2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/390

 

 2025         02          04                                      2025/ШЦТ/390     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 194/2025/0085/Э

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны    Тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Золзаяа, улсын яллагч П.Даваасүрэн /томилолтоор/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М түүний өмгөөлөгч Н.Болортуул, шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Ц.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.М-д холбогдох эрүүгийн 2409016892315 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 2006 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Улаанбаатар хот, ***тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, О.М

Шүүгдэгч О.М нь 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фантом”-ын хажууд байрлах сагсны талбай дээр насанд хүрээгүй хохирогч Л.А-г “чи муухай хараад байна” гэх шалтгаанаар нүүр рүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.М шүүх хуралдаанд: “Намайг муухай хараад байна гэх шалтгаанаар зодсон гэх хохирогчийн мэдүүлэгтэй санал нийцэхгүй байна. Би тийм шалтгаанаар огт зодоогүй. Намайг тухайн газарт Т дуудахаар нь очсон. Т хэлэхдээ доод ангийнх нь хүүхэд дээрэлхээд байна, хоёулаа цуг оччихоод ирье гэсэн. Өмнө нь Д гэх хүүхдийг таньдаг байсан болохоор цуг юм яриад зогсож байхад хажуугаас миний ярьсан яриаг давтаж хэлээд өдөөд байсан. А хэлэхдээ чи манай сургуулийн талаар юу мэддэг гэж яриад байгаа юм гээд гэнэт босоод ирсэн. Намайг хараагаад байсан үйлдэл нь намайг бухимдуулсан. Нүдний шилээ тайлаад босоод ирэхээр нь намайг цохих гэж байна гэж бодоод цохисон Миний яриаг давтаж хэлээд байсан үйлдэлд нь бухимдсан учраас цохисон.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М: Миний хүүхэд эрүүл мэндээрээ хохирчихоод байна. Бүтэн жилийн хугацаатай эмчлүүлэх болчихоод байна. Үсэрч харайх насан дээрээ ийм байдалд орчихоод байна. Хохирлоо нэхэмжилмээр байна. Хохирлыг баримтаар өгсөн байгаа. Томограффийн мөнгө 230,000 төгрөг өгсөн, өөр мөнгө өгөөгүй. М-ийн аав гэх хүн утсаар ярьсан. Тэр хэлэхдээ хүүхдийн чинь нүд ам сохорчихсон байгаа биш яасан сүртэй юм. Хаа хүртэл явахыг чинь харъя, гэх мэтээр хандаж ярьсан. Түүнээс биш биднээс уучлалт гуйсан зүйл байхгүй. Эх хүний хувьд хүүхдийн мууг үзээд яахав, миний хүүхдээс ялгаа юу байхав гэж бодоод эцэг эхийг нь хохирлыг барагдуулчих байх гэж бодож удаан хүлээсэн гэв.

Хавтаст хэргээс:

Насанд хүрээгүй хохирогч Л.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хичээлээ тарчихаад Фантом-ын ойролцоо байх сагсны шийдэн дээр үеэлтэйгээ уулзахаар очсон. Найзтайгаа уулзаад байж байсан, М гэдэг хүүхэд "чи муухай хараад байна уу" гээд миний эрүү рүү цохисон. Дараа нь миний нүд рүү цохисон. Би нүдээ дарж сууж байгаад 5-10 минутын дараа шууд харьсан. Нүдээ зүүн тийш харахад өвдөж зовуурьтай байна. Эмнэлэгт үзүүлэхэд ухархайн яс хугарсан байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 12-13 дахь тал),

Насанд хүрээгүй гэрч О.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би А гэх хүүхдийг танина тэр хүүхэд манай ангийн хүүхэд байгаа юм би нөгөө хүүхдийг нь бол танихгүй. Тиймээ би харсан гэхдээ А маргалдаагүй зүгээр сууж байхад нь нэг танихгүй хүүхэд ирээд зодсон. Тэгээд тэр хүүхэд А-г эхлээд алгадсан. Тэгээд явсан буцаж ирээд 1 удаа нүүр хэсэг рүү нь цохисон би тэгж харсан өөр зүйл болоогүй..." гэх мэдүүлэг (хх-ийн 30 дахь тал),

Насанд хүрээгүй гэрч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А-г М гэх хүүхэд нь эхлээд алгадсан, тэгээд байж байгаад тухайн сагсны талбайгаас хамт дагуулж гаргаад дараа нь буцаж хамт орж ирээд А-г сандал дээр сууж байхад нь би хэн цохисон талаар хараагүй, гэхдээ... А доошоо харсан байдалтай цус дуслаад байсан. Тэгээд нүүрийг нь хартал нүд нь хавдсан, амнаас нь цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 33 дахь тал),

Гэрч Х.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын дундуур байсан. ... Ямар ч байсан А гэх хүүхэд босож ирэх гэж байхад нь М нүд рүү нь 1 удаа цохисон. Дараа нь тэр хүүхэд нүдээ бариад суугаад байсан. А нь М-г чи төмөр замд ирнэ ах нар гэж яриад байсан. Тэгээд дараа нь цаанаас нэг хүн цагдаа дуудлаа шүү гэж хэлээд удахгүй бид нар тарцгаасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 35 дахь тал),

Гэрч О.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл А болон М нар нь хоорондоо маргалдаж байгаад М нь А-н нүүрэнд 1 удаа баруун гарааpaa цохисон. Тэгээд чамайг ахаараа алуулна гэж хэлээд гараад явсан... гэх мэдүүлэг (хх-ийн 39 дэх тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 6570 дугаартай: “...Л.А-н биед зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээч эмчийн дүгнэлт (хх-ийн 21-22 дахь тал),

Хохирогч Л.А-н эмчилгээтэй холбоотой баримтууд (хх-ийн 44-56 дахь тал),

Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар (хх-ийн 60 дахь тал),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд зэрэг баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч О.М нь 2024.05.08-ны өдрийн 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фантом”-ын хажууд байрлах сагсны талбай дээр насанд хүрээгүй хохирогч Л.А-г “өөр рүү нь муухай хараад байна” гэх үл ялих зүйлээр шалтаглан нүүр рүү нь цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч О.М-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх нь шүүхийн хэлэлцүүлэгт: “миний үйлчлүүлэгч өөрийг нь цохих гэж байна хэмээн бодож А-г цохисон. Түүнээс санаатайгаар цохисон асуудал байхгүй. Цохингуутаа хохирогчоос холдсон. Тус үйл явцыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 4.1-т заасан аргагүй хамгаалалт хийх явцад хохирогч гэмтсэн гэж дүгнэж байна...” гэх агуулгаар маргадаг боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 6570 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс насанд хүрээгүй хохирогчийн зүй бус үйлдэл байсан гэж мэдүүлж, мэтгэлцэж байгаа хэдий ч аргагүй хамгаалалт нь өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус бөгөөд бодитой аюул занал тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байх бөгөөд тухайн нөхцөл байдалд насанд хүрээгүй хохирогчийн шүүгдэгчийн өөдөөс босож ирэх үйлдэл хийснийг шүүгдэгч О.М-н амь нас, эрүүл мэндийн эсрэг идэвхтэй үйлдэл, бодитой довтолгоо хийсэн гэж үзэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар огтхон ч тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн аргагүй хамгаалалт хийж насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэх шүүх хуралдаанд хэлж байгаа мэдүүлэг, тайлбар үндэслэлгүй болно.  

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч О.М нь тухайн нөхцөлд үл ялих зүйлээр шалтаглан, бусадтай зориуд хэрүүл, маргаан үүсгэж өсвөр насны хүүхдүүдийн дунд өөрийгөө дөвийлгөн тэднийг дээрэлхэж маргааныг шууд л хүч бяраар шийдвэрлэж хохирогчийн эрүүл мэнд, эрх чөлөөнд халдаж буй ухамсаргүй, хэрцгий догшин зан байдал нь шууд нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч О.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М нь шүүх хуралдаанд эмчилгээний зардалд 3,892,807 төгрөг болох бодит дүнгээс тархины бичлэгний мөнгө болох 230,000 төгрөгийг хасаж, хохирогчийн сэтгэцэд учирсан зэрэглэлийг мөнгөн дүнгээр тооцуулж 6,600,000 төгрөг, нийт 10,262,807 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Насанд хүрээгүй хохирогч Л.А-т эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсны улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэл тогтоогдсон бөгөөд Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №25 дугаар тогтоолын дагуу сэтгэл санааны хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлэн тооцож, 3,300,000 төгрөг, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан, эм, бэлдмэлийн мөнгө зэрэг нийт 4,122,807 төгрөгөөс шүүгдэгчийн зүгээс нөхөн төлсөн 230,000 төгрөгийг хасан тооцож, нийт 7,192,807 төгрөгийг шүүгдэгч О.М-с гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд О.М нь шүүх хуралдаан дээр дээрх мөнгийг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-н дансанд төлж барагдуулсан байх тул шүүгдэгч О.М-г одоогоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин насанд хүрээгүй хохирогч Л.А болон түүний хууль ёсны төлөөлөгч нь цаашид шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон бусад хохирлын асуудлаар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгчд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид 270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс торгох ял шийтгэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч О.М үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн зүгээс үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан түүнд оногдуулсан торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч О.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар О.М-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Насанд хүрээгүй хохирогч Л.А болон түүний хууль ёсны төлөөлөгч Б. М нь цаашид шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас  насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон бусад хохирлын асуудлаар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч О.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР