| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2025/0011/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/115 |
| Огноо | 2025-01-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/115
2025 01 09 2025/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2025/0011/Э
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,
улсын яллагч Б.Мөнгөнцэцэг,
шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М-д холбогдох эрүүгийн 2409033512191 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Улаанбаатар хот, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, М.М
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.М нь 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 07 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах CU дотор хохирогч Я.А-г ширээн дээр гар утсаа тавин унтаж байхад нь түүний эзэмшлийн эд хөрөнгө болох Iphone 11 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч, 740,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.М шүүх хуралдаанд: “Миний буруу, би гэмшиж байна.” гэв.
Хавтаст хэргээс:
Иргэн Я.А-с Цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3 дахь тал)
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 10-11 дэх тал),
Хохирогч Я.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2024 оны 10 дугаар сарын 05-ны өглөө 06 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн *** хороонд байрлах *** байрны ертөнцийн зүгээр зүүн урд талд байрлах *** дэлгүүрт ганцаараа орж үйлчлүүлсэн ба гарах баруун талд байрлах ширээ сандалны хэсэг дээр суугаад бэлэн гоймон идэж байхдаа өөрийн эзэмшлийн шаргал өнгийн Айфон 11 Про 128 GB-ийн гар утсаа ширээн дээр тавьсан. Тэгээд би хэсэг сууж байгаад нойрмоглоод ширээгээ дэрлээд унтаад өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа 08 цаг 40 минутад сэрсэн чинь миний гар утас ширээн дээр байхгүй болсон байсан. Дараа нь би ***-ийн хяналтын камерыг шүүсэн чинь хар пальто өмссөн, тайрмал урт хар үстэй, мөн үсээ ардаа боосон, 25-28 орчим насны эрэгтэй хүн миний гар утсыг 07 цаг 40 минутын орчимд ширээн дээрээс аваад явж байсан. Тэгээд дараа нь би цагдаад дуудлага өгсөн. Шаргал өнгийн Айфон-11 про 128 GB-ийн, гар утасны цэнэглэгч залгадаг хэсэг нь бага зэрэг чихэж ордог бүхий эвдрэлтэй, имей кодоо одоо мэдэхгүй байна. Гэрт гар утасны хайрцаг нь байгаа тэндээсээ харах боломжтой. Одоогийн зах зээлийн үнээр гар утсаа 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. Гомдолтой байна. Гар утсаа олж авмаар байна...." гэх мэдүүлэг (хх-ийн 6 дахь тал),
Онцгой үнэлгээ ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ТXY-24/22 дугаартай "... Iphone 11 pro маркийн гар утас зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 740,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов..." гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 16-19 дахь тал),
М.М-н яллагдагчаар өгсөн: “...Миний бие 2024 оны 10 дугаар сарын хэдний өдөр болох талаар сайн санахгүй байна. Тэгээд би найз М-н хамт Лаакс нэртэй бааранд орсон. Тэгээд тухайн бааранд ороод архи согтууруулах ундаа нэлээн хэмжээгээр хэрэглэсэн. Тэгээд тухайн баарнаасаа гараад найз Мөнхчулуунаас салаад талбайн баруун талд байрлах *** дэлгүүр орсон. Тэгээд тус *** дэлгүүрийн сандал дээр хэсэг хугацаанд унтаад өгсөн байсан. Тэгээд хэсэг унтаж байгаад үүрээр тус *** дэлгүүрээс бэлэн гоймон авч идсэн. Тэгээд гоймонгоо найруулчихаад хүлээх зуураа унтсан байсан. Тэгээд сэртэл миний хажууд айфон 11 про маркийн шаргал өнгийн гар утас байсан. Тэгэхээр нь би гоймонгоо идчихээд тухайн гар утсыг аваад гарсан бөгөөд хэний гар утас байсан талаар мэдээгүй. Тэгээд би тухайн гар утсыг Тэди худалдааны төвийн ойролцоо үл таних хүнд 120.000 төгрөгөөр худалдан борлуулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 29 дэх тал) зэрэг баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:
Гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч М.М нь 2024 оны 10 дугаар сарын 05-ны өглөөний 07 цагийн орчим Сүхбаатар дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дотор хохирогч Я.А-н эд хөрөнгө болох Iphone 11 загварын гар утсыг түүнийг унтаж байхад нь нууцаар, хууль бусаар авч, 740,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэрэг мөн болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч М.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч М.М нь амар хялбар аргаар ашиг хонжоо олж амьдрах гэсэн шунахай зан байдал нь шууд нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Я.А нь “...12 дугаар сарын 22-ны өдөр 740,000 төгрөгийн хохирлоо М.Мөнхжаргалаас бүрэн хүлээж авсан. Ямар нэг гомдол саналгүй авсан” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт мөн энэ талаар авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.М-д 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч М.М-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэм буруугаа ойлгож ухаарсан, бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал зэргийг харгалзан шүүгдэгчийг нийгмээс тусгаарлан хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзэн түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М.М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д оногдуулсан 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь шүүхээс оногдуулсан 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн өөр эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР