Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 81

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа,

Улсын яллагч Э.Болор, 

Шүүгдэгч Б.Оюунзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татсан тогтоол үйлдэж ирүүлсэн Чогсом овогт Батжаргалын Оюунзаяад холбогдох эрүүгийн 201710010142 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн  Улаанбадрах суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 8 дугаар хороо 25-801 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, Чогсом овогт Батжаргалын Оюунзаяа /ЕК89092261/

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Г.Б.Оюунзаяа нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 21 цагийн орчим Замын-Үүд сумын 1-р багт байрлах Нэгдсэн эмнэлгийн хүлээлгийн танхимд ерөнхий жижүүр эмч С.Долгортой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар С.Долгорын нүүрний зүүн хэсэгт гараараа цохиж, бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татсан тогтоолд авагдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Оюунзаяагийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 01-ний орой 21 цагийн үед ээжийн эгч эмнэлэгт хэвтсэн байсан тул ээжийн хамт өөрийн хүү, дүү нарын хамт очсон. Ээж дүүтэйгээ уулзахаар дээшээ гарсан хойгуур хүү маань тэрэнгээр наашаа цаашаа явж байсан гэтэл С.Долгор эмч чи хүүхдээ яг одоо ав энд өвчтэй хүүхдүүд байна гэж хэлсэн тэгэхээр нь би хүүхэд маань янз бүрийн хүний анхаарал татчихаар чимээ гаргаагүй гэж хэлээд сууж байтал гар утсаараа  зураг аваад бичлэг хийгээд байхаар нь би утсыг нь булааж авсан. Утсыг нь булаах үед эмч хаалгаар гарч ирээд гараараа миний нүүрний баруун хэсэгт шууд цохисон. Тэгэхээр нь би утсыг нь өгөхгүй булаацалдаж байтал миний хүү Ганпүрэв, дүү Мичидмаа нар уйлсан. Ганпүрэв тэр эмчийн хөлийг нь тэвэрч уйлж байгаад, дараа намайг ирж тэвэрсэн. Би уйлж байгаа хүүхдээ өрөвдсөн тул уурандаа тэр эмчийн утсыг нь өгчихөөд, гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон... Би ч тэр эмчийг намайг цохино гэж бодоогүй болохоор “яаж 2 жаахан хүүхдийн хажууд намайг цохиж, эмчийн ёс зүйгүй аашилж байнаа” гэж бодоод тэр эмчид гомдож, үзэн ядах сэтгэгдэл төрж байсан болохоор араас нь өрөөнд нь ороод “та өөрөө ээж, эмээ хүн байж хүүхдүүдийг минь айлгаж яаж чадаж байнаа” гээд хоорондоо маргалдсан. Ингэж байхдаа би дахин тэр эмчийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон. Тэр эмч ч намайг зөрүүлж цохисон...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 43-45/,

Гэрч Г.Мөнгөнцэцэгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “... Удалгүй С.Долгор эмч өрөөнд орж ирээд “гадаа байгаа хүүхэнд хүүхдээ чимээгүй болго гэж шаардлага тавиад шаардлага эсэргүүцээд байна” гээд яриад байж байтал нөгөө хүүхэн гаднаас орж ирээд С.Долгор эмчийг “чи яаж эмч болсон юм бэ? Чи миний хүүхдийн дууг хорьдог хэн юм бэ? Тэнэг авгай” гэх мэтээр орилж хашгирсан. Би хажуунаас нь “чи чимээгүй байгаач ээ” гэтэл “та нар миний хүүхдийн дууг хорьдог хэн юм бэ?” гээд орилж, хэл амаар доромжилж байгаад Долгор эмчийн нүүрний зүүн тал руу гараараа хүчтэй алгадсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/,

- Хохирогч С.Долгор хэрэг бүртгэлтэнд өгсөн: “... Тэгээд би утсаа авахаар хаалгаар гарч очоод, булаацалдаж байгаад утсаа авахад нөгөө хүүхэн миний нүүрний зүүн хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Энэ үед миний нүд харанхуйлсан... Тэгэхээр нь би өрөөндөө буцаж ороод эмч нарын ширээн дээр сууж байтал нөгөө хүүхэн араас орж ирэнгүүтээ “чи миний хүүхдийг айлгалаа” гэхээр нь “би чиний хүүхдийг айлгаагүй. Чи өөрөө өөрийнхөө хүүхдийг айлгаад байна шүү дээ” гэж хэлээд маргалдсан. Ингэж байхдаа миний толгой руу 2-3 удаа цохисон ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-20/,

- Гэрч О.Очгэрэл хэрэг бүртгэлтэнд өгсөн: “... Тэгэхээр нь яваад очтол эмч нарын өрөөнд С.Долгор эмч, Г.Мөнгөнцэцэг эмч, мөн үл таних хүүхэн байсан. Очоод юу болсон талаар асуухад Долгор эмч “намайг шаардлага тавихад энэ хүүхэн миний өөдөөс хэрэлдээд намайг цохичихлоо...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/,

- Гэрч Б.Бат-Эрдэний хэрэг бүтгэлтэнд өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 21 цаг болж байхад манай садангийн эгч болох Алтанцэцэг ээжийг эргэхээр эмнэлэг дээр ирсэн. Би доош бууж Алтанцэцэг эгчид улавч өгчихөөд, дээшээ гаргасан. Харин доор нэг давхарт Алтанцэцэгийн охин Оюунзаяа нь хүүхдийнхээ хамт байсан. Ингэж байтал эмч С.Долгор өрөөнөөсөө гарч ирээд Оюунзаяад хандаж “хүүхдээ ав” гэж хэлж байсан. Энэ үед би ээжийнхээ өрөө рүү орохоор дээш гарсан. Тухайн үед маргаан болсон үгүйг би мэдэхгүй. Ямар ч байсан хүүхдээ ав гэж хэлж байгаа сонсогдсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/,

  - Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын  05-ны өдрийн 179 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:

  1. С.Долгорын биед нүдний алимны доргилт, шилэнцэр бие дэх хөвөлт, зүүн нүдний гадна буланд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээжний баруун урд талд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
  3. Дээрхи гэмтлүүдийн нүдний алимны доргилт, шилэнцэр бие дэх хөвөлт нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн нүдний гадна буланд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээжний баруун урд талд цус хуралт гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоо 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно.

   4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 28/,

- Б.Оюунзаяагийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 59-60/,

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хохирол төлсөн баримт /хх-ийн 61, 72/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг  судалсан болно.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокуророос Б.Оюунзаяагийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг гэж яллагдагчаар татсан тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй ба түүний үйлдэл нь дээрхи гэмт хэргийн Эрүүгийн хуульд заасан бүрэлдэхүүний бүх шинжийг хангасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай баримтууд байх тул шүүх үнэн зөв гэж үзэж тогтоолдоо үндэслэв. Эдгээр нотлох баримтуудыг шүүх, шүүгдэгч Б.Оюунзаяагийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Иргэн С.Долгорын биедээ авсан гэмтэл нь тэдний таарамжгүй харьцаанаас үүссэн ба шүүгдэгч Б.Оюунзаяагийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь дээр дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэргийн нөхцөл байдлаар хангалттай бүрэн тогтоогдож байх тул Б.Оюунзаяаг гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Оюунзаяад ял шийтгэл оногдуулахдаа анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөлөөр харгалзан  үзэв.    

Шүүгдэгч Б.Оюунзаяа нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хохирогч С.Долгорт хохиролд 1,500,000 төгрөг өгсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.   

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чогсом овогт Батжаргалын Оюунзаяаг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Дорноговь аймгийн Замын Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч Чогсом овогт Батжаргалын Оюунзаяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Б.Оюунзаяа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Б.Оюунзаяа нь хохирогч С.Долгорт эмчилгээний зардалд 1,500,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Б.Оюунзаяад урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Б.НАРМАНДАХ