Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 399

 

МАГАДЛАЛ

 

2019.03.01                                                 Дугаар 399                                     Улаанбаатар хот

 

 

 

 

Ц.Ө-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/00069 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Ө-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХНХЯ-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 15 471 240 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийж баталгаажуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч Ц.Ө нь ХНХЯ-ны харъяа Мэргэжлийн боловсрол, сургалт, үнэлгээ, мэдээллийн төвийн даргаар ХНХЯ-ны сайдын тушаалаар 2016 оны 02 дугаар сарын 25-нд томилогдон ажилласан. Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолоор тус байгууллага нь Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв болж өөрчлөгдсөн ба үүнтэй холбоотойгоор түүнийг ХНХЯ-ны сайдын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрйин Б/51 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Өмнө нь 13 хүн ажиллаж байсан, шинээр өөрчлөгдөхөд мөн л 13 хүний орон тоо батлагдсан байсан. Энэ шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаснаар шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 11-нд 108 дугаар шийдвэр гарч, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн даргын ажилд нь эгүүлэн тогтоож, олговрыг нь олгож шийдсэн. Энэ шийдвэр нь дээд шатны шүүхүүдээс хэвээр батлагдаж, хүчин төгөлдөр болсон юм. Гэтэл энэ шүүхийн шийдвэр одоог хүртэл биелэгдээгүй. Иймд шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 01 дүгээр сарын 11-нээс 2018 оны 10 дугаар сарын 05-ныг хүртлэх 458 хоногийн цалинг шүүхийн шийдвэрт заасан 33 780 төгрөгөөр тооцон 15 431 245 төгрөгийг гаргуулан, нийгмийн даатгалын шимтгэлийг даатгалын дэвтэр нөхөн бичиж баталгаажуулахыг даалгуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэгч Ц.Ө-ийг түр ажиллаач гэсэн хүсэлтийн дагуу ахлах арга зүйчээр түр хугацаагаар ажилласан болохоос хариуцагчтай тохиролцсон зүйл огт байхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Ц.Ө нь төрийн нарийн бичгийн даргатай харилцан тохиролцон, түүний үндсэн дээр Мэргэжлийн боловсрол, сургалт, үнэлгээний төвийн ахлах арга зүйчээр 2018 оны 03 дугаар сарын 01-нд тушаалаар томилогдсон. Ингэж ажиллаж байгаад жирэмсний амралтаа авч одоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа. Өмнөх шүүхийн шийдвэрээр олгохоор заасан цалинг нь Хууль зүйн яамны сайдын багцын хохирлын сангаас олгогдсон. Түр хугацаагаар томилогдсон гэдэг нь үндэслэлгүй. Арга зүйчээр ажиллахаар тохиролцож томилогдсон, цалингаа авч, улмаар жирэмсний амралтын тэтгэмжүүдийг авсан. Иймд манай байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлж, олгох ёстой цалинг нь олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын дотор гомдол гаргах ёстой, гэтэл энэ хугацаа нь дууссан. Нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХНХЯ-д холбогдох, нэхэмжлэгч Ц.Ө-ийн 2017 оны 01 дүгээр сарын 11-нээс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 15 471 240 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 310 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Ц.Ө-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: ХНХЯ-ны сайд С.Ч-той харилцан тохиролцсон үйл баримт байхгүй. Мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээний төвийн ахлах арга зүйчийн албан тушаал тухайн байгууллагын бүтэц, зохион байгуулалтад орон тоо нь батлагдаж ирээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэн нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ц.Ө нь хариуцагч ХНХЯ-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 15 471 240 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийж баталгаажуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ц.Ө-ийг ХНХЯ-ны сайдын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрйин Б/51 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 108 дугаар шийдвэрээр түүнийг Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн даргын ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 01 дүгээр сарын      11-нээс 2018 оны 10 дугаар сарын 05-ныг хүртэлх 458 хоногийн цалинг шүүхийн шийдвэрт заасан 33 780 төгрөгөөр тооцон 15 431 245 төгрөгийг гаргуулан, нийгмийн даатгалын шимтгэлийг даатгалын дэвтэр нөхөн бичиж баталгаажуулахыг даалгуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

Хариуцагчийн “...Ц.Ө нь төрийн нарийн бичгийн даргатай харилцан тохиролцож, Мэргэжлийн боловсрол, сургалт, үнэлгээний төвийн ахлах арга зүйчээр 2018 оны 03 дугаар сарын 01-нд тушаалаар томилогдсон, манай байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд гомдол гаргаагүй...” гэх тайлбар үндэслэлгүй юм.    Учир нь шүүхийн шийдвэрээр Ц.Ө-ийг Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон байх ба Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 тоот тушаалаар тус төвийн ахлах арга зүйчээр ажиллахдаа хариуцагчтай харилцан тохиролцсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, хариуцагч нь шүүхийн шийдвэрт зааснаар өөр ажил санал болгосон, түүнийг нэхэмжлэгч зөвшөөрсөн гэх байдлыг хариуцагч баримтаар нотлоогүй. Иймд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрээр тогтоосон нэг өдрийн цалин 33 780 төгрөгөөр тооцон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ “...2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагч байгууллагаас шаардах байсан, хуульд заасан хугацааг хэтрүүлсний гадна хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл тогтоогдоогүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно. Учир нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй болох нь дээрх байдлаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн хэвээр байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд гомдол гаргаагүй, хугацааг хэтрүүлсэн гэх шүүхийн дүгнэлт буруу, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт нийцэхгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгч өөр ажил эрхэлж байсан нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/00069 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХНХЯ-аас 15 471 240 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ө-д олгож, түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 235 310 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

            ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                М.НАРАНЦЭЦЭГ