Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2022/0862

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

            Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х****** О******* /РД:**********/,

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга,

Гуравдагч этгээд: Б*********** Д******* /РД:**********/ нарын хоорондын төрийн албаны маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*****, гуравдагч этгээд Б.Д*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.О******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Х.О*******-ыг албан тушаалаас чөлөөлж, захиргааны мэдэлд шилжүүлэх тухай" Б/675 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Х.О*******-ыг урьд эрхэлж байсан албан тушаал болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаар маргаж байна.

2. Нэхэмжлэгч нь анх 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын “Х.О*******-д албан үүргийг түр орлон гүйцэтгэх тухай” Б/1079 дүгээр тушаалаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын “Х.О*******-ыг албан тушаалаас чөлөөлж, захиргааны мэдэлд шилжүүлэх тухай” Б/675 дугаар тушаалаар албан тушаалаас чөлөөлөгдсөн.

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг хүлээж аваад 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн 01/1335 дугаар албан тоотоор “... Шүүхэд хандаж шийдвэрлүүл” гэсэн хариу авснаар 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “... Нэхэмжлэгч Х.О******* нь 2001 оноос эхлэн тасралтгүй 12 жил орчим  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажилласан, хурандаа цолтой ТТ-16 ангиллын төрийн албан хаагч юм. 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/1079 дүгээр тушаалаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2021 оны 04 дүгээр 29-ний өдрийн Б/385 дугаар тушаалаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар томилогдон ажилласан. Гэвч 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гэнэт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Б/675 дугаартай тушаал гаргаж, ямар ч үндэслэлгүйгээр Х.О*******-ыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн. Уг тушаалд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн ба энэхүү тушаалын дагуу Х.О******* тус өдөр ажлаа хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгчийн уг тушаалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргасан гэдгийг дурдах нь зүйтэй. Дээрх тушаалын хууль зүйн үндэслэлд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.5, 8.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262.1.5-д заасныг тус тус үндэслэсэн байдаг. Эдгээр үндэслэлүүд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын эрх хэмжээний талаарх зохицуулалт бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй. Харин маргаан бүхий тушаал нь дээрх эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тушаал юм гэж маргаж байгаа юм. Маргаан бүхий тушаалын үндэслэлд  “Х.О*******-ыг өөр албан тушаалд томилохтой холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлж, захиргааны мэдэлд шилжүүлсүгэй" гэж заасан байна. Гэтэл энэхүү тушаал нь хуульд үндэслээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан шаардлагыг хангаагүй, Төрийн албаны тухай хуулийн 44.1, 46 дугаар зүйлийн 46.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 275 дугаар зүйлийн 275.1-д Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 2.1, 2.2, 2.3-т заасныг тус тус зөрчсөн төдийгүй Х.О*******-ын хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, хууль бус тушаал болсон. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д "Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж нэг байгууллагаас болно" гэж, байгууллагад Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 2.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна." гэж тус тус заасан. Дээрх хууль болон журмын заалтаас үзвэл Төрийн жинхэнэ алба хаагчийг албан ажлын шаардлагыг харгалзан шилжүүлэн томилох тохиолдолд "Албан ажлын зайлшгүй шаардлага” бий болсон байх, “Өөр албан тушаалд заавал томилсон" байх, “Өөртэй нь тохиролцсон" байх урьдчилсан нөхцөл заавал хангагдах учиртай. Гэтэл хариуцагч нь Х.О*******-ыг өөр ажилд томилохтой холбогдуулан ажлаас чөлөөлсөн атлаа албан ажлын ямар зайлшгүй шаардлага үүссэн, удирдлагын хооронд хэрхэн харилцан тохиролцсон талаар баримт байхгүй, түүнчлэн захиргааны мэдэлд шилжүүлсэн гэх атлаа ямар албан тушаалд томилохоор шилжүүлсэн нь тодорхойгүй, энэ талаарх тушаал, шийдвэр байхгүй байна. Мөн хариуцагч шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг огт явуулаагүй, түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, 49 дүгээр зүйлийн 49.2, Төрийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 1.4-т заасныг тус тус зөрчсөн хууль бус тушаал гаргасан. Энэхүү тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул түүний зөрчигдсөн эрхийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...хариуцагчийн зүгээс Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас болоод өөр албан тушаалд томилох боломжгүй гэсэн хариуг өгсөн байдаг. Нэхэмжлэгч нь Үндсэн хуулиар хамгаалагдсан шүүхэд хандах, шүүхээр хамгаалуулах эрхэнд халдсан үйлдэл байна. Тиймээс ажилд томилохгүй гэдэг тайлбар үндэслэлгүй байна. 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ээлжийн амралтаа эдлэх хүсэлтийг гаргасан үйл баримт нь нотлох баримт шинжлэн судлах явцад тогтоогдлоо. Энэ хүсэлтийг шийдвэрлэ гэсэн цохолт бүхий албан бичиг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой боллоо. Гэтэл 05 дугаар сарын 24-ний өдөр ээлжийн амралтаа авах хүсэлт гаргаж байхад 05 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Тушаал, үүрэг даалгаврыг үг дуугүй биелүүлэх ёстой, цэргийн захирах, захирагдах ёс гэж бий гэж байна. Өнөөдрийн маргаан бүхий асуудлыг шийдвэрлэх хууль нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль юм. Тус хуулийн 273.2.9-т зааснаар  удирдах албан тушаалтны хууль ёсны шийдвэр, тушаалыг биелүүлэхээс татгалзахыг хориглож байгаа. Энэ тохиолдолд хууль бус тушаал, шийдвэрийг биелүүлэх үүрэггүй байна. Тухайн ажилтныг шилжүүлэн томилохтой холбоотой асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 275 дугаар зүйлийн 275.1 дэх заалтаар зохицуулсан байна. Энэ заалтаар ямар тохиолдолд тухайн ажилтныг өөр албан тушаалд томилон ажиллуулах талаар тусгайлан зохицуулсан байгаа. Ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх  зорилгоор эсвэл албан хаагчийн хүсэлтээр гэж байгаа. Гуравдугаарт, ажлын байр албан тушаал цомхотгогдсон, дөрөвдүгээрт, тус албан тушаалыг урьд өмнө нь эрхэлж байсан албан тушаалтныг эгүүлэн тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан. Дээрх тохиолдолд албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах зохицуулалттай байна. Гэтэл эдгээр урьдчилсан нөхцөлийн аль нь ч хангагдаагүй байхад түүнийг албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, тушаал нь хууль бус байна.

Төрийн албаны тухай хуулийн 44.1-т зааснаар удирдлага хооронд харилцан тохиролцсоны дагуу албан тушаалтныг шилжүүлэн ажиллуулна гэж байгаа. Эдгээр удирдлагууд хоорондоо яаж тохиролцсон, ямар албан тушаалд шилжүүлэн ажиллах, ямар хугацаанд тухайн албаны мэдэлд шилжүүлэх талаар тодорхой бус байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдал тодорхойгүй болоод байна. Энэ хооронд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөөд байна. Тиймээс тус тушаалыг хууль ёсны тушаал гэж үзэхгүй.

Туршлагыг нь үндэслээд ажил санал болгосон гэж байна. Энэ үйлдлийг буруутгах боломжгүй гэж гуравдагч этгээдийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Үнэхээр тухайн иргэний туршлагыг үндэслээд өөр албан тушаалд томилж байгаа бол нөгөө албан тушаал нь тодорхой байх ёстой. Тушаал гарахаас өмнө тэр албан тушаалд ямар хэрэгцээ шаардлага бий болсон талаар аль албан тушаал дээр гэдгийг тодорхой болгох ёстой байсан. Тэр албан тушаалдаа томилсон захирамж гаргасан байх ёстой. Дээрх байдлаар хуулийн зохицуулалт байна. Урьдчилсан нөхцөл хангагдаагүй байна.

Эцэст нь хэлэхэд хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс журмын заалтуудыг судлуулсан. Тус журмын заалтууд тушаалын үндэслэлд огт хамааралгүй байна. Хоёрдугаарт, журамд заасан арга хэмжээг авахдаа Төрийн албаны тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг баримтална гэсэн байгаа. Гэтэл энэ хоёр хуулийн алийг нь ч баримтлаагүй, хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй, Захиргааны ерөнхий хуулийн шаардлага хангаагүй тушаалын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол буюу хөдөлмөрлөх эрх зөрчигдөөд байна. Тиймээс энэ зөрчигдсөн эрхийг шүүх сэргээж өгнө үү” гэв.

6. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/675 дугаар тушаалаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан Х.О*******-ыг тус албан тушаалаас чөлөөлж, захиргааны мэдэлд шилжүүлсэн. Захиргааны мэдэлд шилжүүлсэн хугацааны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд ээлжийн амралтыг биеэр нэхэмжлэгч Х.О*******-од олгосон. Гэвч нэхэмжлэгч Х.О*******-ын цалин хөлс, нийгмийн даатгал зэрэг тасраагүй байтал 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх гэж гаргасан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг захиргааны мэдэлд шилжсэн байх хугацаанд ээлжийн амралтыг үндсэн цалингаар нь тооцож олгосон байдаг. Энэ нь шүүхэд гаргаж өгсөн нийгмийн даатгалын тодорхойлолтоор нотлогдоно. Нэхэмжлэгч нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхийн маргаан үүссэн учраас нэхэмжлэгчид дараагийн албан тушаалыг санал болгох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хэдийгээр дээрх нөхцөл байдал үүссэн ч хариуцагчаас албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд 2022 оны 09 дүгээр сарын 20 болон 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгүүдээр "Шийдвэр гүйцэтгэх албаны мэргэжлийн удирдлагын хэлтсийн даргын албан тушаал"-д ажиллах санал тавьсан. Энэ албан тушаал нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий байгууллага юм.  Уг албан тушаалд нэхэмжлэгчийг томилохдоо цалин болон бусад нэмэгдлийг хэвээр үлдээж томилох боломжтой юм. Нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн тушаалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 262 дугаар зүйлийн 1.5-д заасныг үндэслэсэн ба энэ заалт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад хуулиар олгосон бүрэн эрх юм. Тийм учраас маргаан бүхий тушаал нь үндэслэл бүхий тушаал юм. Түүнчлэн нэхэмжлэгч нь цэргийн хурандаа цолтой албан хаагч бөгөөд Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д “Захирах, захирагдах зарчмыг мөрдөх, мөн захирагч даргын гаргасан тушаал шийдвэрийг цэргийн албан хаагч үг дуугүй биелүүлэх үүрэгтэй” гэж заасан. Мөн тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Захирах, захирагдах” үүрэгтэй гэж заасан. Иймд урьдчилан тохиролцох ёстой гэсэн хуулийн заалт нь цэргийн байгууллагын хувьд заавал баримтлах шаардлагагүй гэж үзэж байна” гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...нэхэмжлэгчийн маргаж байгаа тушаалын үндэслэл нь тодорхой байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг баримталсан. Агуулгын хувьд өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулна гэж тодорхой заасан байгаа. Энэ нь тухайн албан тушаалд нь танилцуулж байгаа нэг хэлбэр бөгөөд тухайн албан тушаалтанд танилцуулсан хэлбэр байгаа. 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ээлжийн амралтын хүсэлт өгсөн бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гарсан гэж байна. Энэ нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр сайдын тушаал гарсантай холбогдуулан дээрх тушаал 25-ны өдөр гарсан байгаа. Тийм учраас энэ нь ямар нэгэн хууль зөрчсөн асуудал биш юм. Удирдлагын хооронд харилцан тохиролцож гэж хэлж байна. Энэ нэхэмжлэгчтэй харилцах ёстой байсан гэж хэлээд байх шиг байна. Энэ хуулийн заалт нь тухайн албан хаагчийн удирдлага хооронд буюу шууд удирдах албан тушаалтныг зааж өгсөн байгаа. Тэгэхээр байгууллага хооронд гэдэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Цагдаагийн ерөнхий газарт шилжих байсан бол тухайн 2 байгууллагын дарга нар хоорондоо тохиролцохыг хэлж байгаа. Мөн нэмэлтээр Цэргийн албан хаагч гэдэг утгаараа Цэргийн албан хаагчийн 8 дугаар зүйлд зааснаар цэргийн албан хаагчийн зарим эрхийг хязгаарласан байдаг. Үүнийг шийдвэр гаргах явцдаа анхаарч үзнэ үү” гэв.

8. Гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие тус байгууллагад 20 жил ажиллаж байна. Миний хувьд төрийн байгууллага, цэргийн байгууллага тушаалаар үүрэг гүйцэтгэдэг албан хаагчийн хувьд албан тушаалуудад томилогдож ирсэн. Энэ Төрийн албаны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагдаж ирсэн. Төрийн албаны тухай хууль ерөнхий хууль юм, харин нарийвчилсан буюу тусгай байгууллагад үйлчилдэг хууль бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиуд юм. Би 2003 оноос хойш мерит зарчмын дагуу тус албан тушаалд томилогдсон. Гэхдээ өмнө нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалыг хашиж байсан бөгөөд бүтцийн өөрчлөлтийн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан тушаал буурч томилогдсон. Би тушаал гүйцэтгэж уг албан тушаалыг хашиж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 273 дугаар зүйлд заасны дагуу албан хаагч нь томилсон албан тушаалд очихгүй байх эрхгүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар болон Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагууд нь нэг статустай буюу албан тушаалын зэрэглэл ижил юм. Мөн Мэргэжлийн удирдлагын хэлтэс нь дээд шатны байгууллага буюу нэхэмжлэгч албан тушаал дэвшиж томилогдсон гэсэн үг юм. Гэтэл эдгээр албан тушаалыг санал болгоход тухайн албан тушаалд томилогдохгүй байгааг үнэхээр гайхаж байна. Нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр тухайн албан тушаалуудад томилогдохоос татгалзаж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хариуцагчийн тайлбар болон холбогдох баримтуудыг үндэслэж үнэн зөв шийдвэр гаргах байх гэж бодож байна” гэв.

9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч болон гуравдагч этгээдээс цэргийн байгууллага гэдэг талаар тайлбарлаж байна. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 257 дугаар зүйлийн 257.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллага мөн” гэж заасан.  Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд “Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын тухай заасан байдаг. Энэ чиг үүрэг бүхий байгууллагад тус хуулийн 7.1.6-д цэргийн байгууллага ордог юм. Тийм учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Үндэсний аюулгүй байдлыг хангагч байгууллага буюу тушаал биелүүлдэг байгууллага юм. Мөн нэхэмжлэгчээс өмнөх шүүхийн маргааныг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байсан. Тухайн үед эрх зүйн байдлыг зохицуулсан хууль, тогтоомж өөр байсан. Өөрөөр хэлбэл 2001 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд Цэргийн албаны тухай хуульд заасны дагуу албан хаагчийг томилж, чөлөөлөх тухай заасан байсан. Гэтэл одоо мөрдөгдөж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар эрх бүхий албан тушаалтан томилж, чөлөөлөх тухай заасан байдаг. Харин цол, тэмдгийг цэргийн албаны холбогдох хууль тогтоомжоор зохицуулна гэж хуульчилсан. Эдгээр нарийн харилцаа байгаа учраас хариуцагч болон гуравдагч этгээд нарын татгалзал үндэслэлтэй байна. Түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэгчийн туршлагыг үндэслэж Сургалт, хүмүүжлийн хэлтсийн даргын албан тушаалыг санал болгосон. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хэмжээний сургалтыг хариуцаж ажиллуулахаар нэхэмжлэгчид итгэл хүлээлгэсэн. Учир нь нэхэмжлэгч цагдаагийн байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжиж ирсэн учраас тухайн туршлагыг нь үнэлж тухайн албан тушаалыг санал болгосон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь.

  1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч Х.О******* нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан ба түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Х.О*******-ыг албан тушаалаас чөлөөлж, захиргааны мэдэлд шилжүүлэх тухай” Б/675 дугаар тушаалаар мөн өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь чөлөөлж захиргааны мэдэлд шилжүүлжээ.

3. Энэхүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны Б/675 дугаар тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5. “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах”, 8.4. “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5. “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах, хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу цэргийн цол олгох, сэргээх, бууруулах, хураан авах” гэх заалтуудыг үндэслэн гарсан ба энэхүү тушаалыг нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж, Тодорхойлох хэсгийн 4-5-д заасан үндэслэлээр маргажээ.

4. Хариуцагч тушаалыг гаргахдаа холбогдох хуульд заасан хариуцагч захиргааны байгууллагын бүрэн эрх тэр дундаа агентлагийн дарга, төсвийн шууд захирагчийн хувьд хуулиар олгогдсон бүрэн эрхийн заалтуудыг үндэслэсэн, үүгээрээ хуульд заасан хариуцагчийн энэхүү бүрэн эрх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан хуульд үндэслэх, 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах болон Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан хууль ёсыг сахих зарчимд нийцсэн байдлаар хэрэгжих учиртай байна.

5. Нөгөө талд нэхэмжлэгчийн эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3. “төрийн тусгай албан тушаал”, 10.3. “энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ”, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. “төрийн тусгай албан тушаалд ... үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараах албан тушаал хамаарна”, 13.1.6. “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн” гэж зааснаар тодорхойлогдож, түүний хөдөлмөрлөх эрхтэй холбоотой харилцаа нь Төрийн албаны тухай хуулийн дагуу нарийвчлан зохицуулагдахаар байна.

6. Шүүх, хариуцагч өөрийнх нь бүрэн эрхэд шууд хамааралтай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5. “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах, хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу цэргийн цол олгох, сэргээх, бууруулах, хураан авах” гэх заалтыг тушаалдаа үндэслэж, тухайн заалтын хүрээнд нэхэмжлэгчийг эрхэлж байсан албан тушаалаас нь чөлөөлөхдөө илүү нарийвчилсан Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг үндэслээгүй нь буруу байна гэж үзлээ.

7. Тодруулбал, төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг зохицуулсан тэр дундаа төрийн жинхэнэ албан тушаалд томилох, сонгон шалгаруулж томилох, төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, албан тушаал бууруулах, төрийн албан тушаалаас нь халах зэргээр Төрийн албаны тухай хуульд нарийвчлан зохицуулсан байхад энэ хуулийн холбогдох заалтыг үндэслээгүй байна, “нэхэмжлэгчийг захиргааны мэдэлд шилжүүлсэн”, “тушаал гарснаар Х.О*******-ын эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл байдал үүсэхгүй”, “нэхэмжлэгч нь цэргийн хурандаа цолтой албан хаагч тул Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д заасан захирах, захирагдах зарчмыг мөрдөх, мөн захирагч даргын гаргасан тушаал шийдвэрийг үг дуугүй биелүүлэх үүрэгтэй, иймээс урьдчилан тохиролцох хуулийн заалтыг заавал баримтлах шаардлагагүй” гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай, хэдийгээр нэхэмжлэгчийг чиг үүргийн хувьд хамааралгүй өөр албан тушаалд шууд томилсон, төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад томилсон тийм баримт тогтоогдохгүй боловч хэтэрхий дур зоргын, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1. “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно”, 44.2. “төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд ... сэлгэн ажиллуулж болно”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 275 дугаар зүйлийн 275.1. “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх болон албан ажлын шаардлага, алба хаагчийн хүсэлт, ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон, тухайн албан тушаалыг урьд өмнө эрхэлж байсан алба хаагчийг эгүүлэн тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан, эсхүл эрүүл мэндийн байдлыг үндэслэн нэг нэгжээс нөгөө нэгжид ажиллуулахаар шилжүүлэн томилж болно” гэж тус тус нарийвчлан зохицуулсныг маргаан бүхий захиргааны актадаа үндэслээгүй, нэгэнт төрийн жинхэнэ албанд томилогдсон байгаа төрийн тусгай албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн нарийвчилсан заалтыг хэрэгжүүлээгүй буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан бүрэн эрхээр олгогдсон харилцааг хэрэгжүүлж шийдвэр гаргахдаа илүү нарийвчилсан Төрийн албаны тухай хуулийг буюу маргаан бүхий харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийг үндэслээгүй нь буруутай байна.

8. Энэ утгаараа хариуцагч захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх захиргааны үйл ажиллагааны хамгийн гол зарчмыг хангаагүй, тэрчлэн төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх талаарх Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасан зарчим зөрчигдсөн, үүгээрээ маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж шүүх дүгнэлээ.

9. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б/675 дугаар тушаал гарсантай холбоотойгоор Х.О*******-од акт батлагдан гарахаас өмнө сонсгох болон мэдэгдэх ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагагүй” гэж тайлбарласныг шүүх үндэслэлгүй байна гэж үзлээ. Яагаад гэвэл, захиргааны байгууллагаас захиргааны акт тэр дундаа сөрөг агуулгатай акт гаргаж буй тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу эрх нь хөндөгдөж байгаа оролцогчийг сонсох, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, мэдэгдэх гэхчлэн нарийн дэс дараалалтай, үргэлжилсэн шинжтэй ажиллагааг авч хэрэгжүүлэх байсан байна. Хариуцагчаас цалин хөлс, зэрэг дэв буураагүй, эрх зүйн байдлыг дордуулаагүй гэж байгаа боловч маргаан бүхий захиргааны актыг яагаад гаргах болсон нөхцөл байдлыг тогтоож баримт цуглуулаагүйг тэмдэглэж, Захиргааны ерөнхий хууль зөрчигдсөн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар үндэслэлтэй байна гэж дүгнэж, маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 40 дүгээр зүйлийг тус тус үл хангаж гарсныг дурдах нь зүйтэй.

10. Шүүхээс маргаан бүхий захиргааны актыг дээрх байдлаар дүгнэсний үр дагаварт нэхэмжлэгчийн “урьд эрхэлж байсан албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажиллаагүй үеийн цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх”-тэй холбоотой шаардлагыг мөн ханган хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

11. Ингэхдээ хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3, 57.5, 57.5.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааг ээлжийн амралтын ажлын 26 хоногийг, цалинтай чөлөө авсан 10 хоногийг тус тус хасаж, 2022 оны 07 дугаар сарын 18-ны ажлын өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл тооцож, нэхэмжлэгчид олгох цалин хөлсийг дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4. “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1. “Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн цалин хөлсний талаар дараах журмыг батална” мөн хууль, зүйлийн 103.1.1. “дундаж цалин хөлс тодорхойлох журам” гэж зааснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Журам батлах тухай” А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.5. “Ажилтанд олгож байгаа ... хөнгөлөлт /унаа хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт/-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй” гэж журамласны дагуу нэхэмжилсэн үнийн дүнгээс хасаж тооцох, нэхэмжлэгчийн цалингийн карт ёсоор албан тушаалын үндсэн цалин болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 287 дугаар зүйлийн 287.8-д заасан холбогдох нэмэгдлийг нь тооцож олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн  44.1, 44.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.1, 262.1.5, 275 дугаар зүйлийн 275.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.О*******-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/675 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.О*******-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 287 дугаар зүйлийн 287.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.О*******-д 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хоорондох ажилгүй байсан хугацааны цалинг, холбогдох нэмэгдлийн хамт тооцож, түүнээс эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.О*******-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                У.БАДАМСҮРЭН