Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2019/01493

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2019/01493

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамж, Хэрлэн плаза 8-801 тоот хаягт оршин байрлах А К ББСБ ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 40 дүгээр байрны 71 тоот хаягт оршин суух, Лувсанчойжил овогт Нэргүйн П /регистрийн дугаар: /

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 40 дүгээр байрны 71 тоот хаягт оршин суух, Цогтхунтайж овогт Амарсайханы У /регистрийн дугаар: / нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 60,292,111 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул, Б.Энх-Эрдэнэ, хариуцагч Н.П , түүний өмгөөлөгч Б.Дамба, хариуцагч А.Уянгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А К ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.П нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 1703004 тоот зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг уул уурхайн бизнест соронзон хайгуулын төхөөрөмж авах зориулалтаар сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан.

Н.П зээл авсан цагаасаа хойш хуваарьт төлбөр болон ямар нэгэн төлөлт хийгээгүй тул зээлийн төлбөр 30,000,000 төгрөг, зээлийн хүү 26,670,000 төгрөг нэмэгдүүлсэн хүү 3,622,111 төгрөг, нийт 60,292,111 төгрөгийг хариуцагч Н.П , А.У нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэнэ үү гэв.

 

Хариуцагч Н.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд зээл авсан нь үнэн. Зарцуулсан нь үнэн. Төлөх гэж хичээж байгаа. Төн түрүүн хэлсэнчлэн эхнэртэйгээ үл ойлголцол болсны улмаас боломж болохгүй байгаа. Би зарим хэсгийг нь зөвшөөрч байна. Зарим хэсэг болох 15.000.000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Н.П ийн өмгөөлөгч Б.Дамба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.П нь А К ББСБ-тай зээлийн гэрээг 2017 оны 03 сарын 15-ны өдөр байгуулсан. Гэрээний дагуу 30.000.000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлж авсан гэдэг дээр маргахгүй байдаг. Шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа ч хэлдэг. Би бол энэ талаар ярьсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өндөр байна гэдэг тайлбарыг хэлдэг. Түүнээс хувийн байдлаас нь болж биш. Үүнтэй хэн ч маргаагүй. Хуульд заасан журмын дагуу шаардаад байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргахдаа зөвхөн Н.П гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа мэтээр ярьдаг. Гэрээ бол 2 талдаа илэрхий аль нэг талдаа хохиролтой байхааргүй байгуулах ёстой. Гэрээнд заасан үүргээ биелүүлэх ёстой гэж яриад байгаа ч өөрсдөө асуултад хариулахдаа өөрсдөөсөө холдуулж хариулж байна. Тэр үеийн зээл олгогч байхгүй, хариулах боломжгүй гэх мэтчилэн асуултад бүрэн хариулахгүй байна. Гэрээ байгуулаад заасан хугацаандаа нэхэмжилсэн бол ийм өндөр үнэтэй болохгүй байсан. Н.П ийг эрэн сурвалжлуулсан Цагдаагийн хэлтэст хандсан гэж ярьж байна. А.У гэртээ байгаа ш дээ тэгвэл очоод уулзаад асууж болно ш дээ. Тийм бол төлбөрийн хэмжээ ийм өндөр байхгүй. Хүүг бол дэндүү өндөр ашиглаж, барьцаа хөрөнгийг ашиглаж удаасан байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хүүг бууруулах үндэслэлийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.8 гээд ярьж байна. Гэрээнд заасан хугацаанд үндсэн зээлээ өгч дуусаагүй үлдэгдлийн 0,5 хувийн хүүгийн алдангийг зээлдэгч төлнө гэж энэ бол шууд тохиролцсон тохиролцоо юм. 2017 онд гэрээ байгуулах үед манай байгууллагын ажилчид хууль зүйн мэдлэг чадваргүй байгуулсан гэх юм. Нэгэнт гэрээг байгуулсан бол байгуулсан. Аль аль тал нь гарын үсэг зураад байгуулсан байгаа. Гэрээний 2.1.8-ыг үндэслэх ёстой. Тэгэхээр нэхэмжлэлээрээ нотлох ёстой. Хуульд заасан үндэслэлээ яриад байгаа юм бол нотлох баримтаа өөрөө гаргах ёстой. Зээлийн гэрээний 2.3-т зааснаар хугацаа дууссан. Үүнээс хойш алданги тооцно. Нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээл болох 30.000.000 төгрөг зээлийн хүү 12 сарынх нь 12.600.000 төгрөг нэмэгдүүлсэн хүү нийт 45.120.000 төгрөг болж байгаа юм. Хэрвээ зээлийн гэрээний 2.1.8-ыг үндэслэх юм бол нэхэмжлэгч талын үндэслэж байгаа гол эх сурвалж нь юм. Энэ гэрээ хуульд нийцсэн байх ёстой, тийм учраас цааших шаардлагууд үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс хариуцагч Н.П ийн зүгээс 45.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нөгөө талаас нэхэмжлэлийн шаардлага 2 шаардлага шиг харагдаж байна. 62.992.110 төгрөгийг А.У , Н.П нараас гаргуулах, энэ нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн. Энэ үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа барьцаа хөрөнгөөр хангуулах барьцаа хөрөнгө нь 80.000.000 төгрөг 62.992.110 төгрөгийн төлбөрийг 80.000.000 төгрөгийн барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Барьцааны гэрээ, зээлийн гэрээ хоёр нь салшгүй холбоотой байх ёстой, холбогдохгүй байна. Зээлийн гэрээн дээр А.У гэж байхгүй. Барьцааны гэрээн дээр Н.П байхгүй байгаа нь гэрээ холбогдохгүй байна. А.У ямар гэрээнд хамааралтай болоод барьцааны гэрээг байгуулаад байгаа нь тодорхойгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар барьцаалуулагч А.У ямар үүргээ биелүүлээгүй юм, үүргээ биелүүлээгүй байх үед 42.1-т зааснаар бичгээр мэдэгдэж байж энэ шаардлагыг гаргах ёстой. Хичнээн шуудангаар явуулсан ч гэсэн танилцуулах ёстой. Ийм шаардлага гаргаж байж ганц ч удаа бичгээр мэдэгдэж байгаагүй. Үндсэн хуулийн цэцийн тогтоолоос харж байсан. Барьцааны хөрөнгийг худалдуулъя гэсэн агуулга байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар уг зүйлийг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаагаар худалдана гэж заасан байдаг. Үндсэн хуулийн Цэцийн тогтоол гарсан байгаа. Үүнийг яагаад иш татаад байна гэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар дуудлага худалдааг, гэмт хэрэг юм шиг яриад байсан. Зээлийн гэрээ байгуулах гол үндэслэл нь барьцааны хөрөнгийг авсан байгаа. Барьцааны хөрөнгө нь хуурамч байх юм бол эрүүгийн хэрэг залилан болно. Хуурамч бичиг баримт үйлдсэн байх нь тодорхой харагдаж байна. Барьцааны гэрээг тухайн өмчлөлийн эзэн болох А.У өөрөө гарын үсэг зурсан байгаа. Гэрээний дагуу үүргээ ойлгосон байгаа. Нөгөө талаас хуурамч бичиг баримт үйлдсэн, өөрсдийнхөө талаар тайлбар хэлж байгаа нь хэлбэрийн шинжийг агуулж байна. Манай зүгээс гэрээний 2.1.8-ыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагаас 45.120.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч А.Уянгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхбаатар: А.Уянгыг хамтран хариуцагч гэж татаад, байрыг нь авч төлбөрийг төлүүлэх зүйл ярьдаг. Гэтэл А.У хариуцагч юм бол зээлийн гэрээн дээр гарын үсэг зурах ёстой, зээлийн гэрээг мэдэх ёстой байтал А.Уянгын хувьд зээлийн гэрээний тухай мэдэхгүй, гэрээг харж байгаагүй байдаг. Иймээс хариуцагч гэж үзэх үндэслэлгүй юм. 30.000.000 төгрөгийн барьцааг илүү гаргахгүй гэсэн барьцаалбарын график байгаа. Үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа санхүүгийн зохицуулах хорооноос гарсан гэж байна. Би банкны зөвлөхөөр ажиллаж байсан хүн, Санхүүгийн зохицуулах хорооноос тийм баримт гардаггүй юм. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд Банк бус санхүүгийн байгууллагын 2015 оны хуулиар тооцоод зээл авсан нь үнэн, төлөх нь үнэн боловч А К ББСБ хууль бусаар бусдаас мөнгө авах гэсэн санаатай байна. Н.П ийг хайсан хайсан гэж байгаа хайх шаардлага байхгүй. Зээлийн гэрээг хийхдээ анхнаасаа Иргэний хууль болон, банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийг ноцтойгоор зөрчиж гэрээг байгуулсан. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.1, 22.5, 22.3-т заасан, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасан заалтуудыг бүгдийг нь зөрчсөн. А.У тай барьцааны гэрээг байгуулахдаа гэрээний тухай тайлбарлаагүй шууд гарын үсэг зуруулсан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар энэ барьцааны гэрээг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А К ББСБ ХХК нь хариуцагч Н.П , А.У нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт нийт 60,292,111 төгрөг, гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, хариуцагч Н.П оос нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 60,292,111 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар бүхэлд нь хангаж, хариуцагч А.У д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

А К ББСБ ХХК болон иргэн Н.П нар 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 1703004 дугаартай зээлийн гэрээ, мөн өдөр 1703004 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулсан, зээлдэгч Н.П нь зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, зээлийн гэрээний 2.1.3-т зааснаар үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлөх нөхцөлтэйгээр зээлж, мөнгийг хүлээн авсан, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 13 хороолол, 40 байр 71 тоот орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалуулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зээлдэгч Н.П ийн 30,000,000 төгрөгийн зээл хүсч А К ББСБ ХХК-д гаргасан өргөдөл, барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүд нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно..,

453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

Иймд талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч Н.П нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно., 5 дугаар зүйлийн 5.1.Барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүснэ. гэж заасны дагуу иргэн А.Уянгын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 13 хороолол, 40 байр 71 тоот, А.Уянгын өмчлөлийн /нэг иргэний/, улсын бүртгэлийн Ү-2204016324 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг дээрх зээлийн гэрээний дагуу гүйцэтгэх үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгосныг хуульд нийцсэн гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээг хууль бус гэж үзэх үндэслэл шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсонгүй.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй., 41.2-т Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй., 42 дугаар зүйлийн .Барьцаалагч нь энэ хуулийн 41.1-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах тухайгаа барьцаалуулагч болон үүрэг гүйцэтгэгчид бичгээр мэдэгдэнэ. гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Харин хариуцагч А.У нь А К ББСБ ХХК болон иргэн Н.П нарын хооронд байгуулагдсан 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 1703004 дугаартай зээлийн гэрээний дагуу төлбөрийн үүрэг хүлээгээгүй тул түүнээс мөнгө гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн хүлээх хариуцлага учраас гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлтэй тул зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Н.П оос 66,292,111 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А К ББСБ ХХК-д олгох үндэслэлтэй байна.

Хариуцагч дээрх дүнгээр төлөх төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасныг баримтлан, талуудын байгуулсан барьцааны гэрээгээр, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 13 хороолол, 40 байр 71 тоот, А.Уянгын өмчлөлийн /нэг иргэний/, улсын бүртгэлийн Ү-2204016324 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Н.П оос 62,292,111 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А К ББСБ ХХК-д олгож, хариуцагч А.У д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч дээрх дүнгээр төлөх төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 13 хороолол, 40 байр 71 тоот, А.Уянгын өмчлөлийн /нэг иргэний/, улсын бүртгэлийн Ү-2204016324 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 601,579.02 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.П оос улсын тэмдэгтийн хураамжид 601,579.02 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А К ББСБ ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА