Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа,

Улсын яллагч Б.Батбаяр, 

Шүүгдэгч Н.Ариунболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татсан тогтоол үйлдэж ирүүлсэн Ханги овогт Нямын Ариунболдод холбогдох эрүүгийн 201710010145 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн  Хатанбулаг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн Замын-Үүд сумын 1-р баг, 150-30 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, Ханги овогт Нямын Ариунболд /ЕМ82080970/

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч  Н.Ариунболд нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ эхнэр Т.Отгонтуяаг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татсан тогтоолд авагдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Н.Ариунболдын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 07-нд 18:00 цагийн үед манай найзын төрсөн өдөр болоод эхнэртэйгээ хамт очсон. Тэгээд тэнд 2 шил архи уусан. Тэндээсээ 22:00 цагийн үед гарсан. Тэгээд гэр лүүгээ явах замдаа би дахиад нэг шил архи ууна гэж гарсан тэгтэл эхнэр дахиж архи уух гэлээ гэж уурласан. Эхнэр бид 2 гэр лүүгээ явах замдаа явган явж хоорондоо хэрүүл хийсээр байгаад гэрийнхээ гадаа буюу Соёмбо хотхон байрны гадаа хэрэлдэж маргалдсан тэгээд би эхнэрийнхээ нүүрэн тус газар руу 2 удаа гараараа цохиж зодсон тэгээд би гэр рүүгээ орсон. Эхнэрийг гэр рүүгээ оръё гэсэн боловч ороогүй. Гэрийн гадаа ганцаараа үлдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм зүйл гаргахгүй, эхнэр бид хоёр эвлэрээд хамт амьдарч байгаа...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 09/,

- Хохирогч Т.Отгонтуяа хэрэг бүртгэлтэнд өгсөн: “... Манай нөхрийн найзын төрсөн өдөр болоод нөхөр бид 2 нилээн орой 21:00-22:00 цагийн үед найзынхаа гэрт нь очсон тэгээд төрсөн өдрийг нь тэмдэглээд нилээн сууцгаасаан тэгээд тэнд бид дөрөв 2 шил архи уусан. Манай нөхөр нилээн согтсон байсан тэгээд гэр рүүгээ явахаар болоод цаг харахад 05:00 цаг өнгөрч байсан. 2017 оны 06 дугаар сарын 08-ны өглөө үүрээр 05:00 цагт нөхрийнхөө найзынхаас нь гараад гэр рүүгээ хоёулаа алхсан. Тэгтэл нөхөр гэр рүүгээ явж байх хугацаанд “Чи шүүхэд салах өргөдөл өгсөн байна” гээд хэрүүл хийж эхэлсэн. Бид хоёр энэ байдлаас болж хоорондоо хэрэлдэж маргалдаж явсаар гэрийнхээ ойролцоо ирсэн. Би уг нь нөхрийгөө айлгах гэж шүүхэд эвлэрүүлэн зуулчлагчид өргөдөл өгч хандсан байсан юм. Тэгээд маргааш өргөдлөө авчихъя гэж бодож байсан чинь нөхөр маань “Би маргааш очоод гарын үсэг зураад өгье, тэгье хоёулаа салъя” гээд орилж хашгираад байсан. Тэгээд миний мууг үзэж өргөдөл өглөө гээд нүүрэн тус газар руу нилээн хэдэн удаа цохиж үснээс зулгаасан. Тэгээд зодчихоод гэр рүүгээ яваад өгсөн. Би яаснаа сайн мэдэхгүй нэг мэдэхэд эмнэлэгт хэвтэж байсан. Тэрхэн хугацаанд зодуулснаас болж ухаан алдсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 190 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Т.Отгонтуяагийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, эрүүний зүүн тал, хүзүүний урд дунд талд цус хуралт, баруун гарын ар талд цус хуралт, баруун бугалганы дотор талд цус хуралт, баруун шууны ар дунд талаар цус хуралт, зүүн бугалганы гадна дунд талд, дотор доод талд цус хуралт, зүүн шууны дотор дээд талд зулгаралт, зүүн шууны дотор дээд талд цус хуралт, хэвлийн зүүн хажуу хэсгээр цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтлүүд хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.
  3. Дээрхи гэмтлүүдийн тархи доргилт гэмтэл нь дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, эрүүний зүүн тал, хүзүүний урд дунд талд цус хуралт, баруун гарын ар талд цус хуралт, баруун бугалганы дотор талд цус хуралт, баруун шууны ар дунд талаар цус хуралт, зүүн бугалганы гадна дунд тал, дотор доод талд цус хуралт, зүүн шууны дотор дээд талд зулгаралт, зүүн шууны дотор дээд талд цус хуралт, хэвлийн зүүн хажуу хэсгээр цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт гэмтлүүд нь дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
  4.  Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

     5. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-р заалт болон 2.6-р заалтыг үндэслэн гаргасан болно.

     6. Шинээр илэрсэн зүйлгүй болно гэсэн дүгнэлт /хх-ийн 19/,

- Н.Ариунболдын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 30-31/,

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг судалсан болно.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокуророос Н.Ариунболдын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг гэж яллагдагчаар татсан тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй ба түүний үйлдэл нь дээрхи гэмт хэргийн Эрүүгийн хуульд заасан бүрэлдэхүүний бүх шинжийг хангасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай баримтууд байх тул шүүх үнэн зөв гэж үзэж тогтоолдоо үндэслэв. Эдгээр нотлох баримтуудыг шүүх, шүүгдэгч Н.Ариунболдын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Иргэн Т.Отгонтуяагийн биедээ авсан гэмтэл нь тэдний таарамжгүй харьцаанаас үүссэн ба шүүгдэгч Н.Ариунболдын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь дээр дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэргийн нөхцөл байдлаар хангалттай бүрэн тогтоогдож байх тул Н.Ариунболдыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгч Н.Ариунболд ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар үйлдснийг хүндүүлэх нөхцөлд, анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөлөөр харгалзан  үзэв.    

Шүүгдэгч Н.Ариунболд нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.   

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ханги овогт Нямын Ариунболдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Дорноговь аймгийн Замын Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч Ханги овогт Нямын Ариунболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Н.Ариунболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Н.Ариунболдод урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ