| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/02700/И |
| Дугаар | 101/ШШ2017/02403 |
| Огноо | 2017-07-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2017/02403
| 2017 оны 07 сарын 21 өдөр | Дугаар 101/ШШ2017/02403 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ........ регистрийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, толгойтын 8 дугаар гудамж, 76 тоотод оршин суух Н.Д нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд ......... регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, их монгол улсын гудамж, хэм роял ХХК-ийн байр, 4 давхарт байрлах, Ц.Т ХХК-д холбогдох,
Монос дээд сургуулийн бакалаверийн диплом, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр зэрэг бичиг баримтуудыг гаргуулах .
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Н.Д миний бие Ц.Т ХХК-д 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр эмч төлөөлөгчөөр орж ажилласан болно. Улмаар эхний 3 сар нь туршилтын хугацаанд тооцогдож 2013 оны 10 дугаар сарын 1-ны өдөр жинхэлж ажилласан. Анх ажилд ороход хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ба бакалаврийн диплом, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр зэрэг бичиг баримтуудыг эх хувиар нь хурааж авч байсан. Ингээд тус компанид 2015 оны 8 сар хүртэл ажиллаж байгаад өвчний улмаас нэг сарын чөлөө авсан. Ажиллаж байх хугацаанд маш их дарамттай байсан учраас дахиж ажилдаа орохыг хүсээгүй. Гэтэл намайг өвчтэй байхад байгууллагаас мөнгө идсэн машины бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэж худлаа гүтгэж цагдаагийн байгууллагад хандсан боловч тогтоогдоогүй. Мөн цагдаад гаргасан гомдол нь шийдэгдэх боломжгүй болсон учраас иргэний шүүхэд байгууллагаас мөнгө зээлж авсан машинаа мөнгөө төлж дуусаагүй байж зарсан гэх үндэслэлээр 6.307.000 төгрөг нэхэмжилснээс 1.100.000 төгрөгийг нь өгөхөөр шийдвэрлэж 5.207.000 төгрөгийг нь хэрэгсэхгүй болгосон. Миний зүгээс Ц.Т ХХК-иас удаа дараа бичиг баримтаа авахыг шаардсан боловч нягтлан Өлзийбаяр нь Нарантуяа захирал битгий өг гэсэн гээд өгөхгүй өдийг хүрсэн. Миний хувьд хөхний хавдартай, баруун талын өндгөвч хатингаршсан гэх оноштой ба байнга л эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байдаг. Гэтэл энэ байдлыг минь мэдсээр байж эрүүл мэндийн даатгалын дэвтэрийг минь өгдөггүй. Түүнчлэн ажилд орох гэж байна диплом болон нийгмийн даатгалын дэвтрээ авмаар байна гэхэд ердөөсөө ч тоодоггүй ба баримт бичгийг минь өгөхгүй хяссаар ирсэн. Иймд Ц.Т ХХК-с Н.Д миний Монос дээд сургуулийн бакалаврийн диплом, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр зэрэг бичиг баримтуудыг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Н.Д нь Ц.Т ХХК-д 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 5 сар хүртэлх хугацаанд эмч төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа байгууллагыг залилан мэхэлж өмч хөрөнгийг үрэгдүүлэн мөнгө төгрөг дур мэдэн хувьдаа завшсан үйлдлүүдийг гаргаж байгууллага хамт олныхоо итгэл найдварыг хөсөрдүүлж байсан нь баримт нотолгоотой билээ. Н.Дд манай байгууллага өөрийнх нь хүсэлт, ажлын шаардлага зэргийг нь үндэслэн ажлын цагаар ажил үүргээ гүйцэтгэхдээ, ажлын бус цагаар хувийн хэрэгцээндээ ашиглах зориулалтаар Тоёота приус 20 маркийн 12.000.000 төгрөгийн үнэтэй автомашин худалдан авахад банкны зээлийн шаардлага, шалгууруудад ажилтанууд тэнцэхгүй байгаа тул компаний зүгээс дэмжлэг үзүүлэн байгууллагаас машины үнэ болох 12.000.000 төгрөгийг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2 жилийн хугацаатай зээлж, уг машины гэрчилгээ бичиг баримтыг компаний нэр дээр бүртгүүлж сарын цалингаас нь боломжит хэмжээгээр суутган барагдуулахаар зээлдүүлж, тохиролцон санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан ажилтан байгууллага хоёр харилцаагаа зохицуулж ирсэн. Мөн зээл авах сонирхолгүй хүсэлгүй байгаа эмч төлөөлөгч нарт байгууллагын автомашиныг албан хэрэгцээнд нь зориулж унуулах, ашигласан шатахуун, элэгдэл хорогдолын зардлыг хүртэл тооцох зэргээр ажилчиддаа аль болохоор дэмжиж тусалдаг байсан. Гэтэл Н.Д нь байгууллагатай байгуулсан түрээсийн гэрээний үүргээ ноцтой зөрчин компанид төлөх ёстой төлбөрөө төлж барагдуулж дуусгаагүй, мөн албан ёсны зөвшөөрсөн бичиг баримт хийж өгөөгүй байхад компаний тамга тэмдэг, гарын үсэг хуурамчаар үйлдэн байгууллагын нэр дээр байсан Тоёота приус 20 маркийн УНК 18-01 улсын дугаартай автомашины бусдад зарж борлуулсан үйлдэл гаргасан бөгөөд уг үйлдлийг нь цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан шалгалтын явцад бичиг баримт, тамга тэмдэг, гарын үсэг хуурамчаар үйлдсэн нь цагдаагийн байгууллагын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Улмаар бид цааш нь иргэний шүүхэд хандан нэхэмжилж шүүхээр 1.100.000 төгрөгийг иргэн Н.Дгөөс гаргуулан манайд олгох шийдвэр гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй явсаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар гаргуулан авсан. Мөн 2015 онд Н.Д нь байгууллагын удирдлага, захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн байгууллагын ажлын үр бүтээмжийг сайжруулах үүднээс ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийн хуваарийн дагуу шинэ бараа бүтээгдэхүүнийг хариуцан хүлээн авч тараан байршуулан борлуулалтын дараах тооцоог өөрсдөө биечлэн хариуцан авчирч санхүүд тушааж байхаар тохиролцон байршуулалтын гэрээ хийн ажилласан. Гэтэл Н.Д нь өөрийн хариуцсан 9 нэр бүхий хариуцдаг эмийн сангуудад байршуулалтын гэрээний дагуу бараа материал байршуулаад борлуулалтын дараах төлбөр мөнгөний тооцоог өөртөө бэлнээр авч байгууллагад тушаалгүйгээр хувьдаа ашиглан байгууллагад 3.104.700 төгрөгийн хохирол учруулсан нь санхүүгийн баримтаар илэрсэн боловч гэнэт бие өдвсөн гэдэг шалтгаанаар 2015 оны 6 дугаар сараас 9 сарын хооронд ажилдаа ирээгүй ажлаа хаян алга болох хугацаандаа нууцаар машинаа заран тэр чигтээ ажлаас гарах хүсэлтээ уламжлан тооцоогоо хийж барагдуулалгүй ажлын байраа хаян явсан. Улмаар Н.Д нь одоо болтол барааны үлдэгдэл болох 3.104.700 төгрөгийг төлж барагдуулалгүйгээр барахгүй илт хууран мэхлэн бултан зугтан гэрт нь очиж уулзах гэсэн боловч ээж нь охиноо уулзуулахгүй би уул нь тэр 3 сая төгрөгийг чинь зээл аваад төлчих гэсэн бодолтой байсан гэвч танай байгуулагынхан бидний дургүйг их хүргэсэн болохоор төлөхгүй гэж илтэд хамгаалан зүтгэж байсан билээ. Бид Дэлгэрмөрөн анх ажилд орохдоо байгууллагын хөдөлмөрийн гэрээний заалт, хөдөлмөрийн дотоод журмын дагуу хүний нөөцөд хадгалуулсан диплом, эрүүл мэндийн дэвтэрийг нь байгууллагад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулаад авах хүртэл нь хүний нөөцийн мэдэлд хадгалагдан байгаа нь үнэн болно. Н.Д нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө зохих ёсоор өгөөгүй, ажлаа хүлээлгэн өгөөгүй тул одоо болтол ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй байгаа нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч Ц.Т ХХК-д холбогдуулан Монос дээд сургуулийн бакалаврийн диплом, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр зэрэг бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Ц.Т ХХК нь Н.Д байгууллагад ажиллаж байхдаа хохирол учруулж ажлаа хаян явсан, ажлаа хүлээлгэн өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хариуцагч Ц.Т ХХК-ийн захирлын 2013 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 276 дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.Дг тус байгууллагын Импортын нэгжид эмч, төлөөлөгчийн ажил албан тушаалд томилж, ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн хөлс төлж байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Н.Дгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 276 дугаартай орон тооны ажилтанаар авч ажиллуулах тухай, 2/209 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал зэргээр нотлогдож байхаас гадна талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй. /х.х-ийн 5-6, 8-10 дугаар тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ гэж заасан.
Зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй байх боловч нэхэмжлэгч Н.Д нь орон тооны ажилтанаар авч ажиллуулах тухай тушаалд дурдсан эмч, төлөөлөгчийн ажил албан тушаалыг эрхлэн гүйцэтгэж, хариуцагч Ц.Т ХХК цалин хөлс олгож байсан байх тул хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд зохицуулснаар хөдөлмөрийн гэрээг ажилтаны болон ажил олгогчийн санаачлагаар цуцлах бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг 2015 оны 8 дугаар сард эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөө хүсэх өргөдөл, мөн тухайн сардаа ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн боловч ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй, зохих бичиг баримтыг хүлээлгэн өгөөгүй гэж тодорхойлсон.
Өөрөөр хэлбэл ажилтан санаачилсанаар хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон гэж тайлбарлаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байхаас гадна, нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ажил олгогчид хэдийд гаргасан болохоо тодорхойлоогүй, энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэж зохицуулсан хэдий ч хуульд зааснаар энэхүү үүрэг ажилтаны ажлаас халагдсан өдөрт нь үүснэ.
Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана гэж, мөн зүйлийн 43.2-т Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж тус тус зааснаар ажилтан ажлаа зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй тохиолдолд түүнийг ажлаас халагдсан гэж үзэх боломжгүй юм.
Иймд нэхэмжлэгч Н.Дгийн хариуцагч Ц.Т ХХК-д холбогдуулан Монос дээд сургуулийн бакалаврийн диплом, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр зэрэг бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Ийнхүү шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч хуульд зааснаар ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд холбогдох маргаанаа шүүхэд гарган шийдвэрлүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Н.Дгийн хариуцагч Ц.Т ХХК-иас Монос дээд сургуулийн бакалаврийн диплом, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр зэрэг бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ