| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/03158/И |
| Дугаар | 101/ШШ2017/03834 |
| Огноо | 2017-11-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2017/03834
| 2017 оны 11 сарын 29 өдөр | Дугаар 101/ШШ2017/03834 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд ..... регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, МРМ цэнтр 12 давхарт оршин байх П.К ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд ....... регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээ хороо, Намьяанжүгийн гудамж 53 тоотод оршин байх М.Д ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт 11,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,805,000 төгрөг нийт 13,805,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Ннар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М.ДХХК нь 2014 онд манай компаниас бетон зуурмаг авах хүсэлт гаргасны дагуу бид М.ДХХК-нд 103,362,000 төгрөгийн бетон зуурмагийг зээлээр худалдан борлуулсан. М.ДХХК нь манай компанид нийт 103,362,000 төгрөг төлөхөөс нийт 92,362,000 төгрөгийг бэлнээр болон бартераар төлсөн бөгөөд үлдэгдэл 11,000,000 төгрөгийг төлөөгүй болно. М.ДХХК нь зээлээр худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг төлөхгүй, бидний удаа дараа шаардсан шаардлагыг үл биелүүлж манай компанийг хохироосоор байна. Иймд М.ДХХК-иас бетон зуурмагийн үлдэгдэл 11,000,000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 2,805,000 төгрөг нийт 13,805,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.К ХХК нь хариуцагч М.ДХХК-нд холбогдуулан гэрээний үүрэгт 11,000,000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 2,805,000 төгрөг нийт 13,805,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан зарлагын падаан, тооцооны хуудас, тооцооны үлдэгдэлийн баталгаа зэргээр зохигчдын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нэг талаас бетон зуурмаг нийлүүлэх, төгөө талаас үнэ төлөхөөр харилцан үүрэг хүлээхээр хүсэл зоригоо илэрхийлсэн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 4-6 дугаар тал/
Талуудын харилцан үүрэг хүлээсэн хүсэл зоригийн илэрхийлэл, агуулга зэргийг тодорхойлж үзвэл нэг талаас худалдагч тал нь тохиролцсон бетон зуурмагийг худалдах, худалдан авагч тал үнэ төлөх тохиролцоо нь Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаарх тооцооны үлдэгдэлийн баталгаа, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны байдлаарх тооцооны хуудас-ыг тус тус ирүүлсэн бөгөөд уг тооцоогоор хариуцагч 103,362,000 төгрөгийн бетон зуурмагийг худалдан авсанаас 11,000,000 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй байгаа болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 4-6 дугаар тал/
Хариуцагч М.ДХХК нь гэрээнд заасан үнэ төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл 11,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Мөн нэхэмжлэгч нь 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Өмгөөлийн гүн дэлгэрэх ХХН-тай байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний дагуу өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 2,805,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. /х.х-ийн 7-8 дугаар тал/
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.
Тодорхой төрлийн хэрэг маргааныг шийдвэрлүүлэхэд хууль зүйн туслалцаа авах эсэх нь зохигч талуудын өөрийн хүсэл зоригийн асуудал бөгөөд нэхэмжлэгч уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа авахад өмгөөлөгчид төлсөн 2,805,000 төгрөгийг зайлшгүй гарсан зардал гэж үзэхгүй тул энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй байна. /х.х-ийн 15 дугаар тал/
Иймд хариуцагч М.ДХХК-иас 11,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.К ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,805,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гардуулж, хуульд заасан хугацааны дотор буюу 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлсан байх боловч хариуцагч нь тайлбар болон ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.ДХХК-иас 11,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.К ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,805,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.ДХХК-иас 190,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.К ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ