2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/249

 

 2025         01            22                                      2025/ШЦТ/249     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2024/1132/Э

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны    Тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,

улсын яллагч Б.Оргилболд,

шинжээч Ц.Б,

гэрч О.Г,

хохирогч Г.М, түүний өмгөөлөгч Р.Чимбаа,

шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М-д холбогдох эрүүгийн 2409021291256 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, архитектур мэргэжилтэй, хувираа бизнес эрхэлдэг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Э.М

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр *** тоот хашаанд хохирогч Г.М-тэй дугуйн зам хааж юм барилаа гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар толгойн тус хэсэгт нь гараараа цохих, хөл рүү нь өшиглөх, нүүрэн тус хэсэгт прүүс модоор чичин цохиж, зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хамарт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд:

Шүүгдэгч Э.М: “2024 оны 07 дугаар сарын 01-нд би гэртээ амарч байсан. Манай хүүхэд над дээр ирээд гурван муухай царайтай хүн дугуйн замыг хашаа бариад хаачихсан, намайг цаашаа яв гээд байна гээд байна гэхээр нь би тэр хашаа руу орж Г.М эгчтэй зууралдаж бид хоёр мод бариад хоёр талаас нь таталцаад гар өвдөөд байхаар нь би тавьсан. Энэ хоёр хойшоо унасан босож ирэхдээ цус гарсан байсан. Энэ хүн Р гэдэг хүнтэй хамт модоо бариад унасан. Энэ дээр би маргахгүй байгаа. Би модоор цохиж гэмтэл учруулаагүй. Тэгээд цагдаа нар ирсэн. Би санаатайгаар цохиогүй. Миний буруу. Шүүхээс барагдуул гэсэн хохирлыг би барагдуулан. Би маш их харамсаж байна. Хохирогчоос уучлалт гуйж байна” гэх мэдүүлгийг;

Хохирогч Г.М: “2024 оны 07 сарын 01-ний өдөр би гэртээ байсан. Тэгэхэд энэ хүүхэн бид нар дээр ирсэн. Би урдаас нь очиход шууд хэрүүл хийж эхэлсэн. Би согтуу хүнтэй юм ярихгүй гээд цааш явах гэтэл миний үснээс зулгаагаад би гэр лүүгээ зугтаж орсон. Энэ хүн хойноос намайг өшиглөөд би Р-г дуудахад гарч ирээгүй. Манайх руу орж ирээд чи өглөө гэхэд үхсэн байна шүү гэх зэрэг элдвээр хэлсэн. Одоо шүүхэд худлаа мэдүүлээд байна. Хашаа давж орж ирээд зодоод байхаар нь би шүүрээрээ цаашаа гээд урдаас нь савлуулсан. Энэ гэрч гэх хүн хамтран үйлдэгч байгаа юм. Энэ хүүхэн тэр залуугийнхаа ардуур орчхоод модоор миний дух руу цохисон. Гэрч гээд байгаа залуу шалны алчуураар духнаас гарч байсан миний цусыг арчсан. Энэ хүн 2 хүүхэдтэй байж яагаад ийм харгис үйлдэл гаргаад байна. Ийм байж болохгүй. Би хагалгаанд орсон. Би энэ хүүхнийг шоронд оруулах гэж харьцаагүй. Өөрийнхөө хүүхдийн хажууд над руу мод бариад дайрсан. Би одоо 70 хүрч байгаа. Тэр цохилтоос болоод толгой доргисон, хагалгаанд орсон. Иймд энэ хүнд хуулийн дагуу хариуцлага тооцож, шийдвэрлэж өгнө үү. Надад учирсан 8.791.000 төгрөгийн хохирол, эмчилгээний зардал зэргийг нэхэмжилж байгаа. Миний биеийн байдал маш муу байгаа. Өдөр ирэх тусам муудаад байна. Даралт тогтворгүй болоод зүрх өвдөөд шөнө унтаж чадахгүй болсон. Би ганцаараа амьдардаг. Нөхөр эмнэлэгт олон жил хэвтэж байгаа. Ганцаараа байгаа болохоор бие муудах бий гэсэн айдастай, сэтгэл санааны дарамттай байгаа. Би тархиндаа 700.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Нүдэндээ хагалгаа хийлгэсэн. Би цаашдаа сорвины эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна” гэх мэдүүлгийг;

Гэрч О.Г: “...Би нойл орчихоод гараад ирэхэд тус хашаанд хэрүүл болоод байсан. Э.М байхгүй байсан. Хажуугийн хашаа руу очиход энэ хоёр хэрэлдэж байсан. Энэ хохирогч гэх эгчийн байшинд хоорондоо хэрэлдээд байж байсан. Энэ эгч өөдөөс төмөр иштэй шүүр барьж гарч ирээд би болиорой гэхэд Э.М газар унасан байсан прүүс мод бариад авсан. Тэгээд тэднийд барилгын ажил хийж байсан согтуу ах хүү босож ирээд хөөе ахын дүү болиорой гээд Э.М-н барьж байсан модноос бариад энэ гурав тэр модноос татаж байгаад Э.М тавиад хойшоо унахдаа тэр ах хоосон шалан дээр унаад, энэ эгч орон дээр унасан. Газар унахдаа модоороо духаа цохисон. Тэгээд та хоёр зодлоо гээд ийм зүйл болсон.” гэх мэдүүлгийг;

Шинжээч: Надад хууль сануулж, би үнэн зөв дүгнэлт гаргасан. Гэмтлийн зэрэг тогтоох журамд хөнгөн гэмтлийг хүнд гэмтэлд шингээн тооцдог. Хохирогчийн хамар ясны болон зөөлөн эдийн гэмтэл нь хөнгөн зэрэгт бусад зүүн гуя, баруун шууны зулгаралт зэрэг нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэртээ байж байх үед 20 цагийн орчим үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн манай гэр болох *** тоот хашааг дураараа давж орж ирээд улсаас үерийн хамгаалалт хийгээгүй байхад та нар хийдэг хэн бэ гэх мэт хэрүүл үүсгээд байсан. Тэд нарыг ирэхээс өмнө Шаргаморьтын гүүрнээс салаад дугуйн зам нь үерийн үеэр урссан тул би хааяа манайд ажил хийж тус болдог Р-ийн хамтаар тухайн замыг хүүхэд унаад бэртчих байх гээд өнөөдөр өдөр үерийн хаалт хийсний дагуу тэд нар бид нарын замыг хаалаа гээд уурлаад байсан. Тэгээд тэр 2 хүн орилж хашхираад орж ирээд та нар яахаараа хаалт хийдэг юм гээд орилоод байхаар нь би та нар согтуу байна шүү дээ юм ярих гэж байгаа бол дараа эрүүлдээ ярь гээд гэр лүүгээ орох гэхэд орж ирсэн эмэгтэй баруун гараа миний толгойн хэсэг рүү 2-3 удаа цохиод, намайг гэр лүүгээ зугтаахад араас баруун гуя болон бөгс хэсэг рүү өшиглөөд тэгээд би арай гэж гэр лүүгээ яваад орсон чинь араас гэрт орж ирээд дахин намайг цохииод үсдэж байгаад буцаж гаргаад манай хашаанд байсан хар 7х7-гийн прүүс мод авч гэрт орж ирээд миний хамар хэсэг рүү нэг удаа цохиход нь би манараад хамраас цус гараад байхаар нь би доошоо тонгойгоод сууж байхад тухайн эмэгтэй намайг ална шүү би өглөө гэхэд чамайг алцан байна шүү гээд заналхийлээд хэрүүл хийгээд дахиж зодох гээд хөөгөөд байсан. ...Гэтэл нөгөө эмэгтэй хүрч ирчхээд хамт явж байгаа залуудаа зориулаад чи энэ хараач дээ ямар том газар бэ гээд доороо дэвслээд манай гэрт дайраад ороод ирсэн. Тэгээд би гэрт байхад Р та нар больцгоо настай хүн байна гэж хэлсэн, тэгээд тэр эмэгтэй дайрч орж ирээд намайг толгой, хөл гар луу цохиод байсан ба тэгээд та нар яваачээ гэхэд манай хашаанд байсан модыг бариад дайраад байсан юм. Тэгээд Б.Р миний гарыг аминдаа зодолдуулахгүй гээд барьж үл таних эмэгтэйтэй хамт явсан залуу байшингийн хаалга тэгнээд байж байхад нөгөө эмэгтэй тэр залуугийнхаа суга, мөрөн дээгүүр чичиж цохиод байхаар би бултаад байж байтал гэнэт нүүрэнд нөгөө мод нь онож хамрын нуруунаас цус гарсан. Тэгээд л цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн үед үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр, мөн Б.Р бид дөрөв байсан. Өөр хүн байгаагүй. Манай ойр орчимд айлууд байдаг ч өөр айл байгаагүй. Би тухайн үед ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглээгүй, Б.Р-ийн хувьд жаахан архи уусан байсан. Тухайн өдрийн ажил дууссан байсан ба хэн нэгэнтэй нийлж бол уугаагүй, харин ганцаараа уусан байх, би уухыг нь хараагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9, 25-26 дахь тал),

Гэрч Б.Р-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн орой 20 цаг өнгөрч байх үед би Сүхбаатар дүүргийн Шаргаморьтын зуслангийн наана голын эргийн хажууд гүүр даваад байдаг хаягийг нь сайн мэдэхгүй нэг айлд амбаар барих ажилд ирсэн байсан. Тэр үед нэг танихгүй эмэгтэй хүн гаднаас хашаанд орж ирээд миний ажиллаж байсан айлын М эгчтэй танайх тор татаж дугуйн зам хаагаад хашаагаа барьсан байна газрынхаа бичгийг үзүүл гэхэд М эгч жижигхэн байшингийнхаа үүдэнд зогсож байснаа тэр эмэгтэйд хандаад, чи хүний газар дураараа орж ирлээ гэж хэлээд М эгч тэр танихгүй эмэгтэй хоёр маргалдаж эхлээд тэр хоёр үснээсээ хальт зулгаалцсан чинь цаанаас нь тэр танихгүй эмэгтэйн нөхөр гэх залуу орж ирээд эхнэрээ салгаад урдуур нь хориод зогссон чинь М эгч шүүр бариад чи яв манайд ингэж орж ирэхгүй чи яв чи гэхэд тэр танихгүй эмэгтэй нөхрийнхөө цаана зогсож байгаад газраас 5х7 см хэмжээтэй 2.3 метр орчим урттай прүүс мод авсан. Тэгээд би М эгчийн араас нь татаад тэр танихгүй эмэгтэй нөхрийнхөө араас нөгөө газраас авсан модныхоо үзүүрээр М эгчийн нүүрний дух хэсэг рүү нь түлхэх шиг болж таараад М эгч бид хоёр бүдэрч хойшоогоо жижиг орон дээр давхралдаж унасан. Тэгээд босоод ирсэн чинь М эгчийн духнаас нь цус гарсан байсан. Тухайн үед тэнд тэр танихгүй эхнэр, нөхөр хоёр М эгч бид дөрөв л байсан. Тэр танихгүй эмэгтэй л модныхоо үзүүрээр М эгчийн нүүр лүү түлхэх шиг болсноос өөрөөр цохиж зодсон зүйл болоогүй. Би архи уусан байсан дунд зэргийн л согтолттой байсан болсон зүйлсийг санаж байна. Тэр танихгүй эхнэр, нөхөр хоёр бол бага зэргийн согтуу байх шиг л байсан, М эгч бол эрүүл байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

Гэрч О.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн орой 20 цагийн үед найз хүүхэн М хамт Сүхбаатар дүүргийн *** хороо Шаргаморьтод хашаандаа саравчид Нийслэл нэртэй 2.4 литрийн пиво задлаад ууж эхлээд сууж байхад манай 8 настай Баялаг гэдэг хүү маань дугуйн замаас ирээд "ээжээ муухай царайтай 3 хүн дугуйн зам хаасан та нар битгий энүүгээр тоглоод бай явцгаа, зайлцгаа" гэж хэлээд загнаад хөөсөн гэхээр нь би 00 орчхоод гараад ирсэн чинь М байхгүй цаана хэрүүл болоод байх шиг байхаар нь урд айл руугаа яваад очсон чинь М тэр айлын байшингийнх нь гадна харин нэг танихгүй хөгшин эгч байшин дотроосоо хаалга нь онгорхой тэр хоёр хэрэлдээд зогсож байсан. Тэгээд би гүйж очсон чинь тэр хөгшин эгч байшингаасаа нэг төмөр иштэй жижиг шүүр бариад хаалгаараа гарч ирэх гээд М руу далайхад М газраас нэг прүүс мод авахаар нь би дундуур нь орж зогсоод тэр эгчийг байшингаас нь гаргахгүй хааж гараараа хашиж болиулаад М бас гараараа хашиж болиулсан чинь тэнд нэг гадаа хашаа налаад сууж байсан согтуу танихгүй ах ирээд М барьж байсан прүүс модноос барьж аваад боль миний дүү гэж хэлсэн чинь бас нөгөө хөгшин эгч бас тэр модноос давхар барьж аваад тэр танихгүй ах, эгч хоёр хойшоо татаад байхаар нь М прүүс модоо алдаад тэр танихгүй ах, эгч хоёр мод татаж байсан эрчдээ хойшоо модоо барьсан байдалтай савж унахдаа эрэгтэй нь газар шал руу унаад эмэгтэй нь орон дээр унаад унахдаа барьж байсан модондоо хамраа цохиод унасан. Босохдоо тэр эгч хамар нь цус болчихсон босож ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 8894 дугаартай шинжээчийн: “...Г.М-ийн биед хамарт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл  тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал)

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт (хавтаст хэргийн 46 дахь тал)

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын эрүүлжүүлэх, саатуулах төвийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 306-2/347 дугаартай “...Э.М-ыг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр согтуурсан үедээ зөрчил үйлдэж саатуулагдсан талаарх баримтууд  (хавтаст хэргийн 67-69, 53 дахь тал),

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.М-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дахь тал),

Хохирогч болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн хохирол, төлбөртэй холбоотой баримтууд зэрэг баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Э.М нь согтуугаар 2024.07.01-ний оройн 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн *** тоотод оршин суух хохирогч Г.М-г “дугуйн зам хааж хашаа, хаалт хийлээ, хүүхдийг маань загнаж зандарч хөөлөө” гэх шалтгаанаар хамтран амьдрагч О. Г-н хамт хашааг нь давж орон хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогчийг толгойн тус газарт нь цохих, хөл рүү нь өшиглөх, прүс модоор нүүр рүү нь чичин цохих зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамарт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Э.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхтүвшин нь “...миний үйлчлүүлэгч шууд санаатайгаар хохирогчийг цохиогүй. Хохирогчийн зүй бус үйлдэл байсан...” гэсэн тайлбарыг гаргадаг бөгөөд шүүгдэгч Э.М-н хувьд шүүхийн хэлэлцүүлэгт “би өөрийн үйлдэлдээ гэмшиж байгаа. Би цохьё гэж далайж цохиогүй, санаандгүй  ийм зүйл болсон. Би гарсан бодит хохирлыг төлнө...” гэж мэдүүлдэг.

Шүүгдэгч Э.М нь хохирогчийн эзэмшилд дураараа нэвтрэн орсон тухайн  үедээ прус модыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн хохирогчийн эрүүл мэнд эрх чөлөөнд хууль бусаар, аюултайгаар хүч хэрэглэсэн довтолгооныг бодитой хийж хохирогчийг модоор цохих, чичих зэргээр халдлагыг үргэлжлүүлж байсны улмаас хохирогч Г.М нь түүний довтолгооны үйлчлэлд өртөж арагшаа унасан, мөн унаж байх тухайн мөчдөө прус модоор нүүрэн тус газартаа цохиулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Р, О.Г, хохирогч Г.М нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Э.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд биеэ барьж асуудлын учир шалтгааныг олж, хүлээцтэй хандаж хүний эрхэм чанарыг хүндэтгэхгүй, ахмад настай хүнд хэт дээрэлхүү, түрэмгий хандаж тухайн үед үүссэн хэрүүл маргааныг хүч бяраар шийдвэрлэж буй ухамсар дутсан, түргэдсэн, хэрцгий догшин зан байдал нь шууд нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Э.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Г.М нь эмчилгээний төлбөрт 8.791.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хохирогчийн өмгөөлөгч Р.Чинбаа нь “...гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэл санааны байдал хэцүү байгаа, иймд сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлж тооцож өгнө үү...” гэсэн саналыг гаргажээ.

Хохирогч Г.М-д хөнгөн гэмтэл учруулсны улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэл тогтоогдсон бөгөөд Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №25 дугаар тогтоолын дагуу сэтгэл санааны хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлэн тооцож, 3,300,000 төгрөг, эмчилгээний төлбөрт 8,891,000 төгрөг, нийт 12,191,000 төгрөгийг шүүгдэгч Э.М-с гаргуулан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.М болон түүний өмгөөлөгчөөс хохирол төлбөрийг нөхөн төлөх зорилгоор шүүх хуралдаанаас 5 хоногийн хугацаагаар завсарлага авсан бөгөөд уг хугацаанд 500,000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан байх тул үлдэх 11,691,000 төгрөгийг Э.М-с гаргуулж, хохирогч Г.М-д олгохоор шийдвэрлэв.

Түүнчлэн хохирогч Г.М-н эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үйлчилгээ авсан 217,820 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч Г.М нь цаашид шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон бусад хохирлын асуудлаар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хохирогчид учирсан хохирлыг ажиллаж байж төлнө. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Э.М үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Э.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь шүүхээс оногдуулсан дээрх 1,350,000 төгрөгийн торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.М-с нийт 11,908,820 /арван нэгэн сая есөн зуун найман мянга найман зуун хорь/ төгрөгийг гаргуулж, 11,691,000 /арван нэгэн сая зургаан зуун ерэн нэгэн мянга/ төгрөгийг хохирогч Г.М-т, 217,820 /хоёр зуун арван долоон мянга найман зуун хорь/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт тус тус олгосугай.

6. Хохирогч Г.М нь цаашид шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон бусад хохирлын асуудлаар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн өөр эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.БОЛДБААТАР