Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 158/ШШ2022/0030

 

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 158/ШШ2022/0030

Булган аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******,

Хариуцагч: Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурал /дарга *******/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын хоорондын Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Х дугаар хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******-ийн захирал *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагч Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурал /дарга *******/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гэрч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч ******* нь Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар маргаж байна.

2. Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 133 дугаартай тогтоолоор тус аймгийн Сайхан сумын Хүн эмнэлгийн байрыг мөн сумын Эмийн эргэлтийн санд шилжүүлж шийдвэрлэсэн.

Харин 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Х хуралдаан болж, тус хуралдаанаас гаргасан 12 дугаартай тогтоолоор Сайхан сумын Мөнгөн тун ХХК-ийн үйл ажиллагаагаа явуулж байгаа барилгыг тус сумын Эрүүл мэндийн төвд санхүүгийн тайлангийн дүнгээр шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Иймд нэхэмжлэгч нь Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж маргасан байна.

1. Хариуцагчийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 12 дугаартай тогтоолыг Булган аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 132 дугаартай албан бичгээр мөн аймгийн Сайхан сумын Засаг дарга Д.Сансар-Очирт хаяглан хүргүүлсэн байх ба нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, мэдсэн талаараа 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ тайлбарлажээ.

Тиймээс уг нэхэмжлэлийг гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2022 оны 7 дугаар сарын 04 болон 18-ны өдрүүдийн аль алинаас нь ч эхлэн тоолсон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан хугацааны дотор байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: М.Батсүрэн миний бие нь Булган аймгийн Сайхан суманд үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангийн эрхлэгч 1997 онд одоогийн байрлаж байгаа байранд байхад нь хүлээж авсан. Тэр үед сумдын эмийн сангууд эм тариагаар тасалдаж дампуурсан байдалтай байсан ба энэ үед Эрүул мэнд, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын нарын хамтарсан 1997 оны 8 сарын 30-ны өдрийн А/295/286-р тушаал гарч Сумдад эмийн эргэлтийн мөнгөн сан байгуулж эм хэрэгслийг хуваарилан аж ахуйн тооцооны үндсэн дээр ажиллуулахаар шийдвэрлэсэн.

Ингэж Эмийн эргэлтийн сан нэртэй эмийн сан ажиллаж байхад 1997 оны намар Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Япон улсын Сасаково сангаас хэрэгжүүлсэн Хамт олон-Эрүүл мэнд төслийг Булган аймгийн бүх сумдын эмийн сангуудад хэрэгжүүлж, манай эмийн санд 4.9 сая төгрөгний эм эмнэлгийн хэрэгсэл олгосноор үйл ажиллагаа хэвийн явагдаж төсөл амжилттай хэрэгжсэн.

Энэ хугацаанд эмийн санд мөрдөгдөх стандарт шаардлага тавигдаж ирсэн тул ажлын байраа өөрийн мэдэлд авч засаж сайжруулах хүсэлтийг орон нутгийн захиргааны байгууллагад удаа дараа тавьсны дүнд хүсэлтийг маань аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад уламжилснаар уг асуудлыг 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шийдвэрлэж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 133 тоот тогтоол гаргасан.

Уг тогтоолд: Сайхан сумын хүн эмнэлгийн хуучин төрөхийн өмнөх байр /данс бүртгэлд тусгагдаагүй/-ыг сумын Эмийн эргэлтийн санд шилжүүлсэн. Энэ шийдвэрийн дагуу манай байгууллага үндсэн хөрөнгө хүлээн авах шилжүүлэх баримт үйлдэн хүлээн авсан. Манай эмийн сан нь эмийн сангийнхаа газрыг 2007 онд 60 жилийн хугацаагаар эзэмших зөвшөөрөл авч 2009 онд эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслээр үйлчлэх ******* болсон.

Ингэж ажиллаж байх хугацаанд аймгуудын сумын Эмийн эргэлтийн сангийн ажилтнуудаас хөдөө орон нутагт ажилласны тэтгэмж, эмийн сангийн өмчийн асуудлуудыг шийдвэрлүүлэх талаар санал хүсэлтийг Эрүүл Мэндийн Яаманд тавьснаар Эмийн эргэлтийн сангийн асуудлыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн албан тоот аймгуудад хүргүүлсний дагуу 2017 онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 149-р тогтоол, зарим сумдын Эмийн эргэлтийн сан-гуудын эм барааг тэдэнд шилжүүлэх мөнгөн дэмжлэгийн жагсаалтыг баталж, орон нутгийн өмчөөс хасах тогтоол гаргасан.

Манай байгууллагад 2009 онд барилгыг шилжүүлсэн. 2017 онд төслийн эм хэрэгслийг шилжүүлэн өглөө гэж ойлгон уг барилгыг засаж сайжруулах, эмийн сангийн стандарт шаардлагуудыг хангахын тулд 1983 онд Их -Эхлэлт нэгдлийн хөрөнгөөр аж ахуйн аргаар баригдсан барилгад жил бүр урсгал засвар үйлчилгээ хийж багагүй хөрөнгө зарцуулсан.

Гэтэл 2021 оны эцсээс уг барилгыг манай эмийн санд хэрхэн шилжүүлсэн талаар сумаас лавлаж улмаар сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэж өгөхийг сумын засаг даргад үүрэг болгосон албан тоот Засаг даргад өгснийг танилцуулахад нь манай байгууллагын зүгээс хариу тайлбар хүргүүлсэн. Дараа нь Орон нутгийн Өмчийн газар нь манай байгууллагад хүргүүлсэн 2022 оны 01 дүгээ сарын 06-ны өдрийн 11 тоот албан бичигтээ: Мөнгөн тун эмийн сангийн одоо ашиглаж буй барилгыг Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 133-р тогтоолоор Эмийн эргэлтийн санд шилжүүлэхээр зааснаас Мөнгөн тун ХХК-д шилжүүлээгүй, орон нутгийн өмчийн мэдлийнх тул чөлөөлж өгөхийг шаардсан... гэжээ.

Хариуцагч Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурал /дарга *******/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариу тайлбартаа: ...Сайхан сумын Эмийн эргэлтийн сангийн Мөнгөн тун ХХК нь 1997 онд НҮБ-ийн Хүүхдийн сан, Япон улсын Сасаково сангаас хэрэгжүүлсэн Хамт олон эрүүл мэнд төслийн 4,9 сая төгрөгийн санхүүжилтээр эм эмнэлэгийн хэрэгсэл авч, Эрүүл мэндийн сайдын 2006 оны 53 дугаар тушаалаар орон нутгийн өмчит суурилсан хуулийн этгээд байхаар заасны дагуу орон нутгийн өмчит аж ахуй нэгжийн статустайгаар үйл ажиллагаа явуулж байсан.

Эрүүл мэндийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1 а/45 тоот чиглэлийн дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 149 дүгээр тогтоолоор 4,9 сая төгрөгийн эм эмнэлэгийн хэрэгслийг орон нутгийн өмчөөс тухайн үеийн эмийн Эргэлтийн сан буюу одоогийн нэршилээр *******-д шилжүүлсэн. Тус тогтоолд эмийн сангийн барилгын асуудлыг огт хөндөөгүй бөгөөд *******- д барилгыг шилжүүлэх асуудлыг шийдээгүй болно.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 133 дугаар тогтоолоор тухайн үед данс бүртгэлд тусгагдаагүй байсан Сайхан сумын хүн эмнэлэгийн барилгыг Эмийн эргэлтийн санд шилжүүлж данс бүртгэлд тусгуулах шийдвэр гарсан.

Иймд *******-ийн эзэмшиж ашиглаж байгаа эмийн сангийн барилга нь орон нутгийн өмч тул Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит X хуралдаанаас Монгол улсын засагзахиргаа, нутагдэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2, 35 дугаар зүйлийн 35.1.11, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дахь заалт, аймгийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2014 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан Орон нутгийн өмчит хуулийн этгээд үндсэн хөрөнгө олж авах, худалдах, шилжүүлэх, актлах журам-ын 5 дугаар зүйлийн 5.4 дэх заалтыг үндэслэн *******-д ашиглагдаж байгаа Эмийн эргэлтийн сангийн барилгыг Сайхан сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлэх тухай тогтоолыг баталсан.

Булган аймгийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2014 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан Орон нутгийн өмчит хуулийн этгээд үндсэн хөрөнгө олж авах, худалдах, шилжүүлэх, актлах журам-ын 5 дугаар зүйлийн 5.4 Орон нутгийн өмчит байгууллагуудын зохион байгуулалт, албан ажлын зайлшгүй шаардлагын улмаас орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийг хооронд нь шилжүүлэхэд Өмчийн алба саналаа аймгийн ИТХ-д танилцуулан шийдвэрлүүлнэ гэж заасан байдаг.

Тус барилгыг Сайхан сумын Эрүүл мэндийн төв эмнэлгийн зориулалтаар ашиглах зайлшгүй хэрэгцээ шаардлага үүссэн тул дээрх барилгыг шилжүүлсэн. Иймд Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит X хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар тогтоол хууль зөрчсөн гэх үндэслэлгүй тус тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч *******-ийн захирал ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Мөнгөнтун ХХК-ийн захирал М.Батсүрэн миний бие нь Булган аймгийн Сайхан суманд үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангийн эрхлэгч 1997 онд одоогийн байрлаж байгаа байранд байхад нь хүлээж авсан. Тэр үед сумдын эмийн сангууд эм тариагаар тасалдаж дампуурсан байдалтай байсан ба энэ үед Эрүул мэнд, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайд нарын хамтарсан 1997 оны 8 сарын 30-ны өдрийн А/295/286-р тушаал гарч сумдад Эмийн эргэлтийн мөнгөн сан байгуулж эм хэрэгслийг хуваарилан аж ахуйн тооцооны үндсэн дээр ажиллуулахаар шийдвэрлэсэн. Ингэж Эмийн эргэлтийн сан нэртэй эмийн сан ажиллаж байхад 1997 оны намар Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Япон улсын Сасаково сангаас хэрэгжүүлсэн Хамт олон-Эрүүл мэнд төслийг Булган аймгийн бүх сумдын эмийн сангуудад хэрэгжүүлж, манай эмийн санд 4.9 сая төгрөгийн эм эмнэлгийн хэрэгсэл олгосноор үйл ажиллагаа хэвийн явагдаж төсөл амжилттай хэрэгжсэн. 1997 онд намайг эмийн санг хүлээж авахад 1983 онд Сайхан сумын Их-Эхлэлт нэгдлийн дарга Чимэдлхам гэдэг хүний олж өгсөн барилга нь нэг талдаа төрөхийн өмнөх, нөгөө талдаа эмийн сангийн үйл ажиллагаа явуулдаг барилгад үйл ажиллагаагаа явуулж эмийн сангийн ажлыг хүлээн авч өнөөдрийг хүртэл эмийн сангийнхаа үйл ажиллагааг тасралтгүй жигд хүртээмжтэй ард иргэдийг эм, эмнэлгийн хэрэгслээр хангаж ажиллаж байгаа. Эмийн сангийн удирдах зөвлөл аймаг сумын Засаг дарга нар, Хурлын дарга нар, Хяналтын зөвлөлийн дарга гээд төслийг удирдаж хэрэгжүүлж байсан. Удаа дараагийн аймаг, улсын мэргэжлийн хяналтын албанаас эмийн сан эм тариатай болсон учир байр байшингийн асуудлыг аймаг, сум нь орон нутагтаа шийдвэрлэж өг гэсэн шаардлага тавьсан. Эмийн сангийн шаардлагыг хангахгүй бол тусгай зөвшөөрөл сунгахгүй, эмийн санг ажиллуулахгүй гэдэг шаардлага тавьж байсны улмаас бид нар улсын эмийн сангуудын эрхлэгч нарын удирдах ажилтны зөвлөгөөн аймаг, улсад удаа дараа хийгдэж байсны үндсэн дээр орон нутагт нь эмийн сангийнх нь барилгын асуудлыг шийдвэрлэж өг гээд 2009 онд Булган аймгийн Сайхан сумын хоёр давхар эмнэлгийн барилга ашиглалтад орж 1973 онд хүн эмнэлэг нэг давхар эмнэлгийн байртай байсан. Ингээд хоёр байртай болсон учир эмийн сангийн байр барих шаардлага байхгүй учир ашиглаж байгаа байрыг нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 133 тоот тогтоолоор эмийн сангийн байртай болсон. 1997 оноос хойш засвар үйлчилгээг өөрийн эмийн сан болон өөрийн хувь хөрөнгөөр 20 гаруй сая төгрөгийн засвар хийж үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Ингээд 2021 онд Сайхан сумын Засаг дарга эмийн эргэлтийн сангийн барилгын талаар судалгаа явуулж эмийн эргэлтийн санг хүн эмнэлэгт хүлээлгэж өг гэсэн Орон нутгийн өмчийн газрын албан тоот ирснийг Засаг дарга тантай холбоотой учир та холбогдох бичиг баримтыг явуулаад үйл ажиллагаагаа явуулж бай. Сайхан сумын эмийн сангийн үйл ажиллагааг хааж ард иргэдийг эм тариагаар нь тасалдуулах боломжгүй. Эмийн сангаа бид нар дэмжиж ажиллана гэсний үндсэн дээр эмийн сангийн барилгыг эмийн эргэлтийн санд хүлээлгэж өгсөн. Эмийн санд өөрийн хөрөнгөөр засвар үйлчилгээ хийж, ард иргэддээ эм тариагаар тасралтгүй жигд хүртээмжтэй аймаг улсаа манлайлан олон жил тогтвор суурьшилтай ажилласан учир хүлээлгэж өгөх боломжгүй гэсэн бичиг явуулсан. Гэтэл 2022 оны 06 дугаар сарын 23-нд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдааны 12 дугаар тогтоолоор ...эмийн сангийн барилгыг эмнэлэгт хүлээлгэж өг гэсэн бичиг ирснийг намайг үйлчлүүлэгч олонтой байх үед Дулам эмч орж ирээд та энэ бичигтэй танилцаарай гээд өгөхөөр нь цаашаа тавьчихаад үйлчлүүлэгчдээ явуулчихаад бичгийг үзэхэд 07 дугаар сарын 29-ний өдрийн дотор эмийн сангийн барилгыг Эрүүл мэндийн төвд хүлээлгэж өг гэсэн бичигтэй танилцаад хүлээлгэж өгөх боломжгүй. Булган аймгийн Сайхан сумын эмийн сан байхгүй болох юм бол 3700 гаруй ард иргэдийн маань эрүүл мэнд, амь насанд хохиролтой. Эмийн эргэлтийн сан Монгол улсын төрийн бодлого, Нэгдсэн үндсэний бодлогоор ард иргэдийг эм тариагаар тасалдалгүй жигд хүртээмжтэй хангаж ажиллах зорилготой. Би зорилгоосоо ухраагүй эрүүл мэндийн салбарт 40 гаруй жил тасралтгүй өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Эмийн сангийн барилгыг 1983 онд аж ахуйн аргаар баригдсан барилгын стандарт шаардлагыг хангахгүй нуралттай, доошоогоо шавар унаж, дээврээсээ бороо, цас гоождог, хана цуурсан байдалтай байсан. Хүчтэй цасан шуурга болж газар хөдлөхөд чичиргээн үүсч нуралт үүсч байсан. Би өөрийнхөө хөрөнгөөр боломжоороо дээврийг нь нөхөж зассан. Шалыг нь бүрэн сольж пялтаан шалтай болгосон. Цонхыг нь вакум болгоход нийт 20 гаруй сая төгрөгийн засвар үйлчилгээ хийгээд халаалт тавьсан. Халаалт тавьсан боловч бохир, цэвэр ус байхгүй учир орчин үеийн эмийн сангийн барилгын стандарт шаардлагыг хангахгүй байна гэдэг байсан учир мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг урьж дүгнэлт гаргуулсан... Сайхан сумын эмнэлэг, эмч нарын хоёр өрөө байр, Сайхан Овоогийн нүүрсний уурхайд бага эмчийн ортой салбар, Сайхан суманд 2009 онд ашиглалтад орсон хоёр давхар барилга, 1973 онд цэргийн ангийн барьж өгсөн нэг давхар барилга байгаа. Өрөө тасалгаа нь хангалттай, нэг өрөөнд нь хувийн жижиг эмийн сан ажилладаг. Бусад ашиглагдахгүй өрөө тасалгаанд хүрэлцээтэй байдаг... Албан ёсоор орон нутгийн өмчийн газраас надад бичиг ирж байгаагүй... гэв.

Хариуцагч Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурал /дарга *******/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Мөнгөнтун ХХК эмийн эргэлтийн сан нь Эрүүл мэндийн сайдын 2006 оны 53 дугаартай тушаалаар орон нутгийн өмчид суурилсан хуулийн этгээд байхаар заасны дагуу орон нутгийн өмчит аж ахуй нэгжийн статустайгаар үйл ажиллагаа явуулж байсан. Орон нутгийн өмчид суурилсан аж ахуй нэгж байсан нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүл мэндийн сайдын 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 297 дугаартай тушаалын Эмийн эргэлтийн сангийн ажиллах журмын 1.2-т Эмийн эргэлтийн сан нь орон нутгийн өмчид суурилсан хуулийн этгээд байна гэж зааснаар, мөн Эрүүл мэндийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1А/4515 гэсэн албан тоотод, мөн сумын Эмийн эргэлтийн сан нь орон нутгийн өмчид суурилсан хуулийн этгээд байна гэж заасны дагуу Эмийн эргэлтийн сангийн хөрөнгийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэсэн албан бичгүүдээр орон нутгийн өмчит аж ахуй нэгж байсан болох нь нотлогдож байгаа. Мөн Эрүүл мэндийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1А/4515 тоот чиглэлийн дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 149 дүгээр тогтоолоор 4.9 сая төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг орон нутгийн өмчид тухайн үеийн эмийн эргэлтийн сан буюу одоогийн нэршлээр Мөнгөнтун ХХК-нд шилжүүлсэн. Тус тогтоолд эмийн сангийн барилгын асуудлыг огт хөндөөгүй. Мөнгөнтун ХХК-нд шилжүүлэх барилгын асуудлыг шийдээгүй. Мөн эмийн эргэлтийн сан нь орон нутгийн өмчид суурилсан аж ахуй нэгж байсан тул аймгийн иргэдийн Хурал орон нутгийн өмч хөрөнгөө захиран зарцуулах эрхийнхээ үүднээс 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 133 дугаар тогтоолоор тухайн үед данс бүртгэлд тусгагдаагүй байсан Сайхан сумын хүн эмнэлгийн барилгыг эмийн эргэлтийн санд шилжүүлж данс бүртгэлд тусгуулах шийдвэр гарсан. Шилжүүлнэ гэдэг нь тухайн хуулийн этгээдэд эзэмшүүлж ашиглуулахыг илэрхийлсэн ойлголт. Өмчлүүлнэ гэдэг нь тусдаа ойлголт байдаг. Уг барилга нь орон нутгийн өмч хэвээрээ байсан учир Мөнгөнтун ХХК нь тус барилгыг хувьчилж авахаар аймгийн Засаг даргад 2019 онд, мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт албан тоот явуулсан байдаг. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр орон нутгийн өмчийн газарт, Эрүүл мэндийн газарт гээд эдгээр байгууллагуудад хувьчилж авах хүсэлтүүдийг тус тус явуулсан байдаг. Орон нутгийн өмчийн барилга гэдгийг хүлээн зөвшөөрөөд эдгээрийг хувьчилж авъя гэдэг хүсэлтүүдээ эдгээр байгууллагуудад явуулсан байдаг. Албан тоотууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Эрүүл мэндийн төвийн барилга орон нутгийн өмч тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн орон нутгийн өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхийнхээ үүднээс Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйл, 35 дугаар зүйлийн 35.1.11, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дахь заалт, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан орон нутгийн өмчит хуулийн этгээд, үндсэн хөрөнгө олж авах, худалдах шилжүүлэх актлах журамд энэ барилга хамаарагдах, журмаар зохицуулагдах учир иргэдийн Хурал өмч хөрөнгөө захиран зарцуулах эрхийнхээ дагуу ээлжит 10 дугаар хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар тогтоолоор тус барилгыг Сайхан сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлэхээр тогтоолыг баталсан. Энэ тогтоолыг батлахдаа иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан журмын 5.4-ийг үндэслэж тогтоолыг баталсан. Сонсох ажиллагаа явуулсан гэдэгт Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг дараах хэлбэрээр явуулна гэж байгаа. Үүнд биечлэн уулзах, албан бичгээр саналыг авах гэсэн хэлбэрүүд байгаа. Орон нутгийн өмчийн газар нь тогтоолыг батлуулахдаа буюу энэ өмч хөрөнгийг шилжүүлэх гэж байна гэдэг асуудлаа иргэдийн Хуралд танилцуулахдаа сонсох ажиллагааг хийсэн. Сонсох ажиллагааг дараах байдлаар хийсэн гэж танилцуулсан. Энэ нь Орон нутгийн өмчийн газраас Мөнгөнтун ХХК-нд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 11 дугаартай албан тоот хүргүүлсэн байдаг. 11 дугаартай албан бичигт энэ барилга нь Орон нутгийн өмчийн мэдэлд байдаг тул чөлөөлөхийг үүгээр мэдэгдэж байна гэсэн албан тоот хүргүүлсэн. Мөн Орон нутгийн өмчийн газрын дарга Баттулга нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг тооллогоор Сайхан суманд ажиллахдаа Сайхан сумын Засаг даргын Тамгын газар Мөнгөнтун ХХК-ийн удирдлагыг дуудаж биечлэн уулзсан. Биечлэн уулзаад орон нутгийн өмчийн барилгыг чөлөөлж өгөх талаар ярилцаж санал, хүсэлтийг нь сонссон. Ийм учраас сонсох ажиллагаа хийсэн гэж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж 06 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаартай тогтоолыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хууль зөрчсөн тогтоол батлаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Сонсох ажиллагаа явуулсан эсэхтэй холбогдуулан Орон нутгийн өмчийн газрын ахлах мэргэжилтэн Уламбаярыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан байгаа... гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Булган аймгийн Сайхан сумын Мөнгөнтун ХХК-ийн нэхэмжлэлийн гол шаардлага нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдааны 12 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага байгаа. 12 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахтай холбоотой ямар үйл баримт байна вэ гэвэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь энэ шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагуудыг хангаагүй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Эмийн эргэлтийн сан гэдэг нь ямар утга учиртай хэзээ байгуулагдсан юм бэ гэхээр хэдийгээр тогтоолыг зөвхөн хүчингүй болгуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Эмийн эргэлтийн сан гэдэг байгууллага юм уу, чухам юу юм бэ гэдгийг судалж үзсэн. Ингэхэд Эмийн сангуудыг удирдах конторын харьяа байсан сумын эмийн сангуудыг 1997 онд Эмийн сангуудыг удирдах контор гэдэг байгууллага татан буугдсан юм уу, Эм инпекс концеринг-ийн харьяа болж байгуулагдахдаа сумдынхаа эмийн санг тухайн орон нутгийн эмнэлэгт өгсөн байдаг. Үүнээс улбаалан тухайн сумын Эрүүл мэндийн газарт эмийн сан нь ажилласан. Гэхдээ Эрүүл мэндийн зарим газар нь эмийн сангаа авч ажиллуулаад явсан газар байна. Зарим нь бүр хаячихсан газрууд байна. Тэгтэл Эрүүл мэндийн яамнаас барьж буй чиглэлээр Эмийн эргэлтийн санг яаж байгуулах вэ гэхээр 1995 оноос эхлээд 2006 оныг хүртэл Эмийн эргэлтийн санг аж ахуйн тооцооны үндсэн дээр байгуул, дотоод тооцоотой ажилла гэдэг чиглэлийг өгсөн юм байна лээ. Энэ чиглэлийн дагуу аж ахуйн тооцоотой бие даагаад ажилласан эмийн эргэлтийн сан ердөөсөө байхгүй байсан учраас 2006 оноос Эрүүл мэндийн яамны 53 дугаартай тушаалаар журмаа өөрчлөөд орон нутгийн өмчит байгууллага болгоод ажилла гэсэн. Орон нутгийн өмчит байгууллага болж ажиллахаар үүнтэй холбоотой орон нутгийн өмчтэй аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өмчийнхөө эзний хувьд орон нутгийн өмчит байгууллагуудыг хэрхэн байгуулсан, яаж бүрдүүлсэн. Өмч буюу өөрөөр хэлбэл Эмийн эргэлтийн санд ямар хөрөнгө байгаа вэ гэдгийг тоолсон уу, бүртгэж авсан уу гээд үзэхээр өнөөдрийг хүртэл ийм баримт Орон нутгийн өмчийн газарт байхгүй. Эмийн эргэлтийн санг орон нутгийн өмчит байгууллага гээд байгаа боловч 2006 оноос, 2011 онд Эмийн эргэлтийн сангийн журам дахин өөрчлөгдсөн байсан. Тэр хүртэлх хугацаанд Эмийн эргэлтийн сан нь орон нутгийн өмч шүү гээд бүртгээд авчихсан зүйл байхгүй. Ийм үед буюу 2009 онд Булган аймгийн Сайхан суманд аж ахуйн аргаар баригдсан ямар ч хөрөнгө бүртгэлгүй барилгыг Эмийн эргэлтийн сангийн барилга болгож аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс тогтоол гаргаж шилжүүлээд өгсөн байхад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар буцаан шилжүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хуралдаанаар буцаагаад шилжүүлж байгаа нь үндэслэлгүй... гэв.

Гэрч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: ...2009 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол гарахад бүртгэлгүй байсан. Бүртгэлгүй буюу 1983 онд аж ахуйн аргаар баригдсан хөрөнгийг Мөнгөнтун ХХК-нд эзэмшүүлж ашиглуулсан... Өмчлөлийн асуудал нь ...Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар захиран зарцуулах эрх нь аймгийн Хурал, тухайн шатны сумынхаа Хуралд байдаг учиртай. Мөнгөнтун ХХК-ийн барилга орон нутгийн өмч гэдэг нь хэд хэдэн баримтуудаар нотлогддог. 2018 онд үл хөдлөх хөрөнгөд дахин үнэлгээ хийгдээд Мөнгөнтун ХХК үнэлгээ хийлгээд манайх руу тайлангаа ирүүлсэн байгаа. 2018 юм уу, 2019 оны тооллогын бүртгэл дээр мөн барилгыг хэрэгт авагдсан материалд орон нутгийн өмч биш гэж маргах зүйл байхгүй. 2017 онд байх аа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гараад тухайн сумдын эргэлтийн эмийн сангуудад хэрэглэгдэж байсан буюу амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор дэмжлэг болгож шилжүүлсэн. Бусад маргаан үүсгээд байгаа барилга байгууламж нь орон нутгийн өмчид хэвээр үлдсэн. Үүнийг 2017, 2018 онуудад Мөнгөнтун ХХК-аас саналаа тавиад аймгийн Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан бичигтэй Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хувьчилж худалдахаар зөвшилцөх санал явуулсан боловч санал дэмжигдэж ирээгүй. Энэ нь яагаад вэ гэхээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь салбарын яамтай зөвшилцдөг юм байна лээ. Тэгээд салбар Эрүүл мэндийн яамнаас нь хувьчилж худалдах боломжгүй юм аа гэдэг байдлаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тодорхой шийдвэр ирээгүй. Энэ асуудлаар Мөнгөнтун ХХК нь манай байгууллагад хэд хэдэн удаа хандсан. Яг үүнтэй холбоотой хувьчилж худалдахтай холбоотой Мөнгөнтун ХХК-нд манай газраас хэд хэдэн удаагийн бичиг явсан. 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тооллогын ажлаар явж байхад манай газрын дарга Баттулга нь Батсүрэн гэх хүнтэй өөрийн биеэр уулзсан юм байна лээ. Энэ байр нь Орон нутгийн өмчийн газрын мэдлийн байр. Энэ байрны асуудлын талаар Эрүүл мэндийн газарт тодорхой санал тавиад энэ газар руу шилжүүл гэсэн. Өмнө нь Орон нутгийн өмчийн байр юм чинь сумын Эрүүл мэндийн төвд шилжүүл гэдэг байдлаар хэд хэдэн удаагийн албан бичиг явуулсан. Энэ ажлаар тогтоол шийдвэр гаргах гэж байна шүү гэдгийг урьдчилсан байдлаар мэдэгдэж байсан гэж ойлгож болох байх аа гэж хэлэхийг хүсч байна. Хэрэгт шаардлагатай бүх баримтуудыг цуглуулж өгсөн байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан 17 дугаартай тогтоолоор баталсан журмаар яг энэ хөрөнгийг зөвхөн захиран зарцуулах эрх нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байгаа. Өнөөдрийн хувьд Мөнгөнтун ХХК-ийн эзэмшиж байсан барилгыг бид Эрүүл мэндийн төв рүү шилжүүлсэн асуудал болсон. Манай байрыг эзэмшиж ашиглаж байсан л асуудал байгаа. Бид тухайн үед төрийн болон орон нутгийн өмчийн мэдлийн байр тул энэ мөрдөгдөж буй журам зааврын хүрээнд түрээсэлж, ашиглаж бай гэдэг байдлаар сумдын Засаг дарга болон Эрүүл мэндийн төв рүү албан бичиг, тоотыг явуулж байсан. Бид тодорхой санал гарахад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн төв рүү шилжүүл гэсэн тогтоол гарсан учиртай... Элэгдлийн хугацаа байгаа. 2018 онд Монгол улсын Засгийн газрын тогтоол гараад 2018 онд Сангийн сайдын тушаалаар баталсан тодорхой аргачлалын дагуу үнэлгээ тогтоодог. Тухайн үед хийцээсээ шалтгаалан дээд тал нь 90 жил, модон хийцийн барилга доод тал нь 36 жил, зуны саравч амбаар 15 жил гэх мэт зүйл байгаа... Би 2019 оны тайланг сая харж байгаад ирлээ. 2019 оны тайлан гэдэг нь 2018 оны жилийн эцсийн тайлан гэсэн үг. 2017 он, 2020 онд ээлжит хоёр удаагийн тогтоол гараад тухайн үед Японы Жаяка төслөөр ирсэн эм, эмнэлгийн хэрэгслүүдийг бүрэн шилжүүлсэн. Засгийн газар болон салбарын яам нь ч гэсэн тийм бодлоготой байсан юм байна лээ. Миний мэдэж байгаагаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар руу хандсан. Манай газраас дэмжих боломжгүй юм аа гэсэн... Мөнгөнтун ХХК-ийн байрлаж байгаа байшин нь орон нутгийн өмч... 1998 он хүртэл үйл ажиллагаа нь доголдоод, 1998 оноос хойш төсөлт хөтөлбөрөөр дэмжлэг үзүүлээд жигдэрсэн юм шиг байна лээ. Манай аймгийн хэмжээнд 70 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт байдаг. Тэгээд яасан бэ гэхээр 2006 он хүртэл хэл чимээгүй явж байгаад 2006 онд Эрүүл мэндийн сайдын тушаал гараад 1998 онд эмийн эргэлтийн сангуудад өгсөн эргэлтийн хөрөнгө, бараа материалд тулгуурласан орон нутгийн өмчит аж ахуй нэгж бол гэсэн. Ингээд орон нутгийн өмчит биеэ даасан аж ахуй нэгж бол гээд аж ахуй нэгжүүд улсын бүртгэлд бүртгүүлсэн... Төрийн зүгээс буюу аймгийн Хурлын зүгээс болон тухайн сумын зүгээс Мөнгөнтун ХХК-ийг байгуулсан ямар нэгэн шийдвэр эрх зүйн актыг хараагүй учир байхгүй гэж хэлнэ... Аймгийн удирдлагууд дэмжээд Төрийн өмчийн хороо руу бичиг явуулсан. Яам дээр шийдвэрлэгдэхгүй гацаад байгаа. Салбарын яамнаас нь татгалзсан хариу ирсэн гэдэг зүйлийг хэлээд байгаа...Эмийн эргэлтийн сан гэж байж байгаад аж ахуйн тооцоон дээр ажиллах ХХК нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхдээ орон нутгийн өмчит гэж явах ёстой. Өнөөдрийн байдлаар 100% хувийн байдаг юм уу, өмчлөгч нь нэг гэж харж байгаа... Орон нутгийн өмч. Захиран зарцуулах эрх нь манай аймгийн Хуралд байгаа боловч Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө гээд хуульд биччихсэн байна... Улсын бүртгэлийн байгууллага дээр аж ахуй нэгжийн бүртгэл хийгдэхийн тулд 4.9 сая төгрөг юм уу, 5 сая төгрөгийн дэмжлэг нь хэдэн хувийг эзэлж байна вэ гэхээр 100% хувийн өмчит Мөнгөнтун ХХК болчихоод байгаа. Яг албан ёсоор аймгийн болон сумын Хурлаас энэ компанийг татан буулгая, нэгтгэн нийлүүлнэ гэдэг шийдвэр гараагүй... гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэл үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

а. Манай байгууллагад 2009 онд барилгыг шилжүүлэн өглөө гэж ойлгон уг барилгыг засаж сайжруулах, эмийн сангийн стандарт шаардлагуудыг хангахын тулд жил бүр урсгал засвар үйлчилгээ хийж багагүй хөрөнгө зарцуулсан,

б. Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 12 дугаартай тогтоолыг гаргахдаа *******-тай сонсох ажиллагаа явуулаагүй гэх агуулгаар мэтгэлцэж байна.

3. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартай харьцуулан судлахад дараах байдлууд тогтоогдлоо. Үүнд: Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 12 дугаартай Хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолоороо ...*******-д ашиглагдаж байгаа Эргэлтийн эмийн сангийн барилгыг тус сумын Эрүүл мэндийн төвд санхүүгийн тайлангийн дүнгээр шилжүүлсүгэй гэж шийдвэрлэснээр хэргийн оролцогчдын хооронд маргаан үүссэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн харилцааг нарийвчлан зохицуулсан хууль болох Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг 1996 оны 5 дугаар сарын 27-ны өдөр баталсан байх ба уг хуулийн 6 дугаар бүлгийг 1996 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс, бусад бүлгийг мөн оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс тус тус дагаж мөрдөж эхэлжээ.

Дээрх хуулийн 75 дугаар зүйлд орон нутгийн өмчийг олж авах хэлбэрийг заасан бөгөөд тус зүйлийн 1-д энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1-4... дахь хэсэгт заасан хэлбэрээр бий болсон эд хөрөнгө гэж, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д энэ хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчлөлд байсан эд хөрөнгө гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, гэрчийн мэдүүлгээр *******-ийн үйл ажиллагаагаа явуулж буй үл хөдлөх эд хөрөнгө /цаашид барилга гэх/ нь 1983 онд Булган аймгийн Сайхан сумын Их Эхлэлт нэгдэл гэж байх үед төрөхийн өмнөх эхийг байрлуулах зориулалтаар баригдсан болох нь тогтоогдож байна.

Тиймээс тухайн барилга нь 1996 оноос өмнө буюу 1983 онд баригдсан байсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар орон нутгийн өмчид хамаарна.

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын 1997 оны 08 дугаар сарын 30-ны өдөр баталсан а/295/286 дугаартай Эмийн эргэлтийн мөнгөн сан байгуулах тухай хамтарсан тушаалын 1-д Нийт сумдад Эмийн эргэлтийн мөнгөн сан байгуулах арга хэмжээг 1997-1998 онд багтаан зохион байгуулах..., 3-т Аймаг, нийслэл, сумдын эмнэлгийн эмийн сангуудыг аж ахуйн тооцооны үндсэн дээр /тусдаа данстай/ ажиллуулахыг эмнэлэг, сумдын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч нарт үүрэг болгосугай гэж,

- Эрүүл мэндийн сайдын 2006 оны 53 дугаар тушаалаар батлагдсан Эмийн эргэлтийн сангийн ажиллах журам-ын 1.2-т Сумын ЭЭС нь орон нутгийн өмчид суурилсан аж ахуйн нэгж байна гэж,

2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 297 дугаар тушаалаар батлагдсан Эмийн эргэлтийн сангийн ажиллах журам-ын 1.2-т Сумын ЭЭС нь орон нутгийн өмчид суурилсан хуулийн этгээд байна гэж тус тус зохицуулжээ.

Дээрх бүх хууль, хэм хэмжээний актуудад зааснаас харахад Булган аймгийн Сайхан сумын Эмийн эргэлтийн сан нь орон нутгийн өмчит хуулийн этгээд байхаар байна.

Харин Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, сум...-ийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна гэх зохицуулалт болон 77.2 дахь хэсгийн 3-т зааснаар орон нутгийн өмчит хуулийн этгээдийг үүсгэн байгуулах, татан буулгах бүрэн эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эдэлж, тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн өмчлөгч болно.

Хэргийн оролцогчид Сайхан сумын Эмийн эргэлтийн санг орон нутгийн өмчит хуулийн этгээд мөн эсэх талаар маргаагүй.

Харин нэхэмжлэгчийн үйл ажиллагаагаа явуулж буй барилгын өмчлөгч нь ******* болон Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын аль нь болох талаар маргаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч барилгыг Сайхан сумын Эмийн эргэлтийн санд шилжүүлсэн болохоос *******-нд шилжүүлээгүй гэх агуулгаар мэтгэлцэж байна.

Тиймээс энэхүү маргааныг шийдвэрлэхийн тулд Булган аймгийн Сайхан сумын Эмийн эргэлтийн сан болон ******* хоёр нь нэг хуулийн этгээд, эсхүл 2 тусдаа хуулийн этгээдийн аль нь болохыг тодорхойлох зайлшгүй шаардлага үүсч байна.

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын 1997 оны 08 дугаар сарын 30-ны өдөр баталсан а/295/286 дугаартай Эмийн эргэлтийн мөнгөн сан байгуулах тухай хамтарсан тушаалын 2 дахь зохицуулалтад Энэ тушаалын 1-дэд заалттай холбогдон эхний ээлжинд НҮБ-ын хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж буй "Хамт олон-Эрүул мэнд" төслийн хүрээнд "Эмийн эргэлтийн мөнгөн сан" байгуулах аймаг, сумдын нэрсийг хавсралтаар баталсугай, 4 дэх зохицуулалтын а-д сумдын эмнэлэгт Эмийн эргэлтийн мөнгөн сан-гийн эх үүсвэр бүрдүүлэхэд шаардлагатай хэмжээний эм, эмнэлгийн хэрэгслийг энэхүү тушаалын хавсралтын дагуу 1997 оны 9 дүгээр сарын 15-ны дотор хуваарилан олгосугай, хавсралтын 3-т Сумдын нэр: Сайхан, ...Нийт дүн: 4,954,472.70 гэснээс дүгнэхэд Булган аймгийн Сайхан суманд 1997 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд Эмийн эргэлтийн мөнгөн сан гэх бие даасан аж ахуйн тооцоотой, орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулагдаж, төрөөс олгож буй 4,954,472.70 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг хүлээн авч, санхүүжин үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байх агуулга илэрхийлэгдэж байна.

Гэтэл хэргийн оролцогчид, тэр дундаа орон нутгийн хөрөнгийн өмчлөгч болох Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний тухайн салбар хариуцсан мэргэжлийн байгууллагаас Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын а/295/286 дугаартай хамтарсан тушаалын хэрэгжилтийг хангаж Эмийн эргэлтийн мөнгөн сан-гийн үйл ажиллагааг тус аймгийн Сайхан суманд гүйцэтгэх орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулсан талаарх нотлох баримтыг өгөөгүйн дээр Сайхан сумын Эмийн эргэлтийн сан[1], ******* хоёрын үйл ажиллагааны зааг ялгааг гаргасан тайлбар, нотлох баримтыг шүүхэд тодорхой гаргаж өгсөнгүй.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 онд батлагдсан/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 31 дүгээр зүйлд зааснаар дээрх Эмийн эргэлтийн мөнгөн сангийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан талаарх бүртгэлийг Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн байх учиртай бөгөөд бүртгэлтэй холбогдох баримт бичгүүд тухайн хэлтсийн архивт хадгалагдана.

Тус шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивт хадгалагдаж буй эх хувь нотлох баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтууд болон уг хэлтсийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 672 дугаартай албан бичигт тусгагдсан мөн аймгийн Сайхан сумын эмийн эргэлтийн санд холбогдох бие даасан бүртгэл бүртгэгдэж хадгалагдаагүй болно гэх мэдээлэл зэргээс дүгнэхэд 1997 оны 9 дүгээр сараас 2009 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд Булган аймгийн Сайхан суманд Эмийн эргэлтийн мөнгөн сан-гийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх орон нутгийн өмчит болон хувийн өмчит хуулийн этгээд байгуулагдаагүй, харин Мягмарсүрэнгийн Батсүрэн гэх иргэн ******* гэх нэг гишүүнтэй хуулийн этгээдийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлд 2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр бүртгүүлэн, тус сумын иргэдэд эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчлэх үйл ажиллагааг явуулж эхэлсэн болох нь тогтоогдож байна.

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын 1997 оны 08 дугаар сарын 30-ны өдөр баталсан а/295/286 дугаартай Эмийн эргэлтийн мөнгөн сан байгуулах тухай хамтарсан тушаалын 4а-д заасан үүргийн дагуу 1997 оны 9 дүгээр сард Монгол эм импекс концерн-оос олгосон 4,954,472.70 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг хүлээн авч Сайхан сумын ард иргэдийг эм, эмнэлгийн хэрэгслээр хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэгч хэн байв?.

Булган аймгийн Сайхан сумын Засаг даргын 1997 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 49 дугаартай Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлж ажилд томилох тухай захирамжийн 1-д Сумын Хүн эмнэлгийн салбарын аптекийн эрхлэгч Барамсай овогтой Цэрэндэжидийг ...1997 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй, 2-т Мөн өдрөөс эхлэн хүн эмнэлгийн аптекийн эрхлэгчээр Мягмарсүрэн овогтой Батсүрэн...нарыг тус тус томилон ажиллуулсугай... гэжээ.

аптек гэх үг нь Украин болон Орос хэлнээс Монгол хэл рүү Эмийн сан гэж орчуулагдана.

Дээрх тушаалын агуулгаас:

1)    1997 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар сумын Эмийн сан нь Хүн эмнэлгийнхээ харъяанд үйл ажиллагаагаа явуулдаг байсан,

2)    нэхэмжлэгч *******-ийн үүсгэн байгуулагч ******* нь 1997 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Булган аймгийн Сайхан сумын Эмийн сан-гийн эрхлэгчээр томилогдон ажиллаж эхэлсэн гэдэг нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох *******гийн ...миний бие Булган аймгийн Сайхан суманд үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангийн эрхлэгч 1997 онд одоогийн байрлаж байгаа байранд байхад нь хүлээж авсан... гэх тайлбар, газар эзэмших эрхийн 0087345 дугаартай гэрчилгээний Эргэлтийн эмийн сан гэх хэсэг болон Хамтран эзэмшигчдийн бүртгэл хэсгийн *******... гэх хэсэг, Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 149 дугаартай Хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолын хавсралтын 3-т Сумдын нэрс Сайхан сумын ЭЭС, Эмийн эргэлтийн сангийн нэр /Аж ахуйн нэгж/ *******, Захирал /Эзэн/ нэр *******, Нийт дүрмийн сангийн хувь 100, Шилжүүлэх мөнгөн дүн 4,900,000 гэх бичвэр, 2004 онд олгосон Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл-ийн Байгууллагын нэр: Сайхан сумын эргэлтийн эмийн сан гэх хэсэг, 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл-ийн Байгууллагын нэр: Сайхан сум Эмийн эргэлтийн сан, Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар: 411003025 гэх хэсэг, *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээн дэх Улсын бүртгэлийн дугаар 4110003025 гэх хэсэг, Булган аймгийн Сайхан сумын Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02/31 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар иргэдийг эм, эмнэлгийн хэрэгслээр хангах үйлчилгээг хэвийн явуулах зорилгоор төрөөс авч хэрэгжүүлж буй Эмийн эргэлтийн мөнгөн сан-гийн үйл ажиллагааг Булган аймгийн Сайхан суманд 1997 оны 9 дүгээр сараас 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд тус сумын Хүн эмнэлэг[2]-ийн харъяанд ажиллаж байсан Эмийн сангийн үйл ажиллагаагаар, 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс *******-ийн үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлж байсан бөгөөд тухайн хоёр этгээдийн аль алиныг нь ******* удирдаж байсан байна гэсэн дүгнэлтэд шүүх хүрлээ.

4. Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 133 дугаартай Хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг данснаас хасах, худалдсанаас орох орлогыг зарцуулах журам-ын 4 дэх заалтыг үндэслэн данс бүртгэлд тусгагдаагүй байсан Сайхан сумын хүн эмнэлгийн хуучин төрөхийн өмнөх байрыг сумын Эмийн эргэлтийн санд шилжүүлж шийдвэрлэжээ.

Энэхүү шийдвэр нь Сайхан сумын Эмийн сан-г тус сумын эмнэлгийн харъяаллаас тусгаарлаж, үйл ажиллагаагаа бие даан явуулах нөхцлийг нь бүрдүүлэх үүднээс албан байр /үл хөдлөх хөрөнгө/-аар хангасан шийдвэр гэж ойлгогдохоор байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 3 дахь хэсэг нь Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Тэргүүлэгчид орон нутгийн үндсэн хөрөнгийг

-       бусдын өмчлөлд шилжүүлэх /өмчлөгчийг өөрчлөх/,

-       тухайн хөрөнгийг барьцаалах,

шинээр хөрөнгө олж авах тохиолдолд энэ талаар шийдвэр гаргах бүрэн эрхийг олгосон зохицуулалт.

Тиймээс нэхэмжлэгч өөрийн үйл ажиллагааг нь хэрэгжүүлж буй Эмийн эргэлтийн сангийн өмчлөлд дээрх барилгыг шилжин ирсэн гэж ойлгосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь: Хариуцагчийн дээрх 133 дугаар тогтоолыг гаргах үед буюу 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэхэд ******* үүсгэн байгуулагдсан, Сайхан сумын Эмийн эргэлтийн мөнгөн сан-гийн үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлж байжээ. Тодруулбал: Тухайн үед тус Эмийн эргэлтийн мөнгөн сангийн үйл ажиллагаа нь *******-ийн үйл ажиллагаагаар хэрэгжиж байсан буюу ******* нь Эмийн эргэлтийн мөнгөн сангийн хөрөнгөөр санхүүжсэн үйл ажиллагааг гүйцэтгэж байжээ.

Иймд Сайхан сумын Эмийн эргэлтийн сан, ******* хоёр нь салшгүй холбоотой буюу нэг зүйлийн хоёр тал болж байх ба хариуцагч нь *******-ийг орон нутгийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх үүргээсээ чөлөөлсөн эсэх талаарх шийдвэрийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэнгүй.

Нөгөө талаар: Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2009 онд гаргасан 133 дугаар тогтоолоороо Сайхан сумын орон нутгийн өмчид огт бүртгэлгүй байсан барилгыг тус сумын Эмийн эргэлтийн сан-гийн үндсэн хөрөнгөд шилжүүлэх замаар анх бүртгэлд оруулсан болох нь тогтоогдож байна.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 06-07-021/115 дугаартай Барилгын төлөв байдлын тухай дүгнэлтэд *******-ийн барилга нь ...Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх ...заалтын шаардлагыг хангахгүй байна. Хуулинд заасан нөхцөл шаардлагыг хангахын тулд барилгад паспортжуулалтын нэгдсэн дүгнэлт гаргуулах, паспортжуулалтын дүгнэлтийг үндэслэн мэргэжлийн байгууллагаар их засвар шинэчлэлт хийлгэх эсэхийг тодорхойлох нь зүйтэй... гэжээ.

Эрүүл мэндийн яамны 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1а/4515 дугаартай албан бичигт ...Сумдад үйл ажиллагаа явуулж буй эмийн сангууд нь Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага MNS 5260:2015 стандартыг мөрдөн ажиллах шаардлагатай гэжээ.

Нэхэмжлэгч *******-ийн захирал *******гээс Сайхан сумын иргэдийг эм, эмнэлгийн хэрэгслээр хангах үйлчилгээг явуулахын тулд тухайн барилгад засвар үйлчилгээ хийж 20 гаран сая төгрөгийн зардал гаргасан талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.3.2 дахь хэсгүүдэд зааснаар Сайхан суманд Эмийн эргэлтийн сан /эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Булган аймгийн Засаг дарга олгоно. Тус тусгай зөвшөөрлийг олгохын тулд зөвшөөрөл хүсэгчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах объект нь хууль, холбогдох журам, стандартад нийцэж буй эсэхийг шалган тогтоосон байх учиртай.

Хэрэгт Булган аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/51 дугаартай Тусгай зөвшөөрөл сунгах тухай захирамж байх ба тус захирамжийн хавсралтын 2 дугаарт Сайхан сумын *******-ийн Эмийн эргэлтийн сангийн тусгай зөвшөөрлийн хугацааг 5 жилээр сунгасан, тусгай зөвшөөрөл эхлэх хугацаа 2019 оны 02 дугаар сарын 10, тусгай зөвшөөрөл дуусах хугацаа 2024 оны 02 дугаар сарын 10 гэжээ.

Нэхэмжлэгчээс дээрх тусгай зөвшөөрлийг авах, өөрийн үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс барилгад засвар үйлчилгээ хийж, зардал гаргасан гэснийг үгүйсгэсэн, барилгыг Сайхан сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлэх болсон зайлшгүй шалтгааныг тодорхойлсон тайлбар, мэдүүлгийг хариуцагчийн төлөөлөгч, гэрч нар гаргасангүйн дээр энэ талаар судалгаа хийгээгүй болох нь гэрчийн ...судалсан юм байхгүй. Бид нар тогтоол дээр санхүүгийн тайлангийн дүнгээр шилжүүл гээд тогтоол гаргасан зүйл байгаа... гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

-Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 17 дугаар тогтоолоор батлагдсан Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгө олж авах, худалдах, шилжүүлэх, актлах журам-ын 3.1-д Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь ...бусад хуулийн этгээд...с үнэ төлбөргүй шилжүүлж авсан ...үндсэн хөрөнгийг тухай бүрд ...байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэнэ, 3.2-т Өмчийн алба нь 3.1-д заасны дагуу ...хөрөнгийг ...холбогдох үзүүлэлтүүдээр нь Цахим бүртгэл мэдээллийн сан-д оруулж, орон нутгийн өмчийн нэгдсэн бүртгэлд бүртгэнэ, 5 /Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг шилжүүлэх/, 5.1 Орон нутгийн өмчийн үл хөдлөх ба хөдлөх хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэхийг гагцхүү аймгийн ИТХ, түүний чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ, 5.4-т ...орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийг хооронд нь шилжүүлэхэд Өмчийн алба саналаа аймгийн ИТХ-д танилцуулан шийвэрлүүлнэ, 9.1-д Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгийн элэгдлийн хугацаа, хэмжээг тогтоохдоо Татварын болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Засгийн газрын 2005 оны 233 дугаар тогтоолоор баталсан журмын 1.2 дугаар хавсралтыг баримтална гэж тус тус заажээ.

Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/26 дугаар захирамжаар батлагдсан тус Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын 12 дугаарт Орон нутгийн өмчийн асуудал. Илтгэгч Т.Баттулга Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэжээ.

Тус Хурлын X дугаар хуралдааны тэмдэглэлд 13.Орон нутгийн өмчийн асуудал гэснээс өөр Сайхан сумын Эмийн эргэлтийн сан, *******-ийн үйл ажиллагаагаа явуулж буй барилгын талаар танилцуулж, хуралдаанаар хэлэлцүүлсэн эсэхийг нотлох хэсэг байхгүй байна.

Түүнчлэн тухайн Хурлын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02/205 дугаартай албан бичгээр *******-тай сонсох ажиллагаа хийсэн баримт болон тус хуулийн этгээдийн үйл ажиллагаагаа явуулж буй барилгыг орон нутгийн өмч гэдгийг нотлох баримтыг Орон нутгийн өмчийн газраас гаргуулж авах нь зүйтэй талаар тусгасан хариуг ирүүлжээ.

Харин Булган аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 183 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлэх боломжгүй байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаартай Хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолын 1 дэх зохицуулалтаар Сайхан сумын *******-д ашиглагдаж байгаа Эргэлтийн эмийн сангийн барилгыг тус сумын Эрүүл мэндийн төвд санхүүгийн тайлангийн дүнгээр шилжүүлсүгэй гэж, 4 дэх зохицуулалтаар Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 11 сарын 13-ны өдрийн 183 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай гэж шийдвэрлэжээ.

Тус шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 61 дугаартай албан бичгээр дээрх захиргааны актын 4 дэх зохицуулалтад тусгагдсан 183 дугаартай тогтоолыг нотлох баримтын шаардлага ханган ирүүлэхийг хариуцагчаас хүссэн боловч ийм баримтыг ирүүлээгүй, хэргийн оролцогчид, гэрч нар тус тогтоолын талаар тайлбар, мэдүүлэг гаргаагүйн улмаас шүүх маргаан бүхий захиргааны актын 4 дэх зохицуулалтын талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй.

Дээрх 12 дугаартай тогтоолыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2[3], 35 дугаар зүйлийн 35.1.11[4], 48 дугаар зүйлийн 48.1[5], Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3[6], аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгө олж авах, худалдах, шилжүүлэх, актлах журам-ыг тус тус үндэслэн гаргажээ.

Хариуцагч нь дээрх хуулиудын зохицуулалтуудад заасан эрх, үүргээ хэрэгжүүлж орон нутгийн өмчийн асуудлаар зохих шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан зарчим, шаардлагыг баримтлан гаргах үүрэгтэй.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах[7], 24 дүгээр зүйл /Нөхцөл байдлыг тогтоох/-ийн 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно, 26 дугаар зүйл /Оролцогчийг сонсох/-ийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27 дугаар зүйл /Сонсох ажиллагаа явуулах/-ийн 27.6-д Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна гэж тус тус хуульчилсан.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь хариуцагчийн 2009 оны 133 дугаартай тогтоолд заасны дагуу хүлээн авч, үйл ажиллагаагаа явуулж буй барилгыг өөрийн өмчлөлийн хөрөнгө болсон гэж итгэн түүнд эмийн сангийн үйл ажиллагаа явуулах стандарт шаардлагыг хангах үүднээс зардал гарган засвар үйлчилгээ хийсэн талаар тайлбарлаж байна.

Тиймээс захиргааны байгууллага нь захиргааны актыг гаргахдаа дээрх хэсэгт хамаарах харилцаанд холбогдуулан зохих судалгаа, шинжилгээг хийж нэхэмжлэгчийн тайлбарлаж буй бодит зардал гарсан эсэхийг тогтоох, гарсан бол уг асуудлыг хэрхэх талаар шийдвэртээ тусгах замаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримталсан шийдвэрийг гаргах үүрэгтэй. Учир нь нэхэмжлэгч нь Булган аймгийн Сайхан суманд Эмийн эргэлтийн мөнгөн сан-гийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үүргийг гүйцэтгэж байсныхаа тухайд дээрх үл хөдлөх хөрөнгийг хүлээн авсан бөгөөд тухайн хөрөнгийг өөрийн өмчлөлийн хөрөнгө болсон гэж итгэн зохих зардлуудыг гарган мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүсгэсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24-27 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулсны эцэст зохих шийдвэрээ гаргах үүрэгтэй.

Хариуцагч нь маргаан бүхий 12 дугаартай тогтоолоор *******-ийн үйл ажиллагаа явуулж буй үл хөдлөх хөрөнгийг Булган аймгийн Сайхан сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлж, нэхэмжлэгчийн тухайн хөрөнгөд үйл ажиллагаагаа явуулах эрхийг хөндсөн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргасан.

Тиймээс уг шийдвэрээ гаргахаас өмнө *******-нд мэдэгдэн түүнтэй сонсох ажиллагааг явуулах, Сайхан сумын Эрүүл мэндийн төвд тус үл хөдлөх хөрөнгө нь ямар зайлшгүй учир шалтгааны улмаас хэрэгтэй болсныг тогтоох, тухайн барилгыг шилжүүлснээр *******-нд хөрөнгийн хохирол учрах эсэх, тийм бол ямар хэмжээний хохирол, зардал гарах, түүнийг төлж барагдуулах эсэх, *******-нд хохирол учруулахгүй байх боломжит нөхцөл байгаа эсэх зэргээр гаргах гэж буй шийдвэрийнхээ улмаас бусдад аль болох хор хохирол учруулахгүй байх талаас холбогдох судалгааг гаргаж, нотлох баримтыг бүрдүүлсний эцэст зохих шийдвэрийг гаргах нь шударга ёсонд нийцэхээр байжээ.

Гэтэл хариуцагч, түүний үүрэг бүхий төрийн байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан үүргээ гүйцэтгэлгүйгээр өөрийн өмчлөлийн хөрөнгийг хэрхэх талаар шийдвэр гаргах эрх нь бидэнд бий гэх байр сууринаас хандан нэхэмжлэгчийн Захиргааны ерөнхий хуулийн 26-27 зүйлд заасан сонсох ажиллагаанд оролцон санал, тайлбараа гаргах эрхийг зөрчиж шийдвэр гаргасан байна.

Түүнчлэн маргаан бүхий захиргааны актаар Булган аймгийн Сайхан сумын Эмийн эргэлтийн санд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн 133 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлээгүй. Уг 133 дугаартай тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас хамаарч Сайхан сумын Эмийн эргэлтийн сан нь өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй барилгыг бусдад шилжүүлэх үүрэг үүсэхээргүй агуулга илэрхийлэгдэж байх ба маргаан бүхий 12 дугаартай тогтоолын 4 дэх зохицуулалтаар 183 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ямар харилцааг хэрхэн зохицуулсан шийдвэр болсон нь нотлох баримтаар тогтоогдохгүй, ойлгомжгүй байдлыг үүсгэж байна.

Тиймээс нэхэмжлэгчийн Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2, 35 дугаар зүйлийн 35.1.11, 48 дугаар зүйлийн 48.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.2, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан *******-ийн нэхэмжлэлийг хангаж, Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 12 дугаартай Хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-нд олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ

 

 

 

 

 


[1] Хэргийн оролцогчдын нэрлэж буй нэршлээр бичив. Цаашид тухайн нэршлээр нь тэмдэглэнэ.

[2] Тухайн үеийн нэршлээр тэмдэглэв.

[3] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйл Аймгийн чиг үүрэг, 21.1.2. аймгийн өмчийн ашиглалт, эзэмшилт, захиран зарцуулалт, түүнд тавих хяналт.

[4] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх, 35.1.11. орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх.

[5] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйл Хурлын шийдвэр, 48.1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална.

[6] Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3. Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын дарга шийдвэрлэнэ.

[7] Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй.