2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар  2024/ШЦТ/461

 

 

 

 

 

 

 

 

    2025       02        11                                   2024/ШЦТ/461

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Золзаяа,

 улсын яллагч Д.Энхбаяр,

         шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Е” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *овогт **холбогдох эрүүгийн “***” дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*овогт **/РД:*/,

Монгол Улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “**” ХХК-д барменаар ажилладаг, ам бүл 2, ахын хамт Улаанбаатар хот, *дүүргийн *дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *-*тоотод оршин суух суудаг, урьд:

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны *дүгээр сарын 18-ны өдрийн *дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгж буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны *дугаар сарын 06-ны өдрийн *дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны *дүгээр сарын 01-ний өдрийн *дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.*нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр *дүүргийн *дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүлэг” караокед үйлчлүүлж байхдаа хохирогч Б.*Худалдаа хөгжлийн банкны “*” тоот данс руу зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, дансны мэдээлэлтэй танилцсан,

Мөн тухайн цаг хугацаанд хохирогч Б.*Худалдаа хөгжлийн банкны “*” тоот данс руу зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, түүний данснаас 2,740,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн *дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Г.*нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүлэг” караокед үйлчлүүлж байхдаа хохирогч Б.*Худалдаа хөгжлийн банкны “*” тоот данс руу зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, дансны мэдээлэлтэй танилцсан, мөн тухайн цаг хугацаанд хохирогч Б.*Худалдаа хөгжлийн банкны “*” тоот данс руу зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, түүний данснаас 2,740,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн хулгайлан авсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар тал/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Хүлэг” гэх нэртэй караокены газар 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 23 цагийн үед эхнэр *, найз *нарын хамт орсон. Ороод бид нар “Эден” нэртэй 0,75 литрийн архи аваад ууж байх үед найз Г.*нь намайг “Гар утсаа өгч бай” гэж хэлэхээр нь өгсөн. Найз Г.*миний гар утсыг 20-30 минут оролдоод караокены өрөөнөөс 5-6 удаа гарж ороод байсан. Тэгээд удалгүй би гар утсаа асуухад “Мэдэхгүй байна, би ширээн дээр гар утсыг чинь тавьсан” гэж хэлсэн. Тэгээд хайгаад олохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд гар утсаа хайгаад байж байхад эхнэр *караокены өрөөнөөс гараад ариун цэврийн өрөө ороод миний гар утсыг олсон. Гар утсаа олоод тооцоогоо хийх гэж байгаад өөрийн эзэмшлийн *тоот дансаа шалгатал 00 цаг 18 минутад 2,500,000 төгрөг, араас нь 240,000 төгрөг гарсан. Нийт миний данснаас 2,740,000 төгрөг гарсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/,

Хохирогч Б.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин мэдүүлэхдээ: ”... 2 сарын өмнө буюу 2024 оны 08 дугаар сарын үед Г.*миний гар утасны доторх зүйлийг харъя гэхээр нь би гар утасны кодыг хэлж байсан. Худалдаа хөгжлийн интернэт банкны кодыг намайг гүйлгээ хийж байхад хажуу талаас харж байсан байх. Би өдөр тутмын төлбөр тооцоо хийх болгондоо интернэт банк ашигладаг болохоор хараад мэдсэн байх. Тэрнээс би банкны кодыг түүнд хэлж байгаагүй. Миний данснаас 2024 оны 09 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 2,740,000 төгрөг гарсан байхыг мэдсэн. Тухайн үед найз Г.*гэж мэдэхгүй байсан тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 13-ны шөнө буюу үүрээр 02 цагийн үед тухайн караокеноос гараад цагдаагийн газар дээр Г.*болон эхнэр *нарын хамт цагдаагийн газарт ирээд мэдүүлэг өгөхөд бид нарыг архи согтууруулах ундаа хэрэглэсэн болохоор юм уу ямар нэгэн шалтгаанаар буцаасан. 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн үед цагдаагийн газар ирээд өргөдөл өгөхөөс өмнө би найз Г.*руу залгаад “Чи авсан юм бол үнэнээ хэлээрэй, би өргөдөл өгөх гэж байна. Хэрэв авсан бол би өргөдөл өгөхгүй явлаа” гэж хэлэхэд найз Г.*“Би мөнгийг чинь аваагүй, юу яриад байгаа юм бэ?” гэж хэлэхээр нь би өргөдөл гомдол өгсөн...” гэх /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,

Гэрч Б.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...*дүүргийн *дугаар хороо *-*тоот гэртээ байхад би өдөр болгон гар утсаараа “One X Bet” байгууллагын бооцоо тавьдаг хүмүүсийн дансыг цэнэглэж өгдөг учраас өдөр тутам миний *тоот данс руу хүмүүс цэнэглэх мөнгөө хийгээд би тэрийг нь “One X Bet” бооцооны хувь хүний өөрийн “One X Bet”  аккаунт хаяг руу нь орж мөнгөн дүнгээр нь цэнэглэлт хийж өгдөг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны орой 00 цагийн үед миний *тоот данс руу Худалдаа хөгжлийн банкны *тоот данснаас 2,500,000 төгрөг цэнэглүүлэхээр мөнгө орж ирсэн. Тухайн данснаас удалгүй 240,000 төгрөг шилжин орж ирэхээр нь дахин цэнэглэж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/,

Гэрч Г.*-*мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт амьдардаг Г.*бид хоёр 5 насны зөрүүтэй болохоор ах гээд байдаггүй найзууд шиг л байдаг. Г.*нь “One X Bet”  гэх бооцоо тавьдаг сайт тоглодог болсон талаар би 2021 онд мэдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр тал/,

Гэрч А.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр *бид хоёр гэртээ байж байгаад 20 цагийн үед *эмэгтэй найзтай нь уулзахаар гарсан. Тэгээд бид 2 Энканто тауны “Лемонэ” нэртэй лаунжид *найз Хулан гэх эмэгтэйтэй уулзаад бид 3 пиво уугаад сууж байтал 21 цагийн үед *найз Мөнхмандах ирсэн. Тэгээд бид дөрөв хамтдаа суугаад пиво ууж байгаад уг газраас гараад караокед суухаар болсон. Тэгээд гараад иртэл *"Би гэртээ харилаа" гээд яваад, *, *бид гурав “Натур”-т байдаг караокед орсон. Уг караокед би 2, 3 ширхэг жижиг шилтэй пиво уусан, харин *, *нар 1 литрийн хэмжээтэй “Эден” нэртэй архи уусан. Тухайн караокед сууж байхад Г.*00 цаг 10 минутын орчимд *утсыг авангуутаа "Бие заслаа" гэж хэлээд гараад явчихсан. Г.*гарснаасаа хойш ойролцоогоор 10-20 минут болоод орж ирсэн. Тэгээд 01 цагийн үед гарах гэж байтал Энхзоригийн утас нь байхгүй болчихсон байсан ба бид 3 тэр өрөөндөө хайгаад өрөөнөөс гараад *3 давхрын, би 2 давхрын бие засах өрөөнд хайсан. Г.*болохоор Энхзоригтой хамтдаа хайгаад явсан. Тэгээд би 2 давхрын ариун цэврийн өрөөнд ороод хайж байтал уг ариун цэврийн өрөөний гар угаадаг угаалтуурын доор байдаг жижиг хаалгатай хаалтын дотор талд *гар утас байж байсан. Тэгээд би утсыг нь аваад *, *2 дээр очоод "Утас чинь энд байна" гэж хэлээд олсон газраа хэлтэл *"Яагаад миний утас тэнд байдаг юм, чи хамгийн сүүлд авсан биздээ" гэж хэлээд Г.*руу уурласан. Тэгээд уг караокеноос гарахаар болж тооцоо хийхээр *өөрийнхөө утсаар Худалдаа хөгжлийн банкны аппликэйшн руу ортол дансанд нь 10,000 төгрөгөөс доош мөнгө үлдсэн байсан. Тэгтэл *"Миний мөнгө хааччихсан юм бэ?" гэж хэлээд Г.*руу уурлатал Г.*"Би аваагүй шүү дээ" гэж хэлээд байсан. Тэгээд Г.*, *2 гарч тамхи татсанаа буцаж орж ирээд Энхзориг над руу шууд "Чи миний мөнгийг авсан байна, шилжүүлсэн дансыг нь харсан чинь эрэгтэй хүний данс байна, чи нууц амраг руугаа шилжүүлчихсэн байна" гэж хэлээд над руу уурлаад байсан. Тэгэхээр нь би шууд "За тэгвэл цагдаа дуудъя" гэж хэлэхэд *өөрийнхөө *дугаараас дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд *, Г.**бид гурвыг хэлтэс дээр авч ирсэн. Тухайн үед бид 3 дундаас их хэмжээний согтолттой байсан. Би бол болсон асуудлыг бүгдийг нь санаж байна. Мөн караокед байсан 30 орчим минутын бичлэгийг би өөрийнхөө утсанд хийж авсан байсан. Уг бичлэг дээр Г.**утсыг нь авангуутаа оролдож байгаад аваад гарч байгаа нь бичигдсэн байгаа. Г.**утасных нь кодыг мэддэг, байнга л Энхзоригийн утсыг оролдоод, утсаа өгч бай гээд аваад байдаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-27 дугаар тал/,

Гэрч Г.*эзэмшлийн Хаан банкны *тоот дансанд үзлэг хийсэн талаар мөрдөгчийн тэмдэглэл болон дансны хуулга /хавтаст хэргийн 29-31 дүгээр тал/,

Хохирогч Б.*эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны *тоот дансанд үзлэг хийсэн талаар мөрдөгчийн тэмдэглэл болон дансны хуулга /хавтаст хэргийн 69-70 дугаар тал/,

Шүүгдэгч Г.*шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Г.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, нэмж нэгтгэн нийт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирол төлбөр төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Г.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг журамлан оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнхмандахыг эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суугаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулав.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал:

Шүүгдэгч Г.*нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *овогт **Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн,

мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Г.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг тус тус журамлан шүүгдэгч Г.Мөнхмандахад оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар тус тус солихыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суугаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

         8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД