Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч Г.Мөнхтүвшин

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Баян-Аадрага сумын  харъяат, 1995 оны 08 сарын 22-нд төрсөн, эрэгтэй, 22 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, Замын-Үүд сумын 2-р баг, Гаалийн 1-28 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Дондоо овогт Баярсайханы Мягмарсүрэнд /РД:СВ95082210/ холбогдох эрүүгийн 201710010016 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

Шүүгдэгч Б.Мягмарсүрэн нь 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хягзгаарласан эд зүйлс болох 800 блок буюу 160,000 ширхэг 23,200,000  төгрөгийн үнэ бүхий Эссэ лайтс нэртэй янжуур тамхийг иргэн Д.Сайханчулууны эзэмшлийн 81-10 ДГА улсын дугаартай суудлын автомашинд ачиж Монгол Улсын хилээр хууьв бусаах нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Мягмарсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ” 206 оны 03 сарын 29-ний өдөр эрээн хотын Анко нэртэй каргоны газар ачигч хийдэг Түвшин гэх Өвөр монгол залуугаас 28 хайрцаг ачаа авч ачсан, надад хэлэхдээ бүгдээрээ  гутал  байгаа юм гэж хэлээд  надад зарим  хайрцагнуудыг задалж үзүүлсэн, тэгтэл үзүүлсэн хайрцагнууд нь бүгд гутал кетнүүд байсан. Тэгээд Түвшингээс 28 хайрцагтай барааг нь  авч машиндаа ачаад Хятадын хилээр гарч монгол  Улсын хил дээр ирэхэд  гаалийн улсын байцаагч миний авч явсан барааг шалгаж үзсэн. Тэгтэл  миний авч явсан барааны 28 хайрцагны 16 хайрцаг  нь эссэ тамхи гарч ирсэн. Эд зүйлд үзлэг хийхэд би байлцсан. Маргаан байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ”  гэсэн мэдүүлэг,

Бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас 0003956 /хх-ийн 8/

8110 ДГА улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, 160,000 ширхэг Эссэ лайтс тамхи  илэрсэнийг саатуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 11/

Хураагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл  /47-53/

Гэрч Д.Энхболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Намайг Замын-Үүд гаалийн газарт зөрчлийн байцаагчаар ажиллаж байх үед 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Замын-Үүд дэх гаалийн Авто замын шалган нэвтрүүлэх цэгийн суудлын авто машин ордог тал дээр импортын талын гаалийн хяналтын бүсэд 8110 ДГА улсын дугаартай УАЗ 469 маркийн авто машин зохих зөвшөөрөлгүйгээр 16 хайрцагтай 800 блок, 160,000 ширхэг хайрцагтай эссэ нэртэй янжуур тамхийг оруулж ирсэн зөрчил гарсан. Энэхүү тамхийг оруулж ирэхдээ тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж оруулж ирдэг юм. Гэтэл Мягмарсүрэн гэдэг жолооч ямар ч зөвшөөрөл байхгүйгээр машиндаа ачаад ороод ирсэн байсан. Тухай тээврийн хэрэгсэлд ачигдсан хайрцагтай тамхи бүгд ижил хэмжээтэй хайрцагтай байсан. Дээрх зөрчлийг манай гаалийн улсын байцаагч Ш.Ганбаяр илрүүлж би түүнийг хүлээн аваад прокурорын байгууллагад шилжүүлэн өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55/

Гэрч Ш.Ганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ажилтай байж байтал БНХАУ-ын талаас импортоор орж ирж байгаа 81-10 ДГА улсын дугаартай УАЗ-469 маркийн авто машинд гаалийн хяналт шалгалт хийхэд бараан доор байсан 70 см x 40см x40 см хэмжээтэй шар өнгийн 16 ширхэг хайрцагтай зүйлд үзлэг хийхэд 800 блок 160,000 ширхэг хайрцагтай эссэ нэртэй янжуур тамхи гарч ирсэн. Үүнийг саатуулан зөрчлийн албаны байцаагч Энхболдод хүлээлгэн өгсөн…тамхийг Монгол Улсын хилээр оруулахыг хязгаарласан байдаг, тамхийг оруулж ирэхдээ тусгай зөвшөөрөлтэй компани оруулж ирдэг юм. Гэтэл 81-10 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож орж ирсэн Мягмарсүрэн гэдэг жолоочид ямар ч зөвшөөрөл байхгүй байсан. Хэрэв иргэн тамхи оруулж ирэх бол өөрийн хэрэгцээнд 1 блокыг зөвшөөрдөг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57/

Гэрч Б.Зулбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн” ...тамхины дээжинд шинжилгээ хийлгэхээр лабораторын эрхлэгч Батгэрэл надад хувиарлаж өгсөний дагуу миний бие 2016 оны 05 дугаар сарын 04-нөөс 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрүүдэд 13 үзүүлэлтээр шинжилгээг хийж гүйцэтгэсэн. Шинжилгээ хийсэн аргууд нь Монгол улсад стандартчилагдсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа аргуудаар шинжилгээг хийсэн. Шинжилгээний дүнгээр тухайн Эссэ лайтс тамхинд агуулагдах бохь никотин нүүрс төрөгчийн дутуу ислийн хэмжээ MNS 5024:2013 гэсэн стандартанд заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их гарч байсан. Шинжилгээний дүгнг copилтын дүнгийн хуудаст бичиж 2 хувь хэвлэн лаборторын эрхлэгчээр хянуулан баталгаажуулсан. Янжуур тамхины чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг MNS 5024:2013 стандартаар тогтоосон байдаг. Бохь, никотин, нүүрс төрөгчийн дутуу исэл нь тамхианд агуулагддаг хүний биед хортой бодис учир зөвшөөрөх хэмжээг дээд хэмжээг стандартаар тогтоож өгдөг. Тэгэхээр энэ тамхи нь Монгол улсад дагаж мөрдөх стандартын шаардлагыг хангахгүй байна гэсэн үг. Улсын байцаагчийн дүгнэлтэнд шаардллага хангахгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Энэ тамхийг хүн ашиглаж болохгүй, хүний хэрэгцээ шаардлага хангахгүй гэсэн үг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59/

Гэрч Л.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ манай хүү Б.Мягмарсүрэн 2015 оны 08 дугаар сараас хойш одоог хүртэл Замын-Үүд Эрээн хоёрын хооронд машинаар хүн болон ачаа зөөж тээвэр хийж байгаа. Миний хувьд хэргийн талаар нь огт мэдэхгүй надад юм яриагүй. Тамхи зөөсөн шалгуулж байгаа талаараа надад яриагүй учраас би мэдэхгүй байна. Манай хүү Б.Мягмарсүрэн 1995 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адрага суманд төрсөн, манайх 2 хүүхэдтэй хоёр хүүхдийн маань том байгаа юм. Б.Мягмарсүрэн тусдаа гараагүй эхнэр хүүхэдгүй ам бүл цуг байдаг. Ямар нэгэн муу санаа байхгүй, хүнд их тусархуу хүүхэд байгаа юм. Архи тамхи хэрэглэхгүй. Хүнтэй их нийтэч зантай, спорт сонихдог хөл бөмбөг тоглодог спортын 1-р зэрэгтэй. Уг нь хуулийн сургуульд тэнцсэн боловч бид нар төлбөр мөнгийг нь хийж чадахгүй, хүүгээ сургуульд нь явуулж чадаагүй… Энэ УАЗ 469 маркийн 81-10 ДГА улсын дугаартай машиныг Б.Мягмарсүрэн 2016 оны 03 сард хэдхэн хоног барьж байгаад буцаагаад өгсөн ямар хүний машин байсныг мэдэхгүй өөрөө мэдэх байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60/

2016 оны 05 сарын 09-ний өдрийн “ Улсын байцаагчийн 2016 оны  05 дугаар сарын 09-ний өдрийн 25-03-037-042/06 тоот дүгнэлт, лаборторын химмийн шинжилгээгээр Esse Lights тамхи нь бохь 22,48 мг/ш, никотин 5,77 мг/ш, нүүрстөрөгчийн  дутуу исэл  20,0 мг/ш байгаа нь янжуур тамхи техникийн ерөнхий шаардлага MNS 5024:2013 стандартын 5.7 заалтыг / химмийн үзүүлэлтийн 2-р хүснэгтэд заасан/ шаардлагыг хангахгүй.

2. Хаяг шошго дээрээ  Солонгос  улсад үйлдвэрлэсэн гэх бичигтэй боловч бар кодыг уншихад үйлдвэрлэгч тодорхойгүй хуурамч кодоор ашигласан байна

3.Тамхи нь улсын хилээр нэвтрүүлэхэд хориглосон буюу хязгаарлсан барааны  жагсаалтад ордоггүй” гэсэн  шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-67/

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 05 сарын 09-ний өдрийн 25-03-037-042/06 тоот  дүгнэлт /хх-ийн 68/

8110 ДГА улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэл Дамдинсүрэнгийн Сайханчулууны өмчлөлийнх болохыг тодорхойлсон  Автотээврийн  үндэсний төв гэсэн лавлагаа /хх-ийн 114/

Эссэ лайтс тамхи нэг блок нь 29,000 төгрөг, 800 блок нь 23,200,000 төгрөг гэсэн 2017 оны 05 сарын 06-ны өдрийн 78 тоот шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 117/

Шүүгдэгч Б.Мягмарсүрэн нь урьд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 90/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Мягмарсүрэн нь 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан эд зүйлс болох 800 блок буюу 160,000 ширхэг 23,200,000 төгрөгийн үнэ бүхий Эссэ лайтс нэртэй янжуур тамхийг 8110 ДГА улсын дугаартай УАЗ-3153 маркийн тээврийн хэрэгсэлд ачиж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул түүнийг 2016 оны 03 сарын 29-ний өдөр эд зүйл хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн тухайн гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас 0003956 /хх-ийн 8/, 8110 ДГА улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, 160,000 ширхэг Эссэ лайтс тамхи  илэрсэнийг саатуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 11/, хураагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, /47-53/, гэрч Д.Энхболд, Ш.Ганбаяр, Б.Зулбадрах нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, 2016 оны 05 сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-67/, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 05 сарын 09-ний өдрийн 25-03-037-042/06 тоот  дүгнэлт /хх-ийн 68/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тамхины тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “ улсын хилээр иргэдийн оруулж ирэх хувийн хэрэглээний тамхины тоо хэмжээг,  гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно”,

7 дугаар зүйлийн 7.1-т  “...тамхи импортлох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг тус тус үндэслэн Засгийн газар олгоно”,

Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 05 сарын 25-ны өдрийн 191 дүгээр тогтоолоор баталсан Тамхины үйлдвэрлэл,  импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журамын 3.3.4-т “ тамхи импортлох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг худалдааны асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллагаас авсан байна”,  3.3.5-т “ импортлох тамхины нэр төрөл, тоо хэмжээгээр онцгой албан татварын тэмдэгийг  татварын асуудал  хариуцсан  төрийн захиргааны  байгууллагаас авсан байна”,

Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 468 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтанд авагдсан Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 2 дугаар зүйлийн 2.2.1-т “ ...янжуур 200 ширхэг, сигар, навчин тамхи 500 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүй ...” гаалийн хилээр нэвтрүүлнэ гэж  тус тус заажээ.

Гэтэл  шүүгдэгч нь Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан журамд заасны дагуу  зохих зөвшөөрлийг авахгүйгээр, хувь хүний хэрэглээний хэмжээнээс хэтрүүлэн 160,000 ширхэг Эссэ лайтс тамхийг улсын хилээр нэвтрүүлсэн байх тул түүнийг хязгаарласан эд зүйл нэвтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг 2002 оны  Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь 2015 оны Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан  улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх ба дээрх хуулийн зохицуулалтууд нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т заасан хөнгөн  хэрэгт,   2015 оны Эрүүгийн  хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэрэгт тус тус хамаарч байна.

Дээрхээс үзэхэд 2015 оны Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэхь заалт нь эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгчийн эрхзүйн байдал дээрдэхээр байх тул шүүгдэгчийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн  1.9 дүгээр зүйлийн 1-т заасан хуулийг буцаан хэрэглэх журмыг хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Баярсайханы Мягмарсүрэнд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн  1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.           

2. Шүүгдэгч Дондоо овогт Баярсайханы Мягмарсүрэнг улсын хилээр барааг хууль  бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Баярсайханы Мягмарсүрэнг зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.           

4. Шүүгдэгч Б.Мягмарсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 160,000 ширхэг Эссэ лайтс тамхийг утсгасугай.

6. Эд мөрийн баримтаар хураагдсан 160,000 ширхэг Эссэ лайтс тамхийг утсгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Мягмарсүрэн  торгох ялыг  биелүүлээгүй бол  ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мягмарсүрэнд урьд авсан бусдын батлан даалтан өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгйин  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ    А.ЦЭРЭНХАНД