Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 110/2017/0126/з |
Дугаар | 221/MA2017/0351 |
Огноо | 2017-05-18 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 221/MA2017/0351
2017 оны 05 сарын 18 өдөр | Дугаарh221/МА2017/0351 | Улаанбаатар хот |
Н.Баттулгын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, Д.Нарантуяа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Н.Баттулгын нэхэмжлэлтэй, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3 дахь хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, 9.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Баттулгын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Стандарт, нормативын хэлтсийн Салбарын техник, технологи, инноваци хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 1 дүгээр тушаалын Н.Баттулгад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т тус тус заасныг баримтлан ажилгүй байсан 7 сар ажлын 4 хоногийн хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6009304 /зургаан сая зургаан есөн мянга гурван зуун дөрөв/ төгрөгөөс холбогдох татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, Д.Нарантуяа нар давж заалдах гомдолдоо: “...шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... хэдийгээр нэхэмжлэгчийн ажлын байр болох Салбарын инновацийн бодлого, техник технологи хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байр нь Салбарын техник, технологи, инноваци хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байр болж өөрчлөгдсөн ч гэсэн хавтаст хэрэгт авагдсан дээрх 2 албан тушаалын ажлын байрны тодорхойлолтоос харахад бодит байдал дээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үндэслэлтэй байна гэж дүгнэн Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Стандарт, нормативын хэлтсийн Салбарын техник, технологи, инноваци хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэлээ” гэж тэмдэглэсэн байна.
Гэтэл Н.Баттулгын ажиллаж байсан Салбарын инновацийн бодлого, техник технологи хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны нэршил өөрчлөгдсөнөөс гадна ажлын байрны тодорхойлолтод заасан зорилгод “Салбарын инновацийн бодлого, техник, технологийг хөгжүүлэх, боловсронгуй болгох, нутагшуулах үйл ажиллагааг зохион байгуулах, бодлогын удирдамжаар хангах, хяналт тавих” гэж заасан байсан.
Харин Салбарын техник, технологи, инноваци хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод “Зам, тээврийн салбарын хөгжлийн үзэл баримтлал, бодлого, төлөвлөлт, хууль тогтоомж, стратеги хөтөлбөр, техник эдийн засгийн судалгаа, зураг төсөл төлөвлөлт зэрэг техник технологийн шийдэл, баримт бичгийн тогтолцоог шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээнд үндэслэн өргөжүүлэн хөгжүүлэх, нэгдсэн тээврийн хөгжлийн бодлогод уялдуулан зам, тээврийн аюулгүй байдал, үр ашгийг дээшлүүлсэн технологи, инновацийг хөгжүүлэх, стандартыг нэвтрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, бодлогын удирдамж, мэргэжлийн зөвлөмжөөр хангах” болж ажлын байрны зорилго нь өөрчлөгдсөн.
Мөн Н.Баттулгын ажиллаж байсан Салбарын инновацийн бодлого, техник технологи хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилтод заасан 3 зорилт нь Салбарын техник, технологи, инноваци хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод 4 болж үндсэн зорилтын чиг үүрэг нь өөрчлөгдөж ажлын байр нь байхгүй болсон.
Шүүхээс уг нөхцөл байдлыг харгалзан үзэж тодорхой үндэслэл бүхий тайлбарлаагүй, ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг нь өөрчлөгдөж байхгүй болсон эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, дээр дурдсан материалыг үнэлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтад “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг зөрчсөн.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Н.Баттулгыг салбарын техник, технологи, инноваци хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилоогүй нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасны дагуу үргэлжлүүлэн ажиллуулаагүй буруутай үйлдэл тогтоогдож байна” гэж тэмдэглэсэн байна.
Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу Н.Баттулгын ажиллаж байсан Салбарын инновацийн бодлого, техник технологи хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байр нь өөрчлөгдөж байхгүй болсон байхад Бодлого, төлөвлөлтийн газрын Стандарт, нормативын хэлтсийн Салбарын техник, технологи, инноваци хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг зөрчсөн.
Иймд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтын холбогдох хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтууд зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Н.Баттулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргийн хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр тушаалаар Зам, тээврийн яамны бүтэц бүрэлдэхүүнд ажиллаж байгаа албан хаагчдыг үүрэгт ажлаас чөлөөлсний дотор Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын Техник, технологи, нормативын хэлтэст Салбарын инновацийн бодлого, техник технологи хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан нэхэмжлэгч Н.Баттулга багтжээ.
Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “хэдийгээр нэршил өөрчлөгдсөн боловч ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа тул үргэлжлүүлэн ажиллуулах ёстой” гэсэн үндэслэлээр “Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Стандарт, нормативын хэлтсийн Салбарын техник, технологи, инноваци хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авах”-аар зохицуулжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 422 дугаар тушаалаар тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжид Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрыг Санхүү, эдийн засгийн хэлтэс, Техник, технологи, нормативын хэлтэс гэсэн 2 хэлтэстэй, орон тоог 38 байхаар баталж байсан бол Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар тушаалаар тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрыг Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс, Стандарт, нормативын хэлтэс гэсэн 2 хэлтэстэй, орон тоо 32 байхаар тогтоосон байна.
Үүнтэй холбоотойгоор хариуцагчаас “ажлын байрны жагсаалтад шинээр батлагдсан Салбарын техник, технологи, инноваци хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод Н.Баттулгын ажиллаж байсан ажлын чиг үүрэг болон Авто замын бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтний ажлын чиг үүрэг тусгагдсан учир Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу уг ажлын байранд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа Д.Гэрэлнямыг тухайн албан тушаалд томилсон” гэж тайлбарлаж байхад шүүх энэ талаарх нотлох баримтыг цуглуулалгүйгээр “Салбарын инновацийн бодлого, техник технологи хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байр нь Салбарын техник, технологи, инноваци хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байр болж өөрчлөгдсөн нь бодит байдал дээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалд үргэлжлэн ажиллуулах үндэслэлтэй ... нэхэмжлэгчийн оронд томилогдсон иргэнийг томилохдоо сонгон шалгаруулалтыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу явуулаагүй” гэж шууд дүгнэсэн нь буруу байна.
Энэ тохиолдолд шүүхээс хариуцагчийн дээрх тайлбартай холбогдуулан Н.Баттулга, Д.Гэрэлням нарын өмнө эрхэлж байсан ажлын байрны чиг үүрэг нь шинээр батлагдсан Салбарын техник, технологи, инноваци хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод хадгалагдаж үлдсэн эсэх, эсхүл тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн эсэх, цөөрсөн тохиолдолд нэхэмжлэгч Н.Баттулга, Д.Гэрэлням нарын хэн нь тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа гэж үзсэн талаарх баримтуудыг цуглуулан дүгнэлт өгсний эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, захиргааны байгууллага, албан тушаалтны ямар хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн гэх эрхээ сэргээлгэхийг хүсэж байгааг тодруулан шалгаж, дүгнэлт хийх нь маргааныг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Үүнээс гадна шүүх нэхэмжлэгчийн “ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 33 дугаар тушаалаараа 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн албан хаагчдын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн хугацааг 08 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгож өөрчилсөн, нэхэмжлэгч нь 2016 оны 08 дугаар сард ажлын 15 хоног ажиллаж, энэ хугацааны цалин бодогдсоныг анхаараагүй байгааг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН