| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/0022/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/31 |
| Огноо | 2025-03-25 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | ** |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*** аймгийн *** сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж,
Улсын яллагч ***,
Шүүгдэгч ***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
*** аймгийн *** сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт *** *** холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, *** аймаг *** сум, ** дүгээр баг, ** тоотод оршин суух хаягтай, урьд ** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан *** овогт *** ***, /РД:***/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц *** нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө *** аймгийн *** сумын 1 дүгээр багийн нутагт ***улсын дугаартай ***маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шинжлэн судалсан болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц *** нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө *** аймгийн *** сумын ** дүгээр багийн нутагт ***улсын дугаартай ***маркийн тээврийн хэрэгслийг эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэх үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь мэдүүлэг өгөхгүй гэсэн болно.
Мөрдөн байцаалтад:
1. *** аймгийн *** сумын сум дундын цагдаагийн хэлтэст 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ***гаргасан мэдээллийг гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн бүртгэлийн №429/1100-5550/ дугаарт хүлээн авсан тэмдэглэл. /хх-ийн 3-р хуудас/,
2. 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын дуу дүрсний бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5, 6-7-р хуудас/,
3. *** аймгийн *** сумын "***" БГБХ-ийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаартай “...***улсын дугаартай ***загварын тээврийн хэрэгслийг жолоодон явсан Ц. *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
"Тээврийн хэрэгслийн жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг, "тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн" гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно. Шинжээч Ч.Үнэнмөнх...” гэх шинжээчийн дүгнэлт/хх-ийн 15-р хуудас/,
4. Гэрч ***өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр би найз охин болох ***хамт гэртээ байж байхад *** ах *** руу залгаад манайд хоол идэнгээ ганц нэг пиво ууя очиж авъя гэсэн. Тэгээд 21 цагийн үед санагдаж байна. *** ах *** нар машинтай ирээд авсан. Тэгээд дэлгүүрээс 2.5 литрийн 1 ширхэг том пиво, идэх уух зүйлс аваад *** ахынд очсон. Тэндээ бид хэд хөзөр тоглонгоо нөгөө авчирсан пиво уусан. Би эхний пивыг аягалсан, түүнээс *** уугаагүй. Тэгээд би үлдээд тэр гурав пивонд явсан. Ирэхдээ 2.5 литрийн 1 том пиво авчирсан. Тэгээд тэр пивоо *** ах аягалсан хэн хэн ууж байгаа талаар анзаараагүй. Тухайн пивыг ууж дуусаад байж байхад ***найз гэж хүн ирж бид хоёрыг авсан. Би ***гийн машинаас цүнхээ авахад машинд нь задлаад уучихсан цэнхэр өнгийн пивоны лааз байсан. Тэгээд гэртээ хариад байж байхад *** араас электрон тамхи авна гээд машинтайгаа манай 6 дугаар байрны гадаа ирээд цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-р хуудас/,
5. Гэрч Г.***өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 20 цагийн үед ***гийнд найз З**ийн хамт очсон юм. Тэндээ хоол унд хийж идчихээд ***, ** бид гурав 2.5 литрийн том пиво хоёрыг уусан байсан. Тэгээд байж байхад *** 21 цагийн үед ирсэн Тэгээд ***г явуулаад 2.5 литрийн 1 сав Сэнгүр нэртэй пиво авчруулсан. Тэр пивоо ***, ***бид гурав уусан. Тэр пивоноос *** уугаагүй. Тэгээд тэрийгээ уучхаад дахин 2.5 литрийн 1 пиво болон 2 лааз пиво *** явж авчирсан. Тэгээд авчирсан 2.5 литрийн пивоо бид 4 уугаад 2 лаазтай пивоо уулгүй үлдээгээд ***бид хоёр төв рүү гэртээ харихаар явсан. Тэгээд гэртээ ирчихсэн байсан чинь *** электрон тамхиа авна гэж залгаад гадаа ирчихлээ гэсэн. Би гэрээсээ гарахад цагдаад баригдсан байсан. Анх ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэгээд би явсан учраас дахин согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх талаар мэдэхгүй байна. ***тэй хамт үлдсэн. ***бид хоёрыг явахад *** согтоод унтчихсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-р хуудас/,
6. Гэрч ***өгсөн: “...Би *** аймаг *** сумын сум дундын цагдаагийн хэлтэст жижүүрийн мөрдөгчөөр ажилладаг. Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 08 цаг 30 минутаас 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 08 цаг 30 минутын хооронд шуурхай удирдлагын нэгжид 24 цагаар жижүүрийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед *** нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчилд холбогдож цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч ***согтуурлыг шалгахаар 2024 оны 11 дүгээр сарын 30-аас 2024 оны 12 дугаар сарын 01-ний шилжих шөнө үүрээр 05 цаг 30 минутын үед цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Тухайн иргэний цагдаагийн байгууллагын лавлагаа мэдээллийн сангаас хайлт хийхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасуулсан байсан. Тэгээд ***гийн согтуурлын зэргийг шалгаж тогтоохоор драйгер багаж үлээх шаардлага тавихад шалгуулахгүй гэж үлээхээс татгалзсан. Тухайн үед иргэн *** нь нүдээр харахад илт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж мэдэгдэхүйц хэмжээний согтолттой, хэл ярианд нь өөрчлөлт орсон, шаардлага биелүүлэхгүй хэмжээний дунд зэргийн согтолттой байсан. Тэгээд согтуурлын зэргийг тогтоохоор багаж үлээх шаардлагыг удаа дараа тавихад шалгуулахгүй би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэх мэтээр үлээхээс татгалзаж зохих журмын дагуу шалгуулахаас татгалзсан учир согтуурлын зэргийг шалгуулаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-р хуудас/,
7. Гэрч ****ы өгсөн: “...Би *** аймаг *** сумын сум дундын цагдаагийн хэлтэст мэдээлэл хүлээн авагч, жижүүрийн цагдаагаар ажилладаг. 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 08 цаг 30 минутаас 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 08 цаг 30 минутын хооронд шуурхай удирдлагын нэгжид 24 цагаар мэдээлэл хүлээн авагч цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед *** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх хэрэгт холбогдсон ба 2024 оны 11 дүгээр сарын 30-аас 2024 оны 12 дугаар сарын 01-ний шилжих шөнө үүрээр 05 цаг 30 минутын үед цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч ***энэхүү зөрчлийн илрүүлж цагдаагийн хэлтсийн байранд тухайн иргэнийг авч ирсэн. Иргэн ***гийн согтуурлын зэргийг шалгах үед согтуурлын зэргээ шалгуулахгүй гэх мэтээр үлээхээс татгалзсан. Тухайн үед иргэн ***г гаднаас харахад мэдэгдэхүйц хэмжээний дунд хэмжээний согтолттой, хэл ам нь ээдэрсэн, тавьсан хууль ёсны шаардлагыг үнэн зөв хүлээн авч биелүүлэх чадваргүй байдалтай байсан. Тус иргэний согтуурлын зэргийг шалгах үед "би согтуурлын зэргээ шалгуулахгүй, би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй" гэх мэтээр драйгер багаж үлээхээс татгалзсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-р хуудас/,
8. Яллагдагч ***гийн өгсөн: “...Тухайн өдөр танил ахындаа очоод тэнд байсан 2 найзтай нийлээд 2 савтай пиво уусан. Тэгээд машинд байсан 2 лаазтай пивоны 1-ийг уугаад нөгөөг нь дөнгөж задлаад ууж эхлэх гэж байгаад найзаасаа электрон тамхи авахаар *** хорооллын орчмоос *** сумын төв рүү өөрийн эзэмшлийн ***улсын дугаартай ***загварын тээврийн хэрэгслийг жолоодоод орж ирээд цагдаа таарсан. Тэгээд цагдаагийн байгууллага дээр ирээд намайг үлээлгэдэг багажаар үлээлгэх гэхээр нь үлээхээс татгалзсан. Тэгээд миний машиныг журмын хашаанд хийгээд намайг гэр рүү явуулсан. Би өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,
9. *** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ЗШ/1358 дугаартай “...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар *** ***г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай. Даргалагч шүүгч ***...” гэх шүүхийн шийтгэвэр /хх-ийн 59-61-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
*** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ЗШ/1358 дугаартай шийтгэврээр шүүгдэгч ***д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон эрхээ хасуулсан хүн дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт орж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдөхөөр хуульчилсан.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгодог.
Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэмт үйлдэл нь хангалттай нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэсэн зарчмын дагуу шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч ***: “...шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох…” гэх саналыг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино... гэж тус тус заажээ.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна түүнийг нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр засарч, хүмүүжих, зүй зохистой зөв амьдралд ороход нь туслах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, өөрийгөө хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилсан сэргийлэх зорилгыг давхар агуулдаг.
Шүүгдэгч нь *** аймаг *** сум, 1 дүгээр баг, ** тоотод оршин суудаг.
Иймд шүүгдэгч ***д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн сарын хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрээр тогтоож, *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс 6 сарын хугацаанд гадагш гарахыг хориглож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүх урьд оногдуулсан торгох шийтгэлийг дараагийн үйлдсэн гэмт хэрэгт дахин оногдуулах нь эрүүгийн хариуцлагын үр нөлөөг сулруулах үр дагавартай гэж үзэж торгох ял оногдуулах прокурорын дүгнэлтийг хүлээн аваагүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овогт *** ***г/РД:***/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрх хязгаарлалтын бүсийг *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрээр тогтоож, тухайн бүсчлэлээс гадагш гарахыг хориглосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэргийн хамт ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргасугай.
5.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор *** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.АЛГИРМАА