Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 398

 

МАГАДЛАЛ

 

2019.03.01                                                 Дугаар 398                                     Улаанбаатар хот

 

 

 

 

Ц.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/02718 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Ц, Р.С, А.Э нарт холбогдох,

 

10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Д.Ц-гийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаан:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г,

Хариуцагчийн өмгөөлөгч: О.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 хороо, 1 хэсэг, Дүнжингарав, 1-21 тоотод байрлах 678.1 м.кв талбай бүхий газрыг Д.Ц-гаас 10 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл дээр Д.Ц-гийн нэр дээр газрын гэрчилгээ гарсны дараа Д.Ц нь Ц.Э-ын нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Ингээд 2017 оны 4 дүгээр сард Д.Ц-гийн нэр дээр газрын гэрчилгээ гарсан хэдий ч Ц.Э-ын нэр дээр газрын гэрчилгээг шилжүүлэхээс татгалзсан тул Д.Ц-д газрыг худалдан авахаар өгсөн 10 000 000 төгрөгийг хариуцагч Д.Ц, Р.С, А.Э нараас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Тухайн үед би гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн боловч надад мөнгө өгөөгүй. А.Э-ын данс руу Ц.Э өөрөө 8 000 000 төгрөг шилжүүлсэн. Ц.Э-ын данснаас А.Э-ын данс руу шилжүүлсэн болох нь дансны хуулга, орлогын баримтаар нотлогдож байгаа. Гүйлгээний утганд газар худалдаж авах төлбөр гэж бичигдсэн байдаг. 2014 онд намайг ажил дээрээ байхад Р.С ирээд таны нэр дээрх Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо Дүнжингарав 1-21 тоотод байрлах газрыг хүнд зарахаар боллоо. Та эхлээд гэрээ хийчих. Гэрээгээ байгуулсны дараа мөнгийг нь авна гэж хэлсэн учир нотариат орж гэрээ байгуулсан. Гэтэл хэсэг хугацааны дараа мөнгө орж ирээгүй. Энэ талаар намайг асуухад таны нэр дээрх газрыг авахаа больсон. Оронд нь өөр хүний газар авахаар болсон гэсэн гэжээ.

Хариуцагч Р.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 1 дүгээр хэсэг, 1-21 тоотод байрлах газрын гэрчилгээ гараагүй, кадастрын зурагтай байсан бөгөөд Д.Ц-гийн нэр дээрх газрыг Ц.Э гэдэг хүнд А.Э гэдэг хүн холбож үзүүлээд, 10 000 000 төгрөгөөр худалдсан. Гэрчилгээ нь хэзээ гарах эсэх нь тодорхойгүй гэдгийг Ц.Э өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ингээд бэлэн байсан 2 000 000 төгрөгийг надад өгсөн. Үлдэх 8 000 000 төгрөгийг дансаар А.Э-ын данс руу орсон. Тухайн үед надад дансаар шилжүүлж авах боломжгүй байсан тул А.Э-ын данс руу шилжүүлэн, дараа нь А.Э-аас энэ мөнгийг би авсан. Эгч болох Д.Ц нь энэ мөнгөнд оролцоогүй. Би 10 000 000 төгрөгийг 6 сарын дотор төлөхийг хүлээн зөвшөөрч байна, уг асуудлыг би хариуцна гэжээ.

Хариуцагч А.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2014 оны өвөл 2 сарын хавьцаа Ц.Э надаас зайсанд 1 айлын газар  байна уу гэсний дагуу Р.С-тэй уулзуулаад тэр ч газраа наймаалцахаар болоод зуучилсан. Би зуучлалын хөлсөө аваад, түүнээс хойш юу болсныг мэдэхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Ц , Р.С нараас 10 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Э-д олгож, хариуцагч А.Э-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц , Р.С нараас улсын тэмдэгтийн хураамжид 174 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Э-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Ц-гийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Д.Ц , Ц.Э нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасныг зөрчсөн байна. Д.Ц г 10 000 000 төгрөгийг хүлээн авсан гэж дүгнэсэн нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч нь хэн хэнээс хэдэн төгрөг шаардаж байгаа нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, мөн гэрээ байгуулагдсан гэж үзсэн бол хэн хэзээ гэрээнээс татгалзсан, цуцалсан талаар дүгнэлт хийгээгүй хэрнээ Д.Ц , Р.С нараас 10 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны байж чадахгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд давж заалдах шатны шүүх засах боломжгүй дараах зөрчлүүд гарсан байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн итгэмжлэгдсэн эрх дуусгавар болсон байхад хэргийг шийдвэрлэсэн, шүүх хуралдааны тэмдэглэл дутуу буюу 3 дугаар хуудас байхгүй, хэлцлийн хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийгээгүй, Р.С , А.Э нарын тайлбарыг тодруулан хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Д.Ц-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, 10 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь А.Э , Р.С нарыг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг шүүх хангасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Д.Ц тай 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр газар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг өгсөн, хариуцагч нь газрын гэрчилгээг Ц.Э-ын нэр дээр шилжүүлэхээс татгалзсан...” гэж тайлбарлаж, хариуцагч Д.Ц нь “...гэрээний дагуу мөнгө аваагүй...” гэсэн бол хариуцагч А.Э нь газар худалдахад зуучилж өгсөн, хариуцагч Р.С нь 10 000 000 төгрөгийг би авсан, энэ мөнгө Д.Ц-д хамааралгүй...” гэх тайлбарыг гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Ц.Э , Д.Ц нарын хооронд 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан хэлцлээр хариуцагч нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хэсэг, Дүнжингарав, 1-21 тоотод байрлах 678.1 м.кв талбай бүхий газрыг 10 000 000 төгрөгөөр худалдах, Д.Ц-гийн нэр дээр газрын гэрчилгээ гарсаны дараа гэрчилгээг Ц.Э-ын нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон. 2017 оны 4 дүгээр сард Д.Ц-гийн нэр дээр газрын гэрчилгээ гарсан, нэхэмжлэгч нь гэрээний зүйлийн үнэ гэх 8 000 000 төгрөгийг А.Э-ын дансанд, 2 000 000 төгрөгийг хариуцагч Р.С д өгсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Э , хариуцагч Д.Ц нарын хооронд Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч гэрээний зүйлийн үнийг нэхэмжлэгч нь хариуцагч Д.Ц-д хүлээлгэн өгөөгүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул 10 000 000 төгрөгийг тухайн хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг гэрээгээр тохиролцсоны дагуу өөр этгээдэд хүлээлгэн өгч болох боловч Д.Ц нь газрын үнэ 10 000 000 төгрөгийг Р.С д өгөхийг зөвшөөрсөн гэх байдал тогтоогдоогүй, түүнчлэн хариуцагч А.Э 10 000 000 төгрөгийг төлөх хуулийн үндэслэлгүй байна. Хариуцагч Р.С нь 10 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй, мөнгийг хууль болон гэрээний дагуу авах эрхтэй болохоо баримтаар нотлоогүй тул түүнээс уг мөнгийг гаргуулах үндэслэлтэй.  

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/02718 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Р.С гээс 10 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Э-д олгож, Д.Ц , А.Э нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

шийдвэрийн 2 дахь заалтад “...Д.Ц , Р.С нараас” гэснийг “Р.С гээс” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгч О.О-аас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 174 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

            ШҮҮГЧИД                                  А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                               М.НАРАНЦЭЦЭГ