2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/628

 

   

 

 

 

                                                           

 

      2025       03         10                                   2025/ШЦТ/628

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,

улсын яллагч П.Отгонбаатар,

шүүгдэгч Б.Ц түүний хууль ёсны төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Сүрэнхүү нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *овогт *****холбогдох эрүүгийн “*******” дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*овогт **/РД:,

Монгол Улсын иргэн 2007 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, “*” ерөнхий боловсролын сургуулийн *ангийн сурагч, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт, *дүүргийн *дугаар хороо “*” хотхон, *дүгээр байрны *тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.*нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын үндэсний номын сангийн “В1” давхрын өлгүүрийн хэсгийн ширээн дээр насанд хүрээгүй хохирогч Т.*мартсан “Айфоне 15 про” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшиж 2,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн *дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд

Өсвөр насны шүүгдэгч Б.*нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, түүний өмгөөлөгч Б.Сүрэнхүү нь хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, өсвөр насны шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар тус тус оролцсон болохыг дурдаж байна.

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд өсвөр насны шүүгдэгч Б.*нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын үндэсний номын сангийн “В1” давхрын өлгүүрийн хэсгийн ширээн дээр насанд хүрээгүй хохирогч Т.*мартсан “Айфоне 15 про” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшиж 2,700,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь насанд хүрээгүй хохирогч Т.*мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 13 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Монгол улсын үндэсний номын сангаар үеэл эгч Т.*-*хамт орж үйлчлүүлээд 16 цаг 40 минутын орчим тус номын сангаас гарахаар В1 давхар руу нь бууж шүүгээнээс нь хувцсаа солиод гарахдаа ширээн дээр өөрийн “Айфоне 15 про” загварын гар утсаа мартаж гарсан. Номын сангаас гараад 3-4 орчим минутын дараа гар утсаа мартсанаа санаад буцаад очход миний гар утас алга болсон байсан...” гэх /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/,  

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 17-24 дүгээр тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн * дугаартай “Айфоне 15 про” загварын гар утас зах зээлийн үнийг 2,700,000 төгрөгөөр үнэлэв...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-43 дугаар тал/,

“Unitel” ХХК-ийн “*имей кодтой утсанд *дугаарыг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс хийж ашигласан байна” гэх албан бичиг /хавтаст хэргийн 45-49 дүгээр тал/,

Иргэний нэхэмжлэгч С.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд “....Би 2024 оны 09 сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Теди” гар утас худалдааны төв дээр эгчийнхээ гар утас зардаг лангуун дээр ажиллаж байх үед нэгэн үл таних залуу ирээд "Айфоне 15 про” загварын гар утас худалдаж авах уу?" гэсэн тэгхээр нь би тухайн гар утсыг үзэхэд кодыг нь гаргасан, “id” байхгүй өөрөө ашиглаж байсан гэмээр гар утас байхаар нь тухайн залуугаас "Хулгайн гар утас биш юм байгаа биз дээ?” гэж асуухад “Биш, миний өөрийн гар утас” гэсэн. Тэгээд би үнэ тохиролцон 2,150,000 төгрөгөөр худалдаж авахаар болоод өөрийн Хаан банкны “*” тоот данснаасаа Хаан банкны “*” тоот **гэх хүний данс руу шилжүүлсэн. Би тухайн үл таних залуугаас авсан байсан “Айфоне 15 про” загварын гар утсыг найздаа өгсөн байсан. Тэгтэл 2024 оны 11 сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагаас над руу холбогдоод миний 2024 оны 09 сарын 13-ны өдөр үл таних залуугаас худалдаж авсан “Айфоне 15 про” загварын гар утсыг хулгайн гар утас байсан гэж мэдэгдсэн. Тэгээд би тухайн гар утсыг 11 сарын 22-ны өдөр Цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дугаар тал/,

Эд зүйл хүлээн авсан “Айфоне 15 про” загварын хар хөх өнгөтэй *, *имей дугаартай гар утсыг хүлээн авав” гэх тэмдэглэл  /хавтаст хэргийн 56-57 дугаар тал/,

С.*эзэмшлийн Хаан банкны *тоот дансны хуулга /хавтаст хэргийн 59 дүгээр тал/,

С.*эзэмшлийн Хаан банкны *тоот дансны хуулга /хавтаст хэргийн 69-70 дугаар тал/,

Иргэний нэхэмжпэгч С.*гаргасан “...2,150,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрийн Хаан банкны “******” тоот дансанд авсан учир гомдолгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 79 дүгээр тал/,

Өсвөр насны шүүгдэгч Б.* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би номын санд суусан. Номын сангаас гарахдаа хувцсаа өмсөөд  гарах гэтэл ширээн дээр “Ай фоне 15 про” загварын гар утас байсан. Тэгээд ард талын 2 хүн рүү хараад энэ “Та нарын утас мөн үү?” гэж асуутал “Минийх биш” гэсэн. Би эзнийг нь над руу залгах болов уу? гэж бодоод авч явсан. Авч яваад орой болтол цэнэгийг нь дуустал хүлээсэн. Цэнэг нь дуусаад 2 хоногийн дараа тухайн гар утсыг цэнэглэж үзтэл утас нь нээгдэхгүй байсан. Би шалгалт өгөх гээд аав ээжээсээ гадуур шийдье гэж бодсон. Тухайн үйлдлийг гэмт хэрэг гэж мэдээгүй болохоор тухайн гар утсыг зарсан...” гэх,

Насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг, агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Өсвөр насны шүүгдэгч Б.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч Б.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан өсвөр насны шүүгдэгч Б.* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлд “Шүүх энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж заасныг журамлан зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...Энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” гэж зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хохирол, хор уршгийн талаар.

Өсвөр насны шүүгдэгч Б.*нь бусдад төлөх төлбөргүй байна.   

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч *овогт ******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

           2. Өсвөр насны шүүгдэгч *Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлд заасныг журамлан Өсвөр насны шүүгдэгч Б.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж 1 сарын хугацаагаар тогтоосугай.  

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                        П.АРИУНБОЛД