2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/673

 

 

 

 

 

 

 

 

   2025        03          14                                           2025/ШЦТ/673

 

                              

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзаяа,

улсын яллагч Э.Ундармаа,

хохирогч Д.Б,

шүүгдэгч Д.А, Б.Б тэдгээрийн өмгөөлөгч О.Ц нарыг оролцуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ын А, Б овогт Б-ын Б нарт холбогдох эрүүгийн ................ дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “В танхимд 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.А, Б.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.........” баарны гадаа бусадтай маргалдаж байхад нь боль гэж хэлж, салгасан гэх шалтгаанаар хохирогч Д.Б-той маргалдан, улмаар урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж биед нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр халдан зодож, эрүүл мэндэд нь зүүн ухархай дотор ханын хугарал, дух зүүн хөмсөгт язарсан шарх, хоёр нүдний зовхинд тархмал цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ..... дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Ц-г: Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 01/нэг/ ширхэг сидиг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх дүгнэлтээс дүгнэн үзэхэд Шүүгдэгч Д.А, Б.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...........” баарны гадаа бусадтай маргалдаж байхад нь ирж боль гэж хэлж салгасанд уурлан хохирогч Д.Б-той маргалдаж, улмаар урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж биед нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр халдан зодож, эрүүл мэндэд нь зүүн ухархай дотор ханын хугарал, дух зүүн хөмсөгт язарсан шарх, хоёр нүдний зовхинд тархмал цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:

Иргэн Д.Б-оос гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хх 4-5),

Хохирогч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн .....дүгээр хороо, ............ бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад яг хэдэн цагт гэдгийг нь мэдэхгүй байна. Тухайн баарны үүдний довжоон дээр үл таних залуучууд нэгнийгээ зодож байсан ба нэг хар бомбер өмссөн залууг араас нь хөгшөөн одоо болно хүн аллаа гэж хэлтэл эргэж хараад намайг зодож эхэлсэн. 2 залуу зодсон санагдаж байна. Би тухайн залуучуудын царайг харж чадаагүй нэг нь эргэж хараад шууд миний нүд рүү цохиод авсан ба царайг нь харж чадаагүй. Зодож байсан залуу нь хар өнгийн бомбер өмссөн байсан. Би өнөөдөр буюу 10 дугаар сарын 02-ны өдрийн өглөө сэрээд нүүрээ хартал нүд хөхөрсөн, хүзүү хэсэг рүү хавдсан байсан...” гэх мэдүүлэг (хх 11-12),

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би буцаж ороод Б-ийг нөгөө 2 чинь гадаа хүнтэй зодолдоод байна гэж дуудаад бид хоёр хамт гарч ирээд Б нь манай нөхөр болон А нарыг татаж болиулаад гарч ирсэн...” гэх мэдүүлэг (хх 29-30),

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ............. дугаартай “...Д.Б-ын биед зүүн ухархай дотор ханын хугарал, дух зүүн хөмсөгт язарсан шарх, хоёр нүдний салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт (хх 33-34),

Мөрдөгчийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх 46-49) болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын өгсөн мэдүүлэг, тайлбар, шинжлэн судалсан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий сиди зэргээр нотлогдон тогтоогдсон.

3. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч нарын гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу олон удаа гараараа цохих, хөлөөрөө өшиглөсөн үйлдлийн улмаас үүссэн  болох нь “...хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ...” гэх шинжээчийн дүгнэлт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий сиди зэргээр давхар нотлогдон тогтоогдсон байна.  

4. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.А, Б.Б нар нь хэрэг хариуцах чадвартай, өөрсдийн үйлдлийн хууль бус болохыг мэдсээр байж үйлдлээрээ санаатай нэгдэж хохирогчийн биед халдсан байх тул гэм буруугийн хувьд шууд санаатай гэж дүгнэлээ. 

 

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Б, Д.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

6. Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь хохирогч Д.Б-д 4.000.000 төгрөгийг төлж барагдуулсан нь хохирогчийн “...шүүгдэгч нараас 4.000.000 төгрөгийг авсан гомдол, санал, цаашид сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй...” гэх  баримт /хх 44/ мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Д.А, Б.Б нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Д.Б нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр 1.000.000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч дэмжиж оролцсон болно.

 

8. Шүүгдэгч Б.Б, Д.А нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.А, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдал, хохирогчийн гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан хохирогчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх гэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгч нарт торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, үйлдлийн шинж, оролцоо, гэм буруутай үйлдэл болон үр дагаварт хандаж буй хандлага зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

 

10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг сиди /дүрс бичлэгийн хуурцаг/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээж шийдвэрлэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Б овогт Д-ын А /РД:................/-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж  буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогт Б-ын Б /РД:.............../-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-г 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг тус бүр 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Д.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Хохирогч Д.Б нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг сиди /дүрс бичлэгийн хуурцаг/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээсүгэй.

            7. Шүүгдэгч Б.Б, Д.А нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нар, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

           10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ЧАНЦАЛНЯМ