Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2022/00278

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        01          11                                     101/ШШ2022/00278         

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Ш” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.Ө,

 

Хариуцагч: Ц.Ж нарт холбогдох,

 

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 1,637,060 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.,

Хариуцагч Ц.Ж, Э.Ө,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ш” Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ш” Сууц өмчлөгчдийн холбоо Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Улаанхуаран гудамжинд байрлах 0, 1, 2 дугаар байруудыг хариуцан ажилладаг. Тус байрны 0 дугаар байр 2016.04.18-ны өдөр, 1 дугаар байр 2016.06 дугаар сард улсын комисс хүлээн авснаар ашиглалтад орж 2016.09.15-ны өдрөөс “Г” Сууц өмчлөгчдийн холбоо дундын өмчийн ашиглалт хамгаалалтын үйл ажиллагааг нийт оршин суугчдын хурлын шийдвэрээр 2016.09.15-ны өдрөөс 2019.09.01-ны өдөр хүртэл хариуцан ажиллаж байсан.

Төлбөр хураамжийн хэмжээг 2016.09.15-ны өдрийн бүх оршин суугчдын хурлын олонхын шийдвэрээр “Г” Сууц өмчлөгчдийн холбооноос санал болгосон хэмжээгээр зөвшөөрөн тогтоож нийт оршин суугчдын олонхи нь cap бүр тогтмол төлбөр хураамжаа төлсөн байдаг.

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тариф нь жижүүр үйлчлэгч-6,500 төгрөг, Харуул хамгаалалт-9,500 төгрөг, Цахилгаан шат-7,000 төгрөг, Дундын гэрэлтүүлэг-2,000 төгрөг, Баримтын үнэ-200 төгрөг, Барилга орон сууцны нийтлэг зардал-1м.кв тутамд 180 төгрөг байсан.

Тухайн 138 тоот орон сууц 50,23 м.кв учир сард ноогдох төлбөр 9041.4 төгрөг. Улаанбаатар хотын даатгал ХХК, иргэн Э.Ө нарын хийсэн гэрээний дагуу даатгалын хураамж cap бүр 1,500 төгрөгийг cap бүрийн Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр дээр нэмэгдэн бичигдэж даатгалын хураамж орохгүйгээр нийт 34,241.4 төгрөгийг төлөхөөр тогтоосон байсан /Бүх гишүүдийн хурлын тогтоолыг баримтаар хавсаргав/.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасны дагуу 2019.09.01-ний өдрөөс сууц өмчлөгч иргэдийн олонхийн хүчин төгөлдөр шийдвэрээр “Ш” СӨХ-г шинээр байгуулж 2019.09.03-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоолоор үнэ тарифыг шинэчлэн тогтоож үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

“Г” Сууц өмчлөгчдийн холбооны дансанд 0, 1 дугаар байрны сууц өмчлөгч иргэдийн төлсөн засвар тохижилтын хуримтлал хуримтлагдах ёстой байсан боловч төлбөрөө төлөөгүй айл өрхүүдээс болж хуримтлал үүсээгүй тул засвар тохижилтын хуримтлалыг төлбөрөө төлөөгүй айл өрхүүдээс авах авлага хэлбэрээр шилжүүлэн авахаар шийдвэрлэн санхүү тооцоог “Г” Сууц өмчлөгчдийн холбооноос “Ш” Сууц өмчлөгчдийн холбоо шилжүүлэн авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Уг шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн хөгжлийн төвөөс Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ олгогдож, төрийн банкинд үүссэн “Г” Сууц өмчлөгчдийн холбооны айл өрхийн өрийн нэхэмжлэх, тооцоог “Ш” Сууц өмчлөгчдийн холбооны дансанд шилжүүлсэн байдаг. /Сууц өмчлөгчдийн холбооны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төрийн банкны нэхэмжлэхийг баримтаар хавсаргав/

“Ш” Сууц өмчлөгчдийн холбооны мөрдөгдөж буй тариф нь жижүүр үйлчлэгч-5,500 төгрөг, харуул хамгаалалт-5,000 төгрөг, цахилгаан шатны засвар арчлалт, ашиглалт-7,000 төгрөг, дундын гэрэлтүүлэг-2,000 төгрөг, баримтны үнэ 200 төгрөг, домофон орцны хаалганы засвар 3,000 төгрөг, засвар, тохижилтын хуримтлал 1м.кв тутамд 180 төгрөг юм.

Хариуцагчийн 50.23 м.кв орон сууцанд 9041,4 төгрөг, орон сууцны даатгал 1,500 төгрөг даатгалын хураамжийг оруулахгүйгээр нийт 31,741.4 төгрөг төлөхөөр тогтоосон. Бүх гишүүдийн хурлын тогтоолыг хавсралтын хамт хавсаргав.

Тус 521 дугаар байрны 138 тоот гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлд байх орон сууцны өмчлөгч иргэд Э.Ө, Ц.Ж нар Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 147.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д заасан үүргээ биелүүлэхгүй 2017.02 дугаар сараас 2021.10.01 хүртэлх Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болох 1,898,560 төгрөгийг төлөөгүй байна. Тус асуудлаар “Г” Сууц өмчлөгчдийн холбооны зүгээс cap бүр нэхэмжлэх явуулж анхааруулсан.

“Ш” Сууц өмчлөгчдийн холбооны зүгээс ажил хүлээлцсэнээс хойш cap бүр нэхэмжлэх, 2 удаа “Монгол шуудан” компаниар албан шаардлага, хүргүүлсэн боловч Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан үүргээ одоог хүртэл биелүүлэхгүй байна.

521 дугаар байрны 138 тоотын өмчлөгч иргэн хариуцагч Ц.Ж, Э.Ө нараас 2017.02.01-ний өдрөөс 2021.10.01-ний өдрийн хооронд биелүүлээгүй Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болох 1,898,560 төгрөг, үүнээс Улаанбаатар хотын даатгал ХХК-д хамаарах 1,500 төгрөг нь тус компани, иргэн хоорондын гэрээний төлбөр тул тухайн хугацаанд хамаарах даатгалын төлбөр 61,500 төгрөгийг хасаж нийт 1,837,060 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Тус байрны лифтний асуудлаар НМХГазарт гомдол гаргасан, лифтийг улсын комисс ашиглалтад аваагүй асуудлаар барилга барьсан болон лифтийг угсарсан 2 компанид холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.

2020 оны 3 сард шинээр 16 камерыг засвар тохижилтоос илүү гарсан мөнгөөр шинээр тавьсан. Оршин суугч өөрөө хулгайн гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар зохих байгууллагад гомдол гаргасан тохиолдолд эрх бүхий байгууллагаас шаардсаны дагуу камерын бичлэгийг гаргаж өгөх боломжтой. Сууц өмчлөгчдийн холбоонд үйл ажиллагаатай холбоотой гомдлоо сууц өмчлөгчөөс гаргаж шийдвэрлүүлж байгаагүй болно. Тус холбооны 489 айлаас 482 айл нь хэвийн төлөлттэй, 7 айл дундын өмчлөлийн засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг төлөөгүйгээс 10 гаруй сая төгрөгийн авлага үүсгэсэн, энэ 7 айлын 1 нь эднийх юм.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасны дагуу Сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалттай холбоотой зүйлийг хариуцдаг тул гаднах зогсоол дахь оршин суугчийн автомашины бүрэн бүтэн байдлыг хариуцахгүй.

1 байр нь 2 орцтой, 1 орц 2 лифттэй, гэхдээ 1 лифт ажиллаж байсан ч, 2 лифт ажиллаж байсан ч ялгаагүй засвар үйлчилгээ, урсгал зардал байнга гарч байдаг учир уг зардлыг хариуцахгүй гэдэг хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, учир нь бүх гишүүдийн хурлын тогтоолоор засвар үйлчилгээний үнэ хөлсийг тогтоосон байдаг. 2019 оны 4 сараас 1 лифт зогсож, 1 лифт ажиллаж байгаа бөгөөд энэ талаар эднийхээс гомдол гаргасан зүйл байхгүй.

Иймд хариуцагч Ц.Ж, Э.Ө нараас нэхэмжилсэн 1,837,060 төгрөгөөс хариуцагчийн 2021.11.25-ны өдөр төлсөн 200,000 төгрөгийг хасч, үлдэх 1,637,060 төгрөгийг тэднээс гаргуулан тус Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, хуулиар тогтоосон үүргээ цаг хугацаанд нь биелүүлсэн бусад сууц өмчлөгч иргэдийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Ж, Э.Ө нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ш” сууц өмчлөгчдийн холбооны явуулж буй үйл ажиллагаа нь учир дутагдалтай буюу оршин суугчдынхаа эрүүл ахуй, аюулгүй орчин, тав тухтай байдлыг ханган ажиллаж чаддаггүй учраас нэхэмжилж буй дүнгээс зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 2021.11.25-ны өдөр 200,000 төгрөг төлсөн. 

Камерын хяналт туйлын хангалтгүй байдгаас зогсоол дээрх автомашинаасаа 2 удаа эд зүйлсээ алдсан, гэтэл камер нь тухайн үед дурангаа өөр зүгт харуулчихсан байсан. Мөн 9 сард хүүхдийг маань хүүхдүүд дээрэлхэж 2 цаг гаруй гадаа зогсоогоод уйлуулсан байсныг шүүлгэж үзэх гэхэд заавал Цагдаагийн байгууллагын бичиг шаардаад үзэж чадаагүй. Үүнээс болж тэр хүүхдүүдийг олох боломжгүй болсон өсвөр насны хүүхдэд маань маш их сэтгэл зүйн хүнд дарамт үлдээсэн. Үүнтэй холбоотой харуул хамгаалалтын 9,500 төгрөгөөс өөрт учирсан  хохирлын хэмжээг 30 хувиар нь бодож 3,500 төгрөгийг зөвшөөрөхгүй.

Мөн лифтний төлбөрийг бүтнээр нь нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Учир нь 2 лифт ажилласан тохиолдолд сарын төлбөрийг 7,000 төгрөгөөр тогтоосон. Гэтэл нэхэмжлэгч нь 1 лифт ажиллаж байсан ч, 2 лифт ажиллаж байсан ч ялгаагүй засвар үйлчилгээ, урсгал зардал адилхан гээд лифтний төлбөрийг бүтнээр нь тооцож байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

Сүүлийн 2 жилийн хугацаанд Ковид гээд олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх шаардлагатай байхад 1 лифтээр зорчих нь ямар их эрсдэл дагуулж байгааг тооцоолохгүй байгаад гайхаж байна. Энэ талаар Сууц өмчлөгдийн холбоо арга хэмжээ авсан бол арай өөр хэрэг, гэтэл маш олон удаа лифт гацаж, хэвийн үйл ажиллагаа нь алдагдсан. 2 лифт эврээд сар гаруй болж байсан. Манайх бага насны 4 хүүхэдтэй, 8 давхарт амьдардаг учраас гэрээс хүүхдүүдээ авч гарах болоход 1 лифтэнд олон хүнтэй зорчих нь туйлын хүндрэлтэй, лифтийн хэвийн бус үйл ажиллагаанаас болж 2 ч удаа гацсан. Үүнээс болоод хүүхдүүд лифтэнд суухаас айдаг болсон, биднийг ч гэсэн битгий суугаарай гэж захих болсон. Хэрэв 2 лифтээр хэвийн үйлчлүүлсэн бол 100 хувь төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. 2019 оны 4 сараас 1 лифт нь огт ажиллахгүй болсон.

Иймд Сууц өмчлөгчдийн холбооны 1,637,060 төгрөгөөс лифтний төлбөрт 57 сарын 4,200 төгрөг буюу 239,400 төгрөг, харуул хамгаалалтын төлбөрт 57 сарын 3,500 төгрөг буюу 199,500 төгрөг, нийт 438,900 төгрөгийг зөвшөөрөхгүй, үлдэх хэсгийг зөвшөөрч байна гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, “Г” Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, 0, 1 байрны бүх оршин суугчдын 2019.09.12-ны өдрийн 1 тоот хурлын тогтоол, түүнйи хавсралт, “Г” Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн 2016.09.16-ны өдрийн 5 дугаартай “Шинээр байр нэмэх тухай” тогтоол, “Ш” Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн 2019.09.01-ний өдрийн 05 дугаартай” Төлбөр хураамжийн хэмжээ тогтоох тухай тогтоол, тогтоолын хавсралт, тус холбооны удирдх зөвлөлийн 2020.03.02-ны өдрийн 10 дугаартай гүйцэтгэх захирал томилох тогтоол, “Г” Сууц өчлөгчдийн холооны 2021.08.16-ны өдрийн 59 дугаартай албан бичиг, 138 тоот орон сууцны 2017.02 сараас 2021.10 сар хүртэлх хугацааны Төрийн банкны дансны хуулга, батламж зэрэг баримтуудыг, хариуцагчааас тус байрны фэйсбүүк хаягт тавигдсан мэдээлэл, дансны хуулга зэрэг баримтуудыг тус тус шүүүхэд ирүүлсэн.

 

/хх-ийн 4-21, 40-51 тал/

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ш” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ц.Ж, Э.Ө нарт холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 1,837,060 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад хариуцагчийн 2021.11.25-ны өдөр төлсөн 200,000 төгрөгийг нэхэмжлэлээс хасч, 1,637,060 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжсэн болно.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0-10 Б байрны оршин суугчдын хурлын тогтоол, өргөдөл холбогдох материалыг хянан үзээд “Г” Сууц өмчлөгчдийн холбоог 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, №167 дугаартай гэрчилгээ олгосон, тус дүүргийн 0 хорооны 0, 1 байрны бүх гишүүдийн хурлын тогтоолоор дээрх холбоонд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэмж бүртгэгдсэн, “Ш” хотхон, 0,1,2 байрны бүх гишүүдийн хурлын тогтоолоор “Ш Сууц өмчлөгчдийн холбоог 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр бүртгэж, 325 дугаартай гэрчилгээ олгосон зэргээс үзэхэд уг орон сууцны өмчлөгчид нэгдэн холбоо байгуулсан болох нь тогтоогдож байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийг Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0,1,2 байрны сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилготой гэж үзнэ.

 

/хх-ийн 5-9 тал/

 

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 148.2.3, Сууц Өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 13.2.3, 16 дугаар зүйлийн 16.4, 16.5-д тус тус зааснаас үзэхэд дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ, уг зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд орон сууцны өмчлөгч нь тогтоосон хэмжээгээр оролцох, бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болохыг тодорхойлсон.

 

“Ш” Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолоор нэг өмчлөгчөөс нэг сард дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын хэмжээг  цэвэрлэгээ 5500 төгрөг, харуул хамгаалалт 5,000 төгрөг, цахилгаан шатны засвар үйлчилгээ арчлалт, ашиглалт 3-аас дээш давхарт 7,000 төгрөг, давхрын болон дундын гэрэл 2,000 төгрөг, баримт хөтлөлт 200 төгрөг, хуримтлал 1м.кв тутамд 180 төгрөг байх ба уг тарифийг мөн өдрөөс эхлэн дагаж мөрдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

/хх-ийн 10-11 тал/

 

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г” Сууц өмчлөгчдийн холбооноос 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 0, 1, 2 байрыг хүлээн авсан, өмчлөгч нарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын талаар тус сууц өмчлөгчдийн холбоотой тооцоо нийлсэн, энэ талаар баримт үйлдсэн, 0 тоот орон сууцны өмчлөгч 2017 оны 02 сараас 2021 оны 10 сар хүртэлх хугацааны зардал төлөх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс “Г” Сууц өмчлөгчдийн холбоо, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс “Ш” Сууц өмчлөгчдийн холбоо нь Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Улаанхуаран, 1 байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болсон нь тогтоогдож байна.

 

Хариуцагч нар Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Улаанхуаран гудамж, 1 дүгээр байр, 0 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний 2017 оны 02 сараас 2019 оны 08 сар хүртэлх хугацааны зардлыг төлөөгүй гэдэгтэй маргаагүй боловч уг шаардлагаас 1,198,160 төгрөгийг зөвшөөрч, лифтний засвар үйлчилгээний төлбөрт 57 сарын 4,200 төгрөг буюу 239,400 төгрөг, харуул хамгаалалтын төлбөрт 57 сарын 3,500 төгрөг буюу 199,500 төгрөг, нийт 438,900 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Ийнхүү татгалзсан үндэслэлээ 2 лифт ажиллах ёстой байтал 2019 оны 4 сараас хойш 1 лифт огт ажиллаагүй, ийм байтал 2 лифт хэвийн ажиллах үед төлөхөөр тогтоосон төлбөр 7,000 төгрөгийг бүтнээр тооцож байгаа нь үндэслэлгүй, камер шаардлага хангаж ажиллаагүйгээс эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирол учирсан гэж тайлбарласан боловч тус Сууц өмчлөгчдийн холбооны буруутай үйл ажиллагааны улмаас учруулсан хохирлын баримтыг шүүхэд ирүүлсэнгүй. 

 

Зохигч нь 2019 оны 4 сараас эхлэн 1 лифт ажиллаж, 1 нь ажиллахгүй байгаатай маргаагүй.  

 

Үүнээс үзэхэд тус Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын тогтоолоор 3-аас дээш давхарт 2 лифт хэвийн ажиллаж байх тохиолдолд засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг нэг сард 7,000 төгрөг байхаар тогтоосон байтал  2019 оны 4 сараас 1 лифт ажиллаж байх тул уг хугацаанаас хойших зардлын  зардлын тал хувийг хариуцагч хариуцах үүрэгтэй гэж үзэв.

 

Хариуцагч нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцан ажиллаж байгаа Сууц өмчлөгчдийн холбооны буруутай үйл ажиллагааны улмаас өөрт эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирол учирсан гэх байдлаа баримтаар нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.

 

Иймд хариуцагч Ц.Ж, Э.Ө нараас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1,528,560 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ш” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 108,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

/2019.04 сараас 2021.10 сар хүртэлх 31 сарын хугацааны лифтны засвар үйлчилгээтэй холбоотой зардлын 50 хувь буюу 108.500 төгрөг/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т: “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...”, гэж заасны дагуу хариуцагч нараас 1,528,560 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар тооцож 39,406.96 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ш” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,342.96 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Э.Ө, Ц.Ж нараас дундын өмчлөлийн зүйлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардалд 1,528,560 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ш” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 108,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Ө, Ц.Ж нараас улсын тэмдэгтийн хураамжид 39,406.96 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ш” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,342.96 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ