Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/21

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч М.Алтангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн,

Шүүгдэгч Ц.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.С. холбогдох эрүүгийн 2424000970003 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .......... регистрийн дугаартай Х овогт Ц С.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.С нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 16 цагийн үед Завхан аймгийн .............. нутаг дэвсгэр “Нүхэн хад” гэх газарт “Үхэр хөөлөө” гэсэн шалтгаанаар хохирогч Ө.Мыг газар унагааж, улмаар түүний зүүн талын хавирга болон цээж хэсэг рүү өшиглөх, дэвсэх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд 6, 7-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ц.Сын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Хэргийн үйл баримтын тухайд

 

Шүүгдэгч Ц.С нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 16 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг дэвсгэр “Нүхэн хад” гэх газарт “Үхэр хөөлөө” гэсэн шалтгаанаар хохирогч Ө.Мыг газар унагааж түүний зүүн талын хавирга болон цээж хэсэг рүү өшиглөх, дэвсэх зэргээр биед нь халдаж 6, 7-р хавирганы хугарал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

Хохирогч Ө.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 16 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг дэвсгэр “Нүхэн хад” гэх манай өвөлжөөний бэлд Ц.Сын 50 гаруй тооны үхэр бэлчээд ороод ирэхээр нь манай ээж Баасанхүү “манай өвөлжөөний бэлчээрт Ц.Сын үхэр ороод ирлээ, миний хүү үхрийг нь доошоо туучих” гэхээр нь би мотоциклийг жолоодоод Ц.Сын үхрийг доошоо туугаад явж байхад мөнгөлөг өнгийн саарал өнгийн “приус 20” загварын машин сумын төвөөс над руу чиглэж ирсэн. Тэгтэл машиныг Ц.С жолоодоод хажууд нь түүний ээж нь гэх зүс таних хүнтэй хамт ирсэн. Ц.С машинаас бууж ирээд “Пизда минь, яагаад үхэр хөөгөөд байна” гээд над руу уурлахаар нь “Танай үхэр өвөлжөөнд ороод ирлээ шүү дээ ахаа” гээд мотоциклынхоо хажууд зогсож байхад миний 2 мөрнөөс барьж аваад хавсарч унагаасан. Энэ үед миний мотоцикл газарт унасан. Намайг хавсарч газарт унагаасныхаа дараа миний зүүн талын хавирга руу 3 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Өшиглүүлснийхээ дараа газарт цээж бачуураад хэвтэж байхад үргэлжлүүлэн миний цээж нь дээр баруун хөлөөрөө нэг удаа дэвссэн. Тэгээд “Чамайг харна аа. Тосонцэнгэлийн төвөөр явуулахгүй” гэж заналхийлээд машиндаа суугаад явсан. Тухайн үед түүний ээж нь машинаасаа бууж ирээд Ц.С “Болио миний хүү яах гээд байгаа юм бэ?” гэхэд ээжийнхээ үгэнд оролгүй намайг өшиглөөд дэвсээд байсан. Тэгээд тэр хоёр машиндаа суугаад үхрээ Тосонцэнгэл сумын төв рүү туугаад явсан. Энэ үйл явдал манай гэрээс 4-5 орчим километр зайд болсон болохоор манай ээж намайг зодуулж байх үйл явдлыг хараагүй. Би гэртээ очоод ээждээ Ц.С намайг зодчихлоо гэхэд манай ээж цагдаад дуудлага өгсөн. С намайг зодож гэмтэл учруулахаас өмнө надад ямар нэгэн гэмтэл, бэртэл учирсан зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 10-12, 15-17/,

Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 15 цагаас жижүүрийн эмчийн ээлжийг хүлээн авсан. Тэгтэл 18 цаг өнгөрч байхад Ө.М гэх 32 настай, эрэгтэй хүн хүнд зодуулаад цагдаад дуудлага өгөөд ирсэн гээд яаралтай тусламжаар ирж үзүүлсэн. Тухайн иргэний үзэхэд ил харагдах шинээр үүссэн гэмтэл шарх байхгүй цээжийг нүцгэлж үзэхэд хэвлийн зүүн доор буюу зүүн хавирганы орчимд өвдөлт, эмзэглэлтэй байсан өөр ил харагдах шарх сорви үгүй байсан. Тэр хүн өвөлжөөний бэлчээрт айлын үхэр ирэхээр нь мотоциклтой тууж байхад үхрийн эзэн С гэх хүн ирээд газарт унагаагаад цээж рүү нь 2-3 удаа өшиглөж дээрх гэмтлийг учруулсан гэж хэлсэн. Зодуулсан талаараа ээждээ хэлээд цагдаад дуудлага өгсөн гэсэн. Тухайн үзүүлж байгаа хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг /хх 28/,

 Гэрч Д.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б над руу утсаар залгаад “танай үхэр манай өвөлжөө рүү ороод ирлээ үхрээ аваарай” гэхээр нь өөрийн төрсөн хүү Ц.Стой хамт түүний “приус 20” маркийн авто машинтай үхэр рүүгээ явсан. Тухайн үед манай үхэр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн Нүхэн хад гэх газарт байсан ба Б хүү Ө.М манай үхрийг мотоциклтой урдаас хөөгөөд явж байсан. Тэгтэл манай хүү Ө.Мыг “чи яагаад үхэр хөөгөөд байгаад юм бэ? манай энд байхаар яачхаад байгаа юм бэ?” гэхэд М мотоциклоосоо буугаад цаашаа зугтаасан. Манай хүү араас нь хөөж очоод түүний газарт унахаар нь “яагаад байгаа юм бэ?” гээд хөл рүү нь байхаа 2 удаа өшиглөсөн. Би хүүгээ “яагаад байгаа юм бэ?” гээд салгаад машинд нь суугаад бид хоёр үхрээ туугаад явсан. М ахаа би дахиж хөөхгүй гээд мотоциклоо унаад гэр рүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг /хх 30-31/

Иргэний нэхэмжлэгч Д.Цэндсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тосонцэнгэл сумын цагдаагийн хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн 41ж/1462 дугаартай алба бичгийн дагуу хохирогч Ө.М /ИГ92102519/ нь эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авч байсан эсэхийг нь программаас шалгаж үзэхэд 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 42,357 төгрөгийн тусламж үйлчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас 1 удаа түүнд олгосон байгаа. Ө.М нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгээс R10.4 оноштойгоор яаралтай тусламжийн үйлчилгээ 42,357 төгрөгөөр авсан байна. Хүснэгтийг албан бичигт хавсаргасан байгаа. ...Ө.М гэх хохирогч нь өнөөдрийн байдлаар эмчилгээ, үйлчилгээний зардалд 42,357 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан боловч дээрх иргэн өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан төлбөрөө буцааж төлөөгүй байгаа. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд дээрх төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар заасан байдаг. ...Би гэм буруутай этгээдээс хохирогчоос эмчилгээний зардалд гарсан дээрх төлбөрийг буцааж гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгомоор байна...” гэсэн мэдүүлэг /хх 25-26/,

Шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 448 дугаартай “...Ө.Мы эрүүл мэндэд хохирол учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой зүүн 6, 7-р хавирганы хугарал хохирол тогтоогдлоо. Уг хохирол нь шинэ хохирол байна. Учирсан хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Ө.Мы эрүүл мэндэд учирсан хохирол нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 59-60/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3023 дугаартай яаралттай тусламжийн хуудас, Ө.Мы цээжний эгч рентген зургаар /хх 63-67/ тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

1.2. Шүүгдэгч Ц.Сын “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

1.3. Шүүгдэгч Ц.Сод холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Мөн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

2. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Ц.Сын хохирогч Ө.Мы зүүн талын хавирга болон цээж хэсэг рүү өшиглөж, дэвссэн үйлдэл хохирогчийн 6, 7-р хавирганы хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь учирсан хүндэвтэр хохирол хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ц.С нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Ц.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.Сын үйлдлийн улмаас хохирогч Ө.Мы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.С нь хохирогч Ө.Мд хохирол төлбөрт 180,000 төгрөг төлсөн, хохирогч гомдол, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн “...Нэхэмжлэх зүйлгүй гомдол, саналгүй...” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон байна.

Хохирогч Ө.М нь шүүгдэгч Ц.Сын үйлдлийн эмнэлгийн байгууллагад хандаж эмчилгээ үйлчилгээ авсны улмаас эрүүл мэндийн даатгалын санд 42,357 төгрөгийн хохирол учирсан болох нь иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ө.М гэх хохирогч нь өнөөдрийн байдлаар эмчилгээ, үйлчилгээний зардалд 42,357 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан...” /хх 25-26/ гэсэн мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Ц.С нь иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 42,357 төгрөгийг төлсөн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.С нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “.Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ц.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.С эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн, бусдад төлөх хохирол төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сод оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

5. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х овогт Ц Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сыг 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ӨЛЗИЙХИШИГ