2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/171

 

 2025         01           14                                      2025/ШЦТ/171     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 186/2024/0923/Э

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,

улсын яллагч  Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч М.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ц-т холбогдох эрүүгийн 2411000000140 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1963 оны 01 дүгээр сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй,

1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Нийслэлийн шүүхийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 88 дугаар зүйлийн Б дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнссэн,

1980 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Улаанбаатар хотын Сүхбаатарын районы шүүхийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар,

1982 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хязгаарын ба дотоодын цэргийн тусгай шүүхийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 174 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жил, мөн хуулийн 73 дугаар зүйлийн А-д зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар,

2005 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 576 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 1 дэс хэсэгт зааснаар 15 /арван таван/ жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, М.Ц

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Ц нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй Дүүргийн 12 дугаар хороо Булгийн 1-20 тоотод байрлах нийтийн байранд хохирогч Ш.Э-ын биед тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас халдаж, эрүүл мэндэд нь баруун, зүүн суганд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Ц шүүх хуралдаанд: “...Э нь манай найзын дүү юм.  Нийтийн байранд орилж, чарлаад байсан. Намайг унтах гэж байхад Ц ахыг үхтэл нь балбачихаад яваад өгье гээд яриад байсан. Өмнө нь над руу тамхи шидэж байсан, надтай сонин харьцдаг сагсуу зантай залуу. Би зүгээр айлгах гэж л байсан. Миний буруу. Э-г цэргийн эмнэлэгт байхад нь эргэж очих гэхэд зүгээр гэсэн. Би эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлнө.” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Ш.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ...М.Цийн гэр болох *** нийтийн байранд... М.Ц ах, манай хуурай дүү болох С бид гурав хамт байсан... М.Ц ах над руу тамхи шидлээ гэх шалтгааны улмаас уурлан хутга авч дайраад миний баруун суга болон зүүн цээж хэсэгт нэг нэг удаа хутгаласан... тухайн гэмтлийг Цог ах миний биед хутгаар учруулсан... Тэгээд нил цус болсон байхад цагдаа, түргэн тусламж ирсэн. Намайг түргэн тусламж Цэргийн төв эмнэлэгт авчирсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 19-20 дахь тал),

Гэрч Д.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би тухайн нийтийн байранд жижүүр хийдэг бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 30-ны орой 23 цагийн үед... үүдэнд байж байтал хүн ёолоод байхаар нь гарсан чинь манай өөдөөс харсан 10 тоотын үүдэнд 50-60 орчим насны залуу баруун хавиргаа барьчихсан цус гарчихсан байсан... тухайн залуу 103 дуудаад өгөөч гэхээр нь би 102 луу дуудлага өгсөн удаагүй эмч, цагдаа ирсэн юм..." гэх мэдүүлэг (хх-ийн 28 дахь тал),

Гэрч Ш.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр... Ц ах дэлгүүр явж 0.75 литрийн "Хараа" архи авчирсныг нь бид гурав хувааж уусан. Ингээд юм ярьж орой болтол суусан... нэг мэдсэн чинь Э ах, Ц ах хоёр хоорондоо маргалдаад байсан ба Цогоо ах гартаа...жижиг хутга барьчихсан Э ах цээж нүцгэн буруу хараад сууж байсан... Э ах түргэн дуудаад өгөөч гэсэн ба Ц ах хутга бариад зогсож байхаар нь би шууд гэрээс нь гараад гудамжинд явсан хүний утсыг гуйж түргэн дуудсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 31-32 дахь тал),

Иргэний нэхэмжлэгч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч, Ш.Э нь эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээний төлбөрийн зардлын мэдээллийг эрүүл мэндийн даатгалын цахим системээс шүүхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 166.000 төгрөгийн зардал гарсан байх тул нотлох баримтаар хавтаст хэрэгт хавсаргасан болно... хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч М.Ц-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү..." гэх мэдүүлэг (хх-ийн 15-16 дахь тал)

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1187 дугаартай: “...Ш.Э-н биед баруун, зүүн суганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт (хх-ийн 41-42 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч М.Ц нь 2023.12.29-нөөс 30-нд шилжих шөнийн 00 цагийн үед *** тоотод байрлах нийтийн байранд хохирогч Ш.Э нартай архидан согтуурч байхдаа Ш. Э-г өөр лүүгээ тамхи шидлээ гэх үл ялих зүйлээр шалтаглан хурц маргалдаж улмаар түүнийг баруун, зүүн суганд нь хар өнгийн иштэй 16 см-ийн ажлын хэсэгтэй хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч М.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч М.Ц-н хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн бусдын эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулж буй хэрцгий догшин авирлаж байгаа танхай зан байдал нь шууд нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч М.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Мөн хавтаст хэрэгт эмчилгээний зардал, хохирол нэхэмжилсэн зүйлгүй байх тул цаашид шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон бусад хохирлын асуудлаар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Харин хохирогч Ш.Э-н эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 166,000 төгрөгийг шүүгдэгч М.Ц-с гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид энэ зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.  

Улсын яллагчаас шүүгдэгч М.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх санал гаргажээ.

Шүүгдэгч М.Ц-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, тогтсон ажил төрөл, цалин орлогогүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 16 см урт, нийт 27 см урттай төмөр хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч М.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-д 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц нь шүүхээс оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хохирогч Ш.Э нь цаашид шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон бусад хохирлын асуудлаар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч М.Ц-с 166,000 /нэг зуун жаран зургаан мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэнд, даатгалын Ерөнхий газарт олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 16 см урт, нийт 27 см урттай төмөр хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч М.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.БОЛДБААТАР