| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2025/0084/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/103 |
| Огноо | 2025-03-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/103
2025 03 27 2025/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма,
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-гийн Мт холбогдох эрүүгийн 2438************* дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогт Д-гийн М, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Хөвсгөл аймгийн ************ төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ********** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ****, ***, ******** хамт Хөвсгөл аймгийн **** сумын *** дүгээр багийн ****** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн ************* дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь гэр бүлийн хамаарал бүхий төрсөн хүү, бага насны М.С ын биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Самсунг А53 загварын гар утсыг нь санаатайгаар эвдэлж, устгасны улмаас бусдын өмчлөх эрхэд 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.М нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн ****** ****** ****** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хүү М.Сыг өөрийгөө хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэдэс, хөл, нүд рүү цохиж эрүүл мэндэд нь баруун дээд, доод зовхинд цус хуралт, доод зовхинд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн ****** ****** тоотод насанд хүрээгүй хохирогч М.Сын Самсунг А53 загварын гар утсыг нь санаатайгаар эвдэж, устгасны улмаас 400,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тус тус тогтоолоо.
Нотлох баримтуудын талаар:
Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдлууд эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3-р хуудас),
Насанд хүрээгүй хохирогч М.Сын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр буюу ****** наахан байдаг нагац ах ****** ахын гэрт ****** ахын хүүхдүүдийн хамт очсон. Тэнд хоёр хоноод буюу 2024 оны 11 дүгээр сарын 03-ны орой Хатгал тосгоны төв ороод тэндээ нагац ахын төвийн гэрт хоноод 04-ний өдөр эмээ М******гийн гэрт очсон. Тэнд байж байгаад оройхон хувцастайгаа унтаад өгсөн. Тэгэхэд манай аав М халамцуу эмээгийн гэрт ирсэн байж байгаад намайг татаж сэрээсэн. Тэгээд намайг оймсоо байрынхаа багшидаа үзүүл, шалгуул гэж хэлээд унтаж байхад татаж босгосон. Тэгэхээр нь би оймсоо үзүүлэхгүй гэсэн чинь манай аав М миний гэдэс рүү шууд гараар хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгээд өөрийнхөө сууж байсан сандлаар намайг цохих гэхэд хажууд нь байсан байрны багш Б сандлыг нь булааж аваад болиулсан. Тэгээд байрны багш гэр рүүгээ гараад явсан. Тэгэхэд манай аав байрны багшийг гэрээс гаргаж өгөөд буцаад эмээгийн гэрт орж ирээд сүх шүүрч аваад чамайг ална шүү гэж хэлээд С****** над руу далайсан. Тэгээд болиод сүхний ишээр нь миний гэдэс рүү 2 удаа цохиж авсан. С****** хаяад галын хажууд байсан хагалсан түлээ барьж над руу ирээд эхлээд миний баруун хөл рүү нэг удаа цохиод, миний баруун нүд рүү нэг удаа түлээгээр цохисон, тэгээд миний гар утсыг орон дээр байхад нь аваад байшингийн хана руу шидээд, мөн сандал дээр саваад эвдсэн. Тэгээд миний хамраас цус гараад манай аав М намайг гэрээс гар гэж хөөгөөд би эмээгийн гэрээс гар ч зугтаасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-13-р хуудас),
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч П.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ст тав арван мянган төгрөг өгсөн юм шиг байсан. Надад бол сайн мэдэх зүйл байхгүй байна...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Г.А гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М.Сын эмчилгээ үйлчилгээ авсан эсэхийг шалгахаар эрүүл мэндийн даатгалын сангаас шүүж үзэхэд нийт 29,700 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-р хуудас),
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч П.Мгийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай бэр эгч О манай дүү Оод манай хүү Сын нүүр нүд нь хөхөрсөн байна гэж асуухаар нь юм мөргөсөн гээд байна гэж хэлсэн байсан. Тэгээд манай дуү О над руу утасдаад Сын нүүр, нүд нь хөхөрсөн байна гэж хэлсэн. Би өөрийн төрсөн хүү болох Стай утсаар ярихад манай хүү эхлээд юм мөргөсөн гээд байсан. Би гар утас чинь яасан юм гэхэд утас бас эвдэрсэн гээд нуугаад байсан. Би дахин дахин хүүгээсээ асуугаад байсан чинь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний орой манай хүү Сыг манай салсан нөхөр буюу М /аав нь/ зодсон талаар хэлсэн. Тэгээд би цагдаагийн газарт гомдол гаргасан байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-26-р хуудас),
Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М.С утсаараа тоглоом тоглоод сууж байсан чинь Д.М ах хүүхдэдээ шинэ оймс авчир ч өгөөд хөл гараа угаа цэвэрхэн бай гэж хэлж байснаа утсыг нь булааж аваад уурлаад чанга дуугараад харилцаа хандалга нь ширүүн болж Д.М ах М.Сыг барьж аваад цохих гээд байхаар нь би дундуур нь орж салгаад Д.М ахтай хэсэг юм ярьж тайвшируулаад Д.М ах намайг гэрээсээ гаргаж өгөөд ах буцаад гэртээ орсон. Тэгээд маргааш нь М.С ээжийнхээ төрсөн ах Я****** гэх хүнтэй дотуур байрны гадаа ирсэн байхаар нь би очоод уулзхад М.Сын баруун нүд нь хавдаад хөх алаг болсон байсан. Тэгэхээр нь би санаа зовоод М.С аас нүдээ яасан юм бэ? гэж асуутал орой гэрээсээ гарч шээж гэж яваад юм мөргөөд унасан гэж хариулсан. Би юм мөргөсөн юм байх гэж бодоод нүдээ эмчид үзүүлээрэй гэж хэлээд ажил руугаа буцаад орсон. М.С хөдөө гараад ээжийнхээ ахад намайг аав зодсон гэж үнэнээ хэлсэн юм байсан...Д.М ахыг тухайн байсан айлаас нь очиж авхад архи согтууруулах ундаа хэрэглэсэн, халамцуу байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-31-р хуудас),
Шүүгдэгч Д.Мын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр өглөө би найзуудтайгаа Хатгал тосгонд уулзаад бага зэрэг архи уусан байсан юм. Тэгэхдээ тасартлаа бол согтуу байгаагүй бага зэргийн халамцуу байсан. Ингээд үдээс хойш ээж Мгийн гэрт очсон чинь манай хүүхэд С нь утсаар тоглоод сууж байхаар нь утсаа тоглохоо боль оймсоо угаа гэж хэлсэн чинь миний урдаас нэг зүйл хэлж байсан. Одоо юу гэж хэлж байсан гэдгийг нь санахгүй байна. Тэгээд үүнээс бол хүүхэд бид хоёрын дунд маргаан гараад миний бага зэрэг уур хүрээд Сын баруун нүд рүү нь нэг удаа цохиод дараа нь гэдэс рүү бас нэг удаа цохисон. Тэгээд уурандаа Сын тоглож байсан утсыг нь булааж аваад сандал руу цохисон. Ийм л зүйл болсон...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ-924-11642 дугаартай: “...Самсунг А53 маркийн гар утасны зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 12 дугаар сарын байдлаар 400,000 төгрөгөөр тогтоов...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 36-39-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 572 дугаартай:
1. М.Сын биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, доод зовхинд сорви бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. М.Сын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 47-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Эрүүгийн 2438************* дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагчаас шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.М ын үйлдсэн гэмт хэргүүд нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч Д.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 572 дугаартай дүгнэлтээр хохирогч М.Сын биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн биедээ хөнгөн гэмтэл авсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт нь тэдний мэдүүлгийг давхар нотолсон байна.
Тодруулбал шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд насанд хүрээгүй хохирогч М.С хамт байсан буюу шүүгдэгчээс өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна хохирогчийн гэдэс, хөл, нүд рүү цохиж зодон, түүний түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 572 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул насанд хүрээгүй хохирогч М.Сын биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Д.Мын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд”-ийг тодорхойлсон бөгөөд 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;” гэж, мөн хуулийн 5.1.1 дэх хэсэгт "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэж тус тус хуульчилсан.
Насанд хүрээгүй хохирогч М.С нь шүүгдэгч Д.Мтай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу төрсөн хүү болох нь насанд хүрээгүй хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгчийн нарын мэдүүлэг, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан ба бусдын өмчлөх эрх, эд хөрөнгөд хууль бусаар халдсан санаатай үйлдлийн улмаас Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Эд хөрөнгө устгасан гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй болгосон байхыг ойлгодог.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчлан зааж хүний өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж буюу 300.000 төгрөгөөс дээш хохирол учирсан байхыг шаардах бөгөөд тус гэмт хэргийн улмаас 400,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ-924-11642 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 36-39-р хуудас)-ээр тогтоогдсон бөгөөд бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.
Шүүгдэгч Д.М нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн ****** ****** ****** тоотод насанд хүрээгүй хохирогч М.Сын Самсунг А53 загварын гар утсыг нь санаатайгаар эвдэж, устгасны улмаас бусдын өмчлөх эрхэд 400,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус
тооцов.
Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирч байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршгийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Д.М нь насанд хүрээгүй хохирогч М.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, эд хөрөнгөд 400,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч П.М нь шүүхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлтийг ирүүлсэн, шүүгдэгч нь эрүүл мэндийн даатгалын санд 29,700 төгрөгийг нөхөн төлсөн болох нь Голомт банкны 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн орлогын мэдүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Д.М тайлбатаа: “...хэлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан гэрлэсний
бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ЗШ/46 дугаартай шийтгэврийн хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ЗШ/618 дугаартай шийтгэврийн хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2024/00790 дугаартай шийдвэрийн хуулбар (хх-ийн 51-54, 57, 60-71, 73-76-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Д.М нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 54-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2438************* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.М нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг дурдлаа.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-гийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д-гийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 480 (дөрвөн зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн 2438************* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР