Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/274

 

Э.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Очбадрах,

шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Д.Тамир,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч И.Хонгор, Д.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлуудад тус тус үндэслэн Э.Г-д холбогдох эрүүгийн 2002 00497 0323 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Э-ийн Г, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, шүдний их эмч мэргэжилтэй, Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Мэргэжил дээшлүүлэх институтийн Нүүр ам мэс засал судлалын 1 дүгээр дамжаанд суралцдаг гэх, ам бүл ..., ... нарын хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэлгүй тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан;

Э.Г нь 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, 7,2685 грамм цэвэр жинтэй шавар гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

улмаар уг сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газар: Э.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т овогт Э-ийн Г-ийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Э.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Э.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, Э.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолохоор, Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ногоон өнгийн 7.2685 грамм цэвэр жинтэй шавар гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт, хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Г-ийн өмгөөлөгч И.Хонгор давж заалдах гомдолдоо: “...Э.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байх бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. ...Шүүгдэгч Э.Г нь гэмт хэрэгт холбогдсоноос хойш олон нийтийн аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай гэдгийг ойлгон ухамсарлаж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Монгол Улсад ургаж байгаа өвс буюу мансууруулах бодисын талаар хорт хавдраас урьдчилан сэргийлдэг, хэрэглэсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэггүй гэх зэрэг хүүхэд, залуус буруу, ташаа мэдээлэлтэй байдгийг нь олж мэдэж, уг мэдээллээс болж энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож болзошгүй тул урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа хийсэн, цаашид өөрийн байгуулсан төрийн бус байгууллагынхаа ажлаар олон нийтэд мэдээлэл хийж, иргэний ухамсар, соёлыг төлөвшүүлэхэд чиглэн ажиллахаа илэрхийлсэн. Мөн эцэг, эх нь хүнд өвчтэй ба эцэг, эхийнхээ эм тариаг нь гэрээр хийж, асарч, халамжилдаг. Мөн Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Мэргэжил дээшлүүлэх институтийн Нүүр амны мэс засал судлалын 1 дүгээр дамжаанд суралцдаг зэргийг харгалзан үзэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Э.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний аав Г.Э нь зүүн хөлний аарцаг хэсэгт хоргүй хавдартай бөгөөд одоо гэрээр эмчлэгдэж байгаа. Ээж Г.Э нь зүүн талын хөхөндөө хурдан явцтай хортой хавдартай байсныг 2018 онд эмчлүүлсэн. Одоо эмийн эмчилгээнд гэрээр эмчлүүлдэг бөгөөд би өөрийн биеэр дусал болон судас тариаг хийж өгдөг. Гэрийнхний минь цагийн болон өдрийн тариа алдагдаж, биеийн болон сэтгэл санааны хямралд орсон. Би Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Нүүр амны мэс заслын ангид мэргэжил дээшлүүлэх сургалтын 1 дүгээр дамжааны оюутан бөгөөд цаашид сурч боловсрох, мэргэжил дээшлүүлэхээр БНХАУ-д эмнэлгийн удирдлагын чиглэлээр суралцахаар 100 хувийн тэтгэлэг авсан, сурч боловсрох хүсэлтэй байна. Гэм буруугаа ойлгож байгаа нөхцөл байдлыг минь харгалзан үзэж, нэг удаа боломж олгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Г-ийн өмгөөлөгч Д.Тамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Г нь 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзах шийтгэл хүлээсэн ба үүнээс хойш ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож, ял, шийтгэл эдэлж байгаагүй болно. 2002 оны Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь заалтыг үзвэл Э.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах үндэслэлтэй. ...Э.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг үзвэл тэрээр сэтгэцэд нөлөөт бодисыг олсон, сонирхлын журмаар нэг удаа тамхитай хольж татаж үзсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон, өөр ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохиролгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байдал, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтэд “...Урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. ...Одоо сэтгэцийн эмгэггүй байна. ...Мансууруулах донтой, хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна” гэсэн дүгнэлт, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог оролцоо зэрэг байдлаас шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэж болох зохицуулалт гэж үзэж байна. Э.Г нь холбогдсон гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээг ухаарч, сайн дураараа сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийн эсрэг арга хэмжээг зохион байгуулж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа хийж эхэлсэн, цаашид өөрийн үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагаараа дамжуулан энэ чиглэлээр залуучуудад мэдээлэл хийх, иргэний ухамсар, соёлыг төлөвшүүлэхэд чиглэн ажиллах зорилготой байгаагаа илэрхийлсэн. Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Мэргэжил дээшлүүлэх институтийн Нүүр амны мэс засал судлалын 1 дүгээр дамжаанд суралцаж, шүдний эмчилгээ хийдэг. Мөн хүнд өвчтэй аав, ээжийгээ асарч, зайлшгүй шаардлагатай эм тариаг хийж, эмчлэх зэргээр асран халамжилдаг. Одоо түүний ээжийн биеийн байдал дордож, байнгын эмчилгээ, асаргаанд орж, илүү хүчтэй эм, тариа хийлгэж байгаа байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл байдалд хамаарна гэж үзэж байна. Иймд Э.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3 дахь хэсэгт заасныг, мөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэж, ял, шийтгэлийг хөнгөрүүлж тэнсэх, эсхүл зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2 гэмт хэрэгт холбогдсон. Энэ үйлдлийн талаар маргаагүй. Түүний холбогдсон гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг хамаардаг. Өвс гэх нэршилтэй бодисыг ахуйн газаар тос ургамлыг шүүж шавар гэх бодисыг бэлтгэдэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцүүлж анхан шатны шүүхээс ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Ял хөнгөрүүлэх тухай заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал, шүүхэд эрх олгосон заалт болохоос үүрэг болгосон заалт биш. Тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаад шүүхээс хэрэглэж болох заалт учраас заавал хорих ялыг хөнгөрүүлэх шаардлагагүй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Э.Г нь 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, 7,2685 грамм цэвэр жинтэй “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

улмаар уг сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

шүүгдэгч Э.Г-ийн: “...Би 2020 оны 7 дугаар сарын 20-ны үеэр Төв аймгийн Сүмбэр сумын эмнэлгийн хашааны үүд хэсгээс гялгар уутанд хийсэн бор өнгийн шавар шиг зүйл хэвтэж байхаар нь өмнө нь телевиз, интернэтээр харж байсан мансууруулах үйлчилгээтэй шавар гэх зүйлтэй төстэй байхаар нь аваад халааслачихсан. Тэгээд олж аваад халаасандаа байлгаж байгаад ажил дууссаны дараа ганцаараа эмнэлгийн гадаа гарч тамхитай хольж байгаад сорж, татаж үзсэн. ...Тэгээд халааслачихсан байж байгаад цагдаад баригдсан. ...Би шүдний эмч мэргэжилтэй, дээд боловсролтой хүн байж ийм хэрэг хийснээ маш их ойлгож, гэмшиж, ухаарч байна. ...” гэх мэдүүлэг /хх 42/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 5354 дугаартай: “Э.Г-ийн биед үзлэг хийж хураан авсан 2020.09.28” гэсэн хаягтай, гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг. Тус бор ногоон өнгийн зүйлийн гялгар ууттай үеийн жин 12,5026 г, цэвэр жин 7,2685 г байна.” /хх 26-28/,

 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 5351 дугаартай: “Г 2020/9/28 гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай олон улсын конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.” /хх 30-32/,

Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 964 дугаартай: “...Э.Г нь сэтгэцийн эмгэггүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан, одоо хэрэг хариуцах чадвартай, мансууруулах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор илрэхгүй байна. ...” /хх 34-35/ гэсэн дүгнэлтүүд,

хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тэмдэглэл /хх 3-7/ болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Г-ийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэргийн үйл баримтын талаар шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Э.Г-ийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Мөн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч Э.Г-д тухайн зүйлд заасан хорих ялын хамгийн доод хэмжээ буюу нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт санаа буюу гэм буруугийн хэлбэр, байдлаас гадна учруулсан хохирол, хор уршгийн хэмжээгээр тодорхойлогддог бөгөөд гэмт хэргийг зүйлчлэхэд тус гэмт хэргийн материаллаг шинжийн илрэлээс гадна оюун санааны ухамсарлаж гүйцэтгэсэн үйлдэл, түүний үр дагаврыг анхаарч үзэх учиртай.

Шүүгдэгч Э.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний сэтгэцэд нөлөөд бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдэл, түүнд хандаж буй сэтгэхүйн харьцаа, тус гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэгт тохирсон байх тул шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч И.Хонгор, Д.Тамир нарын гаргасан “...хорихоос бусад төрлийн ял шийтгэж өгнө үү, ...тэнсэж өгнө үү, ...зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.  

                 Иймд шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч И.Хонгор, Д.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч И.Хонгор, Д.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ

                     ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ