| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/0066/э |
| Дугаар | 2025/ШЦТ/81 |
| Огноо | 2025-03-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүгдүүд овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421004240027 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хүгдүүд овогт ******* ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* ******* нь 2024 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг, тоотод оршин суух гэртээ хамтран амьдрагч *******г “оройтож ирлээ, архи уулаа” гэх шалтгаанаар маргалдан зодож, улмаар маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд чирч суулган автомашин дотор зүүн хөлийг нь дарж улмаар *******гийн биед зүүн хөлний тахилцуур ясны проксимал хэсгийн хугарал, тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн өвдөгний цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би *******тэй танилцаад хамт амьдарч эхэлснээс хойш 2-3 удаа зодож байна. ******* намайг зодохдоо хардаж хоолой боох, гар хөших зэрэг яг эрэгтэй хүнтэй зодолдож байгаа юм шиг зоддог. ******* нь ажил хийдэггүй, дандаа хардалтын шинжтэй зүйлийн талаар яриад маргаан үүсгэдэг. Би ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байна” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хэрэг болсон өдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 18-ны орой ажлын түлхүүрээ айлаас авах гээд гэрээсээ гарсан. Тухайн үед хамтран амьдрагч *******ын үеэл дүү нь нөхөр хамт манайд ирсэн байсан. Тэднийг би манайд хонохоор ирснийг мэдээгүй, манайд мах буулгачихаад явах байх гэж бодоод гэртээ орхиод гарсан. Айлд очоод ажлынхаа түлхүүрийг авчихаад ажлынхаа хүмүүстэй уулзаж хэсэг удсан. Эргээд гэртээ харьсан чинь ******* ирээгүй байсан. Тэр үед , нар нь манайд хонож байсан. Би “за за, та хэд унтаж бай, би эргээд гарчихаад ирнэ” гээд явсан. Шөнө 03 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд ******* миний араас ирсэн. ******* намайг “оройтож гэртээ ирлээ, хаагуур яваад ирж байгаа юм бэ” гээд над руу уурлаж толгой руу 2 удаа өшиглөж, үснээс зулгааж үүд рүү чирсэн. Би өөдөөс нь “чи яаж байгаа юм, ямар учраас намайг зодож байгаа юм бэ” гэж бахираад бидний дунд маргаан үүссэн. ******* намайг чирж машинд суулгаад хөдлөөд явсан. Гэр хорооллоос хойш гараад явахаар нь би “бууж бие засмаар байна, би бууя” гэхэд машинаа зогсоохгүй яваад байхаар нь би “хөлөөрөө доторх толь руу нь жийхэд миний хөлийг барьж аваад доош дарахад нь миний хөл эвгүй болоод өвдөж эхэлсэн. Би “хөл эвгүй болчихлоо” гэж хэлэхэд эргээд намайг гэрийн гадна аваачсан. Миний хөл гишгэж болохгүй болохоор нь эмнэлэг дуудаж үзүүлэхэд хугарсан байна гэсэн. Харин тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн өвдөгний цус хуралт гэмтлүүдийг гэрт байхад миний үснээс зулгааж, чирж, мөн толгой руу хоёр удаа өшиглөж зодож учруулсан. Энэ үед дээрх гэмтлүүд учирсан гэж үзэж байна. Миний хувьд сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, *******ын намайг зодсон асуудлыг шүүхээр шийдүүлж холбогдох ялыг нь өгүүлэх хүсэлтэй байна. ******* намайг эмчлүүлж эмчилгээний зардлыг төлсөн. Гэвч цаашид эмнэлгийн байгууллагаар үзүүлэх тул тухайн гарсан эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Одоогоор эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Харин үзүүлэх зардлаа нэхэмжлэх болно...” гэжээ. /хх-ийн 17-25/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын 2421004240027 дугаартай хэргийн оролцогч *******гийн эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зардал зарцуулсан эсэх талаар 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс хойш шүүж үзэхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна. Хохирогч *******гийн эмчилгээний зардалд 525,858 төгрөг зарцуулсан байна. Иймд Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэсэн хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс хохирогч *******гийн биед гэмтэл учирсан хэрэгт буруутай этгээдээс нэхэмжлэх болно” гэжээ. /хх-ийн 28-29/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 08 дугаар сарын хэдний өдөр байсныг нь тодорхой санахгүй байна. ******* сумаас нөхөр, хүүхдийн хамт малын мах аваад Улаанбаатар хот руу буяны ажилд явах замдаа аймгийн төвд байдаг нагац ах болох *******ын гэрт орой 21 цагийн орчимд очиж хоноод өглөө эрт үүрээр 04 цагийн орчимд тэднийхээс гарсан. Нагац ******* хувиараа нэг хоолны газарт хүргэлтээр ажилладаг болохоор бид нарыг орж ирээд удаагүй цай ууж байх хооронд дуудлага ирээд гараад явсан. Үүний дараа түүний эхнэр болох бид нарыг орж ирэхэд гэртээ байсан боловч орой 22 цагийн орчимд гэрээсээ гараад шөнө 02 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл ууж хэрэглэсэн бололтой, хэл яриа нь ойлгогдохгүй, нэлээн согтуу орж ирсэн. Орж ирээд ******* ах руу утсаар залгахад найзынх нь бие муудаад эмнэлэг дээр байна гэж хэлж байсан. Их удалгүй ******* ах 10-20 минутын дараа гэртээ архи уугаагүй эрүүл орж ирсэн. Энэ үед эхнэр нь “чи хар шөнөөр хаагуур юу хийгээд ирж байгаа юм” гэж уурлаж бухимдаад нөхөр рүүгээ ширээн дээрээс юм авч шидээд байсан. Үүнээс гадна нөхрийгөө элдэв бусаар хэлж харааж зүхээд орилж хашхираад байсан. Тэгэхэд манай нагац ах ******* “эгч нь архи уусан үедээ унтаж амрахгүй шөнөжингөө орилж хашхирдаг, тийм болохоор та хэд унтаж амарч чадахгүй хэвтэж байхаар босоод явсан дээр” гэсэн. Тэр үед ямар ч унтаж амрах боломжгүй байсан тул бид нар босоод зам дөхөж байсан нь дээр юм байна гэж бодоод нөхөр бид хоёр айлын хөргөгчид хийсэн махаа машиндаа ачаад шөнийн 04 цагийн орчимд тэднийхээс явах гэж байхад нагац ах гадаа гарч ирээд бид нарыг сайн яваарай гэж хэлээд зогсож байх үед эхнэр нь тал тоосго гартаа барьчихсан гэрээсээ гарч ирээд нагац ахын мөрөн тус газарт нь цохисон. Энэ үед нагац ах мөрөө бариад доошоо суухад эхнэр нь түүнийг дарж унагаад дээр нь гараад нүүр нүдгүй хоёр гараараа ээлжлэн цохиод байхад би очиж тэр хоёрыг салгах үед ******* ах эхнэрээ нэг удаа алгадсан. ******* ах гэрээсээ явах гээд машиндаа сууж байхад эхнэр нь хүрч очоод элдвээр харааж зүхээд өмсөж явсан углаашаа тайлаад толгой нүүргүй цохиод байсан. Тэгж байгаад машинд суугаад тэр хэд бид нараас түрүүлж хашаанаас гарсан...” гэжээ. /хх-ийн 30-31/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 479 тоот дүгнэлтэд:
1. *******гийн биед зүүн хөлийн тахилцуур ясны проксимал хэсгийн хугарал, тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Тогтоогдсон зүүн хөлийн тахилцуур ясны проксимал хэсгийн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн өвдөгний цус хуралт гэмтлүүд хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлтийн явцаас хамаарна” гэжээ. /хх-ийн 34-35/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Тухайн тогтоолыг ойлгож, хүлээн зөвшөөрч байна. ...орой 22 цаг өнгөрөөгөөд гэртээ очиход манайд хөдөөнөөс хүмүүс ирчихсэн, харин ******* гэртээ байхгүй байсан. ...Тэгээд тэр намайг гэрээсээ хөөж туугаад байхаар нь би явлаа гээд машиндаа суусан чинь машины хаалганаас зулгааж, машин тэрэг рүү юм авч шидээд байсан. Намайг явуулахгүй байхаар нь г машиндаа суулгаад Зангиат хороолол дундуур явж аймгийн төвөөс хойш хөдөө гарахаар явсан. Ингээд гэр хорооллын хойд талаар явж байхад “би буумаар байна” гээд жолоо булаацалдаад, миний гарыг хазаад, чихнээс зулгаах, маажих зэргээр жолоо бариулахгүй байсан. Мөн жолооны хүрд рүү хөлөө жийх үед нь өөдөөс машины гэрэл тусаж, би сандраад тормосоо гишгэж хөлийг нь цааш түлхэж жолооны хүрднээс холдуулахад тэрээр “ёооё, миний хөл” гээд зовиурлаад байсан. ...Тэгээд эргэж гэртээ ирээд хөл өвдөөд байна гэхээр нь эмнэлэг явъя гэхэд чиний машинаар явахгүй гээд байхаар нь түргэн дуудаж үзүүлсэн чинь хөл нь хугарсан байсан...” гэжээ. /хх-ийн 54-55/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13/
*******т холбогдох улсын бүртгэлийн лавлагааны хуулбарууд /хх-ийн 57-60/
Дорнод аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15/16 тоот албан бичиг, хавсралтын хамт /хх-ийн 63-64/
*******оос эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд 525,858 төгрөгийг төлсөн талаарх банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1 хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Хүгдүүд овогт ******* ******* нь 2024 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг, тоотод байх гэртээ хамтран амьдрагч *******тай “оройтож ирлээ, архи уулаа” гэх шалтгаанаар маргалдан зодож, улмаар тээврийн хэрэгсэл дотор зүүн хөлийг нь дарж, түүний биед зүүн хөлний тахилцуур ясны проксимал хэсгийн хугарал, тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн өвдөгний цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ын “...намайг гэрээсээ хөөж туугаад байхаар нь би явлаа гээд машиндаа суусан чинь машины хаалганаас зулгааж, машин тэрэг рүү юм авч шидээд байсан. Намайг явуулахгүй байхаар нь г машиндаа суулгаад Зангиат хороолол дундуур явж аймгийн төвөөс хойш хөдөө гарахаар явсан. Ингээд гэр хорооллын хойд талаар явж байхад “би буумаар байна” гээд жолоо булаацалдаад, миний гарыг хазаад, чихнээс зулгаах, маажих зэргээр жолоо бариулахгүй байсан. Мөн жолооны хүрд рүү хөлөө жийх үед нь өөдөөс машины гэрэл тусаж, би сандраад тормосоо гишгэж хөлийг нь цааш түлхэж жолооны хүрднээс холдуулахад тэрээр “ёооё, миний хөл” гээд зовиурлаад байсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн хохирогч *******гийн “...03 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд ******* миний араас ирсэн. ******* намайг “оройтож гэртээ ирлээ, хаагуур яваад ирж байгаа юм бэ” гээд над руу уурлаж толгой руу 2 удаа өшиглөж, үснээс зулгааж үүд рүү чирсэн. Би өөдөөс нь “чи яаж байгаа юм, ямар учраас намайг зодож байгаа юм бэ” гэж бахираад бидний дунд маргаан үүссэн. ******* намайг чирж машинд суулгаад хөдлөөд явсан. Гэр хорооллоос хойш гараад явахаар нь би “бууж бие засмаар байна, би бууя” гэхэд машинаа зогсоохгүй яваад байхаар нь би “хөлөөрөө доторх толь руу нь жийхэд миний хөлийг барьж аваад доош дарахад нь миний хөл эвгүй болоод өвдөж эхэлсэн. Би “хөл эвгүй болчихлоо” гэж хэлэхэд эргээд намайг гэрийн гадна аваачсан. Миний хөл гишгэж болохгүй болохоор нь эмнэлэг дуудаж үзүүлэхэд хугарсан байна гэсэн. Харин тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн өвдөгний цус хуралт гэмтлүүдийг гэрт байхад миний үснээс зулгааж, чирж, мөн толгой руу хоёр удаа өшиглөж зодож учруулсан...” гэх мэдүүлэг,
тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ийн “... бид нарыг орж ирэхэд гэртээ байсан боловч орой 22 цагийн орчимд гэрээсээ гараад шөнө 02 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл ууж хэрэглэсэн бололтой, хэл яриа нь ойлгогдохгүй, нэлээн согтуу орж ирсэн. ...удалгүй ******* ах 10-20 минутын дараа гэртээ архи уугаагүй эрүүл орж ирсэн. Энэ үед эхнэр нь “чи хар шөнөөр хаагуур юу хийгээд ирж байгаа юм” гэж уурлаж бухимдаад нөхөр рүүгээ ширээн дээрээс юм авч шидээд байсан. Үүнээс гадна нөхрийгөө элдэв бусаар хэлж харааж зүхээд орилж хашхираад байсан. ...нөхөр бид хоёр 04 цагийн орчимд тэднийхээс явах гэж байхад нагац ах гадаа гарч ирээд бид нарыг сайн яваарай гэж хэлээд зогсож байх үед эхнэр нь тал тоосго гартаа барьчихсан гэрээсээ гарч ирээд нагац ахын мөрөн тус газарт нь цохисон. Энэ үед нагац ах мөрөө бариад доошоо суухад эхнэр нь түүнийг дарж унагаад дээр нь гараад нүүр нүдгүй хоёр гараараа ээлжлэн цохиод байхад би очиж тэр хоёрыг салгах үед ******* ах эхнэрээ нэг удаа алгадсан. ...******* ах машинд суугаад тэр хэд бид нараас түрүүлж хашаанаас гарсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 479 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.
Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр xохирол учирсан болох нь Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 479 тоот “...*******гийн биед зүүн хөлийн тахилцуур ясны проксимал хэсгийн хугарал, тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Тогтоогдсон зүүн хөлийн тахилцуур ясны проксимал хэсгийн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн өвдөгний цус хуралт гэмтлүүд хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******ын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, эрүүгийн харуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдолтой гэх боловч хохирол төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой гаргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна. Иймд шүүхээс хохирогч *******гийн эрүүл мэндэд хохирол хор уршиг учирсан нөхцөл байдлыг харгалзан үзэж хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******оос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Мөн шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын санд тусламж үйлчилгээний зардалд 525,858 төгрөгийг төлсөн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хүгдүүд овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, Эрүүл мэндийн даатгалын санд тусламж үйлчилгээний зардалд 525,858 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА