| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2018/00556/И |
| Дугаар | 101/ШШ2018/00942 |
| Огноо | 2018-03-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2018/00942
| 2018 оны 03 сарын 19 өдөр | Дугаар 101/ШШ2018/00942 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: П.Т /РД: 000000000/, Х.Д /РД: 00000000/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ё.Хт /РД: 0000000/ холбогдох
2.641.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Мягмарнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 273/275 дугаар шийдвэрээр 1998 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Дгийн эцэг Ё.Х мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хүүхдийг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 настай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн.
Ё.Хоос хүүхэдтэй холбоотой нэмэлт зардал гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ч оршин суух хаяг нь тодорхой бус байсан тул Ё.Хийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан ба Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 1280 дугаар шийдвэрээр түүнийг эрэн сурвалжилсан.
Хүүхэд 18 нас хүрсэн үндэслэлээр хүүхдийн тэтгэлэг төлөгдөж дуусаагүй байхад 2016 оны 1 дүгээр сард шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байсан.
Хүү Д Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн Механик инженер багцийн ангид 2015-2016 оны хичээлийн жилд суралцахад сургалтын төлбөрт 1.886.250 төгрөг, нэмэлт хичээлийн төлбөрт 125.750 төгрөг, мөн хүүгээ Улаанбаатар хотод суралцуулж байгаа учраас орон сууц түрээслэн түрээсийн төлбөрт 1.290.000 төгрөг тус тус зарцуулсан. Эдгээр мөнгөний тал хувийг хариуцагч буюу эцэг Ё.Х хариуцаж төлөх ёстой.
Иймд хариуцагч Ё.Хоос 2016 оны 1-4 саруудын хүүхдийн тэтгэлэг 660.000 төгрөг, тэтгэлэг хугацаандаа төлөөгүйн алданги 330.000 төгрөг, сургалтын төлбөр 1.886.250 төгрөгийн тал хувь 943.125 төгрөг, нэмэлт хичээлийн төлбөр 125.750 төгрөгийн тал хувь 62.875 төгрөг, орон сууцны түрээсийн төлбөр 1.290.000 төгрөгийн тал хувь 645.000 төгрөг, нийт 2.641.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Ё.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Ё.Х би хүүхдийн тэтгэмжийн мөнгийг 16 нас хүртэл нь төлөх үүрэгтэй. Одоо 2-3 сарын тэтгэмжийн мөнгө үлдсэн бөгөөд энэ төлбөрөө бүрэн барагдуулна. Бусад төлбөр тооцоог төлөх боломжгүй. Тус хүүхэд хуулиар 16 нас хүрсэн тул үүнээс хойшхи асуудлыг би хариуцахгүй болно гэжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Т, Х.Д нар нь хариуцагч Ё.Хт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг 660.000 төгрөг, тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй алданги 330.000 төгрөг, сургалтын төлбөр 943.125 төгрөг, нэмэлт хичээлийн төлбөр 62.875 төгрөг, байрны түрээсийн төлбөр 645.000 төгрөг, нийт 2.641.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 273/275 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 23 дуаар зүйлийн 23.1-т зааснаар 1998 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Дгийн эцэг Ёндон-Одын Х мөн болохыг тогтоож,
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 1998 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Дг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан эцэг Ё.Хоор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
/ХХ-ийн 18-20 дугаар тал/
П.Т нь Ё.Хт холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөр, байрны түрээсийн төлбөр нэхэмжлэн нэхэмжлэл гаргасан ба хариуцагчийн оршин суух хаяг тодорхой бус тул тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ё.Хийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан ба Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 1280 дугаар шийдвэрээр Ё.Хийг эрэн сурвалжилсан байна.
/ХХ-ийн 7 дугаар тал/
Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 273/275 дугаар шийдвэрээр Ё.Хоос нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу тэрээр 2014 оны 8 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд нийт 3.775.200 төгрөгийн тэтгэлэг төлөхөөс 2015 оны 4 дүгээр сард 1.500.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сард 436.500 төгрөг, 2015 оны 12 дугаар сард 500.000 төгрөг, нийт 2.436.000 төгрөг төлжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-т заасан буюу тэтгүүлэгч хүүхэд 18 нас хүрсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2/2381 тоот тодорхойлолт болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 91 тоот тогтоолоор тогтоогдлоо.
/ХХ-ийн 38, 46-47 дугаар тал/
Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн тэтгэлэг төлөлттэй холбоотой тодорхойлолтоос үзэхэд Ё.Х нь 2016 оны 1-4 сарыг дуустал хугацааны тэтгэлэгийг төлөөгүй байх ба шүүхийн шийдвэрээр хүү Дг 18 нас хүртэл нь түүнээс тэтгэлэгийг гаргуулахаар шийдвэрлэсэн тул түүнээс 2016 оны 1-4 дүгээр саруудын тэтгэлэгт нийт 660.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй ба харин түүнийг хэдий хугацааны тэтгэлэгийг төлөөгүй гэж үзсэн нь тодорхойгүй байх тул алданги гаргуулах боломжгүй.
Шийдвэр гүйцэтгэх байгууллага Ё.Хийг 2016 оны 1 сард 185.400 төгрөг, 2 сард 185.400 төгрөг, 2016 оны 3 сард 183.700 төгрөг, 2016 оны 4 сард 183.700 төгрөг тус тус төлөх ёстой хэмээн тооцоолсон ч нэхэмжлэгч тал эдгээр саруудад 162.000 төгрөг*4 сар=660.000 төгрөг нэхэмжилсэн, уг хэмжээгээрээ шийдвэрлүүлнэ хэмээн тайлбарласан тул нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсний дагуу шийдвэрлэлээ.
/ХХ-ийн 38, 46-47 дугаар тал/
Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасны дагуу эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх зэргээр хүүхдийн амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, орон байр, бусад шаардлагатай зүйлээр хангах нь эцэг, эхийн үүрэг юм.
Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон тухайлбал хүндээр өвчилсөн, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар .. шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заажээ.
Энэ нь тухайн хүүхэдтэй холбоотой гарсан зардлыг хариуцуулах-аар заасан заалт бөгөөд хүүхдэд зардал гаргаж байгаа тохиолдолд эцэг, эх хэн алинд нь адил тэнцүү хуваан хариуцуулах ёстой юм.
Хүү Х.Д Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн Механик инженер багцийн ангид суралцан 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 1.886.250 төгрөг, нэмэлт хичээлийн төлбөрт 125.750 төгрөгийг, мөн хүүг Улаанбаатар хотод суралцуулах үүднээс хүүхдийг амьдрах орон байраар хангах үүргээ хэрэгжүүлэн орон сууц түрээслэн дээрх хугацааны түрээсийн төлбөрт 1.290.000 төгрөг тус тус зарцуулсан ба үүний тал хувийг хариуцагч буюу эцэг Ё.Х хариуцах учиртай.
Сургалтын төлбөр 1.886.250 төгрөг/2=943.125 төгрөг,
Нэмэлт хичээлийн төлбөр 125.750 төгрөг/2=62.875 төгрөг,
Орон сууцны түрээсийн төлбөр 1.290.000 төгрөг/2=645.000 төгрөг.
/ХХ-ийн 8-14 дүгээр тал/
Иймд хариуцагч Ё.Хоос хүүхдийн тэтгэлэг 660.000 төгрөг, сургалтын төлбөр 943.125 төгрөг, нэмэлт хичээлийн төлбөр 62.875 төгрөг, байрны түрээсийн төлбөр 645.000 төгрөг, нийт 2.311.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Т, Х.Д нарт олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 330.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч Ё.Х шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх талаар шүүхэд мэдэгдсэн тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдлаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.1-т заасныг баримтлан хариуцагч Ё.Хоос 2.311.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Т, Х.Д нарт олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 330.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нарын 57.206 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.Хоос 51.926 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Т, Х.Д нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Н.САРАНГҮН