| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2018/03771/И |
| Дугаар | 101/ШШ2019/00848 |
| Огноо | 2019-03-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2019/00848
2019 оны 03 сарын 21 өдөр Дугаар 101/ШШ2019/00848 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суух овогт Г.Б /регистрийн /
Нэхэмжлэгч: тоотод оршин суух Б.А /регистрийн дугаар: / нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух Ш.Э /регистрийн дугаар /-д холбогдох,
12,310,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б , түүний өмгөөлөгч, нэхэмжлэгч Б.А ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль, хариуцагч Ш.Энхабат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б , Б.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Э нь 2017 оны 10 дугаар сард хүнээс ******* ******* улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авахаар тохиролцоод миний бие 2,000,000 төгрөг, Ш.Э 14,000,000 төгрөг гаргаад нийт 16,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Машин авахад 2,000,000 төгрөгийг бэлнээр Ш.Э ад өгсөн.
Тухайн тээврийн хэрэгслийг Ш.Э ын нэр дээр шилжүүлж авч байсан.
Машин авсны дараа тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийнэ, мөнгө хэрэгтэй гэсний дагуу манай эхнэр Б.А 2,000,000 төгрөгийг Ш.Э ын Хаан банкны ******* тоот данс руу шилжүүлсэн.
Тухайн тээврийн хэрэгслээр С******* аймгийн М******* суманд Ш.Э тай хамт ажил хийхээр тохиролцож байсан.
С******* аймгийн М******* суманд 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаагаар Норд Роуд ХХК-тай гэрээ байгуулж самар бэлтгэж эхэлсэн.
Гэрээ байгуулснаас хойш Г.Э тай хамт 2017 оны 11 дүгээр сарын 10-наас 2017 оны 11 дүгээр сарын 30-н хүртэл самарт явсан. Самарт яваад олсон ашиг 1,000,000 төгрөгийг Ш.Э ад үлдэх мөнгийг машин тэрэг гэх мэт зүйлд зарцуулсан.
Үүнээс хойш Ш.Э тай самарт яваагүй бөгөөд ******* ******* улсын дугаартай Зил-131 тээврийн хэрэгсэл С******* аймгийн М******* суманд манай хашаанд байсан.
2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ш.Э тай утсаар холбогдож, машинаа яах талаар ярилцсан бөгөөд Ш.Э ын анх машин авахад оруулсан 14,000,000 төгрөгийг би өгье, машинаа надад худалдчих гэж хэлэлцэж тохиролцоод 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 8,310,000 төгрөгийг Ш.Э ын данс руу шилжүүлсэн.
Үүнээс хойш Ш.Э холбоогүй байсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 04 цагт Ш.Э нь аав Д.Шархүүгийн хамт С******* аймгийн М******* суманд манай гэрт ирээд Ө******* аймагт машинаараа хийх ажил байна. Машинаа аваад Улаанбаатар хот руу явъя гэсэн.
Тэгээд маргааш нь буюу 2018 оны 02 дугаар сарын 27-ны өглөө Улаанбаатар хотод ******* ******* улсын дугаартай Зил-131 тээврийн хэрэгсэлтэйгээ Ш.Э ынд ирсэн бөгөөд хашаанд нь машинаа тавьсан.
Ш.Э ынд би 3-4 хоносон. Ш.Э нь ажил бүтэхгүй байна гэж хэлж байсан. Сүүлдээ утас нь холбогдохоо болихоор нь Баянхошуу руу нагац эгчийнд очоод буцаж ирэхэд миний машиныг Төрийн банкинд өртэй учир битүүмжилсэн байсан. Тэгээд би машинаа авч чадаагүй. Төрийн банкны битүүмжилсэн цаасан дээрх дугаар руу залгахад Ш.Э ыг 57 сая төгрөгийн өртэй учир битүүмжилсэн гэсэн. Би энэ талаар мэдээгүй байсан.
Ш.Э тай утсаар холбогдох гэсэн боловч миний дугаарыг блоколсон, өөр дугаараас залгахаар авдаггүй. Манай гэр бүлийн хүмүүстэй холбогдож, миний машин руу та нар шуналаа гэж хэлсэн байсан.
******* ******* улсын дугаартай Зил-131 тээврийн хэрэгслийг худалдаж авахын тулд шилжүүлсэн 10,310,000 төгрөг, машинд засвар хийхэд зориулсан 2,000,000 төгрөг, нийт 12,310,000 төгрөгийг Ш.Э ад өгсөн боловч тээврийн хэрэгслийг бидэнд шилжүүлээгүй учраас Ш.Э аас 12,310,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгч Б.А ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Г.Б гийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд анх самарт явна гээд Зил-131 машиныг 16 сая төгрөгөөр худалдаж авсан байдаг. Энэ мөнгөний 2 сая төгрөгийг нь Г.Б , Б.А нар, 14 сая төгрөгийг нь Ш.Э гаргасан байдаг. Самарт хоёр удаа явсан байдаг. Үүнээс хойш Ш.Э энэ машиныг чи миний өгсөн 14 сая төгрөгийг өгөөд машинаа ав гэж хэлсэн байдаг. Үүний дагуу Б.А , Г.Б нарын зүгээс 8.310.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Мөн өмнө нь анх машин авахад 2 сая төгрөгийг машины засварт шилжүүлсэн байдаг. Мөн бэлнээр 2 сая төгрөг өгсөн байдаг. Нийт 12.310.000 төгрөгийг машинд зарцуулахаар шилжүүлсэн байгаа. Энэ мөнгийг шилжүүлснээс хойш Ш.Э дээр ирээд машинаа авах гэхээр Төрийн банкны барьцаанд гэсэн бичиг наасан байсан учраас машинаа авч чадахгүй болоод шүүхэд машин авахад өгсөн 12.310.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Ш.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ машиныг 16 сая төгрөгөөр аваагүй. 19 сая төгрөгөөр авсан. 12.310.000 төгрөг гэдгийг би ойлгохгүй байна. Эхлээд 2 сая төгрөг надад өгсөн гэж байна. Энэ мөнгөний хагас нь ирсэн. Юун 310.000 төгрөг вэ, би мэдэхгүй байна. Энэ хоёр хүн харилцах дансгүй учраас миний дансаар 2 сая төгрөг шилжүүлсэн юм. Би өгсөн мөнгөнүүдийг бүгдийг нь бичсэн. Бид хамт ажил эхлэх гэж байхад Г.Б өөрөө сар гаран архидаад явсан байсан. Энэ хүмүүст машин өгье гэж хэлээгүй. Би самарт явахаар ашигтай байдаг юм бол Зил-131 машин авъя. 5 сард над дээр Германаас жуулчид ирэх гэж байгаа. Тэр болтол машиныхаа мөнгийг самарт явж олоод, жуулчид ирэхээр энэ машинаараа явъя гэж ярьж байсан. 8 сая төгрөг гээд байгаа нь надад маш сэжигтэй санагдаж байна. Над руу ачаа ороод ирлээ гэхээр нь би яваад очъё, хэр хэмжээтэй самар ирсэн юм бэ гэсэн чинь Г.Б чи ирж яадаг юм бэ п минь гээд намайг доромжилсон. Тэгээд яваад очсон чинь самраа тушаасан гээд зогсож байсан. Түүний дараа нь над руу 8 сая төгрөг шилжүүлсэн байдаг. Энэ мөнгийг надад юуны ч мөнгө гэж өгөөгүй. 8 сая төгрөгийг нь би төлье гэж байгаа. Өмнө нь өгсөн гээд байгаа 4 сая төгрөгөөс тамхи тариа, тоног төхөөрөмж, хүнсээ авсан шүү дээ. Та нар багаж түлхүүрийг нь хүртэл аваад л үлдсэн байсан шүү дээ. Үнэхээр самарт явахад ашиггүй гэж байгаа бол миний нүдээр харуулж байгаад самраа тушаахгүй яасан юм бэ. Би өөрөө очъё гэхээр чи ирж яадаг юм бэ, би тушаагаад мөнгийг чинь шилжүүлье гэж хэлж байсан. 20 хувийн хүүтэй 7 сая төгрөг зээлсэн гэж хэлээд байдаг. Тэр мөнгийг би хараагүй. Тэгсэн байж би чамд 7 сая төгрөгийг 20 хувийн хүүтэй нь хамт 8.4 сая төгрөг болгоод буцаагаад өгсөн. Би бүх хүмүүст мөнгийг нь хуваарилж байсан. Постоор гарахад Орон нутгийн байгаль хамгаалагчид 1 шуудай самар өгдөг. Тэр самрыг нь хүртэл би өгөлгүй ирсэн шүү дээ. Самраа тушаагаад тэр хүнд баярласан сэтгэлээ илэрхийлээд юм өгөөрэй гэж байхад чи өгөөгүй байсан шүү дээ. 8 сая төгрөгийг чинь өгье. Гэхдээ өнөөдөр маргаашгүй өгч чадахгүй. Тодорхой хугацаа аваад төлье. Би чамайг төрсөн дүүгээсээ илүү үзээд чамайг авч явсан шүү дээ. Та нарыг идэж уух юмгүй боллоо гэхээр чинь би юу аваачиж өгдөг байсан билээ дээ. Гэтэл та нар юу юу гэж дайрдаг байсан билээ. Асуудал гарах бүрт чинь хэн очдог байсан юм бэ, би л очдог байсан шүү дээ. Өнгөрсөн жил самар гараагүй гэдгийг би мэдэж байгаа. Энэ жил бол самарны жил. Энэ жил самарт яваад аль алиныхаа өрийг төлье гээд сэтгэл гаргаад хэлж болно шүү дээ. Би 8 сая төгрөгийг Б.А т л өгье гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б , Б.А нар нь хариуцагч Ш.Э ад холбогдуулан, ******* ******* улсын дугаартай, зил-131 маркийн автомашиныг худалдан авахаар өгсөн 12,310,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.А т төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг эс зөвшөөрч талууд маргаж байна.
Нэхэмжлэгч нар нь дээрх автомашиныг Ш.Э 16,000,000 төгрөгөөр бусдаас худалдан авахад Ш.Э 14,000,000 төгрөг гаргасан ба 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Б бэлнээр өгсөн, нэхэмжлэгч Б.А 2,000,000 төгрөгийг Ш.Э ын Хаан банк дахь ******* дугаартай данс руу шилжүүлсэн, улмаар нэхэмжлэгч нар автомашиныг хариуцагч Ш.Э аас худалдан авахаар тохиролцож 8,310,000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн боловч Ш.Э автомашиныг шилжүүлж өгөөгүй хэмээн дээр дурдсан нийт 12,310,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна.
Зохигч талуудын хооронд тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авахаар тохиролцсон буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах тухай эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсонгүй.
Харин хариуцагч Ш.Э нь уул, бартаанд явах чадалтай ачааны автомашин худалдан авах сонирхолтой байсан, техникийн мэдлэгтэй, ачааны автомашин жолооддог гэх нэхэмжлэгч Г.Б гээр автомашин шинжүүлж байсан, улмаар маргаж буй ******* ******* улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн үзэж, шинжээд худалдан авахаар болсон үйл баримт зохигч талуудын өөрсдийнх нь тайлбараар тогтоогдов.
Г.Б , Ш.Э нар ******* ******* улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг ууланд самар түүхэд унаж ашиглах зорилготой байсан, үүнд шаардагдах техникийн бүрэн байдлыг хангах, сэлбэг хэрэгсэл худалдан авах ба самар түүх бригадын хоол хүнс, тамхи гэх мэт зүйлсэд хэн аль нь мөнгө зарцуулсан болох нь зохигч талуудын өөрсдийн тайлбар, гэрч Б.Оюунбатын мэдүүлгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.Б нь дээр дурдсанаар Ш.Э ******* ******* улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авахад бэлнээр 2,000,000 төгрөгийг Ш.Э ад өгсөн гэх тайлбараа нолтох баримтаар нотлоогүй, харин нэхэмжлэгч Б.А 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дансаар 2,000,000 төгрөгийг автомашин худалдан авахад нь зориулж шилжүүлэн өгсөн мөнгөнөөс дээр дурдсан самарт явах зардалд зарцуулсан үйл баримт тогтоогдсон, тул энэхүү 4,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг үндэслэлгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.А аас 8,310,000 төгрөгийг Ш.Э ад дансаар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх боловч үүгээр талуудын хооронд тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах харилцаа үүссэн, талууд тохиролцсон гэж үзэх боломжгүй юм.
Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрсдөө нотлох, нотлох баримтыг бүрдүүлж цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар, худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй, мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ. гэж тус тус зааснаар зохигч талуудын хооронд үүрэг бүхий эрх зүйн харилцаа, иргэний эрх зүйн хэлцэл үүсээгүй.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, 492.1.1.-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж зааснаар хариуцагч Ш.Э ыг 8,310,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үндэслэлтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Ш.Э аас 8,310,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А т олгож, нэхэмжлэгч Г.Б гийн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагын 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Э аас 8,310,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А т олгож, нэхэмжлэгч Г.Б гийн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагын 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,910 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Э аас 147,909 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Амарбаят олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УНДРАА