гэхээр жижүүрт гарсан залуу эмч нараар өөрийнхөө ажлыг хийлгээд байсан болохоор би залуу эмч нарыг өмөөрч, “Чадахгүй юм байвал залуу эмч нараар заалгаад хий л дээ” гэхэд “Хэнээр юу хийлгэхээ өөрөө мэднэ” гээд хашхирсан. Надад тайлбар тавиад юм мэдэхгүй бол залуу эмч нарыг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд би өмнө нь энэ хүнийг тасгийн эрхлэгч болгосон тэгээд би тасгийн эрхлэгч хүн ийм байж болохгүй энэ хүнд би ийм шаардлага хүлээж авах хатуу шаардлага тавьсан. Тэгээд ийм л зүйл болсон...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28 дугаар тал/,
Хохирогч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг болон хэргийн материалтай танилцах хүртэл Х.Ч эмчийг маш их харсан. Шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээх юм болов уу гэж бодсон чинь тэгсэнгүй. Тухайн үед хэрүүл гарах үед яг юу болсон талаар би жижүүрт шөнөжин ажиллаад жижүүрийн мэдээ өгчихөөд өөрийн үеэлтэйгээ таараад нэг кофе уучихаад ороход “Чи хүнээр юмаа хийлгэлээ” гэж хэлсэн. Тэгээд “Би хүнээр юм хийлгээгүй, туслуулсан” гэж хэлсэн. Тэгэхэд л өөдөөс орилоод байсан. Би тухайн үед “Тайван бай” гэж хэлсэн чинь орилоод байсан. Хурал дээр нэг юм танилцуулах байсан тэрийг би хийчхээд харуулах гэсэн чинь харахгүй байсан. Тэгээд яг гарах гэж байсан чинь “80 оны бацаан” гэж хэлсэн. Тэгээд би гарах гэж байснаа муудалцсан. Тухайн маргаан 4 дэх өдөр болсон ба өмнөх 1 дэх өдөр нь манай М эмчтэй муудалцаад бас элдвээр хэлсэн. Тэгээд би “Та аятайхан байгаарай” гэж хэлсэн. Тэгтэл өөдөөс нүдний шилээ шидээд өшиглөөд авсан. Тэгээд би “Дахиад цохь” гэж хэлсэн. Тэгээд эмч нар орж ирээд гарах гэж байхад араас халуун кофе аваад шидсэн. Тэгээд би гарахдаа цагдаад өгнө гэж хэлсэн. Тэгэхэд миний утас болоогүй учраас цагдаа дуудаж чадаагүй. Зөвлөх эмчид хэлэхэд хүрээд ирсэн. Зөвлөх эмчийг ирэх хооронд асгасан кофегоо арчаад зогсож байхаар нь “Та яагаад хүний биед халдаж байгаа юм бэ?” гэхэд “Хохино” гэж хэлсэн. Тэгээд би хүний биед халдаж болохгүй учраас “Нөхөртөө зодуул” гэж хэлээд гарахад араас шалны модоор цохисон. Тэгээд зөвлөх эмч ирээд би бүх учраа хэлэхэд “Би орчихоод ирье” гээд гарахаар нь би араас нь орсон. Тэгээд би зөвлөх эмчийн хажууд хэлэхэд “Хохино” гэж хэлсэн. Тэгээд “Би таны биед халдсан бол та яах вэ?” гэхэд “Чи шоронд орно, шоронгийн эрэгтэй янханд хүчиндүүлнэ” гэж хэлсэн. Тэгээд би эмнэлгийнхээ ёс зүйн хороонд хандсан ба ёс зүйгээс давсан асуудал байгаа учраас цагдаагийн байгууллагад ханд гэж хэлсэн. Тэр өдөр эмнэлгийн захиргаа хуралдаад хурлаа тараад гэртээ харьсан. Тэгээд зөвлөх эмчид “Би цагдаад хандана” гэж хэлээд миний биед халдсан гэж хэлсэн. Тэр өдөр шүүх шинжилгээний байгууллагад үзүүлсэн. Уг хэргийг шалгаж байсан мөрдөгч намайг прокурор, шүүх эмнэлэг, цагдаагийн хэлтсийн хооронд 4 удаа явуулсан. Х.Ч эмчийг хүний биед халдаж болохгүй байсан гэж хэлмээр байна. Нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээгээсэй л гэж хүсэж байна...” гэх,
Шүүгдэгч Х.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэгүүд болон хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Х.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан.
Шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.
Хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч Л.М нь “Шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тул шүүгдэгч Х.Ч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД