| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2019/00644/И |
| Дугаар | 101/ШШ2019/00933 |
| Огноо | 2019-03-29 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2019/00933
| 2019 оны 03 сарын 29 өдөр | Дугаар 101/ШШ2019/00933 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх үүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Ооргой овогт Батмөнхийн О /регистрийн дугаар: / ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дуламсүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х СӨХ /гэрчилгээний дугаар /-нд холбогдох
2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дуламсүрэн, хариуцагчийн төлөөлөгч Л.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дуламсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О нь 2017 оны 4 дүгээр сард Х СӨХ-нд ажилд орж, 27/7 дугаар байрны жижүүр хийж сар бүр 150,000 төгрөгийн цалинтай, орцны цэвэрлэгээ, жижүүрийн ажлыг хавсран хийхээр СӨХ-ны захирал Л.Э*******тай тохиролцсон.
Гэтэл цалин мөнгийг нь тохирсон ёсоор сар тухай бүрт нь өгөхгүй байсаар 2017 онд 500,000 төгрөг, 2018 онд 650,000 төгрөг, нийт 1,150,000 төгрөг өгсөн. Б.О нь 1 жил 9 сар ажилласан. 27/7 дугаар байр нь нийт 23 өрхтэй, 1 өрх сард цэвэрлэгээний зардалд 6000 төгрөг төлдөг. Өрх болгон сар бүр цэвэрлэгээний мөнгөө өгсөөр байтал цалин мөнгийг хугацаанд бүрэн бүтэн өгч байгаагүй. 2018 оны 12 дугаар сарыг дуустал 2019 оны 01 дүгээр сараас ажиллахаас больсон. Одоо 27/7 дугаар байрны оршин суугчдын хүсэлтээр тэндээ цэвэрлэгээ хийгээд эргэж ажиллаж байна.
Б.О нь өөрийн гэсэн орон гэргүй, эгчийнхээ хаягт бүртгэлтэй байдаг. Ах, эгч дүүсийнхээрээ явж амьдардаг, 60 хувийн хөгжлийн бэрхшээлтэй, ганц бие иргэн, амьжиргааны доогуур түвшинд амьдардаг.
Нийт 1 жил 9 сар ажиллахдаа нийт 3,150,000 төгрөг авахаас 2017 оны 4, 5 дугаар сар цалин аваагүй, 6 дугаар сард 100,000 төгрөг авсан, 7 дугаар сард цалин аваагүй, 8 дугаар сард 140,000 төгрөг авсан, 9, 10 дугаар сард аваагүй, 11 дүгээр сард 160,000 төгрөг, 12 дугаар сард 100,000 төгрөг буюу 2017 онд нийт 500,000 төгрөг авсан.
2018 оны 1, 4, 5, 6, 9, 10, 11, 12 дугаар саруудад цалин аваагүй, 2 дугаар сард 150,000 төгрөг, 3 дугаар сард 120,000 төгрөг, 7 дугаар сард 100,000 төгрөг, 8 дугаар сард 280,000 төгрөг нийт 650,000 төгрөгийг 2018 онд авсан.
Иймд Б.О*******т ажилласан хугацааны 2,000,000 төгрөгийг хариуцагч Х СӨХ-ноос гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Х СӨХ-ийн гүйцэтгэх захирал Л.Э******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 2,000,000 төгрөгийн зарим хэсэг болох 2018 оны 3, 4, 5, 6, 7 дугаар сар болох 5 сарын цалин 750,000 төгрөгийг өгөөгүйг хүлээн зөвшөөрч өгнө.
Х СӨХ-нд би захирлаар бүртгэлтэй боловч одоогоор үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Би өөрөө өөр газар хариуцаад ажиллаж байгаа болох Х СӨХ дээр ажиллаагүй тул Б.О*******ийг 2018 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан гэж бодохгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй, 750,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Х СӨХ-нд холбогдуулан ажлын хөлс 2,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч талууд маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан Хөлсөөр ажиллах хэлцэл байгуулагдсан байх бөгөөд энэхүү гэрээний дагуу ажиллагч тал нь тохиролцсон ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Хариуцагч Х СӨХ нь нэхэмжлэгч Б.О*******тэй харилцан тохиролцож, түүнийг нэг сарын 150,000 төгрөгийн цалинтайгаар тус СӨХ-ны 27/7 дугаар байранд орцны жижүүр, цэвэрлэгчээр 2017 оны 4 дүгээр сараас эхлэн ажиллуулсан болох нь зохигч талуудын тайлбар болон нэхэмжлэгчид ажлын хөлс олгож байсан тус СӨХ-ны эзэмшдэг, Хаан банк дахь ******* дугаартай депозит дансны хуулга зэргээр тогтоогдож байна.
Хариуцагчийн төлөөлөгч Л.Э******* нь нэхэмжлэгчийг 2018 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажилласан гэж үзэхгүй хэмээн маргасан боловч энэ талаараа нотлох баримтаар нотлоогүй, харин дурьдаж буй хугацаанд Л.Э******* нь Х СӨХ дээр ажиллаагүй, өөр газар, өөр ажил эрхэлж байсан талаараа тайлбарласан, нэхэмжлэгч Б.О*******ийг 27/7 дугаар байрны оршин суугчид хүсэлт гарган одоо орцны жижүүр цэвэрлэгчээр дахин ажиллуулж байгаа талаар зохигч талууд маргаагүй тул нэхэмжлэгч Б.О*******ийг 2017 оны 4 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд орцны жижүүр, цэвэрлэгчийн ажлаа хийж гүйцэтгэсэн, нийт 3,150,000 төгрөгийн хөлс авах эрхтэй гэж үзнэ.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, Х СӨХ-ны эзэмшдэг, Хаан банк дахь ******* дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, тус СӨХ-ны гүйцэтгэх захирал Л.Э*******гийн эзэмшдэг Хаан банк дахь ******* дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээс үзэхэд хариуцагчаас нэхэмжлэгчид нийт 340,000 төгрөг төлсөн гэж харагдахаар байх боловч нэхэмжлэгч нь нийт 1 жил 9 сар ажиллахдаа нийт 3,150,000 төгрөг авахаас 2017 оны 4, 5 дугаар сар цалин аваагүй, 6 дугаар сард 100,000 төгрөг авсан, 7 дугаар сард цалин аваагүй, 8 дугаар сард 140,000 төгрөг авсан, 9, 10 дугаар сард аваагүй, 11 дүгээр сард 160,000 төгрөг, 12 дугаар сард 100,000 төгрөг буюу 2017 онд нийт 500,000 төгрөг авсан, 2018 оны 1, 4, 5, 6, 9, 10, 11, 12 дугаар саруудад цалин аваагүй, 2 дугаар сард 150,000 төгрөг, 3 дугаар сард 120,000 төгрөг, 7 дугаар сард 100,000 төгрөг, 8 дугаар сард 280,000 төгрөг нийт 650,000 төгрөгийг 2018 онд авсан гэж тайлбарласан, хариуцагч тал ажлын хөлсийг хэрхэн төлсөн талаараа нотлох баримтаар нотлоогүй тул хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл 2,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан, хариуцагч Х СӨХ-ноос 2,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О*******т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч Х СӨХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид 46,950 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дансанд төлүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА