Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа,

Улсын яллагч Б.Батбаяр,

Хохирогч Б.Амарсайхан,

Шүүгдэгч Б.Батсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бат-Оргилын Батсайханд холбогдох эрүүгийн 201710010082 тоот хэргийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 27 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, одоо Улаанбаатар төмөр замын 11 дүгээр хэсэгт замчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Соёмбо гудамжны 09-06 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Бат-Оргилын Батсайхан /РД:ЕО90032971/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Батсайхан нь 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн өглөө 07 цаг 30 минутанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Авто тээврийн үндэсний төвийн хажуу талын засмал зам дээр “Их Мөнх Наран” ХХК-ийн барьцаанд байдаг Ц.Өнөрмөнхийн эзэмшлийн 64-98 ДГО улсын дугаартай “Хуандай Грандер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад иргэн Б.Даваахүүгийн жолоодож явсан 78-56 ДГО улсын дугаартай “Хуандай Верна аксент” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Батсайхан нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би Замын-Үүд сумын 3 дугаар багт амьдардаг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өглөө  07 цаг 30 минутын орчимд эхнэр Өнөрмөнхийн эзэмшлийн 64-98 ДГО улсын дугаартай автомашиныг жолоодон биржийн замаар ажил руугаа явж байсан. Тэгээд урд явж байсан машины хажуу талаар гүйцэд түрүүлэх үйлдэл хийтэл миний гар утас дугарсан тэгээд утсаар ярих гээд машины хажуу талын суудал дээрээс гар утсаа автал гэнэт миний өөдөөс машин гараад ирсэн. Би хажуу тийшээ дараад зөрж өнгөртөл тухайн машины зөв талын хойд хэсгийг мөргөчихсөн. Тухайн үед жолооны эрхээ түдгэлзүүлсэн байсан болохоор ослын газарт зогсолгүй шууд зугтааж яваад найз Цацралын хашаанд очиж машинаа нууж тавьсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хоёр машиныг янзалсан. 500 гаруй мянган төгрөгөөр засварласан. Хохирогч Б.Амарсайханы машиныг 300 гаруй мянган төгрөгөөр засварласан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56/, 

- Хохирогч Б.Амарсайхан мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 78-56 ДГО улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгслийг өөрийн танил Уламбаяр гэх хүнээс 2016 оны 10 дугаар сард 2,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Миний хувьд 2016 оны  3 дугаар сард тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан бөгөөд энэ хугацаанд өөрийн хуурай ах Даваахүүд машинаа түр ашиглуулж байсан. Тэгсэн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өглөө Замын-Үүд сумын 2 дугаар багт байрлах биржийн байрны урд талын засмал замаар явж байгаад машинаа машинд мөргүүлсэн нөгөө машин нь зугтаачихлаа гэж над руу ярьсан. Ингээд ослын газар дээр очиход миний машины зүүн хойд талын гар, хойд буфер, зүүн хойд крыло, арк хэсэг зүүн хойд хаалга, зүүн хойд амортизатор зэрэг зүйлс эвдэрсэн байсан. Хэд хоногийн дараа зугтаасан гэх залуу над дээр ирээд миний машиныг янзалж өгсөн одоо уг жолоочоос нэхэмжлэх зүйл байхгүй учруулсан хохирлоо бүгдийг нь төлсөн, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15х/, 

- Иргэний нэхэмжлэгч Д.Оюунцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Уг тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Ц.Өнөрмөнх гэж хүн байсан бөгөөд Ц.Өнөрмөнх нь манай байгууллагаас зээл авах зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж сарын 5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай 1,650,000 төгрөгийн зээл авсан. Барьцааны хугацаанд уг тээврийн хэрэгслийн өмчлөлийг “Их Мөнх Наран” ХХК-ний нэр дээр шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20х/,

- Гэрч Б.Даваахүү мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 13-ны өглөө 07 цаг 30 минутын орчим эгчийнхээ гэрээс сургуулийн насны хүүхдээ аваад хичээлд нь хүргэж өгөөд харих гээд Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Авто тээврийн үндэсний төвийн хойд талын засмал замаар урдаас хойшоо чиглэлтэй дээрх тээврийн хэрэгслийг жолоодоод явж байтал урдаас буюу эсрэг урсгалаас хар өнгийн суудлын автомашин ойролцоогоор 40-50 км цагийн хурдтай чиглээд ирэхээр нь зөрөх санаатай туслах зам руу эргэсэн энэ үед миний жолоодож явсан машины зүүн хойд талыг урд талаараа мөргөөд зогсолгүйгээр цааш зугтаасан. Үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэхэд 417,000 төгрөгний хохирол учирсан. Уг тээврийн хэрэгсэл нь Амарсайханы эзэмшлийн тээврийн хэрэгсэл...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22х/,

- Гэрч О.Өлзийжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ослийн талаарх мэдээллийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 07 цаг 55 минутанд жижүүрийн шуурхай албанаас хүлээн авч ослын газарт 08 цаг 10 минутанд очиход 78-56 ДГО улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгсэл нь бусдад мөргүүлсэн байдалтай, урдаасаа хойшоо чиглэлийн зам дээр буюу ертөнцийн зүгээр зүүн тал руу нийлдэг замын гарцан дээр хойшоо харсан байрлалтай зогсож байсан. Тухайн үед мөргөсөн тээврийн хэрэгсэл болон жолооч нь ослын газарт байгаагүй осол гарсан газрыг орхиж зугтаасан шинжтэй байсан. Уг зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгслийг маргааш өдөр нь айлын хашаанд оруулж тавьсан байхад нь илрүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27х/,

- Гэрч Ц.Өнөрмөнх мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр Б.Батсайхан нь 13-ны өглөө 07 цаг 30 минутанд ажил эхэлнэ гээд миний эзэмшлийн 64-98 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг аваад гэрээсээ гарсан бөгөөд 08 цагийн үед над руу утсаар яриад би машинаараа байшингийн булан мөргөөд эргэчихлээ айлын хашаанд машинаа үлдээгээд одоо ажилдаа явж байна санаа зовох зүйл байхгүй гэж хэлсэн. Ослын улмаас 692,400 төгрөгний хохирол учирсан. Үүнийг нэхэмжлэхгүй учир нь манай нөхөр учраас надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30х/,

- Хэрэг болсон газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-10х/, 

- Мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 12-13х/,

- Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэсгийн  Замын цагдаагийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай дүгнэлт /хх-ийн 33х/,

- “Вендо” ХХК-ний хохирлын үнэлгээ /хх-ийн 38-39, 42-43х/, 

- Шүүгдэгч Б.Батсайханы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэг хянан шйидвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд шүүгдэгч Б.Батсайхан нь 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн өглөө 07 цаг 30 минутанд Ц.Өнөрмөнхийн эзэмшлийн 64-98 ДГО улсын дугаартай “Хуандай Грандер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад иргэн Б.Даваахүүгийн жолоодож явсан 78-56 ДГО улсын дугаартай “Хуандай Верна аксент” маркийн тээврийн хэрэгслийг мөргөөд зугтсан үйл баримт болсон байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.Батсайханыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Б.Батсайхан нь зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.Амарсайханы “...2017 оны 03 дугаар сарын 13-ны өглөө Замын-Үүд сумын 2 дугаар багт байрлах биржийн байрны урд талын засмал замаар явж байгаад машинаа машинд мөргүүлсэн нөгөө машин нь зугтаачихлаа гэж над руу ярьсан. Ингээд ослын газар дээр очиход миний машины зүүн хойд талын гар, хойд буфер, зүүн хойд крыло, арк хэсэг зүүн хойд хаалга, зүүн хойд амортизатор зэрэг зүйлс эвдэрсэн байсан...” гэсэн, гэрч Б.Даваахүүгийн “...Авто тээврийн үндэсний төвийн хойд талын засмал замаар урдаас хойшоо чиглэлтэй дээрх тээврийн хэрэгслийг жолоодоод явж байтал урдаас буюу эсрэг урсгалаас хар өнгийн суудлын автомашин ойролцоогоор 40-50 км цагийн хурдтай чиглээд ирэхээр нь зөрөх санаатай туслах зам руу эргэсэн энэ үед миний жолоодож явсан машины зүүн хойд талыг урд талаараа мөргөөд зогсолгүйгээр цааш зугтаасан...” гэсэн, гэрч О.Өлзийжаргалын “...ослын газарт 08 цаг 10 минутанд очиход 78-56 ДГО улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгсэл нь бусдад мөргүүлсэн байдалтай, урдаасаа хойшоо чиглэлийн зам дээр буюу ертөнцийн зүгээр зүүн тал руу нийлдэг замын гарцан дээр хойшоо харсан байрлалтай зогсож байсан. Тухайн үед мөргөсөн тээврийн хэрэгсэл болон жолооч нь ослын газарт байгаагүй...” гэсэн, гэрч Ц.Өнөрмөнхийн “...08 цагийн үед над руу утсаар яриад би машинаараа байшингийн булан мөргөөд эргэчихлээ айлын хашаанд машинаа үлдээгээд одоо ажилдаа явж байна...” гэсэн мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн 10 дугаартай дүгнэлт болон шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул шүүхээс шүүгдэгч Б.Батсайханд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Б.Батсайханд хуульд заасан ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Б.Батсайханы хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан түүнийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Батсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Амарсайхан, иргэний нэхэмжлэгч Д.Оюунцэцэг нар нь гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдаж шийдвэрлэлээ.

2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүжлэгдсэн Ц.Өнөрмөнхийн эзэмшлийн 64-98 ДГО улсын дугаартай Хуандай Грандер” маркийн тээврийн хэрэгслийг Ц.Өнөрмөнхөд олгож шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.  Шүүгдэгч Боржигон овогт Бат-Оргилын Батсайханыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч Бат-Оргилын Батсайханыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Б.Батсайханд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Батсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 64-98 ДГО улсын дугаартай “Хуандай Грандер” маркийн тээврийн хэрэгслийг Ц.Өнөрмөнхөд олгосугай.

6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батсайханд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батсайханд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, мөн иргэний нэхэмжлэгч нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ