Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 158/ШШ2022/0031

 

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 158/ШШ2022/0031

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Цэнджавын Батсайхан,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн,

Хариуцагч: ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,

Хариуцагчийн төлөөлөгч *******,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нарын хоорондын ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн *******,******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлүүдийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, *******ын өмчлөх эрхийн *******, ******* дугаар гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн, өмгөөлөгч Д.Наранхүү, хариуцагч ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, түүний өмгөөлөгч Д.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Иргэн ******* нь Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд миний амьдарч буй ******* аймгийн Хангал сумын 4 дүгээр баг Хялганат Найрамдал 1 гудамж 105 байр ******* 5 тоот, 6 тоот орон сууцуудыг чөлөөлж өгөхийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Гэтэл миний бие Хялганат Найрамдал 1 гудамж 105 байр ******* 5 тоот /хуучнаар 35 дугаар байрны ******* 5 тоот/ орон сууцанд 1987 оноос эхлэн одоог хүртэл гэр бүлийнхээ хамтаар 35 жил амьдарч байна. Анх 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 35 дугаар байрны *******ны 5 тоот байрыг МБАА-н захиргаанаас надад өгч байсан. 1991 онд өмч хувьчлалын үед ягаан тасалбараар энэ орон сууцанд амьдарч байсан айлууд өөрсдийн байруудаа авч дараа нь худалдах замаар бие биедээ шилжүүлж зарим нь одоог хүртэл байрандаа амьдарсаар байгаа. Энэ үед би өөрийн амьдарч байгаа орон сууц болон 5 дугаар байрны *******ыг тус тус авсан. Миний бие амьдарч буй байрныхаа хажуу хөрш айл болох 35-6 тоот 2 өрөө байрыг 2010 онд Г.Пунцагаас худалдан авч гэр бүлийн гишүүдийн хамт амьдарсаар өдий хүрлээ. Гэтэл Дүүрэнжаргал бидэнд мэдэгдэлгүй бидний амьдарч байгаа орон сууцыг өмчлөн авч улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч биднийг хөөж байна. ******* аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс ямар хууль зүйн үндэслэлээр эдгээр маргаан бүхий орон сууцыг *******д өмчлүүлснийг ойлгохгүй байна. Эдгээр орон сууцыг өмчилж авах гэхээр өмчилсөн эрхийг нотлох баримт байдаггүй. Маргаан бүхий орон сууцуудын хувьчлалын талаарх баримт бичиг гэвэл 1991 оны Хялганат хороонд 1991 оны 12 дугаар сарын 01 өдөр явагдсан дуудлага худалдааны протокол- оос өөр баримт бичиг байдаггүй. Энэ баримт бичиг нь эд хөрөнгийг өмчлүүлсэн гэх эцсийн шийдвэр биш бөгөөд өмчлөх эрхийг олгосон гэрчилгээ биш юм. Тэгэхээр ******* аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн улсын бүртгэлийн ******* аймгийн Хангал сумын 4 дүгээр баг Хялганат Найрамдал 1 гудамж 105 байр ******* 6 тоот орон сууцны өмчлөх эрхийг ******* дугаар бүхий улсын бүртгэлд ******* аймгийн Хангал сумын 4 дүгээр баг Хялганат Найрамдал 1 гудамж 105 байр ******* 5 тоот орон сууцны өмчлөх эрхийг******* дугаартай улсын бүртгэлд бүртгэсэн нь тухайн орон сууцуудыг өмчилсөн эрхийг нотлох баримтгүй байхад бүртгэсэн Б.Батсайхан миний эзэмших, өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн хууль бус үйлдэл юм. Энэхүү хууль бус бүртгэлийн улмаас *******д өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээ, ******* дугаар гэрчилгээг олгосон нь Б.Батсайхан миний үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг зөрчиж байна.

Иймд ******* аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн улсын бүртгэлийн *******,******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, мөн *******ын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар гэрчилгээ, ******* дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...өнөөдрийн байдлаар ******* аймгийн Хангал сумын Хялганат багийн Найрамдал нэгдүгээр гудамж, 105 дугаар байр, хоёрдугаар орц, 05, 06 тоот байрны талаар ярьж байгаа. Эдгээр байр нь Засаг захиргааа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө Эрдэнэт хотын Хялганат хороо гэх статустай байх үед Мод бэлтгэлийн аж ахуйн ажилчдын байр буюу тухайн цаг хугацаандаа Хялганат хорооны 35 дугаар байрны хоёрдугаар орцны 05, 06 тоот гэсэн хаягтай байсан. Энэ хаягт ...******* 1987 оноос одоог хүртэл гэр бүлийнхээ хамт амьдардаг. Байр нь хэрхэн яаж *******д ирсэн бэ гэхээр анх 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 35 дугаар байрны хоёрдугаар орцны 05 тоот байранд Мод бэлтгэлийн аж ахуйн захиргаанаас *******ыг механик байх үед нь ажилчдын байранд ор гээд шинээр нь өгсөн. Уг байранд өөрийнхөө гал голомтыг асааж, гэр бүлтэй болж үр хүүхэдтэй болсон нандин дурсамж хадгалсан байр учир чи ав гээд өгөх боломж байхгүй гэж хэлсэн. 06 тоот байрыг 2010 онд Пунцаг гэдэг хүнээс худалдаж авсан юм аа гэж хэлдэг. Пунцаг нь 06 тоот байранд амьдардаг. 1991 онд хувьчлал явагдсан талаарх бүртгэл дотор дөрвөн айлын нэр байгаа. Тэр нэрс дотор Г.Пунцаг гэсэн нэр байдаг. Байрыг 2010 онд худалдаж аваад одоог хүртэл байрандаа амьдарч байгаа талаараа надад хэлж тайлбарлаж нэхэмжлэл гаргасан... үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой бичиг баримт 2019 онд хийгдсэн байдаг. Энэ байранд өмч хувьчлал явагдаж ягаан тасалбараар өгсөн гэдэг асуудлуудыг нотлох баримт нь хавтаст хэрэгт 1991 онд өмч хувьчлал явагдсан юм аа гэсэн 75 хүний нэр бүхий хурлын тэмдэглэл харагддаг. Энэ тэмдэглэлийг үндэслээд 2019 онд ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс Дүүрэнжаргалд байрны улсын бүртгэлийн гэрчилгээ өгсөн, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хийсэн үйл явдлууд байдаг. Эдгээр үйл ажиллагаанууд хууль ёсны дагуу хийгдсэн эсэх асуудал дээр эд хөрөнгийг өмчлүүлсэн эцсийн шийдвэр зөвхөн хурлын тэмдэглэл юм аа гэж үзэх боломж байхгүй. Энэ нь зөвхөн дуудлага худалдааны протоколыг үндэслээд Дүүрэнжаргал гэдэг хүний нэр байна. Энэ нэрийн дагуу өглөө гэсэн улсын бүртгэл болон гэрчилгээг олгож буй асуудал нь хууль зөрчсөн юм аа. Ийм учраас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн *******,******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлүүдийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, *******ын өмчлөх эрхийн *******, ******* дугаар гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан... Тухайн өмч хувьчлал явагдахдаа өмч хувьчлалын тухай хуулиараа заавал төрийн оролцоо байх ёстой. Тодруулж хэлбэл 1991 онд цаг хугацаагаараа Эрдэнэт хотын Хялганат хороо байсан. Эрдэнэт хотын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны харъяа ямар нэгэн өмч хувьчлалын комисстой холбоотой хэн нэгэн оролцох ёстой байсан. Гэтэл огт оролцоогүй. Энэ талаар *******ы Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэ дуудлага худалдаа нь үндэслэлтэй юм уу, хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага байдаг. Тэгэхээр Захиргааны хэрэгт холбогдох баримтууд гарсан учир энэ нэхэмжлэлийн шаардлагыг нэгдүгээрт шийдвэрлүүлэе гэдэг байдлаар захиргааны шүүхэд гаргасан нэхэмжлэлээ бариад байгаа. Дуудлага худалдаа хууль ёсны болж чадсан уу, үгүй юу гэдэгт ямар нэгэн баримт байхгүй... хууль ёсны дагуу явагдсан гэж хэлэхэд учир дутагдалтай. Байгууллага тухайн үедээ яасан бэ гэхээр ажилчдынхаа байрыг дуудлага худалдаанд оруулъя... Та нар эхний ээлжинд ягаан тасалбар цуглуулаад ир гэхэд ...Батсайхан гуай юу гэдэг вэ гэхээр надад гэр бүлийн маань гишүүн гэхэд зургаан хүн байсан. Нэг хүний тасалбарыг гурав гэж тоолоход 20 гаруй. Ах, дүү нарынхаа тасалбартай нийлүүлээд би нилээн олон тасалбартай очсон. Дүүрэнжаргалын тасалбарт өөрийнх нь амьдарч байсан 05 тоот гээд байгаа эндээ оногдох 4-5 тасалбарыг өгсөн. Үлдсэнийг нь би цаад талын байр буюу дөрвөн айлын байрыг авсан... Би дуудлага худалдаанд Дүүрэнжаргалтай хамт очсон гэдгээ огт маргаагүй гэдэг... дуудлага худалдаа нь яг хуульд заасан журмаараа ямар байх вэ гэхээр байр болгоныг дуудаж, дуудлага худалдаанд хүн болгон ижил тэгш эрхтэй оролцоод байр авах ёстой... хууль ёсны дагуу болж чадсан бол ... хүн өөрийнхөө амьдарч буй орцыг л авна биз дээ. Түүнээс хаа хамаагүй хүний амьдардаг орцыг авах шаардлага байхгүй. Тэгэхээр тухайн дуудлага худалдаа анхнаасаа хуульд нийцээгүй... Улсын бүртгэл 1991 онд явагдсан өмч хувьчлалын дуудлага худалдаа гэдэг баримтаар бүртгэл хийчихээд байгаа асуудал дээр шүүх үндэслэл бүхий дүгнэлт гаргах байх... Энэ хүмүүс дуудлага худалдаанд оролцсон учраас эрхийг нь баталгаажуулсан гэрчилгээ өгөөч ээ. Тэр эрхийг баталгаажуулсан гэрчилгээ огт аваагүй шүү дээ. Өнөөдөр Дүүрэнжаргалд ч байхгүй. Миний үйлчлүүлэгч Батсайханд ч байхгүй. Хууль ёсны дагуу хийгдээгүй баримтаар бүртгэл хийгээд байгаа нь зөв юм уу. Аливаа асуудал үндэслэлтэй, дүгнэлттэй л байх ёстой... гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Наранхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дүүрэнжаргалын өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийг хууль бус гэж үзээд хууль бус үйлдлийн улмаас олгосон гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах байр суурьтай оролцож байгаа... Дуудлага худалдаа зохион байгуулахад 70 гаруй байр байна. Байрны эзэд нь бүгд нэг нэгээрээ ягаан тасалбарыг бариад оръё гэхэд тэр болгоныг дуудлага худалдаа зохион байгуулаад байхад тухайн үеийн дуудлага худалдаа явуулж байсан ...ажлын хэсэгт зохион байгуулахад хүндрэлтэй байсан байх. Тэгэхээр яасан бэ гэхээр тодорхой албан тушаал эрхэлж байсан хүмүүст нөгөө айлууд нь за би ийм ийм ягаан тасалбар өглөө шүү миний байрыг аваарай гээд өгсөн л байхгүй юу. Тэгээд нэг хүн дуудлага худалдаанд төлөөлөөд орчихдог нөгөө хүмүүс нь өөрсдийнхөө байрыг авчихлаа гэж бодож байгаа. Тэгэхдээ түүнийгээ өөрсдөө ч гэсэн баталгаажуулаад өгсөн ягаан тасалбар дээр бүгд нэр нь зоолттой байгаа. Дуудлага худалдааг зохион байгуулж байгаа тухайн ажлын хэсгийн өөрсдийнх нь ...буруутай үйл ажиллагаа яах аргагүй харагддаг. Үнэхээр ямар хэлбэрээр дуудлага худалдаа явагдаа вэ гэдгийг шүүх дүгнэлт хийж харах нь зүйтэй байх. ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дүүрэнжаргалын өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийг үндэслээд мөн түүнд гэрчилгээ олгосон улсын бүртгэлийн үйл ажиллагааг хууль бус гэж үзэж байгаа. Яагаад хууль бус гэж үзээд байна вэ гэхээр Улсын бүртгэлийн байгууллага нь 1991 оны Бүгд Найрамдах Монгол Ард Улсын өмч хувьчлах тухай хууль, 1996 оны орон сууц хувьчлах тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрчиж бүртгэл хийсэн учраас хууль бус гэж үзэж байгаа. Энэхүү бүртгэлийн улмаас *******ы ******* аймгийн Хангал сумын Хялганат Найрамдал 105 дугаар байрны хоёрдугаар орцны 05 тоот орон сууцыг 1987 оноос одоог хүртэл 35 жил, 6 тоот орон сууцыг 2010 оноос одоог хүртэл 12 жил хууль ёсны дагуу эзэмшиж байгаа цаашид хууль ёсны дагуу эзэмших, эрх ашиг сонирхол нь хөндөгдөж эрх зүйн байдлын хувьд хохирсон байна гэж үзэж байгаа. Ийм учраас ******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан захиргааны хууль бус ажиллагааны улмаас зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байгаа. Мөн нэхэмжлэх эрхтэй этгээд гэж үзэж байгаа. Дүүрэнжаргал Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд Батсайханд холбогдуулан байрнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүх хүлээн аваад 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 426 дугаартай захирамжийг гаргаж иргэний хэрэг үүсгэсэн байдаг. 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр түүний өмгөөлөгч 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тус тус танилцсан байгаа. Энэ байдлаар харахад Батсайхан, Дүүрэнжаргал өөрийн эзэмшлийн орон сууцуудад өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж авсан гэх нотлох баримтуудтай танилцсанаар мэдэж Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан байгаа. Ийм учраас Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаандаа нэхэмжлэл гаргажээ гэж үзэх боломжтой байгаа. Ингээд Батсайхан зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу шууд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна. Дүүрэнжаргалын маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг бүртгэж баталгаажуулсан улсын бүртгэлийн бүртгэл хууль бус гэж үзээд байгаа гол шалтгаан нь юу байна вэ гэхээр улсын бүртгэлийн байгууллагад нэгдүгээрт Дүүрэнжаргалын өмчлөх эрх үүсээгүй. Өмчлөх эрхийг нь нотолсон баримт бичиг байхгүй байхад бүртгэсэн нь хууль бус болжээ гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл өмчлөх эрхтэй болох нь тогтоогдоогүй байхад өмчлөх эрхийг бүртгэсэн нь хууль бус болсон гэж үзэж байгаа. Улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлийг хийхдээ 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Эрдэнэт хотын Хялганат хороонд явагдсан дуудлага худалдааны протоколыг үндэслэн олгосон байдаг. Энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбараар нотлогддог. Дуудлага худалдааны протоколыг Дүүрэнжаргалын орон сууцуудыг өмчлөх эрхтэйг нотлох чадваргүй баримт бичиг байна гэж үзэж байгаа. Яагаад гэхээр протокол гэдэг нь өөрөө болж байгаа үйл явдлын явцыг тэмдэглэсэн тэмдэглэлийн баримт бичиг. Тэгвэл дуудлага худалдааны протоколын тухайд зөвхөн тухайн үед дуудлага худалдаа явагдсаныг харуулж байгаа тэмдэглэл болохоос орон сууцны өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг болж чадахгүй. Харин өмчлөх эрхийг нотлох баримт нь ямар баримт бичиг байх вэ гэхээр эрх бүхий байгууллагаас олгосон өмчлөх эрхийн гэрчилгээ байна гэдгийг 1991 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын өмч хувьчлах тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан байгаа... Дуудлага худалдааны протоколын төгсгөлд худалдан авсан этгээд 15 хоногийн дараа материалаа бүрдүүлсний дараа хөрөнгө эзэмшлийн гэрчилгээ олгохоор тогтов гээд биччихсэн байгаа. Тэгэхээр үүнээс юу харагдаж байна вэ гэхээр өмчлөх эрхийг зөвхөн эрх бүхий байгууллагаас олгож байгаа гэрчилгээгээр нотлох юм аа гэдгийг харуулаад байгаа. Гэтэл хууль болон протоколд заасан ямар ч гэрчилгээ улсын бүртгэлийн хэлтэст ирээгүй байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Дүүрэнжаргалын улсын бүртгэлийн хэлтэст ирүүлсэн мэдүүлэг, мэдүүлэгт хавсаргасан баримтуудаар нотлогддог. 1991 онд өмч хувьчлах ажиллагааг тухайн үеийн өмч хувьчлах тухай хуулиар зохицуулсан байдаг. Бидний маргаад байгаа Мод боловсруулах аж ахуйгаас явуулсан гээд байгаа дуудлага худалдаа маань хувьчлалтай холбогдож байна гэж үзэж байгаа. Өмч хувьчлах тухай хуулийн 16 дугаар зүйлд хувьчлах эд хөрөнгүүдийг тодорхойлсон байгаа. Өөрөөр хэлбэл ямар эд хөрөнгүүдийг энэ хуулиар хувьчлах вэ гээд хувьчлах эд зүйлсүүдийг тодорхой заагаад өгчихсөн. Гэтэл энэ зүйлд орон сууцыг хамрах тухай заагаагүй байгаа. Харин орон сууц өмчлөх тухай асуудлыг 1996 оны Орон сууц хувьчлах тухай хуулиар зохицуулагдаж орон сууц тухайн цагаас эхэлж хувьчлагдаж эхэлсэн байдаг. Тэгэхээр 1991 онд орон сууц хувьчлах эрх хуулиар зохицуулагдаж байсан зохицуулалт байгаагүй гэж харагдаж байна. Мөн хуулийн 5 дугаар зүйлд Орон нутгийн хэмжээнд өмч хувьчлах ажлыг тухайн орон нутгийн хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлах комисс эрхлэн явуулахаар заачихсан. Харин үйлдвэрийн газарт бид нарын яриад байгаа Мод боловсруулах аж ахуйд өмч хувьчлах ажиллагаа яаж явагдах вэ гэхээр өмч хувьчлах комиссын шийдвэрийн дагуу үйлдвэрийн газрын захиргаа үйлдвэрийн газрын эд хөрөнгийн хувьчлах ажлыг эрхлэн гүйцэтгэхээр заагаад өгчихсөн. Тэгвэл Дүүрэнжаргалын улсын бүртгэлийн байгууллагад гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтуудаас харахад өмч хувьчлалын комиссын ямар ч шийдвэр байхгүй байгаа. Хэрвээ улсын бүртгэлийн байгууллага 1991 оны хуульд заасан дээрх баримт бичиг байхгүй байсан юм бол 1996 оны орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу хувьчлал явагдсан эсэхийг шалгаж холбогдох нотлох баримтуудыг шаардаж авах ёстой байсан. Өөрөөр хэлбэл ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Эрдэнэт хотын Хялганат хороонд явагдсан дуудлага худалдаа хууль зүйн дагуу явагдсан юм уу. Үнэхээр энэ дуудлага худалдааны дагуу тухайн орон сууцнууд нь мэдүүлэг гаргаад байгаа иргэн Дүүрэнжаргалд өмчлөгдсөн юм уу, үгүй юу гэдгийг шалган тогтоох байсан. Ингэж шалган тогтоохдоо дуудлага худалдааны үндсэн дээр өмчлөх эрхтэйг нотолсон гэрчилгээ олгож уу, гэрчилгээ байна уу үгүй юу гэдгийг шалгаж холбогдох нотлох баримтуудыг шаардаж авах ёстой байсан. Хэрвээ эдгээр баримт бичиг үнэхээр гарч ирэхгүй байгаа бол 1996 оны Орон сууц хувьчлах тухай хуулийн 3, 4, 6, 7, 11, 12, 3 дугаар бүлгийн холбогдох заалтууд, 5 дугаар бүлгийн 24, 25 дахь заалтуудын дагуу орон сууц хувьчлах ажиллагаа явагдаж уу, үгүй юу гэдгийг шалгах ёстой байсан. Ингээд тухайн иргэний орон сууцыг өмчлөх эрх үүсч үү, үгүй юу гэдгийг шалгаж холбогдох нотлох баримтуудыг шаардаж аваад өнөөдөр өмчлөх эрх нь нотлогдож байна гэх юм бол улсын бүртгэл бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг олгох ёстой байсан. Орон сууц хувьчлах тухай хуулийн 17 дугаар зүйлд орон сууц хувьчлах товчоо, орон сууц эзэмшигчийн өргөдөлийг үндэслэн тухайн орон сууцыг өмчлөх тухай шийдвэрийг гаргахаар, 18 дугаар зүйлд тухайн шийдвэрийг үндэслэн сууц эзэмшигчид өмчлөх эрхийн гэрчилгээ олгохоор, 24 дүгээр зүйлд хувьчлагдсан сууцыг өмчлөх эрх нь сууц өмчлөгчийн эрхийн гэрчилгээ авсан өдрөөс эхлэн үүсэхээр зохицуулалтыг зааж өгсөн байгаа. Тэгвэл ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс улсын бүртгэгч нь дээр дурдагдсан хуулиудын дагуу зохих ёсоор орон сууц өмчлөх эрх нь үүссэн эсэхийг шалгаж тогтоолгүйгээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан бүртгэл үнэн зөв бодитой байх, 4.1.5-д заасан нотлох баримтад үндэслэж хуульд заасан журмын дагуу хөтлөх гэсэн зарчмыг зөрчсөн байдаг. Тэгвэл улсын бүртгэгчийн тухайд мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд албан тушаалтнаас нотлох баримт тайлбар баримт гаргуулан авч тогтоох, 19.4.2-т иргэн хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах, 19.4.3-т нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэсэн заалтууд, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх. 8 дугаар зүйлд мэдүүлэг хүлээн авахаас татгалзах, 29.1.3-т заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзаж мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг буцаахаар заасан заалтуудыг зөрчиж улсын бүртгэл хийсэн байдаг. Мэдүүлэг гаргагчийн тухайд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д зааснаар мэдүүлэг түүнд хавсаргах баримтуудыг үнэн зөв гаргаж өгөх үүргийг хүлээсэн байдаг. 10 дугаар зүйлийн 10.6.1-д зааснаар гаргаж өгч байгаа мэдүүлэгтээ өмчлөх эрхийг нотолсон баримтыг хавсаргахаар заачихсан байгаа. Гэтэл улсын бүртгэгч нь ч тэр, мэдүүлэг гаргагч нь ч тэр улсын бүртгэлийн байгууллага нь ч тэр хуульд заасан эдгээр шаардлагыг баримтлаагүй улсын бүртгэлийн үйл ажиллагааг явуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж үзэж байна. Ийм учраас Дүүрэнжаргалын өмчлөх эрхийг баталгаажуулсан улсын бүртгэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны акт болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн байгууллага нь 1991 оны Өмч хувьчлах тухай хууль, 1996 оны Орон сууц хувьчлах тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж Дүүрэнжаргалын маргаад байгаа орон сууцуудыг хуульд заасан өмчлөх эрх үүсээгүй байхад өмчлөх эрхийг бүртгэсэн нь хууль бус захиргааны акт болсон гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь... хангаж шийдвэрлэж өгнө үү гэж шүүхээс хүсч байна... гэв.

Хариуцагч ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа: ******* аймгийн Хангал сумын 4 дүгээр баг Найрамдал 1 дүгээр гудамжны 105 дугаар байрны 05, 06 тоот орон сууцны өмчлөх эрхийн бүртгэл нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль журмын хүрээнд холбогдох нотлох баримтыг үндэслэн иргэн *******ын өмчлөлд бүртгэсэн байна. Иймд иргэн ******* нь тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн байгууллагад хандаагүй, өмчлөгч нь мөн болох тухай баттай нотлох баримтгүй, иргэн *******ын өмчлөлийн нотлох баримт нь хуурамч болох тухай тогтоосон шүүх, хууль хяналтын байгууллагын шийдвэр байхгүй бол бүртгэл хүчингүй болгох үндэслэлгүй болно гэжээ.

Хариуцагч ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байгаа... 1991 оны өмч хувьчлалыг зөвхөн 70 гаруй хүмүүсийн нэрс байгаа. Уг нэрсэнд зөвхөн дарга нар, удирдах албан тушаалтнууд дуудлага худалдаанд оролцсон гээд байна. Тэрийг хэн нотолж байна вэ. Протокол дээр бүгд л ягаан тасалбараа өгсөн үү өгсөн. Нотлох баримтад ийм л байгаа. Өмч хувьчлалын комиссын протоколыг хүчингүй болгосон шийдвэрийг 2019 онд Дүүрэнжаргал, 2020 онд Батсайханыг Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэл хийлгэж байхад ч гэсэн хүчингүй болсон зүйл байхгүй. Улсын бүртгэлийн байгууллага нотлох баримтыг 1991 оны Өмч хувьчлалыг үндэслэж бүртгэлээ хийлгэж байгаа. Батсайхан өөрийнхөө бүртгэлийг хийлгэхийн тулд Пунцагаас байр худалдаж авсан нотлох баримт байгаа юм уу. 1991 онд тэгсэн байх гээд байна. Улсын бүртгэл зөвхөн өмч хувьчлалын протокол дээр энэ хүн авсан байна уу, үгүй байна уу гэдгийг нягтлаад нотлох баримтад хавсаргаад явж байгаа. Дээрээс нь тухайн үед Батсайхан гуай Хялганат тосгоны захирагч бил үү, Тамгын газрын орлогч дарга байж байхдаа тэрнээс өмнө 2019 оноос өмнө Дүүрэнжаргал, Батсайхан хоёроос өмнөх орон сууцтай холбоотой бүртгэлүүд дээр тодорхойлолт өгч байхдаа хүртэл хувьчилж авсан нь үнэн байна гэсэн тодорхойлолт өгсөн л байдаг. Одоо хүртэл бусад тосгоны захирагч нар тодорхойлолт хийж өгч байхдаа 1991 оны тогтоолоор тэр орон сууцыг худалдаж авсан нь үнэн болно гээд бүх л орон сууцнууд тэгж л явж байгаа. Үүнээс болоод Хялганат тосгоны хувьчлагдсан хороог бүгдийг нь хүчингүй гэж үзүүлэх гээд байгаа юм уу. Манайх 1991 оны хувьчлалыг хүчингүй гэж үзэхгүй. Тийм шийдвэр нь ч гараагүй. Хэрвээ гарна гэх юм бол бид өмнөх шийдвэрүүдээ бүгдийг нь хүчингүй болгох талаар асуудал үүсэхээр байна. 1991 онд 74 хүн бүгд оролцоогүй. Зөвхөн удирдлагууд нь оролцож барилга авсан гэдэг зүйлийг бид нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа... гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...70 гаруй хүн дандаа дарга нар байсан гээд сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьж байна. Намайг эдийн засагч байсан гэхээр тэгж ярьж байгаа байх. Өөрөө ялгаагүй механик байсан... Тэр үед манай компанийн удирдлагууд дарга нараас захирал санхүүгийн тасгийн дарга нар ердөөсөө байр аваагүй. Бүгд аваагүй. Хамгийн том албан тушаалтан нь авсан байх. Энэ дотроос нэрсийг нь харахад би бүгдийг нь мэднэ. Энэ дотор дарга хүн хэд байна, компанийн ажилчин биш өөр гадны хүн хүртэл авсан байгаа... Ихэнхи нь нас барчихсан л байгаа байх. Өөрөө Хялганат тосгоны орлогч даргын ажлыг 10 гаруй жил хийхдээ хаягжуулах, ард түмэндээ үйлчилж байр гэрчилгээтэй болгох талын ажил юу ч хийхгүй байж байгаад хариуцагч Ганболдын хэлж байгаагаар байрны гэрчилгээ авахаар очсон хүмүүст Батсайхан өөрөө тодорхойлж хэлээд явуулж л байсан байгаа. Дүүрэнгээс гарын үсэг зуруулж авна гэдэг асуудлыг надад хэлж байсан. Тэр битгий хэл одоо өөрийнх нь оронд орлогч дарга болчихсон Сод-Эрдэнэд чи Дүүрэнгээс ямар нэгэн аргаар иргэний үнэмлэхийг нь канондож аваад цаасан дээр гарын үсэг зуруулаад өг гэж хэлж байсан байдаг. Тэгээд Содоо надад Дүүрээ ах аа Батсайхан дарга надад тэгж хэллээ гээд энэ үеэс хойш таг болчихсон. Өмч хувьчлалын асуудлыг Хялганат тосгоны 1991 оны асуудал яг өөрийнх нь толгой дээр ирэхээр ингэдэг юм байна. Нямцэрэн гэдэг өмгөөлөгчийн ах нь тэнд байрны маргаантай яваад байгаа. Нямцэрэн өмгөөлөгч 1991 оны өмч хувьчлалыг хүчингүй болгуулна гээд явж байна гэсэн сураг Хялганат тосгонд гарсан байсан. Батсайхан одоо тэр хүнтэй уулзаад ийм зүйл хийгээд яваа юм болов уу. Өмч хувьчлал хуулийн дагуу болоогүй гэсэн зүйл байхгүй. Энэ нь Хялганат тосгонд хэд хоног зарлагдаад тэр үед хуучнаар ярих юм бол ойлгомж жоохон муу байсан. Юм ойлгосон нэгэн нь очоод авсан. Батсайхан ч өөрөө ирээд харах юм бол хэн хэн нь дарга, хэн нь ажилчин, хэн нь гадны ажилчин бэ гэдгийг хараад мэднэ. Тэгтэл хэдэн дарга нар хуваагаад авчихсан гээд яриад суугаад байна. Батсайхан тосгоны орлогч даргын ажлыг бараг 10 гаруй жил хийсэн. Дараа нь сумын даргын ажлыг хийсэн. 20 гаруй жил тосгоныг удирдаж байсан хүнийхээ хувьд ард түмнийгээ гэрчилгээтэй болгох, хаягжуулах асуудлыг яагаад хөндөөгүй юм бэ. Яагаад ганцхан өөрт нь холбогдоод ирэхээр ийм асуудал гаргаад байна вэ гэдэг асуудал байна. Хангалттай хугацаа өнгөрсөн Хурлын протокол дээр гэрчилгээ олгоно гэдэг юм байгаа. Батсайханд би 4-5 хоногийн өмнө чи наад байрнуудаа авах бол надад ягаан тасалбараа авч ирж өг гэж хэлсэн. 1991 онд улсын хэмжээнд модны үйлдвэрүүд Оросын тусламжаар баригдсан. Төрийн өмч биш дандаа мод бэлтгэлийн тухайн аж ахуйн өөрийнх нь өмч хөрөнгө байсан. 1991 онд мөрдөгдөж байсан тухайн үеийнхээ дүрэм журмын дагуу явагдсан гэж бодож байгаа. Шинэ хуультай хольж хутгаад байгааг би мэдэхгүй... гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Байр нь мод бэлтгэлийн аж ахуйн ажилчдын байр байсан... 1991 онд дуудлага худалдааг мод бэлтгэлийн аж ахуйгаас явуулсан байдаг. Ингээд ажилчдынхаа байрыг дуудлага худалдаанд оролцуулахад Батсайхан нь Дүүрэнжаргалтай хамт дуудлага худалдаанд оролцсон байдаг. Тэгээд өөрийнх нь амьдарч байгаа байрыг нь Дүүрэнжаргал дуудлага худалдаагаар авч байгааг мэдэж байсан. Өөрөө хамт сууж байгаад өөр байрны хоёрдугаар орцны зургаан айлын байрыг дуудлага худалдаагаар авсан байгаа. Мөн энэ зургаан байранд 2020 оны 6 дугаар сард улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж авсан нь хавтаст хэрэгт байгаа. Энэ хүн өөрөө адилхан дуудлага худалдааныхаа баримтыг үндэслээд зөвхөн тэмдэглэлээр улсын бүртгэлээс гэрчилгээ авсан. Хууль бус гэж үзээд байгаа өмч хувьчлалын комиссын шийдвэр 70 гаруй хүний нэр бүхий тэмдэглэл хувьчлалын материалаа үндэслээд ялгаа байхгүй улсын бүртгэлийн гэрчилгээ аваад 6 байрны эзэмшигч болчихсон явж байгаа. Өөрийнх нь яагаад хууль ёсны зөв байгаад, Дүүрэнжаргалынх яагаад хууль бус болоод байгаа юм бэ. Үүнийг ялгаж салгаж ярих болов уу гэтэл огт дурдахгүй байна... улсын бүртгэлд ямар нэгэн буруу байхгүй. Хариуцагч улсын бүртгэгч биш. Яагаад хариуцагч нь улсын бүртгэлийн байгууллага биш байна вэ гэхээр 1991 оны дуудлага худалдаа бодитоор явагдсан. Хүмүүс нь ягаан тасалбараа өгчихсөн. Гэрчилгээ олгох, шийдвэр гаргах гэх мэт процесс ажиллагаанд дутуу зүйл байгаа л байх. Гэхдээ бодитоор явагдахын хувьд явагдсан. Түүний үндсэн дээр улсын архивт дуудлага худалдаа явуулсан баримтууд хадгалагдаж байгаа. Тийм учраас бодит явагдсан үйл ажиллагаа, бичиг баримтуудыг үндэслээд улсын бүртгэлийн хэлтэс бүртгэл хийснийг буруутгах үндэслэл байхгүй. Харин дуудлага худалдаа хууль зүйн дагуу явагдсан уу, үгүй юу гэдэг асуудал нь тусдаа... Дүүрэнжаргал гуайн хувьд 1991 оноос хойш дуудлага худалдааг явуулангуутаа байрнаас хүмүүсийг хөөж гаргаад байраа авах бодол санаа байгаагүй. Тэрийгээ өөрөө илэрхийлсэн. Батсайханд хангалттай хугацаа өгсөн. Хамаа алга чи миний ягаан тасалбаруудыг буцааж өгөөд чи байраа авч болно гэдэг саналыг тавихад Батсайхан за тэгье гэж хэлээд явсан. Гэтэл сүүлдээ юу болсон бэ гэхээр чи шүүхдээд аваарай. Юу олж долоохыг чинь харъя гэж хэлсэн байдаг. Ингээд бүр болохгүй болохоор нь гэрчилгээгээ авъя гээд очсон байгаа. Ингээд нэгэнт хууль ёсны өмчлөгч болчихсон учраас шаардах эрх энэ хүнд үүсчихсэн. Өмчлөгч гэх үндэслэлийнхээ дагуу зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. Батсайханыг нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш байна гэж үзэж байгаа. Энэ хүн энэ байрны өмчлөгч гэдэг нь юугаар нотлогдож байна вэ. Пунцагаас худалдаж авсан гэдэг нь ямар баримтаар нотлогдож байна вэ. 05, 06 тоот байрыг Дүүрэнжаргал нь өмч хувьчлалын комиссоор ягаан тасалбараар гэр бүлийнхнийхээ тасалбарыг хамж аваад байранд хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Өөрөөр хэлбэл мөнгийг нь төлчихсөн. Үүнийхээ дагуу Улсын бүртгэлд хандах эрх нь үүсчихээд байхад хандсан явдлыг яагаад буруутгаад байна вэ. Тэгэхээр өмч хувьчлалын асуудал хууль бус явагдсан гэдэг зүйл яриад байгаа бол үүнийгээ нотлоод тогтоолгочих. Ямар байгууллагаар яаж тогтоолгодог вэ гэдгийг тогтоосны дараа нь энэ асуудалд хандах ёстой байсан. Өөрөө өмчлөгч биш зөвхөн оршин сууж байгаад түгжээд явчихсан. Би 1987 оноос хойш эзэмшиж байсан гэж хэлээд энэ хүн өмчлөгч болж чадахгүй. Иймд энэ хүнийг нэхэмжлэл гаргах эрхтэй субъект биш гэж үзэж байна. Дараагийн нэг үндэслэл нь юу вэ гэхээр хөөн хэлэлцэх хугацааны талаар зайлшгүй яригдана. Энэ хүн 1991 оноос өөрийнх нь амьдарч эзэмшиж байгаа байр дуудлага худалдаа явагдчихлаа. Ягаан тасалбараар мөнгө нь төлөгдчихлөө шүү гэдгийг мэдэж байсан. 1991 оноос хойш өнөөдрийг хүртэл хэдэн жил болсон байна вэ. Яагаад энэ асуудлаар шүүхэд хандаагүй юм бэ. Өмч хувьчлалын комисс үнэхээр хууль бус явагдсан юм бол энэ асуудлыг яагаад гаргаж тавиагүй юм бэ. Хэрэв өмч хувьчлалын комисс ч гэсэн худлаа шийдвэр гаргаагүй, нотлогдоогүй хууль бус явагдсан гэж байгаа бол энэ асуудал дээр ч гэсэн хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёстой. Яагаад одоо гаргаж ирж ярьж байна вэ. Дүүрэнжаргалыг гэрчилгээ аваад шүүхэд хандсаны дараа эргээгээд тавьж байгаа. Боломжит маш их хугацаа байсан. 20-30 жилийн дараа асуудал ярьдаг зүйл байж болохгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй. Үүнд улсын бүртгэлийн хэлтэс ямар ч буруугүй гэдэг тайлбарыг хэлж байна. Дуудлага худалдаа, өмч хувьчлалын тухай хуулийн заалтууд мөн холбогдох заалтуудыг дурдаад үндэслэлгүй явагдсан, гэрчилгээ олгогдоогүй, өмчлөх эрх нотлогдоогүй байхад зөрчилтэй бүртгэсэн байна гэдэг тайлбарыг хэлж байна. Миний хувьд юу гэж ойлгож байна вэ гэхээр дуудлага худалдаа бодитоор явагдсан. 1991 оны үед мөнгөний ханш ямар байсан билээ. Энэ үед өмч гэдэг асуудал яригдаж байсан үе. Өмнө нь бүх зүйл улсын өмч байсан. Монгол улсын иргэн хүн газар болон орон байраа өмчлөх эрхгүй байсан. Ингээд анх удаа өмчтэй бол гээд тасалбар олгож байсан. Тасалбар нь өөрөө хөрөнгөө хувьчилж авах эрхийн акт нь болж байсан. Энэ баримтаа иргэд улсад тушаачихсан. Дүүрэнжаргал нь ам бүл 8 байсан гэж хэлж байна. Найман хүн наймуулаа орон байртай болсон байх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл эдгээр хүмүүс эрхээ эдэлж чадаагүй. Тэгсэн атал улсад тасалбараа тушаачихсан. Энэ нь юугаар нотлогдож байна вэ гэхээр архиваас гарч ирж буй өмч хувьчлалын материал, хэдэн ширхэг тасалбар тушаасан нь тоо ширхэгээрээ бичигдсэн баримтууд байгаа. Тухайн өмч хувьчлалын комисс хуулиа баримтлаагүй юм байна. Өмчлөх эрхийн гэрчилгээг нийтэд нь л хүмүүст олгоогүй байна. Тэгсэн атал ягаан тасалбаруудыг хураагаад авчихсан байдалтай байна. Тэгэхээр өмч хувьчлал яалт ч үгүй явагдчихсан. Хүмүүсийн ягаан тасалбарыг хураагаад авчихсан. Тэгээд улсын бүртгэлийн байгууллага архивын баримтуудыг үзээд өмчлөх эрхийн гэрчилгээг шаардаагүй. Өмчилсөн өмч хувьчлалын комисс хувьчилсан юм байна гэдэг дүгнэлт хийгээд бүртгээд явчихсан асуудлыг буруутгах үндэслэл улсын бүртгэлийн бйагууллагад байхгүй гэж үзэж байна. Хэрвээ буруутгах гээд байгаа бол өмч хувьчлал явагдсан уу, явагдаагүй юм уу. Өмч хувьчлал хууль бус явагдсан юм бол өмч хувьчлалын ажлыг эхлээд хууль бус болохыг нь тогтоолгочих. Тэгээд тогтоолгосон шийдвэрээ бариад улсын бүртгэлийг хүчингүй болгоно уу гэхээс Улсын бүртгэлээс тусдаа явагдсан. 30 гаруй жилийн өмнө явагдсан. Өөр байгууллага, өөр хүмүүсийн хийсэн үйл ажиллагаа хууль бус гэдгийг өнөөдөр юугаар тогтоогоод байна вэ. Өмч хувьчлалын хууль нь 1996 онд батлагдсан. Өмч хувьчлал 1991 онд явагдсан. Тухайн үед ямар дүрэм журам байсан бэ. Тэр дүрэм журмаар нь ярина уу гэхээс тухайн үйл явдал болсноос хойш 5-6 жилийн дараа батлагдсан хуулийн заалт бариад байгааг миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Улсын бүртгэлийн ерөнхий хууль саяхан л батлагдсан. Яагаад энэ хуулийн заалтуудыг бариад байгааг би сайн ойлгохгүй байна... Буцаан хэрэглэх ямар хуулийн заалт байна вэ. 1991 онд болсон үйл явдалд 1996 оны хуульд буцаан үйлчлэх ямар заалт байна вэ. Олон хуулийн заалт бариад байна. Эдгээр хуулийн заалтууд нь буцаан үйлчлэхгүй. 1991 онд өмч хувьчлалын тухай хууль байгаагүй бол ямар дүрэм журам байсан түүнийг нь баримтлана. Гэхдээ Улсын бүртгэлийн байгууллага өмч хувьчлал явагдсан байхад түүнийг үндэслэлгүй юм аа гэж үзэж татгалзах эрх улсын бүртгэгчид болон улсын бүртгэлийн байгууллагад байхгүй. Түүнийг үндэслэж олгосон өөр байгууллагын өөр хүмүүсийн явуулсан хууль бус ажиллагааны төлөө улсын байгууллага хариуцлага хүлээх ямар ч үндэслэл байхгүй. Улсын бүртгэлийн гэрчилгээ 2019 онд гарсан. 2019 онд гармагц Батсайхантай уулзсан гэдгээ хэлээд байгаа. Би гэрчилгээгээ авчихлаа. Миний байрыг яах гэж байна вэ гэхэд шүүхдээд ав гэж хэлсэн. Энэ хүн мэдэнгүүтээ шүүхэд хандах ёстой. Хэлж яриад уулзаад яваад байна. Тэгээд энэ хугацаагаа шүүхэд хэрэг танилцсан өдрөөсөө тооцоод байгаа. Үүнээс өмнө Батсайхан энэ хоёр уулзаад яриад байгаа. Түдгэлздэг хурал дээр Батсайхан надтай уулзсан гээд ярьж байсан. Энэ нь хурлын тэмдэглэлд байгаа л байх. Улсын бүртгэлтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг гэрчилгээг гарсан үед Батсайхан мэдсэн. Шүүхэд дуудагдсанаар мэдсэн гэдэг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргаж байна... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн *******,******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлүүдийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, *******ын өмчлөх эрхийн *******, ******* дугаар гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн... 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлд холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ гэж, 8 дугаар зүйлийн 8.1-д Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна, 8.1.1-д эд хөрөнгө өмчлөх эрх гэж тус тус заасан байх тул энэхүү маргаан нь мөн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамаарна.

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч нь *******ыг ...нэхэмжлэл гаргах эрхгүй... хэмээн мэтгэлцэв.

Нэхэмжлэгч ******* нь одоогийн хаягжилтаар ******* аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 105 дугаар байрны 5 дугаартай орон сууцыг 1987 оноос хойш, 6 дугаартай орон сууцыг 2010 оноос хойш тус тус эзэмшиж, оршин сууж байгаа хэмээн мэтгэлцэж байгаа, дээрх нөхцөл байдлыг гуравдагч этгээд үгүйсгээгүй, хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тухайн байрнуудыг эзэмшиж буй нь нотлогдож байгаа.

Тиймээс иргэн ******* нь ******* аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 105 дугаар байрны 5 болон 6 дугаартай орон сууцуудын улсын бүртгэлтэй холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй гэж шууд дүгнэх боломжгүй.

3. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 930 дугаартай албан бичигт хавсаргаж ирүүлсэн баримтаар энэхүү хэргийн нэхэмжлэгч ******* нь гуравдагч этгээд *******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч бөгөөд тухайн хэргийн маргааны зүйл болж буй үл хөдлөх хөрөнгө нь маргаан бүхий улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгүүд болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь маргаж буй улсын бүртгэл болон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийн талаар анх Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа *******ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудтай танилцаад мэдсэн гэж тайлбарлаж байх ба ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 726 дугаартай албан бичигт ...гэрчилгээнүүдийг хуулийн дагуу өмчлөгчөөр нь гарын үсэг зуруулж олгосон бөгөөд ...өөр иргэн хуулийн этгээдэд мэдэгдэх үүрэггүй байдаг тул ийм бүртгэл байхгүй болно гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсны дараа энэ талаараа *******тай уулзаж хэлсэн гэж тайлбарлаж байгаа боловч түүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйн дээр уулзсан гэх цаг хугацааны талаарх тодорхой тайлбарыг шүүхэд гаргасангүй.

Тиймээс нэхэмжлэгч *******ы эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын 0413000442 болон 0413000443 дугаар бүртгэлүүдийн талаар маргаан үүсгэх хөөн хэлэлцэх хугацааг Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 426 дугаартай захирамжаар үүсгэсэн иргэний хэргийн Хэрэг танилцуулсан тухай БАРИМТ №6[1]-д тэмдэглэгдсэн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйд нийцнэ гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд холбогдох маргааныг ...шүүх шийдвэрлэнэ гэж зохицуулсан хэдий ч гомдол гаргах хугацааны талаар заагаагүй байна.

Тиймээс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан зохицуулалтыг хэрэглэнэ.

******* нь нэхэмжлэлээ 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн нь маргаан бүхий улсын бүртгэлийг мэдсэн байх боломжит сүүлийн өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 30 хоног хэтрээгүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор байна.

4. 1991 оны 5 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын өмч хувьчлах тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх ба тус хуулийн 1 дүгээр зүйлд Энэхүү хуулийн зорилт нь БНМАУ-ын төрийн өмчид байгаа эд хөрөнгийн тодорхой хэсгийг БНМАУ-ын иргэд болон энэ хуульд заасан хуулийн этгээдийн өмчид шилжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, түүнчлэн хөдөө аж ахуйн нэгдлийн өмчийг хувьчлах зарчмын онцлогийг тодорхойлоход оршино гэж заасан.

 

Дээрх хууль нь 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан Ой модны үйлдвэрийн ажилчдын орон сууцуудыг дуудлага худалдаагаар хувьчлах үйл ажиллагааг явуулахаас өмнө хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байх тул уг харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль нь байна.

Иймд тухайн цаг хугацаанаас хойш батлагдсан буюу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбартаа үндэслэж буй Орон сууц хувьчлах тухай хууль, бусад хууль, эрх зүйн актуудыг буцаан хэрэглэхгүй.

Харин маргаан бүхий улсын бүртгэлтэй холбогдох харилцааг Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудад заасан зохицуулалтуудыг хэрэглэнэ.

5. Хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудтай харьцуулан судлахад

а/ Одоогийн ******* аймгийн Хангал сумын Хялганат тосгон нь 1991 онд засаг захиргааны нэгжийн хувьд Эрдэнэт хот[2]-ын харъяалалд байсан байна.

б/ Тус тосгонд Ой модны үйлдвэр /Хэргийн оролцогчид Мод бэлтгэлийн аж ахуй гэж тайлбарлаж байгаа/[3] үйл ажиллагаагаа явуулдаг байсан бөгөөд нэхэмжлэгч ******* нь тус үйлдвэрийн Автобаазад механикаар, гуравдагч этгээд ******* нь эдийн засагчаар тус тус ажилладаг байсан.

в/ ******* нь Ой модны үйлдвэрийн ажилчдын байр буюу 35 дугаар байрны *******онд байршилтай орон сууцанд 1987 оноос амьдрах болсон.

г/ Г.Пунцаг нь Ой модны үйлдвэрийн ажилчдын байр буюу 35 дугаар байрны *******онд байршилтай орон сууцанд 1988 оноос амьдрах болсон.

д/ Ой модны үйлдвэрээс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулж явуулсан дуудлага худалдаагаар тус үйлдвэрийн ажилчдын оршин сууж байсан орон сууцуудыг хувьчилсан.

е/ Тус дуудлага худалдаанд ******* болон ******* нар нь оролцон ягаан тасалбараар тус тусдаа орон сууц худалдаж авсан гэх үйл явдлууд тогтоогдож байх ба хэргийн оролцогчид нь энэ хүртэлх харилцааны талаар маргаагүй.

6. Харин маргаан бүхий улсын бүртгэлд бүртгэгдсэн хоёр үл хөдлөх хөрөнгийг *******, ******* нарын хэн нь тухайн дуудлага худалдаагаар худалдаж авсан бэ гэх хэсгээс маргаан үүсчээ. Хэрэгт авагдсан:

a)               Хялганат хороонд 1991 оны 12 дугаар сарын 01 өдөр явагдсан дуудлага худалдааны протокол[4]-д ...Өрсөлдөгчгүй тул бүгд анхны үнээр худалдаж авав..., 24.Давхар байр, №5-II орц /амбааргүй/, 31 34 тасалбар *******, 28. Давхар байр, №35-II орц /амбааргүй/ и22 25 тасалбар, ******* гэж,

b)                Тухайн тэмдэглэлийн 3 дугаартай хуудсанд Байр худалдаж авсан гэсний доор доош цувуулан нийт 54 иргэний нэр бичигдсэний дээрээс 21-т *******, 24-т ******* гэх нэрсүүд тэмдэглэгджээ.

c)                Харин Хялганат хорооноос дуудлага худалдаанд орсон байрнуудын судалгаа гэх баримтын [5]

№ Байр орцны дугаар

Авсан эзний овог, нэр

Албан тушаал

Орц байрны сууцны тоо

Хэд нь айлтай

Айлуудын нэрс

Байрны эзэн тухайн байрандаа суудаг эсэх

Маргаантай эсэх

26. 05 /II/

*******

Авто баазад механик

6

4

Д.Ганбаатар, Лхамсүрэн, Сайнтогтох, Ганзориг

-

-

31. 35/II/

*******

Автобаазад

4

4

Г.Пунцаг, Батсайхан, Наваансүрэн, Ц.Ганболд

-

+

...нар тус тус худалдан авав. Худалдан авагчид 15 хоногийн дотор материалаа бүрдүүлсэний дараа хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээг олгохоор тогтов гэж,

d) Хавсралт №1-д орсон байруудын материал баримт[6]-ын

Хав-тын №

Хувьчлагдсан байрын дугаар

Хураамж

Тушаасан тасалбар (шир)

Протокол

Материал

Ягаан тас-ын тооцоо

Гэрчилгээ

Эзэмшигч

35

71

Хялганат -35 -II орц

500

25/22

 

 

+

95

*******

51

87

Хялганат 5- II орц

500

34/31

 

 

+

 

*******

гэж,

e) Хялганат хорооноос хувьчлагдсан орон сууцыг худалдан авсан эздээс ягаан тасалбарыг хүлээн авсан актын нэгдсэн товчоо баримт[7]-ын №28-д Байрны номер-Давхар байр, №5 /2-р орц/, Зарлагдсан үнэ /ш.тас/ 34, Тушаасан тас 31, Худалдан авсан эзэн *******, Тайлбар 10% хөнгөлөлттэй гэж, №31-д Байрны номер-Давхар байр, №35 /2-р орц/, Зарлагдсан үнэ /ш.тас/ 25, Тушаасан тас 22, Худалдан авсан эзэн *******, Тайлбар 10% хөнгөлөлттэй гэж тус тус тэмдэглэжээ.

Дээрх баримтуудаас харахад Ой модны үйлдвэрээс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулж явуулсан дуудлага худалдаанд оролцож орон сууц худалдаж авсан иргэд нь бүгд өрсөлдөгчгүй буюу орон сууц тус бүрт нэг хүний худалдан авах санал өгсөн гэж ойлгохоор байна. Тодруулбал: Нэг орон сууцыг хоёр буюу түүнээс дээш хүн худалдан авах санал гаргасан тохиолдол гараагүй гэж ойлгохоор байна.

7. Хэргийн оролцогч ******* болон ******* нарын хэн аль нь тус дуудлага худалдаанд оролцсон бөгөөд ******* нь Хялганат хорооны 5 дугаар байрны *******онд байрлалтай 6 орон сууцыг 31 ширхэг ягаан тасалбараар, ******* нь 35 дугаар байрны *******ны 4 орон сууцыг 22 ширхэг ягаан тасалбараар тус тус худалдаж авсан бөгөөд тэдгээрийн хэн аль нь худалдаж авсан орон сууцуудынхаа үнийг ягаан тасалбараар төлсөн болох нь тогтоогдож байна.

Харин уг дуудлага худалдаанд Гэндэнгийн Пунцаг гэгч иргэн оролцож, орон сууц худалдан авсан талаарх бүртгэл байхгүй байв.

Нэхэмжлэгч ...би өөрийн амьдарч байгаа орон сууц болон 5-р байрны *******ыг тус тус авсан... хөрш айл болох 35-6 тоот 2 өрөө байрыг 2010 онд Г.Пунцагаас худалдан авч гэр бүлийн гишүүдийн хамт амьдарсаар өдийг хүрсэн... хэмээн нэхэмжлэлдээ тайлбарлажээ.

******* аймгийн Хангал сумын Хялганат тосгоны захирагчийн ажлын албаны 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01/244, 01/245, 01/247, 5 дугаар сарын 27-ны өдрийн 02/34 дугаартай албан бичгүүдээр Хялганат тосгоны 35 дугаар байрны 05 тоотод байршилтай орон сууцанд нэхэмжлэгч ******* нь гэр бүлийн хамт 1987 оноос 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд, уг байрны 06 тоотод байршилтай орон сууцанд иргэн Г.Пунцаг нь гэр бүлийн хамт 1988 оноос 2010 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд тус тус оршин сууж байсан бөгөөд ******* нь дээрх 06 тоотод байршилтай орон сууцанд 2010 оноос хойш оршин суух болсон талаар тодорхойлсон.

Гэтэл Үндэсний төв архивын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 03/555 дугаартай албан бичигт ...******* аймгийн Хангал сумын 2010 оны хүн амын тооллогын бүртгэлийг шүүж үзэхэд өрхийн тэргүүн Гэндэний Пунцагт холбогдох баримт байхгүй болно гэсэн байх ба тус албан бичигт хавсарган ирүүлсэн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн

                     03-01/2761 дугаартай лавлагаагаар Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 27 дугаар хуудсанд: ******* аймгийн Хангал сумын 3 дугаар багийн Хонгор-Өндөр гудамжны 1-3 тоотод оршин суугч: Ургийн овог Хиад. Цэнджавын Батсайхан эрэгтэй... гэх,

                     03-01/2735 дугаар лавлагаагаар Он: 2000, Аймаг/хот: *******, Сум/дүүрэг: Хангал, Баг/хороо: 4-р баг, Тосгон: Хялганат, Байршил: Тосгон, Гудамжны нэр: Давхар байр, Байшингийн дугаар: 35-2-6, ...Овог: Цэнджав, Нэр: Батсайхан, Өрхийн тэргүүний хамаарал: Тэргүүлэгч өөрөө, Төрсөн он: 1957, Төрсөн сар: 5, Нас: 42, Хүйс: эрэгтэй... гэх,

                     03-01/2733 дугаартай лавлагаагаар Он: 2000, Аймаг/хот: *******, Сум/дүүрэг: Хангал, Баг/хороо: 4-р баг, Тосгон: Хялганат, Байршил: Тосгон, Гудамжны нэр: Давхар байр, Байшингийн дугаар: 35-2-5, ...Овог: Гэндэн, Нэр: Пунцаг, Өрхийн тэргүүний хамаарал: Тэргүүлэгч өөрөө, Төрсөн он: 1950, Төрсөн сар: 5, Нас: 49, Хүйс: эрэгтэй... гэх мэдээллүүдийг ирүүлсэн байна.

Эндээс нэхэмжлэгч ******* болон Г.Пунцаг нарын оршин сууж байсан гэх орон сууцуудын мэдээлэлд зөрүүтэй байдал харагдаж байх тул Үндэсний төв архивын лавлагаагаар ирүүлсэн мэдээллийг бодит нөхцөл байдлыг илүү нотлох баримт гэж шүүх үзэв. Учир нь: ******* аймгийн Хангал сумын Хялганат тосгоны захирагчийн ажлын албанаас ирүүлсэн тодорхойлолтуудад тусгагдсан мэдээллийг ямар эх сурвалжаас ирүүлснийг заагаагүй байна.

Харин Үндэсний төв архивын лавлагаагаар ирүүлсэн мэдээллүүд нь Монгол Улсын хэмжээнд 2000, 2010 онуудад зохион байгуулсан хүн ам, орон сууцны тооллогыг явуулж, бүртгэсэн эх хувь баримтаас ирүүлсэн мэдээлэл байх тул уг баримт нь тухайн цаг хугацаанд байсан бодит нөхцлийг илүү тодорхойлно гэж үзэв.

8. Шүүх дараах хууль зүйн дүгнэлтийг хийв. Үүнд:

1)               БНМАУ-ын өмч хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д Хувьчлалд улсын үйлдвэрийн газар, байгууллагын эд хөрөнгө хамаарна, 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Улсын үйлдвэрийн газрын захиргаа нь зохих шатны өмч хувьчлалын комиссын шийдвэрийн дагуу үйлдвэрийн газрын эд хөрөнгийг хувьчлах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ, 13 дугаар зүйлд Бага хувьчлалд ...жижиг үйлдвэрийн газар, түүнчлэн томоохон үйлдвэрийн газрын үйлдвэрлэлийн бие даасан салбар нэгжийн эд хөрөнгө хамаарна, 14 дүгээр зүйлд Бага хувьчлалд хамаарах эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах замаар хувьчилна..., 17 дугаар зүйлд Их хувьчлалыг БНМАУ-ын иргэд эрхийн бичгээ оролцуулан үйлдвэрийн газрын хувьцааг худалдан авч хувьцаат компани байгуулах замаар хэрэгжүүлнэ гэж тус тус заасан.

Эрдэнэт хотын Хялганат тосгонд байршилтай Ой модны үйлдвэр нь улсын үйлдвэр бөгөөд тус үйлдвэрийн ажилчдын оршин сууж буй орон сууцууд нь уг үйлдвэрийн эд хөрөнгөд нэгэн адил хамаарч байсан болох нь орон сууцуудыг дуудлага худалдаагаар хувьчлах шийдвэрийг Эрдэнэт хотын болон Хялганат хороо, Үйлдвэрийн өмч хувьчлалын комиссуудын хамтарсан шийдвэр[8]-ээр тогтоогдож байна.

Нөгөө талаар хэргийн оролцогчид нь дуудлага худалдаагаар хувьчлагдсан орон сууцуудыг Ой модны үйлдвэрийн эд хөрөнгөд хамаарахгүй талаарх нотлох баримтыг ирүүлээгүй бөгөөд энэ талаарх нотлох баримтын эх сурвалжийг шүүхэд заасангүй.

Харин дээрх хуульд үйлдвэрийн эд хөрөнгийг төрлийн шинжээр нь ангилсан, хувьчлалд хамруулах, эс хамруулах талаар тусгайлсан зохицуулалт байхгүй байна.

Эрдэнэт хотын болон Хялганат хорооны өмч хувьчлалын комиссууд нь уг үйлдвэрийн ажилчдын оршин суудаг орон сууцуудыг дуудлага худалдаагаар хувьчлах, хувьчлах орон сууцуудын анхны үнэлгээг тогтоосон шийдвэрийг хамтран гаргасан болох нь 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн огноотой Эрдэнэт хотын болон Хялганат хорооны өмч хувьчлалын комиссын хамтарсан хурлын протокол[9]-оор нотлогдож байна.

2)               БНМАУ-ын өмч хувьчлах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг хувьчлах талаар холбогдох байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ тухай гомдлоо уул шийдвэрийг гаргасан байгууллагыг харъяалах дээд байгууллагад нь шийдвэр хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор гаргана гэжээ.

Хэргийн оролцогчдоос дээрх дуудлага худалдааны талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй, тухайн дуудлага худалдааг явуулах тухай Эрдэнэт хотын болон Хялганат тосгоны өмч хувьчлалын комиссын хамтарсан шийдвэрийг хүчингүй болгосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй тул Ой модны үйлдвэрээс тус үйлдвэрийн ажилчдын оршин сууж байсан орон сууцуудыг хувьчлах зорилгоор 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулж явуулсан дуудлага худалдааг БНМАУ-ын өмч хувьчлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 14 дүгээр зүйлд заасан зохицуулалтуудад нийцүүлж явуулсан, хүчин төгөлдөр гэж үзэх ба тус дуудлага худалдаатай холбогдох баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасан нотлох баримтаар үнэлнэ.

3)               Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...Тухайн өмч хувьчлал явагдахдаа ... заавал төрийн оролцоо байх ёстой... Гэтэл огт оролцоогүй... гэж мэтгэлцэж байна.

Эрдэнэт хотын болон Хялганат хорооны өмч хувьчлалын комиссын хамтарсан хурлын протокол-д Хялганат хорооны өмч хувьчлалын комиссын дарга Д.Сүхбаатар..., Үйлдвэрийн өмч хувьчлалын комиссын дарга С.Доржпалам, гишүүд Т.Банзаарай гэж, Хялганат хорооны 1991 оны 12 дугаар сарын 01 өдөр явагдсан дуудлага худалдааны протокол-д ...төрийн захиргааны хянагчаар С.Доржпалам... нарийн бичгийн дарга Д.Сүхбаатар... гэх хэсгүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.

4)               БНМАУ-ын өмч хувьчлах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д Хувьчлах эд хөрөнгийг тухайн үйлдвэрийн газрын ажилтан дуудлагын худалдаагаар худалдан авбал түүнд худалдан авсан үнийн 10 хувиар хөнгөлөлт үзүүлнэ гэж хуульчилжээ.

Дуудлага худалдаанд холбогдох баримтуудад ******* нь Хялганат тосгоны 5 дугаар байрны *******онд байршилтай 6 орон сууцыг нийт 34 ширхэг ягаан тасалбараар үнэлэгдсэнийг 10 хувийн хөнгөлөлттэй үнэ болох 31 ширхэг ягаан тасалбараар өрсөлдөгчгүйгээр, ******* нь 35 дугаар байрны *******онд байршилтай 4 орон сууцыг 25 ширхэг ягаан тасалбараар үнэлэгдсэнийг 10 хувийн хөнгөлөлттэй үнэ болох 22 ширхэг ягаан тасалбараар өрсөлдөгчгүйгээр тус тус худалдаж авсан бүртгэлийг тэмдэглэсэн байна.

Харин 35 дугаар байрны *******онд байршилтай дөрвөн орон сууцыг дуудлага худалдаагаар өөр өөр иргэнд хувьчилсан бүртгэл болон тус орцны 5 тоот орон сууцыг иргэн *******, 6 тоот орон сууцыг иргэн Г.Пунцаг нар худалдаж авсныг нотлох тэмдэглэгээ бүхий баримт ******* болон ******* нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл хийлгэсэн баримтууд[10] дотор байсангүй.

Хэргийн оролцогчид *******ыг 5 дугаар байрны ******* дахь зургаан орон сууцыг 31 ширхэг ягаан тасалбараар худалдаж авсныг үгүйсгэж маргаагүй, нэхэмжлэгч тус орон сууцуудыг өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан болох нь хэргийн 231-241, 243 дугаар хуудаст авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.

*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь *******ыг орон сууц хувьчлах дуудлага худалдаанд оролцсон, ягаан тасалбараар орон сууц худалдаж авсан зэргийг үгүйсгээгүй бөгөөд тэд гуравдагч этгээд угхүү дуудлага худалдаагаар хувьчилж авсан байх боломжтой /35 дугаар байрны *******онд байршилтай 4 орон сууцнаас/ өөр орон сууцны талаар тайлбар, холбогдох баримтыг гаргасангүй.

5)         Ой модны үйлдвэрийн ажилчдын орон сууцуудыг, тэр дундаа 35 дугаар байрны *******ыг дуудлага худалдаагаар иргэдэд хувьчилсан талаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Гэтэл 35 дугаар байрны 6 тоотод оршин сууж байсан, түүнийг 2010 онд *******д худалдсан гэх иргэн Гэндэнгийн Пунцаг нь 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр болсон дуудлага худалдаанд оролцсоныг нотлох баримт байхгүйн дээр шүүх хуралдааны оролцогчид болон нэхэмжлэгч нь энэ талаар тайлбар, холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргасангүй.

Хэрэгт авагдсан Хялганат хорооноос дуудлага худалдаанд орсон байрнуудын судалгаа гэх баримтын 31 дүгээрт ...Г.Пунцаг... гэж тэмдэглэсэн байгаа ч уг бүртгэлийн хэсэг нь хувьчлагдсан орон сууцанд тухайн үед оршин сууж байгаа иргэд /айлуудыг өрхийн тэргүүний нэрээр/-ийг бүртгэсэн хэсэг байх тул түүнийг тус орон сууцыг өмчлөх эрхийг нотолсон гэж үзэхгүй.

Гэрч П.Баярмаа ...Давхар байрны 35 дугаар байрны 6 тоотод амьдарч байсан. 1988-2010 он хүртэл аав, ээж, дүүгийн хамт... байраа Батсайхан гуай буюу хадам аавд зараад явсан... гэж, гэрч П.Мядагмаа ...манайх ертөнцийн зүгээр урд талын орцны 1 давхарт шатны урдаас харсан хаалгад аав, ээж, эгчийн хамт ам бүл 4-үүлээ амьдардаг байсан... худдаа байраа зарах болсон гэж ярьж байсан... гэж мэдүүлсэн ч уг орон сууцыг эцэг Г.Пунцаг нь өмчлөх эрхтэй байсныг нотлох баримтын талаар болон *******д хэдэн төгрөгөөр худалдсаныг тодорхойлсон мэдүүлгийг өгөөгүй байна. Мөн нэхэмжлэгч нь тус 6 тоот орон сууцыг Г.Пунцагаас ямар үнээр худалдаж авсан талаар тайлбар, холбогдох нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэнгүй.

Тиймээс Г.Пунцаг нь 35 дугаар байрны 6 тоотод байршилтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш бөгөөд түүнийг захиран зарцуулах эрхгүй иргэн гэж дүгнэхээр байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч нь өөрийн оршин сууж байсан 35 дугаар байрны 5 тоот орон сууцыг хувьчилж авсан. Г.Пунцагаас 6 тоот орон сууцыг худалдаж авсан гэх агуулгаар мэтгэлцэж байгаа.

Гэтэл Үндэсний төв архивын 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 03-01/2733, 03-01/2735 дугаартай лавлагаануудаар ******* нь 35 дугаар байрны 5 тоот бус 6 тоот орон сууцанд, Г.Пунцаг нь 6 тоот бус 5 тоот орон сууцанд тус тус гэр бүлийн хамт оршин сууж байсан гэх улсын бүртгэл байгаа талаарх мэдээллийг ирүүлсэн нь нэхэмжлэгчийн дээрх тайлбартай зөрчилдөж байна.

6)            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд ...Хялганат хороонд 1991 оны 12 дугаар сарын 01 өдөр явагдсан дуудлага худалдааны протокол нь өмчлөх эрх олгосон баримт биш, тухайн дуудлага худалдаа хэрхэн явуулсныг тэмдэглэсэн баримт... хэмээн мэтгэлцэв.

Монгол хэлний их тайлбар толь-д тэмдэглэл хөтлөх гэх үгийг а. Протокол хөтлөх; б. Юу хийсэн, бүтээснээ бичиж авч байх гэж тайлбарлажээ.

Тиймээс ...Хялганат хороонд 1991 оны 12 дугаар сарын 01 өдөр явагдсан дуудлага худалдааны протокол нь:

a.   1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэт хотын Хялганат тосгонд үйл ажиллагаагаа явуулдаг Ой модны үйлдвэрийн ажилчдын оршин сууж байсан орон сууцуудыг хувьчлах дуудлага худалдааг явуулсныг,

b.   Уг дуудлага худалдаагаар орон сууцуудыг өмч хувьчлалын ягаан тасалбараар худалдсаныг,

c.   Дуудлага худалдаанд *******, ******* нар оролцсоныг,

d.   ******* Давхар 5 дугаар байрны ******* дахь 6 орон сууцыг бүхэлд нь 31 ширхэг ягаан тасалбараар хувьчлан авсныг,

e.   ******* Давхар 35 дугаар байрны ******* дахь 4 орон сууцыг бүхэлд нь 22 ширхэг ягаан тасалбараар хувьчлан авсныг,

f.    Тус дуудлага худалдаанд оролцогчид нь өөр өрсөлдөгчгүй байсан тул тус тусын орон сууцыг анхны үнээр худалдан авсан бодит үйл явдал болсныг тэмдэглэн үлдээсэн бичгийн нотлох баримт байна.

Уг Хялганат хороонд 1991 оны 12 дугаар сарын 01 өдөр явагдсан дуудлага худалдааны протокол-ын төгсгөлд Худалдан авагчид 15 хоногийн дотор материалаа бүрдүүлсэний дараа хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээг олгохоор тогтов гэж тэмдэглэжээ.

Харин Хавсралт №01-д орсон байруудын материал гэх баримтад гуравдагч этгээд *******д холбогдох хэсгийн бүртгэлд гэрчилгээ 95 гэсэн бичвэртэй байх ба нэхэмжлэгч *******д холбогдох хэсгийн бүртгэлийн энэ хэсэгт ямар нэгэн бичвэргүй байна.

Эндээс гуравдагч этгээд ******* нь 35 дугаар байрны *******ны дөрвөн орон сууцыг дуудлага худалдаагаар хувьчилж авсан болох нь Хялганат хороонд 1991 оны 12 дугаар сарын 01 өдөр явагдсан дуудлага худалдааны протокол-оос гадна дээрх баримтаар давхар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

7)               Нэхэмжлэгч нь тухайн дуудлага худалдаагаар хувьчлан авсан 5 дугаар байрны *******ны зургаан орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ *******ын өмчлөлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгэхэд нотлох баримтаар үнэлэгдсэн баримтуудыг гарган өгч өмчлөх эрхээ баталгаажуулжээ.

Энэ нөхцөл байдал нь нэхэмжлэгч өөрийн орон сууц өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явуулсан дуудлага худалдаатай холбогдох баримтуудыг өмчлөх эрх олгосон шийдвэр гэж үзэн улсын бүртгэлийн байгууллагад нотлох баримтаар гаргаж өгсөн атлаа гуравдагч этгээдийн тухайд уг баримтуудыг өмчлөх эрх олгосон шийдвэр биш хэмээн мэтгэлцэж байгаа нь ойлгомжгүй байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д эд хөрөнгө өмчлөх эрхийн гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...Дүүрэнжаргалын тасалбарт өөрийнх нь амьдарч байсан 05 тоот... оногдох 4-5 тасалбарыг өгсөн... гэж мэтгэлцэж байгаа боловч нэхэмжлэгч нь энэ талаар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ дурдаагүй, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүйн дээр хэрэгт цуглуулсан нотлох баримтууд дотор түүнийг нотлох хэсэг гарсангүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хувьчилж авсан гэх орон сууцных нь дугаар 2000 онд хүн ам, орон сууцны тооллогын улсын бүртгэлд бүртгүүлсэн дугаараас зөрүүтэй байгаа, дуудлага худалдаатай холбогдох баримтуудад *******, Г.Пунцаг нар нь маргаан бүхий бүртгэл дэх хоёр орон сууцыг худалдаж авсан болохыг нотлох баримт байхгүй байгаа зэргээр түүний ******* аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 105 дугаар байрны 05 болон 06 дугаартай орон сууцуудыг өмчлөх эрх зөрчигдөж байна гэх шаардлагын үндэслэл нотлогдсонгүй.

*******аас улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгсөн 35 дугаар байрны ******* дахь дөрвөн айлын орон сууцыг худалдаж авсныг нотлох баримтуудад засвартай, мэдээлэл нь хоорондоо зөрүүтэй, салаа утгыг илэрхийлсэн баримт гарч ирээгүй тул Хялганат хороонд 1991 оны 12 дугаар сарын 01 өдөр явагдсан дуудлага худалдааны протокол болон түүнд хавсаргасан баримтуудыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.1-д заасан нотлох баримт гэж үзэн улсын бүртгэл хөтөлсөн хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 47 дгаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үйлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.1-д тус тус заасныг баримтлан Цэнджавын Батсайханаас ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн *******,******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлүүдийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, *******ын өмчлөх эрхийн *******, ******* дугаар гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү захирамжид бичгээр гарсан өдрөөс нь хойш 7 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ

 

 

 


[1] Хэргийн 175 дугаар хуудас.

[2] Одоогийн Орхон аймаг.

[3] Ой модны аж ахуй нэршлийг Хялганат хороонд 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протокол-д тусгаснаар бичив. Цаашид Ой модны үйлдвэр гэж бичнэ.

[4] Хэргийн 5 дугаар хуудас.

[5] Хэргийн 8 дугаар хуудас. Хүснэгтэлсэн бүртгэлээс зөвхөн нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг оруулав.

[6] Хэргийн 40 дүгээр хуудас. Хүснэгтэлсэн бүртгэлээс зөвхөн нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг оруулав.

 

[7] Хэргийн 42 дугаар хуудас. Хүснэгтэлсэн бүртгэлээс зөвхөн нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг оруулав.

 

[8] Хэргийн 208-209 дүгээр хуудас.

[9] Хэргийн 208-209 дугаартай хуудас.

[10] Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 930 дугаартай албан бичигт хавсаргаж ирүүлсэн баримтууд. Хэргийн нэгдүгээр хавтасны 201-250, хоёрдугаар хавтасны 1 дугаартай хуудаст тус тус авагдсан.