Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 156/ШШ2020/00046

 

 

 

 

 

 

 

 

      2020 оны 01 сарын 20 өдөр

    Дугаар 156/ШШ2020/00046

      Хэрлэн сум

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2020/00007/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ... дүгээр хороо, ......, ........... тоот хаягт оршин суух, Т овогт А Д /РД:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын ... дүгээр баг, ......... тоотод оршин суух, Б овогт А А /РД:СЛ82092005/-д холбогдох,

10 016 300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч А.Д,

хариуцагч А.А,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн А.А Хэнтий аймаг, Хэрлэн сум, 6 дугаар багт байрлах, Цогт-Өндрийн 16-11 тоот хаягт байрлах хашаа байшинг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр А.А дансанд 10 сая төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед А.А нь хашаа байшингийн гэрчилгээ банкны барьцаанд байгаа чөлөөлөөд өгнө гэсэн боловч гэрчилгээг зээлээс чөлөөлж иргэн Б.С шилжүүлж өгсөн байсан. Одоог хүртэл байшин, хашаагаа шилжүүлж өгөөгүй. Иймд байшингийн үнэд өгсөн 10 000 000 төгрөг, Хэнтийд А.А уулзахаар 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ирэхэд гарсан зардал 16 300 төгрөг, нийт 10 016 300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжилсэн 10 сая төгрөгийг төлөх боломжгүй. Байшин, хашаагаа л энэ хүнд өгнө. Гэхдээ 12 000 000 төгрөгөөр өгнө гэж анх тохирсон тул тэр үнээрээ л өгнө. Байшин, хашаа зарах асуудлыг А.Д ярьж, түүнээс 10 000 000 төгрөгийг авсан нь үнэн. Авсан мөнгөөрөө банкны өр дарж хашаа, байшингаа чөлөөлсөн боловч иргэн Б.С барьцаалсан байгаа, энэ асуудлаа шийдвэл байшин, хашаагаа 12 000 000 төгрөгөөр нэхэмжлэгчид өгнө. Хэнтийд нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ирсэн гэдэгтэй маргахгүй.

Байшин миний болон нөхөр Д.Б, хүүхэд А.О, Б.Ө гэсэн 4 хүний нэр дээр, газар охин А.О нэр дээр байдаг гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

А.Д нь А.А холбогдуулан хашаа, байшин худалдан авахаар шилжүүлсэн 10 000 000 төгрөг, тухайн гэрээний харилцаатай холбоотойгоор хариуцагчтай уулзахаар Хэнтий аймагт ирсэн зардал 16 300 төгрөг, нийт 10 016 300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан.

Талуудын маргаагүй байдлаар нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 10 000 000 төгрөг шилжүүлснийг хариуцагч хүлээн авсан, Хэнтий аймаг, Хэрлэн сум, 6 дугаар баг, Цогт-Өндрийн 16-11 тоот хаягт байрлах байшин нь А.А, Д.Б, А.О, Б.Ө нарын, газар нь А.О өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн, нэхэмжлэгч нь Улаанбаатар хотоос Хэнтий аймагт А.А уулзахаар 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ирсэн гэх үйл баримтууд тогтоогдсон байна.

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.

 

            А.Д, А.А нар нь Хэнтий аймаг, Хэрлэн сум, 6 дугаар баг, Цогт-Өндрийн 16-11 тоот хаягт байрлах газар, байшинг худалдах, худалдан авахаар харилцан аман хэлбэрээр тохиролцож, үүний дагуу нэхэмжлэгчээс 10 000 000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгчээ.

Гэхдээ зохигч нь уг гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулаагүй, мөн хариуцагч нь бусад өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлнэ, 128 дугаар зүйлийн 128.2-т гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэснийг тус тус зөрчсөн байна.

Ийнхүү хуульд хэлбэрийн шаардлагыг хангаагүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн бусад өмчлөгчийн зөвшөөрлийг хуульд зааснаар аваагүй байхад А.Д, А.А нарын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул байгуулагдсан цагаас хүчин төгөлдөр бус байжээ. Өөрөөр хэлбэл зохигчийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй, харилцан эрх, үүрэг хүлээхгүй болно.  

 Харин А.Д нь А.А 10 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч нь дээр мөнгөн хөрөнгийг хүлээн авах үндэслэлгүй байсан, мөн нэхэмжлэгч нь Улаанбаатар хотоос Хэнтий аймагт А.А уулзахаар 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ирэхдээ 16 300 төгрөгийн зардал гаргасан учир хүчин төгөлдөр бус хэлцлийн дээрх үр дагаварыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар арилгаж, хариуцагчаас 10 016 300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.А 10 016 300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,

нэхэмжлэгчээс 260 төгрөг гаргуулан төрийн санд, хариуцагчаас 175 210 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Т.БАДРАХ