2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/265

 

 2025        01           23                                      2025/ШЦТ/265     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 194/2025/0014/Э

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны    Тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,

улсын яллагч Ц.Чимэдцэеэ

*** дэлгүүрийн салбар хариуцсан менежер ажилтай хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ё.Д,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Ж.Буджав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б-д холбогдох эрүүгийн 2409020271223 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ганцаараа, ***тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/411 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан О.Б.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б нь 2024 оны 7 дугаар сарын 02саналгүй-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” дэлгүүрээс Ballantines 17 номерын 700мл савлагаатай вискиг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 346,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Б шүүх хуралдаанд: “Миний буруу, би гэмшиж байна.” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Ё.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 03-ны өглөө ажил дээрээ ирэхэд лангуун дээр байсан 1 шил "Ballanties” гэх нэртэй 700гр виски алга болсон байсан тухайн "Ballanties”-17 номерын энгийн загвараасаа илүү үнэтэй манай дэлгүүрт 423,300 төгрөгийг үнэтэй зарагдаж байгаа. Би тухайн үед дэлгүүрийн хяналтын камерын бичлэг шалгах үед цагаан фудволк өмссөн, жижиг хар цүнх үүрсэн эрэгтэй лангууны араас нэг ширхэг виски хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 15 дахь тал),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 21-23 дахь тал),

"Онцгой үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ-01/02 дугаартай "Ballanties 17 номерын виски 17YO 700мл 40% 1 ширхэг 346,000 төгрөг” гэх үнэлгээ (хх-ийн 30-33 дахь тал),

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/411 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 84 дэх тал) зэрэг баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч О.Б нь согтуугаар 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” дэлгүүрээс Ballantines 17 номерын 700мл савлагаатай вискиг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 346,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдожббайх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэрэг мөн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч О.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч О.Б нь амар хялбар аргаар ашиг хонжоо олж амьдрах гэсэн шунахай зан байдал нь шууд нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Ё.Д нь шүүх хуралдаанд: “...Би тухай үед өөрөө ажиллаж байсан. Манай дэлгүүр сар болгон тооллого хийдэг, би цалингаасаа хасуулсан. Миний дансанд сая хурлын өмнө 6,000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэнийг нь шүүхийн дансанд байршуулсан юм байна. Яаралтай хохирлоо барагдуулмаар байна.” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд шүүгдэгч О.Б нь тус шүүхийн Тамгын газрын барьцааны дансанд 340,000 төгрөгийг байршуулсан байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг 340,000 төгрөгийг хохирогч Ё.Д-д олгож, шүүгдэгч О.Б-г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.Б-д 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч О.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэм буруугаа ойлгож ухаарсан, бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал зэргийг харгалзан шүүгдэгчийг нийгмээс тусгаарлан хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзэн түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч О.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс оногдуулсан 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар О.Б-ээс тус шүүхийн Тамгын газрын дансанд байршуулсан 340,000 /гурван зуун дөчин мянга/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Д-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц олгохыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн өөр эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.БОЛДБААТАР