| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2019/01395/И |
| Дугаар | 101/ШШ2019/01619 |
| Огноо | 2019-05-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2019/01619
| 2019 оны 05 сарын 30 өдөр | Дугаар 101/ШШ2019/01619 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,
Нэхэмжлэгч: хаягт байрлах П ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хаягт байрлах Ц ХХК/регистрийн дугаар: /-д холбогдох
98,864,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Биндэръяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Ц ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Нефтийн бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ-г байгуулж шатахуунаар хангаж ирсэн.
Гэрээний дагуу Ц ХХК нь 2016 оны 5 дугаар сард 51,060,000 төгрөгийн шатахуун, 2016 оны 6 дугаар сард 52,600,000 төгрөгийн шатахуун, 2016 оны 7 дугаар сард 10,190,000 төгрөгийн шатахуун, 2016 оны 8 дугаар сард 229,880,000 төгрөгийн шатахуун, нийт 143,730,000 төгрөгийн шатахууныг зээлээр худалдан авсан. Шатахууны төлбөрт 2016 оны 7 дугаар сард 15,000,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сард 15,000,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 19-нд 5,000,000 төгрөг, 2017 оны 8 дүгээр сарын 27-нд 10,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 11-нд 5,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-нд 5,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 27-нд 10,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 18-нд 10,000,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 03-нд 10,000,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 20-нд 4,000,000 төгрөгийг тус тус цувуулан төлж, нийт 96,395,000 төгрөгийн төлбөрийг хугацаа хэтрүүлж төлсөн ба зээлээр худалдан авсан шатахууны үндсэн төлбөрөөс 54,730,000 төгрөгийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
Манай компанийн зүгээс төлбөрөө төлөхийг байнга шаардаж захирал Ц.Б*******той уулзах, утсаар ярих, албан бичиг хүргүүлэх арга хэмжээнүүдийг авч байсан боловч Ц ХХК нь зээлээр авсан шатахууны төлбөрийг бүрэн төлөхгүй манай компанийг хохироож байна.
2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний 2.2-т заасны дагуу Ц ХХК нь зээлээр худалдан авсан шатахууны төлбөрийг тухайн сардаа төлөх, гэрээний 2.8-д Худалдан авагч нь энэхүү гэрээний 2.2-т заасны дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнд 1,8 хувиар сар тутам анз тооцно. Анзийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцно гэж заасан байна. Гэрээний дагуу тооцсон анз өнөөдрийн байдлаар 42,748,200 төгрөг болоод байна.
Иймд Ц ХХК-иас төлөгдөөгүй шатахууны үндсэн төлбөр 54,730,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний анз 44,134,200 төгрөг, нийт 98,864,200 төгрөгийг албадан гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Мөнхтуул шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Нефтийн бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ-ний үндсэн төлбөрт 54,730,000 төгрөг, тус гэрээний 2.2-т заасны дагуу 44,134,200 төгрөгийг тус тус шаардсан байна.
Нэхэмжлэлд Анзийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцно гэж заасан байна. Гэрээний дагуу тооцсон анз өнөөдрийн байдлаар 42,748,200 төгрөг болоод байна гэсэн. Харин нэхэмжлэлийн нийт үнийн дүнг тооцохдоо анзыг 1,386,000 төгрөгийг нэмэгдүүлэн тооцсон байна.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үнийн дүн нь бодит байдалд нийцээгүй гэж үзэх нөхцөл байдал үүссэн байна.
Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор шаардаж байгаа анзын нийт хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үнийн дүнгээс анзтай холбоотой хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн нэхэмжлэгч талтай эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байгаа болно гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Ц ХХК-д холбогдуулан, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 98,864,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын анзтай холбоотой хэсгийг зөвшөөрөхгүй гэж талууд маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 201 дугаартай Нефть бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдан авагч тал буюу Ц ХХК-ийн хүссэн шатахууны төрөл, тоо хэмжээ, хүлээн авах хугацаа зэргийг заасан захиалгын дагуу худалдагч тал П ХХК нь уг захиалгыг үндэслэн нэхэмжлэлийг худалдан авагчид хүргүүлэх, худалдан авагч нь хүлээн авсан нэхэмжлэлийн дагуу зохих төлбөрийг тухайн сард багтааж төлөх, худалдан авагчид шилжүүлсэн нефть бүтээгдэхүүний тоо хэмжээ нь тээврийн дагалдах баримт бичигт заасан тоо хэмжээгээр тодорхойлогдохоор гэрээнд тусгагджээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг нефть бүтээгдэхүүн зээлээр худалдан авсан гэж нэхэмжлэлдээ дурьдаж байх боловч талуудын хооронд хийгдсэн гэрээнд хүү тооцох талаар тусгаагүй тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ бус Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээг талууд байгуулсан байх бөгөөд худалдан авагч тал төлбөрийн үүргээ гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анз тооцохоор гэрээнд тусгасан байна.
Нэхэмжлэлээр шаардаж буй нефть бүтээгдэхүүний хэмжээ буюу нефть бүтээгдэхүүнийг нийлүүлсэн, хүлээн авсан эсэх талаар талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч Ц ХХК-ийн худалдан авалт, анзын тооцооллыг 2016 оны 5 дугаар сараас 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар гаргаж, хэрэгт нотлох баримтаар хавсаргуулсан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 98,864,200 төгрөгийн анзтай холбоотой хэсгийг эс зөвшөөрсөн хариу тайлбар гаргаснаас үзэхэд дээр дурдсан нефть бүтээгдэхүүн худалдан авсан тухай тооцооллыг хэрэгт ач холбогдолтой гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд дурдсан 2016 оны 5 дугаар сард 51,060,000 төгрөгийн шатахуун, 2016 оны 6 дугаар сард 52,600,000 төгрөгийн шатахуун, 2016 оны 7 дугаар сард 10,190,000 төгрөгийн шатахуун, 2016 оны 8 дугаар сард 229,880,000 төгрөгийн шатахуун, нийт 143,730,000 төгрөгийн шатахууныг хариуцагч худалдан авсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь дээр дурдсан, худалдан авалт, анзын тооцооллоор хариуцагч Ц ХХК-ийн төлбөр төлөх хугацаа, алданги тооцох үлдэгдэл, алданги тооцох хувь, хугацааг нарийвчлан гаргаж, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд 54,730,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, 44,134,200 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй гэж тооцоолол гаргасан байх боловч шаардаж буй алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасантай нийцэхгүй байна.
Иймд хариуцагч Ц ХХК нь гэрээний дагуу гүйцэтгээгүй төлбөрийн үлдэгдэл 54,730,000 төгрөг, үүний 50 хувиар тооцогдох алданги, нийт 82,095,000 төгрөгийг нэхэмжлэгч П ХХК-д төлөх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нөгөөтэйгүүр, хариуцагч тал өмгөөлөгчтэйгээр тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, нэхэмжлэгч талтай эвлэрэх хүсэлтэйгээ илэрхийлж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч эвлэрэх талаар тодорхой санал гаргаагүй, нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эрх үүрэгтэйгээ танилцсан боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл өмгөөлөгч аваагүйд хүндэтгэх шалтгаан тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус зааснаар, хариуцагч Ц ХХК-иас 82,095,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,769,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 652,271 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 568,425 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА