Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 89

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч Г.Мөнхтүвшин

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын  харъяат, 1988 оны 01 сарын 28-нд төрсөн, эрэгтэй, 29 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Замын-Үүд сумын 1-р баг, 146-1 тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхлэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Буурлынхан овогт Дугаржавын Даваажавд /РД:ЧО88012176/ холбогдох эрүүгийн 2016100100247 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

Шүүгдэгч Д.Даваажав нь 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан эд зүйл болох 500 блок 100000 ширхэг буюу 13,000,000 төгрөгийн үнэ бүхий ЭССЭ лайтс нэртэй янжуур тамхийг иргэн Э.Тунамал-Эрдэнийн эзэмшлийн 06-38 ДГА улсын дугаартай суудлын автомашинд ачиж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Даваажавын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ” Тэр өдөр Эрээн гарсан чинь Хасаа гээд Өвөрмонгол над руу утсаар яриад хэдэн хайрцаг гутал ачаад явчих гэхээр гэхээр нь ачсан. Тэгээд Монголын хил дээр ирээд гаальд шалгуулахад тамхи гарч ирсэн. Тамхинд үзлэг хийхэд би хамт байсан. Тоо ширхэгийн хувьд маргаан байхгүй, нэг хайрцагтаа 50 блок байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ”  гэсэн мэдүүлэ

0638 ДГА улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, 100,000 ширхэг Эссэ лайтс тамхи  илэрсэнийг саатуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 10/

Бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас 0003980 /хх-ийн 16/

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 19/

500 блок буюу 100,000 ширхэг тамхийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-ийн 28/

0638 ДГА улсын дугаартай УАЗ 3153 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай 2017 оны 02 сарын 02-ны өдрийн тогтоол, хөрөнгө битүүжилсэн тэмдэглэл /хх-ийн 29-30/

Хураагдсан хайрцагтай зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /34-36/

Гэрч Н.Октябрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...намайг хуваарийн дагуу ажилтай байж байтал 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Д.Даваажав жолоочтой 06-48 ДГА улсын дугаартай УАЗ469 маркийн машинд шалгалт хийхэд том цаасан бор өнгийн 10 хайрцагтай янжуур тамхи илэрсэн… Машины жолооч Д.Даваажавыг саатуулан ачсан тамхиных нь талаар асуухад “би мэдээгүй, урд Эрээнээс Өвөр Монгол хүн ачиж явуулсан, надад хэлж ачуулахдаа гутал гэж хэлээд ачуулсан, би онгойлгож шалгаж үзээгүй” гэж надад ярьсан. Тамхийг их хэмжээгээр тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж оруулж ирдэг, харин зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх жураманд 200 ширхэг буюу 1 блокыг зөвшөөрсөн байдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37/

Гэрч Д.Энхболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч Н.Октябрь 2016  оны 10 дугаар сарын 29-ний өдөр саатуулсан Эссэ янжуур тамхийг надад хүлээлгэн өгсөн. Тухайн тамхийг ачиж ирсэн жолооч нь Даваажав гэдэг жолооч байсан машин УАЗ 469 маркийн 06-38 ДГА улсын дугаартай машин байсан. Ачиж ирсэн тахми нь бор өнгийн цаасан хайрцагтай тус бүр хайрцагийг скочоор ороосон, 10 хайрцаг байсан ба 500 блок 100,000 ширхэг эссэ янжуур тамхи байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38/

Гэрч Д.Байгалмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн” Д.Даваажав  нь өөрийнхөө хувийн УАЗ 469 маркийн машинаар Замын-Үүдээс БНХАУ-н Эрээн хот хоёрын хооронд хүн болон ачаа зөөдөг, эхнэр хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг. Д.Даваажав зан байдлын хувьд хүнтэй их нийтэч шудрага, их хөдөлмөрч зантай, архи дарс хэрэглэж янз бүрийн ааш зан гаргаад байдаггүй, эхнэр хүүхдээ тэжээж явдаг залуу байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40/

Гэрч Э.Тунамал-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай нөхөр Д.Даваажав Замын-Үүдээс БНХАУ-н Эрээн хот руу машинаар ачаа болон хүн тээвэрлэдэг байсан. УАЗ 469 маркийн 06-38 ДГА улсын дугаартай автомашиныг нөхөр бид хоёр худалдан авч манай нөхөр Д.Даваажав улс хооронд хүн болон ачаа тээвэрлэж өрх гэрийнхээ амжиргааг залгуулдаг юм. 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Замын-Үүдийн хил дээр машинтайгаа саатуулагдсан гэж намайг гэртээ байж байтал утсаар нөхөр маань утсаар ярьсан, би яасан юу болсон яагаад саатуулагдах болсон бэ? гэж асуухад БНХАУ-ын Эрээн хотоос танидаг Өвөр Монгол Хасаа гэдэг хүн гутал гэж хэлээд миний машинд ачаа ачуулсан, тэр ачаа нь тамхи болж таарсан, тэгээд саатуулагдчихлаа гэж надад хэлсэн, надад өөр мэдэх зүйл үнэндээ алга байна “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 42/

Шүүгдэгч Д.Даваажав  нь урьд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 80/                                                                                                                                                                    Эссэ лайтс тамхи нэг блок нь 26,000 төгрөг, 500 блок нь 13,000,000 төгрөг гэсэн 2017 оны 05 сарын 06-ны өдрийн 78 тоот шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 115/

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 06 сарын 10-ны өдрийн “ЭССЭ лайтс  нэрийн тамхи нь  физик химийн  үзүүлэлтийн  шинжлэгдсэн  түвшинд Янжуур тамхи. Техникийн ерөнхий шаардлага MNS 5024:2013 стандартын шаардлагыг хангаж байгаа хэдий ч Мансууруулах бодис байгаа эсэхийг тодорхойлуулах шаардлагатай.

Мөн ЭССЭ лайтс үйлдвэрлэсэн  он сар өдөр, хадгалах дуусгавар болох хугацаа зэрэг мэдээлэл бичигдээгүй байгаа нь Янжуур тамхи нь техникийн ерөнхий  шаардлага MNS 5024:2013 стандартын 7 дахь заалт савлах, шошголох шаардлагыг хангахгүй байна” гэсэн  25-03-037/09 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 122-123/

Э.Тунамал-Эрдээнийн өмчлөлийн 0638 ДГА улсын дугаартай УАЗ-3153 маркийн машины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 126/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Даваажав нь 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан эд зүйлс болох 500 блок буюу 100,000 ширхэг 13,000,000 төгрөгийн үнэ бүхий Эссэ лайтс нэртэй янжуур тамхийг 0638 ДГА улсын дугаартай УАЗ-3153 маркийн тээврийн хэрэгсэлд ачиж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул түүнийг 2016 оны 10 сарын 29-ний өдөр эд зүйл хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн тухайн гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон 0638 ДГО улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, 100,000 ширхэг Эссэ лайтс тамхи  илэрсэнийг саатуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 10/, бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас 0003980 /хх-ийн 16/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 19/, 500 блок буюу 100,000 ширхэг тамхийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-ийн 28/, гэрч Н.Октябрь, Д.Энхболд нарын мэдүүлэг, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 06 сарын 10-ны өдрийн 25-03-037/09 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 122-123/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тамхины тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “ улсын хилээр иргэдийн оруулж ирэх хувийн хэрэглээний тамхины тоо хэмжээг,  гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно”,

7 дугаар зүйлийн 7.1-т  “...тамхи импортлох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг тус тус үндэслэн Засгийн газар олгоно”,

Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 05 сарын 25-ны өдрийн 191 дүгээр тогтоолоор баталсан Тамхины үйлдвэрлэл,  импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журамын 3.3.4-т “ тамхи импортлох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг худалдааны асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллагаас авсан байна”,  3.3.5-т “ импортлох тамхины нэр төрөл, тоо хэмжээгээр онцгой албан татварын тэмдэгийг  татварын асуудал  хариуцсан  төрийн захиргааны  байгууллагаас авсан байна”,

Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 468 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтанд авагдсан Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 2 дугаар зүйлийн 2.2.1-т “ ...янжуур 200 ширхэг, сигар, навчин тамхи 500 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүй ...” гаалийн хилээр нэвтрүүлнэ гэж  тус тус заажээ.

Гэтэл  шүүгдэгч нь Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан журамд заасны дагуу  зохих зөвшөөрлийг авахгүйгээр, хувь хүний хэрэглээний хэмжээнээс хэтрүүлэн 100,000 ширхэг Эссэ лайтс тамхийг улсын хилээр нэвтрүүлсэн байх тул түүнийг хязгаарласан эд зүйл нэвтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг 2002 оны  Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь 2015 оны Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан  улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх ба дээрх хуулийн зохицуулалтууд нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т заасан хөнгөн  хэрэгт,   2015 оны Эрүүгийн  хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэрэгт тус тус хамаарч байна.

Дээрхээс үзэхэд 2015 оны Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэхь заалт нь эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгчийн эрхзүйн байдал дээрдэхээр байх тул шүүгдэгчийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн  1.9 дүгээр зүйлийн 1-т заасан хуулийг буцаан хэрэглэх журмыг хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдэврэлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Дугаржавын Даваажавт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн  1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдэврэлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.                  

2. Шүүгдэгч Буурлынхан овогт Дугаржавын Даваажавыг  улсын хилээр барааг хууль  бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Дугаржавын Даваажавыг зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч Д.Даваажав нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.        

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100,000 ширхэг Эссэ лайтс тамхийг утсгасугай.

6. Эд мөрийн баримтаар хураагдсан 100,000 ширхэг Эссэ лайтс тамхийг утсгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 02-ны өдийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож,  0638 ДГА улсын дугаартай УАЗ 3153 маркийн тээврийн хэрэгслийг С.Тунамал-Эрдэнэд олгосугай.

8. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Д.Даваажав  торгох ялыг биелүүлээгүй бол  ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Даваажавд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгйин  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   А.ЦЭРЭНХАНД