Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/19

 

 2024          12            25                                      2025/ШЦТ/19     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2024/1090/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч П.Отгонбаатар,

хохирогч Д.Ам, Н.Б,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Дагважанцан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 2409000001788 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн 2002 оны 03 дугаар 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, "Х***" авто машин угаалгын газарт ажилладаг, ам бүл 3, ээж, эмээгийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.Э /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ө” нэртэй зочид буудлын 206 тоот өрөөнд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд эзэмшигчийн зөвшөөрөлгүй хууль бусаар нэвтэрч хохирогч Б.А-н эзэмшлийн 2,000,000 төгрөгийн үнэ бүхий айфоне 13 про макс загварын гар утсыг, хохирогч Б.Ал-н эзэмшлийн 1,200,000 төгрөгийн үнэ бүхий айфоне 12 про 516 gb багтаамжтай загварын гар утсыг, хохирогч Д.Б-н эзэмшлийн 950,000 төгрөгийн үнэ бүхий айфоне 12 про 128 gb загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, нийт 4,150,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би тэр буудалд ахтайгаа, мөн 2 охинтой хонох гэж очсон. Сайн санахгүй байна согтуу байсан. Хохирогч нарын утсыг яаснаа санахгүй байна, тухайн үед жижиг цүнхтэйгээ хамт алга болгосон. Би үлдэгдэл хохирлыг барагдуулна...” гэв.

Хохирогч Д.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би өөрийн эзэмшлийн гар утсыг алдсан. Би  1 сая төгрөгийн хохирол авсан байгаа.” гэв.

Хохирогч Д.Б: “Ямар нэг санал гомдол байхгүй. Хохирлоо 100 хувь барагдуулж авсан байгаа” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би найз Б, А нарын хамтаар Сүхбаатар дүүргийн ***-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Ө зочид буудлын 206 тоот өрөөг түрээслэн түр хугацаагаар оршин сууж байгаа бөгөөд өнөөдөр буюу 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн өглөөний 05 цагийн орчимд миний амьдарч буй манай өрөөнөөс миний гар утас болон найзуудын маань гар утас хулгайд алдагдсан. Миний алдагдсан гар утас нь iphone 13 promax загварын хар өнгийн цагаан аниме зурагтай кейстэй байсан бөгөөд би гар утсаа 2024 оны 5 дугаар сард Good phone” нэртэй гар утасны дэлгүүрээс 2,650,000 төгрөгөөр лизингээр худалдан авч байсан. Тус буудал нэг ортой, А бид 2 зэрэгцээд орон дээр унтаж байсан, харин Билгүүн газраар унтаж байсан. Би тус орны баруун хэсэгт нь унтаж байсан бөгөөд өөрийнөө толгойны хажууд баруун талдаа гар утсаа тавиад унтаж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 13, 83 дахь тал)

Хохирогч Б.Алтаншагайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би найз Б, Ам нарын хамтаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ө зочид буудлын 206 тоот өрөөг түрээслэн түр хугацаагаар оршин сууж байгаа бөгөөд өнөөдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 05 цагийн орчимд миний амьдарч буй манай өрөөнөөс миний гар утас болон найзуудын маань гар утас хулгайд алдагдсан. Миний алдагдсан гар утас нь iphone 12 рго загварын хар өнгийн эрээн өнгийн стикер наалттай кейстэй байсан бөгөөд би гар утсаа 2023 оны 01 дүгээр сард 1,700,000 төгрөгөөр лизингээр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 15 дахь тал)

Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ө зочид буудлын 206 тоот өрөөг түрээслэн түр хугацаагаар оршин сууж байгаа бөгөөд өнөөдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн өглөөний 05 цагийн орчимд миний амьдарч буй өрөөнөөс миний гар утас хулгайд алдагдсан. Миний гар утас нь айфоне 12 загварын 128гб багтаамжтай цагаан өнгийн гар утас байсан, би тухайн гар утсаа 2023 оны 10 дугаар сард *** худалдааны төвөөс 1,400,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тус буудлын өрөө нь нэг ортой бөгөөд Ам, А нарыг орон дээр унтуулаад би газраар унтсан. Ингэхдээ би өөрийн гар утас айфоне 12 загварын гар утсаа оролдож байгаад бариад унтсан байсан. Тэгээд өглөө сэрээд Ам, А нар нь гар утас байхгүй байна гэж хэлэхээр нь би тоглоод байна даа гэж бодтол нээрээ гар утас байхгүй байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 18, 85 дахь тал)

Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би буудал руугаа ороод хоёр давхарт гарахад нэг дутуу хаасан хаалга байхаар нь хаалгыг нээгээд хартал дотор нь хүмүүс унтаж байгаа бололтой хурхиралдаж байхаар нь би юу билээ гэж бодоод буцаад шатныхаа эсрэг тал руу нь яваад өөрийнхөө өрөөг олоод ортол Б.Э цонхны хажууд сууж байсан. Тэгтэл Б.Э “ахаа юу болов” гэж асуухаар нь "Би нөгөө хоёрыг чинь таксинд суулгаж өгөөд явуулчихлаа" гэхэд "Ахаа би хоёр өрөөний төлбөрт өөрийнхөө гар утсыг тавьчихсан байгаа” гэхээр би "За одоо яах вэ маргааш зохицуулаад авъя. Одоо эндээ унтах юм уу яахын” гэж хэлчхээд бид хоёр тамхи татаж сууж байгаад би Б.Э-д "Би сая орж ирэхдээ өрөөгөө андуураад шатны нөгөө талын өрөөний хаалгыг нээсэн чинь хүмүүс хурхиралдаад унтаж байна. Ёстой балрах шахлаа" гэж хэлтэл Б.Э "Ахаа би доошоо буугаад Ресейпшнээс гуйгаад өөрийнхөө гар утсыг авах талаар яриад ирье" гэж хэлээд гараад явсан. Удалгүй 3-4 орчим минутын дараа Б.Э орж ирээд "Ахаа хоёулаа явъя" гэхээр нь би өрөөг нь хүлээлгэж өгөөд гар утсаа авчихсан юм байхдаа гэж бодоод гараад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25 дахь тал),

Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 924/10928 дугаартай “...айфоне 13 про макс загварын гар утасны үнэ 2,000,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 29-35 дахь тал),

Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 924/10928 дугаартай “...айфоне 12 про 516 gb загварын гар утасны үнэ 1,200,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 41-47 дахь тал),

Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 924/10928 дугаартай “...айфоне 12 про 128gb загварын гар утасны үнэ 950,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 53-59 дэх тал),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 64-69 дахь тал) зэрэг баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ө” нэртэй зочид буудлын 206 тоот өрөөнд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд эзэмшигчийн зөвшөөрөлгүй хууль бусаар нэвтэрч хохирогч Б.Ам-н эзэмшлийн 2,000,000 төгрөгийн үнэ бүхий айфоне 13 про макс загварын гар утсыг, хохирогч Б.А-н эзэмшлийн 1,200,000 төгрөгийн үнэ бүхий айфоне 12 про 516 gb багтаамжтай загварын гар утсыг, хохирогч Д.Б-н эзэмшлийн 950,000 төгрөгийн үнэ бүхий айфоне 12 про 128 gb загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, нийт 4,150,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай хэмжээнд нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Б.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Э-н хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж амьдрах гэсэн ёс суртахуунгүй, шунахай зан байдал нь шууд  нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-с нийт 1,400,000 төгрөг гаргуулж, 400,000 төгрөгийг хохирогч Б.А-д, 1,000,000 төгрөгийг хохирогч Б.Ам-д тус тус олгохоор шийдвэрлэсний дараа шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс хохирлыг төлж барагдуулах хүсэлт гаргаж, шүүх хуралдаанаас завсарлага авсан ч хохирлыг нөхөн төлөөгүй байна.

Гэхдээ шүүгдэгч Б.Э нь “би гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ гэмшиж байгаа. Хохирогч нарын хохирол төлбөрийг 100 хувь барагдуулна” гэдгээ илэрхийлсэн болно.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Э-д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол төлбөрийнхөө ихэнх хэсгийг төлж барагдуулсан, үлдэх хэсгийг нөхөн төлж барагдуулахаа илэрхийлж байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт оногдуулахаар заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Б.Э-н хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б.Э-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь  заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хорих ял эдлэх хугацааг өнөөдрөөс эхлэн тоолж, түүнийг цагдан хорьсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Э-с нийт 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж, 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг хохирогч Б.А-д /РД: /-д, 1,000,000 /нэг сая/ төгрөгийг хохирогч Б.Ам-д /РД:/-д тус тус олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн өөр эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР