Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
Хэргийн индекс | 101/2017/02000/И |
Дугаар | 101/ШШ2017/01765 |
Огноо | 2017-05-22 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2017/01765
2017 оны 05 сарын 22 өдөр Дугаар 101/ШШ2017/01765 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Э даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд ...... регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Нарантуул-2 төвийн 2 давхарт оршин байх А.Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ...... регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол 7а байрны 34 тоотод оршин суух Н.А-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20.000.000 төгрөг, хүү 2.933.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 586.600 төгрөг нийт 23.519.600 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол Нарны зам гудамж 81 дүгээр байрны 57 тоот орон сууцнаас хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Н.Ань А.Ф ББСБ ХХК-иас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20.000.000 төгрөгийг 4 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай зээлж улсын бүртгэлийн Ү-2204079966 дугаарт бүртгэлтэй өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол /13334/ Нарны зам гудамж 81 дүгээр байрны 57 тоот хаягт байрлах 38.26 м.кв талбайтай орон сууцыг барьцаалж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлэн зохин журмын дагуу авсан болно. Зээлдэгч иргэн Н.Ань зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж зээл авснаас хойш зээлийн хүү болон үндсэн төлөлтийг хийлгүй өдий хүрч байна. Зээлдэгчийн зүгээс зээлийн үүргээ биелүүлэх талаар удаа дараа шаардсан боловч утсаа авахгүй салгах болон бусад хэлбэрээр зайлсхийсээр байгаа болно. Иймд иргэн Н.Анужингаас үндсэн зээл 20.000.000 төгрөг 3 сар 20 хоногийн хүү болох 2.933.000 төгрөг, 80 хоногийн алданги 586.600 төгрөг нийт 23.519.600 төгрөгийг гаргуулах, үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А.Ф ББСБ-аас зээл авсан нь үнэн. Нэхэмжилсэн 23.519.600 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2017 оны 9 дүгээр сарын 15 гэхэд төлж барагдуулна. Өөрөөр ямар ч боломжгүй тул учир байдлыг ойлгоод хугацаан дээр эвлэрэх хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй тул шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Ф ББСБ ХХК нь хариуцагч Н.Анужинд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20.000.000 төгрөг, зээлийн хүү 2.933.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 586.600 төгрөг нийт 23.519.600 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол Нарны зам гудамж 81 дүгээр байрны 57 тоот орон сууцнаас хангуулах тухай тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч үүргийг гүйцэтгэх хугацаа шаардлагатай талаарх тайлбарыг гаргасан.
А.Ф ББСБ ХХК нь Н.Анужинтай 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр БЗГ-12/28/008 тоот зээлийн гэрээ, БЗГ12/28/008 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, 20.000.000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд Н.Анужингийн өмчлөлийн Улсын бүртгэлийн 2204079966 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/, Нарны зам гудамж 81 дүгээр байрны 57 тоот 38.26 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 4-7 дугаар тал/
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон зээлийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар бичгээр байгуулж, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж гэрээг хуульд нийцүүлэн байгуулсан байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд зээлдэгч Н.Ань гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үүргийг хугацаанд гүйцэтгээгүй байх бөгөөд хариуцагч үүнд маргаагүй.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл 20.000.000 төгрөг, үндсэн зээлийн хүү 800.000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү /2 сар 20 хоног/ 2.133.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү /2.933.000/20 хувь/ 586.600 төгрөг нийт 23.519.600 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д .Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч Н.Ашүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах хууль зүйн үндэслэлтэй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Анужингаас 23.519.600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ф ББСБ ХХК-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч А.Ф ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275.548 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Анужингаас 275.548 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Ф ББСБ ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ