| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2020/01040/И |
| Дугаар | 101/ШШ2020/02523 |
| Огноо | 2020-07-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2020/02523
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, Боржигон овогт Л.О /РД:0/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 0 тоотод оршин суух, Зуутраг овогт Э-О.М /РД:/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Э.Мтэй Дархан хотод төвийн бүсийн аялал жуулчлалын хоёрдугаар форум дээр анх танилцсан. Бид ярилцаад хамтарч ажиллахаар болсон. 2019 оны 06 сарын 21-нд Р М нэртэй компанийг байгуулсан.
Би Э.Мт 2019 оны 09 сарын 25-ны өдөр нийт 2,200,000 төгрөгийг 2019 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл зээлдүүлсэн. Гэвч зээлийн мөнгийг буцааж өгөөгүй учир Э.Мээс нийт 2,200,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Үүнээс хойш надад 800,000 төгрөгийг өгсөн тул уг мөнгийг нэхэмжлэлээс хасч, шаардлагаа 1,300,000 төгрөг болгож байна. Би компанийн мөнгөнөөс тусдаа зээлийн гэрээ байгуулж, Э.Мт өөрт нь мөнгө зээлдүүлсэн. Түүнээс миний зээлдүүлсэн 2,200,000 төгрөг нь компанитай хамааралгүй. Тус шүүхэд бидний компанитай холбоотой үүссэн маргаан тусдаа хянагдаж байгаа. Иймд Э.Мээс зээлийн гэрээний үлдэгдэл 1,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Л.Отэй 2019 оны 05 сарын 24-нд Дархан хотод төвийн бүсийн аялал жуулчлалын хоёрдугаар форум дээр танилцаж буудлын нэг өрөөнд хамт байрласан. Тухайн үед Л.О нь өөрийгөө Төв аймгийн аялал жуулчлалын холбооны дарга гэж танилцуулсан. Тухайн үед миний бие R******* Монголын аялал жуулчлал, амралт сувиллын нэгдсэн мэдээллийн лавлах төв нэртэй веб сайт 2013 оноос үүсгэн байгуулж ажиллуулдаг байсан. Бид танилцаж олон удаа уулзаж ярилцсаны үндсэн дээр итгэлцэж хамтарч ажиллахаар болсон. Ингээд 2019 оны 06 сарын 21-нд Р М нэртэй 2 гишүүнтэй ХХК байгуулсан. Тухайн үед Л.О нь анх 30 сая төгрөг хөрөнгө оруулна гэж ярьсан хэдий ч 10 сая төгрөг оруулья гэсэн. Л.Оэй ярилцаж оффис түрээслэх хүсэлтэй байгаагаа хэлэхэд оффис, байр маш үнэтэй, тийм болохоор байр түрээслэх нь илүү ашигтай гэсэн. Ингээд Баянзүрх дүүрэгт байрлах Баян монгол хороололд ******* тоотод байрлах байрыг 1 сарын 550,000 төгрөгөөр түрээслэх болсон. Нийт 2,200,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн. Дээрх 2,200,000 төгрөг нь бидний байгуулсан компанид хамааралтай болохоос би зээлийн гэрээний дагуу авсан мөнгө биш. Л.О нь намайг байрны түрээсийг буцааж надад төл гэж хэлсэн. Гэтэл энэ бүхний цаана ганцаараа ажиллаж, хичээж байгаа гэдгийг ойлгохгүй над руу удаа дараа хашхирч, мөнгө төл гэж орилсон. Миний бие хувьдаа завшин ашигласан зүйл байхгүй учир байрны эзэнтэй ярилцаж, үнэн байдлаа хэлж гэрээгээ цуцлах талаар гуйсан. Үүнээс хойш 800 000 төгрөгийг Л.От шилжүүлсэн. Би зээлийн төлбөр гэх мөнгийг өөрөө хувьдаа авч ашиглаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Л.От төлбөл 40,000 төгрөгийн л өртэй байгаа гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Э.Мт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж, 1,400,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Зохигчдын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Л.О нь 2,200,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлдүүлэх, Э.М нь тохирсон хугацаанд зээлийг төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 4-5 дугаар тал/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Дээрх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдахад тавих гол шаардлага нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө болох 2,200,000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн байх ёстой.
Хариуцагч Э.М нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө хүлээж аваагүй гэж маргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч Э.Мийн эзэмшлийн Хаан банк, Төрийн банк, Голомт банк дахь дансны хуулгыг тус тус нотлох баримтаар шүүх бүрдүүлсэн.
Шүүхийн бүрдүүлсэн дээрх нотлох баримтуудад нэхэмжлэгч Л.Оээс хариуцагч Э.Мт 2,200,000 төгрөг шилжүүлсэн талаархи баримтад мэдээлэл агуулагдаагүй байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар өөрөө нотлох үүрэгтэй.
Гэвч нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулагдсан гэж шаардаж буй нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байна.
Харин хариуцагч Э.М нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд ...Хэрвээ өгөхөөр бол надад 40,000 төгрөгийн үлдэгдэл байгаа гэж тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаарах тул дээрх тайлбарыг үндэслэн хариуцагчаас 40,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Зохигчид компанитай холбоотой үүссэн эрх зүйн маргааныг тусдаа нэхэмжлэл гаргах замаар шийдвэрлүүлж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг гэж шаардсан тул уг шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хариуцагч нь шүүх хуралдааны товтой 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр танилцаж, тов мэдэгдэх хуудаст гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүй хэргийг хэлэлцүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Э.Мээс 40,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.О*******т олгож, нэхэмжлэлээс 1,360,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ