| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 194/2025/0382/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/718 |
| Огноо | 2025-03-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Энхбаяр |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/718
2025 03 19 2025/ШЦТ/718
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
улсын яллагч Д.Энхбаяр,
шүүгдэгч Н.Ө, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар *дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *овогт **холбогдох эрүүгийн *дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*овогт **/РД:*/
Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, "***" ХХК- д туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 4, эмээ, ах, дүү нарын хамт *дүүргийн *дүгээр хороо, **дугаар гудамжны *тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн *дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн *дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *оны 03 дугаар сарын 29-ний өдрийн *дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 620 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *оны 10 дугаар сарын 12-ны өдрийн *дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.*нь 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр, *дүүргийн *дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд насанд хүрээгүй хохирогч М.*эзэмшлийн "*-А24" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 409,970 /дөрвөн зуун есөн мянга, есөн зуун дал/ төгрөгийн хохирол учруулсан,
-Мөн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах долоон буудал орчимд хохирогч Б.*гадуур хувцасны халааснаас “Айфоне-11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 650,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн *дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Н.*нь 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд насанд хүрээгүй хохирогч М.*эзэмшлийн "Самсунг-А24" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 409,970 /дөрвөн зуун есөн мянга, есөн зуун дал/ төгрөгийн хохирол учруулсан,
-Мөн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах долоон буудал орчимд хохирогч Б.*гадуур хувцасны халааснаас “Айфоне-11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 650,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6, 108 дугаар тал/,
Насанд хүрээгүй хохирогч М.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр найзын хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр ирж дартс шиддэг “ТҮЦ” байхаар нь тэнд тоглох гэж очоод манай найз түрүүлж тоглосон. Тэгээд би дараа нь тоглож байгаад нэг тоглоом хожоод тэр тоглоомоо сонгож аваад халаасанд байсан гар утсаа шалгахад алга болсон байсан. Тэгээд би гар утсаа нэг газар үлдээсэн байх гэж хайж байгаад дартсны “ТҮЦ” дээр ирээд хэлтэл надад хяналтын камерыг шалгаж өгсөн. Тэгтэл намайг яг тоглоом сонгож байтал үл таних 2 унадаг дугуй унасан эрэгтэй хүн ирээд нэг нь цүнхээ урдаа барьж байгаад миний халаасанд байсан гар утсыг аваад явж байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7-9 дүгээр тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн ****** дугаартай үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн үнэлгээгээр 409,970 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-30 дугаар тал/,
Насанд хүрээгүй хохирогч Б.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би Сүхбаатарын талбайгаас суугаад хойшоо “Сэлх” чиглэлтэй явж байсан. Тухайн үед би гар утсаараа чихэвч зүүгээд дуу сонсоод явж байсан ба Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 7 буудал дээр ирэхэд гэнэт дуу явахгүй болсон тул унтарчхаж байгаа юм байхдаа гэж гайхаад гар утсаа авах гээд баруун талын куртикний халаас руу гараа хийгээд гар утсаа авах гэхэд миний “Айфоне-11” загварын гар утас байхгүй болсон байсан ба хажууд зогсож байсан үл таних 20-25 орчим насны эрэгтэй хүнд хандаж "Миний гар утсыг өгөөч " гээд чанга дуугаар хэлэхэд тухайн эрэгтэй “Сая автобуснаас буусан согтуу эрэгтэй авчихлаа, чи араас нь гялс гар” гээд намайг автобуснаас түлхээд 7 буудал дээр буулгачихсан. Тэгээд би автобуснаас буусны дараа хамт автобуснаас буусан эгч надад утсаа өгөөд “Чи утас руугаа залгаад үз” гээд намайг гар утсаараа залгуулсан ба тэр үед миний гар утас автобусанд дугарсан. Дараа нь миний буусан автобусанд хамт явж байсан нийтийн байцаагч гэсэн хантаазтай ах намайг дуудаад “Энэ чиний утас мөн үү?” гээд миний утсыг өгсөн ба миний утсыг хулгайлсан хүнээс миний утсыг авсан байсан. Дараа нь тухайн нийтийн байцаагч гэсэн шар хантаазтай ах тухайн хулгайчийг цагдаа дээр очоод асуудлыг чинь шийднэ гээд бариад авсан ба тухайн хулгайч нь зугтах гээд нөгөө шар хантаазтай ахыг өшиглөөд цохиж авсан. Дараа нь тухайн автобусанд байсан хүмүүс мөн туслаад тухайн хулгайчийг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 113-114 дүгээр тал/,
Гэрч Д.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр би 17 цагийн үед ажлаасаа тараад гэртээ харих гээд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо шинэ замын автобусны буудал дээрээс Сэлх-28 дугаартай автобусанд суусан. Тэгээд 18 цаг 20 минут болж байсан байх миний сууж явсан автобус нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 7 буудлын автобусны буудал дээр ирсэн бөгөөд миний урд зогсож байсан 19-20 орчим насны эмэгтэй хүүхэд “Утсаа алдчихлаа” гээд автобус дотор орилсон бөгөөд тухайн утсаа алдсан охины ард зогсож байсан эрэгтэй хүнийг нөгөө утсаа алдсан охин “Та миний утсыг авсан” гэж хэлэхэд тухайн залуу “Би утсыг чинь ерөөсөө аваагүй, харин чиний өмнө зогсож байсан согтуу хүн аваад буучихлаа” гэж хэлсэн чинь тухайн охин автобуснаас буугаад яваад өгсөн. Тэгээд тухайн охин автобуснаас буусны дараа автобус хөдлөөгүй зогсож байсан. Тухайн утсаа алдсан охины ард зогсож байсан залуу гэдэснээсээ нэг утас гаргаж ирээд тухайн гаргаж ирсэн утсаа унтраахаар нь “Чи л утсыг нь авсан юм биш үү?” гээд гараас барьж аваад “Чи л охины утсыг авсан юм биш үү?” гэж дахин асуухад тухайн залуу “Би хоёр утастай, тэр 2 утасныхаа нэг утсыг унтрааж байна” гэж хэлсэн. Тэгээд би тухайн залуугийн гараас нь бариад зогсож байсан бөгөөд миний сууж байсан автобус хөдлөөгүй долоон буудал дээр зогсож байсан. Тэгсэн чинь нөгөө утсаа алддаг охин явж байхаар нь дуудсан. Тэгээд тухайн залуугийн унтраасан утсыг охинд үзүүлэхэд “Миний гар утас мөн байна” гэж хэлсэн. Тэгээд би Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст очиж тухайн утас авсан залуу болон хохирогч хоёрыг хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 124-125 дугаар тал/,
Мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн *дугаартай магадалгаа /хавтаст хэргийн 145-146 дугаар тал/,
Шүүгдэгч Н.*шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх, хохирогч нарын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Н.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Н.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохиролын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, биет байдлаар хохиролоо буцаан өгсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,
Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал:
Шүүгдэгч Н.*нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *овогт **Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.*Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.
5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД