Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 371

 

МАГАДЛАЛ

 

2019.02.25                                                 Дугаар 371                                     Улаанбаатар хот

 

 

 

 

ПОЭЭ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/03635 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ПОЭЭ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г К  ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 57 562 348 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаан:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Ч,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Г К  ХХК нь ПОЭЭ ХХК-тай 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр S2017/034 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 90,000 литр дизель түлшийг 1 литрийн үнэ 1,420 төгрөгөөр тооцож худалдан авахаар тохиролцсон байна. Тус гэрээний хүрээнд Г К  ХХК нь зээлээр худалдан авсан түлшнээс 38 374 899 төгрөгийн үндсэн төлбөрийг төлөөгүй, энэ хэмжээний төлбөрийн үлдэгдэлтэй байна. Энэ тухай талууд 2018 оны 5 дугаар сарын    02-ны өдөр тооцоо нийлсэн бөгөөд, үндсэн төлбөрийн үлдэгдэл хэмжээний талаар талуудын хооронд маргаан байхгүй болно. Гэрээний 2 дугаар хавсралтын 5 дахь хэсэгт төлбөрийг 10 дугаар сарын 10-ны дотор төлнө гэж заасан бөгөөд, гэрээний 3.2 дахь хэсэгт төлбөр хоцроосон хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,2 хувиар тооцож, алданги төлөх тухай заасан. Төлбөр хоцроосон хоногт ноогдох алдангийн нийт хэмжээ нь үндсэн төлбөр болох 38 374 899 төгрөгийн 50 хувиас давсан байх тул Иргэний хуульд заасан алдангийн дээд хэмжээ болох тавин хувиар алданги нэхэмжлэв. Хариуцагч компани нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлбөр төлөх хугацааг өнөөдрийг хүртэл хойшлуулж, төлбөр төлөгүй ирсэн байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй 19 187 449 төгрөгийг гаргуулахаар алдангийг шаардаж байгаа. Уг гэрээний 1.3 дахь хэсэгт хавсралтаар орсон нэмэлт гэрээ нь гэрээний салшгүй хэсэг байх бөгөөд энэ гэрээний нэгэн адил хүчинтэй байна гэж заасан. Зуны дизель түлшний 2017 оны 9 дүгээр сарын гэрээг хавсралтаар оруулж ирсэн. Худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийг заасан байвал гэрээний нэгэн адил хүчинтэй. Хавсралт гэрээнд худалдах худалдан авах гэрээний гол нөхцөлүүдийг тусгасан. Гэрээний хугацаа дуусаагүй үргэлжилж байгаад ярьсан. Бид гэрээний хугацааг тогтоохдоо 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дизел түлшээ нийлүүлнэ, хариуцагч Г К  ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлбөрийг шилжүүлнэ гэж хугацаагаа тогтоосон. Иймд худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл, түүний алданги нийт 57 562 348 төгрөгийг Г К  ХХК-иар төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт ХТ ХХК-ийн шатахуун түгээх станцыг түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан ба түрээслүүлэгч ХТ ХХК нь одоогийн нэхэмжлэгч ПОЭЭ ХХК-д шатахуун түгээх станцаа худалдахаар болсон юм. Улмаар ХТ ХХК-ийн шатахуун түгээх станцыг тус компанийн хүсэлтээр ПОЭЭ ХХК-д хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгөхдөө анх хүлээн авсан эд хогшил, тоног төхөөрөмжүүдийг бүрэн бүтнээр нь 2017 оны 10 дугаар сарын 17, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд хүлээлгэн өгсөн ба эд хөрөнгийн талаар түрээслүүлэгч ХТ ХХК, шатахуун түгээх станцыг хүлээн авагч ПОЭЭ ХХК нарын зүгээс ямар нэгэн гомдол, маргаан тухайн үед гараагүй болно. Гэтэл хэсэг хугацааны дараа нэхэмжлэгч нь уг шатахуун түгээх станцыг худалдан авахаа больж, манайхаас хүлээн авч ашиглаж байх хугацаандаа уг станцын зарим эд хогшлыг эвдэлсэн байсан ба ХТ ХХК нь ПОЭЭ ХХК-ийн тэдэнд учруулсан хохирлоор шалтаглан манай компанийн түрээсийн барьцаа     20 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл бидэнд өгөхгүй байна. Манай компани ХТ ХХК-д түрээсийн төлбөрийн ямар нэгэн өр төлбөргүй. Иймд ХТ ХХК нь манай компаниас шатахуун түгээх станцын эд хогшлын эвдрэлтэй холбоотойгоор бидний харьцаа 20 000 000 төгрөгөөс хэдэн төгрөг суутгана, тэр хэмжээгээр нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үндсэн төлбөр болох 38 374 899 төгрөгөөс суутгуулах хүсэлтэй байна. Талуудын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан S2017/034 тоот дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 10.1-д “...гэрээнд заасан хугацаанд хүчинтэй хэвээр үйлчилнэ гэсэн байх ба гэрээний 1.3-т “...гэрээний хугацааг тодорхойлсон бөгөөд түүнд зааснаар гэрээ нь дуусах хугацаагүйгээр хийгдсэн байна. Эдгээрээс үзвэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дуусах болоогүй, одоог хүртэл хүчин төгөлдөр үргэлжилсээр байна. Хэрэв талуудын аль нэг нь гэрээнээс татгалзаж байгаа бол хуульд зааснаар нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнээс татгалзаж байгааг албан ёсоор мэдэгдээгүй байна. Иймд үүрэг гүйцэтгэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Иймээс нэхэмжлэгч нь алданги авах эрхгүй.

Газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээн дээр Г К  ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Б , Д.Б нар зурсан байдаг. Өөрөөр хэлбэл, компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээний 10.1 дэх хэсэгт гэрээ нь заасан хугацаа хүртэл үргэлжилнэ гэж заасан. Гэтэл гэрээний 1.3 дахь хэсэгт гэрээ дуусгавар болох хугацаа тавиагүй. Мөн гэрээний 10.2 дахь хэсэгт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдэгдэнэ. 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хавсралт гэрээгээр Зуны дизель түлшний 2017 оны 9 дүгээр сарын гэж гэрээ байгаа. 90,000 литрийг 1,420 төгрөгөөр тооцвол нийт        127 800 000 төгрөгөөр худалдаж авах гэрээ байгуулсан. Энэ гэрээг харвал 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн S/34 дугаартай гэрээ байна. Эндээс талуудын хооронд дахин 1 гэрээ байгуулагдсан мэт харагдаж байна. S/34 тоот гэрээ нь худалдан авалтын тоо хэмжээ үнэ ханш зэргийг тусгаагүй. Гэрээ гэдэг бол талуудын хоорондын хүсэл зоригийн үндсэн дээр хийгддэг. ПОЭЭ ХХК-ийн захирал нь н.О  гэдэг нэртэй хүн байдаг. Шүүхэд гаргасан нэхэмжлэлд өөр нэртэй хүн дурдагдсан учраас нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхэд эргэлзэж байна. Тухайн үед гэрээнд ПОЭЭ  ХХК-ийг төлөөлж н.О  гарын үсэг зурсан байдаг. Газрын тосны худалдах, худалдан авах S/34 тоот гэрээ, Зуны дизель түлшний 2017 оны 9 дүгээр сарын гэрээнүүд тус тусдаа байгуулагдсан бие даасан гэрээнүүд. Хавсралт гэрээнд алданги тооцох үг өгүүлбэр байхгүй. Иймээс алданги нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Гэрээ бол алдаагүй байх ёстой. Талуудын хооронд S/33 дугаартай гэрээ байгуулагдсан байх магадлалтай. Энэ гэрээг S/34 тоот гэрээнд хавсаргасан байх магадлалтай. Тэгэхээр энэ 2 гэрээ нь тус тусдаа гэрээнүүд учраас алданги нэхэмжлэх эрхгүй. Иймд хариуцагчийн зүгээс 38 374 899 төгрөгийг төлөхөд маргаангүй гэж үзсэн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г К  ХХК-иас 47 968 624 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ПОЭЭ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 593 725 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 445 761 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Г К  ХХК-иас 397 793 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ПОЭЭ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн зүгээс шаардах эрхээ хэрэгжүүлсэн. Бид хариуцагч Г К  ХХК-ийн захирал н.Б , мөн ажилтан н.Б   нартай удаа дараа утсаар болон биечлэн уулзаж, түлшний төлбөрийг шаардаж байсан. Мөн нэхэмжлэгчийн зүгээс Г К  ХХК-д түлшний төлбөрийг нэхэмжилсэн албан бичиг хүргүүлж, уг албан бичигтээ алданги тооцогдох болсон талаар мэдэгдсэн байдаг. Харин бидний мэдэгдэл, шаардлагын хариуд “харилцагчдаас орж ирэх төлбөрүүд саатаад байна, төлбөр орж ирмэгц үлдэгдэл төлбөрийг төлнө, асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна” гэж хэлдэг боловч үлдэгдэл төлбөрөөс зохих хувийг ч барагдуулалгүйгээр өнөөдрийг хүрсэн. Мөн энэ асуудлаар хариуцагч талаас тайлбар гаргаж маргаагүй байхад шүүх хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 19 187 499 төгрөгийн алдангийн хэмжээ нь илт их биш. Талуудын хооронд байгуулагдсан Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 3.3 дахь заалтад “Захиалагч тал төлбөрийг гэрээгээр заасан хугацаанд, эсвэл нэхэмжлэлд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд нийлүүлэгч хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2 хувийн алдангийг төлбөл зохих мөнгөн дүн дээр нэмж тооцож, захиалагч талаас нэхэмжлэх эрхтэй” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан 0.5 хувиас доогуур хувь юм. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн шаардсан алдангийн хэмжээ нь "илт их" биш, мөн хариуцагч байгууллага төлбөрөө гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүйгээс анзын хэмжээ 50 хувьд хүрсэн нь нэхэмжлэгчийн буруу биш тул анхан шатны шүүхийн шийдвэрийн 9 593 725 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч ПОЭЭ ХХК нь хариуцагч Г К  ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 57 562 348 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...дизель түлш худалдан авсан үнийн үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт гаргуулах...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...38 374 899 төгрөгийг төлөх нь маргаангүй, алданги шаардах эрхгүй...” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тодорхойгүй хугацаагаар байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу гэрээний зүйлийн үнийн үлдэгдэл 77 175 200 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны дотор төлөх талаар нэхэмжлэгч нь хариуцагчид бичгээр мэдэгдсэн, хариуцагч нь 2018 оны 01 дүгээр сард багтаан төлбөрийг бүрэн барагдуулах хариу өгсөн. 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 38 374 899 төгрөг байсан нь тооцоо нийлсэн актаар тогтоогдсон зэрэг үйл баримтын талаар талууд маргаагүй.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний 3.3-т “...нэхэмжлэлд заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам 0,2 хувийн алданги төлөхөөр тохиролцсоноор нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь үндэслэлтэй.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул нэхэмжлэгч нь гэрээний зүйлийн үнийн үлдэгдэл төлбөрийг гэрээгээр тохиролцсон алдангийн хамт шаардах эрхтэй гэж шүүх дүгнэсэн нь зөв байна.

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс анзын хэмжээ илт их болсон гэж дүгнэх үндэслэлтэй...” гэж алдангийн хэмжээг багасгасан нь буруу гэж үзнэ.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй байх ба мөнгөн төлбөрийн үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй бол алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд нийцсэн байна.

Хариуцагч нь гэрээний үүргийг 2018 оны 01 дүгээр сард багтаан гүйцэтгэнэ гэсэн боловч нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гэхэд төлбөр төлөгдөөгүй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын хэмжээг хуульд заасан хэмжээгээр хязгаарлан нэхэмжилсэн байхад хуульд заагаагүй үндэслэлээр анзын хэмжээг шүүх дахин багасгасан нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/03635 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г К  ХХК-иас 57 562 348 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ПОЭЭ ХХК-д олгосугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “...397 793...” гэснийг “...445 760...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 168 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

 

                      ШҮҮГЧИД                                               Ш.ОЮУНХАНД

 

                                                                                       М.НАРАНЦЭЦЭГ