Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 300

 

МАГАДЛАЛ

 

2019.03.01                                                 Дугаар 400                                     Улаанбаатар хот

 

 

 

 

Г Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/03438 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 19 146 593.67 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаан:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Зээлдэгч Б.Б нь 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ1605115323 тоот зээлийн гэрээ, БГ1605115323 тоот барьцааны гэрээ байгуулан            15 000 000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн өрхийн зээл авсан. Зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 1 417 664.81 төгрөг, үндсэн хүүнд 4 134 187.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд            2 448.01 төгрөг нийт 5 554 300 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн зээл, зээлийн хүүг тодорхой хуваарийн дагуу сар бүр эргүүлэн төлөх үүргээ удаа дараа зөрчин, зээлийн төлбөрөө төлөхөөс зайлсхийн банкийг хохироож байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон зэргийг үндэслэн зээлдэгч Б.Б-өөс үндсэн зээлийн үлдэгдэл 13 582 335.19 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 4 883 090.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 681 167.93 төгрөг нийт              19 146 593.67 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг зээлдэгчтэй байгуулсан БГ/1605115323 тоот барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгө болох 2005 онд үйлдвэрлэсэн мөнгөлөг ногоон өнгийн арлын дугаар SALLAAA145A321842 landrover Discover 0 маркийн суудлын 22-26 УНТ улсын дугаартай автомашинаар хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хариуцагчийн зүгээс өөрийн төлсөн 5 554 300 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцуулах хүсэлттэй байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйл дээр үүргийн гүйцэтгэлийн дарааллыг зохицуулсан байдаг. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгчийн нийт хөрөнгө бүх үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй бол хариуцагч нь үүргийн гүйцэтгэлийг сонгож гүйцэтгэх эрхтэй гэсэн зохицуулалтыг барьж байна. Хариуцагчаас эхлээд шүүхийн зардал дараа үндсэн зээлийг төлүүлэх зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 15 000 000 төгрөгийг зээлсэн бөгөөд түүнээс 5 554 300 төгрөгийг хариуцагч төлсөн гэдэг. Үүнийг нь үндсэн зээлээс хасч тооцвол 9 445 700 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үндсэн хүүгийн төлбөрийг нэхэмжлэгч 4 883 090 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Банк нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх боломжгүйг мэдсээр байж цаг хугацааг явуулсаны дараа шүүхэд хандсан байна. Энэ эрхийнхээ хүрээнд нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүхээс үндсэн төлбөрт 9 455 700 төгрөг, үндсэн хүүнд 4 883 090 төгрөг нийт 14 328 700 төгрөгийг шүүх хангах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б-өөс       18 692 957.34 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г Б ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 453 636.14 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд 22-26 УНТ улсын дугаартай landrover Discover 0 маркийн тээврийн хэрэгсэлээр хангуулсугай. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн       323 883 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-өөс        321 614 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г Б ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын харилцаанд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалт хэрэглэгдэхгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн харилцаанд хамаарах агуулгатай гэж дүгнэн үзсэн нь хууль тогтоогчоос тогтоож өгсөн бүх төрлийн өр төлбөрийн харилцаанд хэрэглэгдэх хуулийн заалтын агуулгыг явцууруулж тайлбарлан хэрэглэсэн байна. Хэрэв хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн 5 554 300 төгрөг дээрх заалтад хамаарна гэж үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндсэн зээлийн төлбөрт 9 445 000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 4 883 090.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 227 531.79 төгрөг нийт 14 555 622.34 төгрөг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт "хариуцагчаас 14 555 622.34 төгрөг гаргуулах болгон" өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байна.

Нэхэмжлэгч Г Б ХХК нь хариуцагч Б.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 19 146 593.67 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн баримтаас үзвэл талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ЗГ1605115323 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь 15 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай жилийн 30 хувийн өрхийн хэрэглээний зориулалтаар зээлдүүлсэн байна. Дээрх зээлийн үүргийн гүйцэтгэлд 22-26 УНТ улсын дугаартай landrover Discover 0 маркийн тээврийн хэрэгсэлийг барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан байх бөгөөд талууд зээлийн гэрээнүүдийн дагуу гүйцэтгэх үүрэг, хөрөнгийг барьцаалсан үйл баримтын талаар маргаагүй байна.  /хх 4, 7/

Талууд гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдалд маргаагүй бөгөөд шүүх тэдгээрийн хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн гэж тодорхойлсон нь зөв болжээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зээл, барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Иймээс хариуцагч нь зээлийн үлдэгдэл төлбөрийг дээрх гэрээгээр тохиролцсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөх үүрэгтэй.

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа хариуцагч зээлийн гэрээний үүргийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойш биелүүлээгүй зөрчил гаргасан байх тул 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарган шаардаж байгаа нь тухайн хугацаагаар хариуцагчийн үүргийн хэмжээг нэхэмжлэгч байгууллага нь нэмэгдүүлсэн гэж үзсэн нь үндэслэлтэй юм.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч Б.Б нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх учиртай. Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгч байгууллага зээлийн гэрээний үүргийг биелүүлэх боломжгүйг мэдсэн тул үндсэн зээл болох 15 000 000 төгрөгөөс төлсөн             5 554 300 төгрөгийг хасч үлдэх 9 445 700, үндсэн хүүнд 4 883 090 төгрөг нийт 14 328 790 төгрөгийг шаардах эрхтэй гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь хариуцагч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс үүсэх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Хариуцагч үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэнд нэхэмжлэгч буруутай гэж үзэхгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/03438 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

                             ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

                                                  М.НАРАНЦЭЦЭГ