| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/0385/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/606 |
| Огноо | 2025-02-27 |
| Зүйл хэсэг | 18.3.1., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/606
2025 02 27 2025/ШЦТ/606
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
улсын яллагч Б.Очгэрэл,
шүүгдэгч Д.Ч, түүний өмгөөлөгч С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Д-ын Чд холбогдох эрүүгийн 2402 00000 0438 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн **** дугаар хороо *** дугаар хороолол, ******* тоотод оршин суух хаягтай боловч Хан-Уул дүүргийн **** дугаар хороо ****** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
****** овогт Д-рын Ч /регистрийн дугаар: *********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ч нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ГТО” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийж 2022 оны жилийн эцсийн тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаггүй “А” ХХК-иас 6 ширхэг падаанаар 591,499,996 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 59,149,998 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,
Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,
Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
Гэрч Х.А-дын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 07230018 дугаартай мөрдөгчийн лавлагаа /хх-ийн 32-45-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-63-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 159-163-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Б.Очгэрэл шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Д.Ч нь Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ГТО” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх 2022 оны жилийн эцсийн тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаггүй “А” ХХК-иас 6 ширхэг падаанаар 591,499,996 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 59,149,998 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг.
Шүүгдэгч Д.Ч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “... шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх байрь суурьнаас, гэм буруугийн талаар маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлж оролцоно...” гэх тайлбарыг гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шинжээчийн дүгнэлт магадлагаагаар “Анаржинж” гэх аж ахуйн нэгжээс “ГТО” ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 6 ширхэг падаанаар 591,499,996 бараа материал худалдсан мэтээр НӨАТ-ын хий бичилт хийж улсын төсөвт төлөх татвараа 59,149,998 төгрөгөөр бууруулсан байна. Иймд дээрх аж ахуйн нэгжийн улсад учирсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Д-гийн мөрдөн шалгах ажилаагааны явцад өгсөн “...Би “ГТО” ХХК-ийн талаар бол сайн мэдэхгүй. Манай хүргэн болох Д.Ч нь 2022 онд надаас НӨАТ шивээд өгөх газар байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би “А” ХХК-ийн М гэх хүнтэй холбогдож НӨАТ шивүүлъе гэхэд компанийхаа РД-ыг явуулчих гэсэн. Тэгээд л Ч “ГТО” ХХК-ийн РД-ыг явуулсан. Энэ компани нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тухайн үед яг хэдэн төгрөгийн хэдэн НӨАТ худалдаж авч өгсөн талаар санахгүй байна. Чгийн явуулсан дүнгээр л НӨАТ авсан юм. Би яг хэдэн төгрөгний ашиг авч байснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...А ХХК-ийн М-гийн компани үйл ажиллагаа явуулдаггүй. Тэр компани нь цаасны компани юм шиг байна лээ. Яаж тухайн компанитай танилцсан бэ гэвэл 2022 оны 08 дугаар сард НӨАТ-ын баримт зарна гэсэн зарын дагуу холбогдож комданиудад НӨАТ-ын баримт шивүүлдэг байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...А гэх аж ахуйн нэгжээс Болортуяа нь хэд хэдэн аж ахуйн нэгж дээр НӨАТ-ын баримт шивж өгч байсан. Өөрөөр хэлбэл би НӨАТ-ын баримт зарна гэж зар оруулж улмаар зарын дагуу миний 96***** дугаарын утас руу холбогдсон аж ахуйн нэгжүүдийг Б руу явуулахад Б нь А гэх аж ахуйн нэгжээс бараа материал зарж борлуулсан мэтээр НӨАТ-ын баримт шивдэг байсан. Би А ХХК-ийн захирал болон нягтлан бодогч нарыг танихгүй урьд өмнө харж байгаагүй...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 07230018 дугаартай мөрдөгчийн лавлагаа,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол…” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан байдаг.
Шүүгдэгч Д.Ч нь “ГТО” ХХК-д гүйцэтгэх албан тушаалтан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Д.Ч нь татвар төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан бөгөөд гэм буруугийн шууд санаа зорилгоор буюу их хэмжээний татварыг нуух зорилгоор үйл ажиллагаа огт явуулдаггүй “А” ХХК-иас 2022 оны жилийн эцсийн тайлант хугацаанд 6 ширхэг падаанаар 591,499,996 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө, бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 59,149,998 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн идэвхтэй гэмт үйлдэл хийсэн нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Чгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Чг “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж татвар төлөхөөс зайлсхийсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулна.” гэж хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас улсын төсөвт 59,149,998 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Д.Ч нь татварын тайланг залруулж, гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо төлсөн талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланг шинжлэн судалж, улсын яллагч, өмгөөлөх талаас төлөгдсөн талаар дүгнэлтийг тус тус гаргасан тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “... Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Ч нь шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар “...2023 оны тайлан дээр залруулга хийгдэх шалтгаанаар буцаагдсан. Улсдаа татвараа бүрэн төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол, төлбөрөө барагдуулсан. Тус хэрэг нь маш удаж байгаа бөгөөд тусгаарлаж шийдвэрлүүлж байгаа. Шүүгдэгчийн хувьд энэ гэмт хэргийг үйлдэхдээ тухайн шивэлт хийдэг газрыг албан ёсных гэж хэт итгэсэн учраас энэ гэмт хэрэгт холбогдсон. Бичилт хийдэг албан ёсны бус гэдгийг мэдээгүй байж байгаад ийм нөхцөл байдалд холбогдсон. Иймд манай үйлчлүүлэгчийг 450.000 төгрөгөөр торгож өгнө үү...” гэсэн дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгч Д.Чд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус хангаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Д.Чд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Д.Чд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Д.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овогт Д-рын Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Чийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР