| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 1905030611195 |
| Дугаар | 2021/ДШМ/275 |
| Огноо | 2021-03-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2021/ДШМ/275
О.П-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ганхөлөг,
нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЗ/306 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Ганхөлөгийн бичсэн 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 09 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн О.П-д холбогдох эрүүгийн 1905 03061 1195 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн О-ын П, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Архангай аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД: ... /;
О.П нь 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” дэлгүүрийн орчимд иргэн М.С-ийн биед хүч хэрэглэж довтлон цүнхтэй эд зүйлс болон Самсунг Жи-5 загварын гар утсыг дээрэмдэн авч, 299.695 төгрөгийн хохирол учруулсан,
мөн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх үедээ М.С-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Прокурорын газар: О.П-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг удирдлага болгон О.П-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргаж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1027 тоот дүгнэлтэд хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааг тогтоогоогүй. Уг дүгнэлтийг 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан бөгөөд шүүхийн шатанд шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй хугацааг нэг шинжээч төлөөлөн тогтоох, нөхөн гүйцэтгэх боломжгүй. Тус дүгнэлтэд “...О.П нь цаашид өөртөө болон орчиндоо аюул учруулах эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй...” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалттай нийцэхгүй. Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөртөө болон бусдад аюул учруулах эсэхийг шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд зайлшгүй тогтоох шаардлагатай асуудал байх ба уг асуудлыг тогтоосны эцэст эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэхээр хуульчилсан байна. Мөн хуулийн 19.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шатанд хянагдаж байгаа хэрэгт шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй, шинжээчийн саналыг үндэслэхээр байна. Иймээс сэтгэцийн шинжээчийн гаргасан “О.П нь цаашид өөртөө болон орчиндоо аюул учруулах эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт нь шаардлага хангахгүй байх ба хуульд заасны дагуу яллагдагчийг тодорхой хугацаанд эмнэлэгт хэвтүүлж, эмчийн хяналтад байлгаж, ажиглалт хийх замаар өөртөө болон бусдад аюул учруулах эсэхийг заавал тогтоох шаардлагатай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхдээ яллах дүгнэлт үйлдээгүй, зөвхөн прокурорын санал үйлдэж ирүүлсэн нь тус хуулийн заалтыг зөрчсөн байх ба ердийн журмыг мөн баримталж хэргийг шүүхэд ирүүлэх нь зүйтэй гэж дүгнэж О.П-д холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очих хүртэл шүүгдэгч О.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Г.Ганхөлөг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр О.П нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоо сэтгэцийн хувьд F71.1 оюуны хүндэвтэр хомстол шинж тэмдгийн уналт таталт эмгэгийн улмаас хэрэг хариуцах чадваргүй, мөн О.П-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай гэж албадлагын арга хэмжээний төрлийг тогтоосныг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудын хамт үндэслэн прокуророос шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх төрлийг саналдаа тодорхой тусгасан учир төрөл тогтоогоогүй гэж үзэхээргүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт албадлагын арга хэмжээ явуулах хугацааг зохицуулж өгсөн бөгөөд мөн шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжээчийг дуудан ирүүлж, албадлагын арга хэмжээг ямар төрлийн эмнэлэгт хэрэгжүүлэх, явуулах, хугацааны талаар асуулт тавьж тогтоох боломжтой бөгөөд хэрэв төрөл, дэглэм, хугацааг нэг шинжээч төлөөлөн тогтоох боломжгүй гэж үзвэл хуралдааныг хойшлуулах нэмэлт шинжилгээг хийлгэж төрөл, дэглэм, хугацааг тогтоох боломжтой. Мөрдөн байцаалтын явцад хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт зэргийг үндэслэн өөртөө болон орчиндоо аюул учруулах эсэхийг шүүхээс дүгнэх бүрэн боломжтой. Харин шинжээчийн дүгнэлтэд өөртөө болон орчиндоо аюул учруулах эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй...эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай гэсэн нь шүүгдэгчийг цаашид дахин гэмт хэрэг үйлдэж, аюул учруулах боломжтой эсэхийг таамаглан, хийсвэрээр дүгнэлт гаргах боломжгүй, харин шүүгдэгчид албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх явцад албадан эмчилгээ, шинжилгээг цаг тухайд нь хийж, эмчилгээний явц, үр дүн, өвчний шинж байдлыг харгалзан албадлагын арга хэмжээг сунгах, өөрчлөх, зогсоох буюу цаашид өөртөө болон орчиндоо аюул учруулах эсэхийг эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтооно гэж үзэхээр байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гагцхүү яллагдагчийн сэтгэцийн эрүүл мэнд буюу хэрэг хариуцах чадвартай эсэх талаар гаргасан шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх үндэслэл байвал сэтгэцийн эмгэг судлалын нэмэлт шинжилгээ хийлгэж, шаардлагатай тохиолдолд шинжээчийн саналыг үндэслэн эмнэлэгт эмчлүүлж, эмчийн хяналтад байлгана гэж ойлгохоор байх бөгөөд хэргийн оролцогч нараас яллагдагчийн сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзээтэй үндэслэлээр шинжээч томилох талаар хүсэлт гаргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон цугларсан нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ердийн журмаар цуглуулагдан бэхжүүлж, дээрх нотлох баримтуудаар гэмт хэргийн шинж, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нотолж, мөн сэтгэцийн өвчний шинж байдлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгосныг үндэслэн прокурорын санал үйлдэж хэргийг шилжүүлэн шүүхээр гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх болон шүүгдэгчийн сэтгэцийн байдлын тухайд хянан шийдвэрлүүлэх ажиллагааг ойлгохоор байна. Гэвч шүүхээс яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхдээ яллах дүгнэлт үйлдээгүй зөвхөн прокурорын санал үйлдэж ирүүлсэн нь хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байх бөгөөд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд тусгай журмыг баримтлан прокурорын санал бичиж хэргийг шүүхэд шилжүүлэхээр хуульчилсан буюу тус хуулийн 19.3 дугаар зүйлд заасан тусгай журмын хүрээнд хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг ойлгохоор байна. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах саналтай хэргийн талаар хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө судалгаа хийсэн. 2020 оноос өмнө хэргийг шилжүүлэхдээ яллах дүгнэлтийн хамтаар шилжүүлж байсан. 2020 оноос хойш ийм тохиолдол гараагүй. Улсын Ерөнхий Прокуророос шинэчлэн баталсан журмаар яллах дүгнэлт үйлдэх талаар тусгаагүй. Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнөөр Улсын Дээд шүүхээс яллах дүгнэлттэйгээр хэргийг шилжүүлэхгүй талаар чиглэл өгсөн. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Баянгол дүүргийн Прокурорын газраас О.П-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг удирдлага болгон О.П-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэлгүйгээр шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд “...шинжээчийн дүгнэлт нь шаардлага хангахгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтад нийцэхгүй, прокурор яллах дүгнэлт үйлдээгүй, зөвхөн прокурорын санал үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн” гэсэн үндэслэлүүдийг зааж, О.П-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, сэтгэцийн эмгэг, эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүн гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн өвчнөөр өвчилсний улмаас хэрэг хариуцах чадваргүй болсон яллагдагч, шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг удирдлага болгоно.” гэж эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлийг заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ” гэж тус тус хуульчилсан.
Прокурор гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээдийг тухайн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зүйл, хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх ба сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, сэтгэцийн эмгэг, эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосны дараа түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх учиртай. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт “...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. ...” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасанд нийцнэ.
Өөрөөр хэлбэл, дан ганц албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан орхигдох бөгөөд сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, сэтгэцийн эмгэг, эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимд харшилна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг удирдлага болгоно.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэх прокурорын шийдвэрт гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байдал ба эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэлийг бичнэ.” гэснийг сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, сэтгэцийн эмгэг, эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүнд холбогдох хэрэгт прокурор зөвхөн прокурорын санал гарган хэргийг шүүхэд шилжүүлнэ гэж явцууруулан тайлбарлаж, хэрэглэхгүй бөгөөд ердийн журам түүнчлэн тусгай журмыг хамтад нь удирдлага болгоно гэж ойлгох нь зүйтэй.
Иймд давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр прокурор Г.Ганхөлөгийн бичсэн 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 09 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЗ/306 дугаартай захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Ц. ОЧ