Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 158/ШШ2022/0032

 

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 158/ШШ2022/0032

Булган аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Начив онход овогт Зундуйн Түмэнжаргал,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хонин онход овогт Зундуйн Энхжаргал, Буянт овогт Балданжавын Минжүүрдорж,

Хариуцагч: Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хонгодор овогт Энхтайваны Нандинцэцэг,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Боржигон овогт Цэрэннямын Булганчимэг нарын хоорондын 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Зулзган түшиг ХХК-ийн өмчлөлийн Ү-0405000172 дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай 1502 м.кв, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэл, мөн өдрийн 000121611 дугаарын Зулзган түшиг ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхжаргал, Б.Минжүүрдорж, өмгөөлөгч Л.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нандинцэцэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Амарбаяр, Б.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч З.Түмэнжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхжаргал нь Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Зулзган түшиг ХХК-ийн өмчлөлийн Ү-0405000172 дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай 1502 м.кв, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаарх улсын бүртгэл хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан.

2.   Нэхэмжлэгч З.Түмэнжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж нь итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхжаргалын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Зулзган түшиг ХХК-ийн өмчлөлийн Ү-0405000172 дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай 1502 м.кв, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, мөн өдрийн 000121611 дугаарын Зулзган түшиг ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах гэж тодруулсан.

3.   Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Булган сумын 5 дугаар баг, Цагдаагийн ажилчдын орон сууцны ард байршилтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хэмжээ, хаягийн өөрчлөлтийг хийж Ү-0405000172 дугаарт бүртгэн, 000121611 дугаарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Зулзган түшиг ХХКомпанид олгосон.

4.   Нэхэмжлэгч талаас дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.

5.   Нэхэмжлэлийн үндэслэл:

5.1.        Иргэн З.Түмэнжаргал нь 1998 онд Эсэглэн ЗБН-ийн дүрмийн сангийн эд хөрөнгөө Зулзган түшиг ХХК-д хувь нийлүүлж хувьцаа эзэмшигч болсон бөгөөд тус компани нь 2 давхар үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 50 сая төгрөгийн үнэ бүхий барилгыг Ү-0405000172 дугаарт бүргүүлсэн,

5.2.       2002 онд уг барилгын 1 давхрын 8 өрөөг буюу 288 м.кв талбайтай хэсгийг Түшээт хан сургуульд 15 сая төгрөгөөр үнэлэн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, зохих журмын дагуу бүртгэл хийгдсэн байхад Зулзган түшиг ХХКомпанид 2011 онд олгосон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд 1502 м.кв, 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга гэж тусгасан,

5.3.       2011 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гаргасан мэдүүлэгт хавсаргасан Зулзган түшиг ХХК-ийн 2002 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дүрэм нь хуулбар хувь байгаа нь хууль зөрчсөн тул бүртгэлийн үйл ажиллагаа хууль бус.

6.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч З.Түмэнжаргал нь Зулзган түшиг ХХК-ийн хувьцаа эзэмшигч учраас Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа. Нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь З.Түмэнжаргал өөрөө 1998 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Эсэглэн нэртэй нөхөрлөл байгуулж, хөрөнгөө Зулзган түшиг ХХК-д шилжүүлсэн байдаг. Ингээд Зулзган түшиг ХХКомпанийн хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч болсон. Зулзган түшиг ХХК-ийн нэр дээр 1998 онд Булган зочид буудал, 2 давхар үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 50,000,000 төгрөгийн Ү-0405000172 тоот улсын бүртгэлийн дугаарт бүртгүүлсэн. 2002 онд уг барилгын 1 давхрын 8 өрөө 288 м.кв талбайг шилжүүлж, С.Зундуй, З.Энхтүвшин нарын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан байдаг. Эдгээр бүртгэлүүд хуулийн дагуу хийгдсэн. 2003 онд үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрхийн тухай хуульд заасан журмыг хангаагүй. 2011 оны 00121611 дугаартай гэрчилгээнд үйлчилгээний зориулалттай 1502 м.кв 2 давхар үл хөдлөх хөрөнгө гэсэн бичилт хийгдсэн. Энэ бүртгэл хуульд заасан шаардлага хангаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын гол агуулга Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2011 оны 8 дугаар сарын 2-ны өдөр олгосон үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа хууль бус учраас бүртгэл болон 00121611 дугаартай Зулзган түшиг ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

7.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Зулзган түшиг ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 2011 онд гаргасан гэрчилгээн дээр 1502 м.кв үйлчилгээний зориулалттай барилга гэсэн Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах хүсэлтэй байгаа. 2002 онд Зочид буудлын барилгын 1 давхрыг Түшээт хан сургуулийн нэр дээр 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. 288 м.кв нь 1502 м.кв-аасаа хууль зүйн хувьд хасагдаж бүртгэгдэх ёстой байсан. 288 м.кв хэмжээтэй 1 давхрын хэсгийг бид 2018 онд тавуулаа өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулаад өвлөөд авсан байдаг. Гэтэл өнөөдөр 1502 м.кв, 2 давхар барилга гэсэн бичилттэй байгаа нь хууль бус. Энэ хууль бус бүртгэлийг Улсын бүртгэлийн байгууллага хийсэн гэж үзэж байна. 1998 онд Зулзган түшиг ХХК-д нэхэмжлэгч З.Түмэнжаргалын хувь орж Зулзган түшиг ХХК-ийн хувь нийлүүлэгч болсон. Зулзган түшиг ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний ард 4 гишүүнтэй, дүрмийн сан 60,000,000 төгрөг болсон гэж бүртгэгдсэн нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ 4 гишүүний нэг нь аавын дүү Бадамжав, нэхэмжлэгч З.Түмэнжаргал, анхны үүсгэн байгуулагч Хүрэлбаатар, З.Энхтүвшин нар. 2011 онд З.Түмэнжаргал амьд байсан. 2011 онд Булганчимэг санаачилгаараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 1 гишүүнтэй болгоод авчихсан байна. З.Түмэнжаргал гэдэг хүнийг хувьцаа эзэмшигчээс яаж хассан нь мэдэгдэхгүй. Дүрмэнд ямар өөрчлөлт орсон нь мэдэгдэхгүй. 1 гишүүнтэй болгосныг яаж мэдсэн вэ гэхээр Иргэний хэргийн шүүх дээр энэ дүрэм гарч ирсэн. Тухайн цаг хугацаанд 2002 онд дүрмийн өөрчлөлт оруулсан нь Зулзган түшиг ХХК-ийн дэргэд Англи хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Түшээт хан дунд сургуулийг байгуулна гэсэн өөрчлөлт орсон. Өөр ямар ч өөрчлөлт ороогүй байхад сүүлд нь 1 гишүүнтэй гэсэн дүрмийг компьютерээр шивж хийсэн байсан. Энэ дүрэм хуулийн этгээдийн хувийн хэрэгт байх ёстой боловч байдаггүй, үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэг дотор байгаа. Үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэгт хийгээд компанийг 1 гишүүнтэй гээд 2011 онд үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулаад авчихсаныг бид хүчингүй болгуулахаар хандаж байгаа гэв.

8.   Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтэс нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дараах тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд:

8.1. Зулзган түшиг ХХК-ийн өмчлөлд 50.000.000 /тавин сая/ төгрөгийн 2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн бүртгэлийн материалд хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбарт үүсгэн байгуулагч 4 гэсэн боловч хуулийн этгээдийн дүрэм байхгүй, 2002 онд уг барилгын 1 давхрыг Түшээт хан сургуульд З.Энхтүвшин, С.Зундуй нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн,

8.2. Тус компанийн 2000 онд авсан хуулийн этгээдийн гэрчилгээ, 2002 оны хуулийн этгээдийн дүрэмд 1 гишүүнтэй, үүсгэн байгуулагч нь З.Энхтүвшин гэж бүртгэсэн, нэхэмжлэгч З.Түмэнжаргалыг Зулзган түшиг ХХКомпанийн үүсгэн байгуулагч гэх баримт тухайн хөрөнгийн хувийн хэрэгт байхгүй,

8.3. З.Энхтүвшин, С.Зундуй нар нь дээрх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзэх тул бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нандинцэцэг хариуцагчийн гаргасан тайлбарыг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд хүргүүлсэн хариу тайлбараа дэмжинэ. Зулзган түшиг ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн хувийн хэрэг материалыг хянаж үзэхэд уг бүртгэлд мэдүүлэгчийн гаргасан хүсэлт, холбогдох материалууд нь хүчингүй болох үндэслэлгүй харагдаж байсан. Тухайн үед эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиндаа хуулийн этгээд байвал хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрмийн сангийн хуулбар, мэдүүлэг гаргаж байгаа захирлын иргэний үнэмлэхийн хуулбар, газрын кадастрын зураг, план зураг, фото зураг гэж шаардсан байдаг. Тухайн үеийн хуулийн шаардлага хангагдсан байсан учраас энэ бүртгэл хүчингүй болох үндэслэл байхгүй байсан. Харин мэдүүлэгч мэдүүлэг гаргахдаа кадастрын зургаа бүтэн хэмжээгээр 1502 м.кв-аар гаргасан учраас манай бүртгэгч тэр хэмжээгээр нь бүртгэсэн байна лээ. Үндсэндээ 288 м.кв-ыг салгаагүй хасч гаргаагүй байсан. Энэ бүртгэл хүчингүй болж 2 бүртгэл хаагдах биш. Тусгай зөвшөөрөлтэй компаниар хийгдсэн план зургаа 2 тал хавсаргаж өгөөд мэдүүлэгээ гаргаад нотлох баримтын үнэн зөвийг гэрчлээд явах бүрэн боломжтой. Зулзган түшиг ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь анхнаасаа л Зулзган түшиг ХХК, захирал нь З.Энхтүвшин байсан. Өмчлөгч огт өөрчлөгдөөгүй тул 2011 оны мэдүүлэгт заавал хуулийн этгээдийн дүрмийн эх хувийг шаардахгүй. Өмчлөгч өөрчлөгдөх, гэрээ хэлцлийн үндсэн дээр хөрөнгийн өмчлөлийг бүртгэхэд хуулийн этгээдийн дүрэм, дүрмийн сангийн бүрдэл зэрэг материалыг шаарддаг. Харин Түшээт хан сургуулийн 288 м.кв хөрөнгийг Зулзган түшиг ХХК-ийн 1502 м.кв дотор оруулж бүртгэл хийсэн зөрчил гарсан. Энэ зөрчлийг арилгах боломжтой гэв.

10. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Зулзган түшиг ХХКомпанийн захирал Ц.Булганчимэг нэхэмжлэлийн хувь гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд тайлбар ирүүлээгүй байна.

11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хавтаст хэргийн 83 хуудаст Зулзган түшиг ХХК-ийн 2002 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн дүрмийн өөрчлөлт байгаа. 2 гишүүнтэй дунд сургууль гээд бичгийн машинаар бичээд хуулийн шаардлага хангуулаад нотариатаар баталгаажуулсан дүрэм байдаг. Гэтэл 129 дүгээр хуудсанд мөн энэ өдрөөр огноолсон хуулийн этгээдийн дүрмийг компьютерээр бичсэн, нотариатаар батлуулаагүй, эх хувь биш хуулбар байдаг. Энэ дүрэм нь хуулийн этгээдийн хувийн хэрэгт байхгүй, эд хөрөнгийн бүртгэлийн хувийн хэрэгт байдаг. Хуулиараа эх хувийг нотариатаар баталгаажуулсан байх ёстой. Энэ хууль бус үйлдлээс болоод нэг гишүүнтэй болсон. Ингэж явсаар байгаад үл хөдлөх хөрөнгө бүхэлдээ Зулзган түшиг ХХК-ийн нэр дээр өмчлөлд бүртгэсэн байдлаар гэрчилгээ гарсан байдаг. 2002 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн дүрмийн өөрчлөлтөд зөвхөн Түшээт хан сургуулийн талаар л өөрчлөлт орсон. Гэтэл нөхөж хийсэн, нэг гишүүнтэй боллоо гэж компьютероор бичсэн, нотариатаар батлуулаагүй эх хувь биш хуулбар байдаг. Хууль ёсны дагуу гишүүн өөрчлөгдөж байгаа бол дүрэм эх хувиараа нотариатаар батлуулсан байх ёстой. Гэтэл компьютероор бичсэн дүрмийг зөвхөн эд хөрөнгийн хувийн хэрэгт хийсэн. Үүний үр дүнд 2011 оны хууль бус гэрчилгээ гарсан. Гэтэл өмнө нь 288 м.кв нь Түшээт хан сургуулийн нэр дээр шилжсэн байдаг. Ингээд илт хууль бус болох нь тодорхой харагдаж байгаа. 1502 м.кв гэж гаргасан нь 288 м.кв-ыг өвлөж авсан 5 хүний өмчлөх эрхийг зөрчсөн гэрчилгээ олгосон байдаг. Энэ хууль бус үйлдлээс болоод 1 гишүүнтэй ХХК гээд, өмнө нь өгсөн 288 м.кв -аа оруулаад 2 давхар барилга гэсэн байгаа нь хууль бус гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч манай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн танилцаж ойлгоогүй байна. Компанийн гишүүн өөрчлөх дүрэм хуулийн шаардлагаар нотариатаар батлуулсан байна. Танил тал өөр ямар нэг зүйл байсан нь тодорхой. Ном журмаараа байсан бол бичгийн машинаар бичигдээд, 4 гишүүнээсээ 2 гишүүнтэй болсон, нас барсан бол нас барсан хүмүүсийг хассан байх ёстой. Дараа нь 1 гишүүнтэй болсон бол Түмэнжаргалыг яаж хассан нь, хуралдаа ороод би гишүүнчлэлээсээ гаръя гэсэн нь тодорхой байх ёстой. Нэг гишүүнтэй болсон дүрмийн өөрчлөлт нь хуулийн этгээдийн хувийн хэрэгт байхгүй байхад 2011 онд гэрчилгээ гаргаж байгаа нь Улсын бүртгэлийн хэлтсийн хувьд хариуцлагагүй гэхэд дэндүү хариуцлагагүй үйлдэл байна. Улсын бүртгэлийн хэлтсийн 288 м.кв нь 0013000 дугаартай гэрчилгээтэй. Хувийн хэрэгт нь материал нь бүрэн байсан бол шүүгээд энд давхцаж байна гээд Улсын бүртгэлийн байгууллагын хийх ёстой ажил. Гэтэл 2 хувийн хэрэг сольж хийгээд байна. Илт хууль бус шийдвэр тул 2011 оны гэрчилгээ илт хууль бус болох нь тодорхой байх тул хүчингүй болгож өгнө үү гэв.

12. Бие даасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Амарбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өнөөдрийн бүртгэлтэй холбоотой асуудалд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Зулзган түшиг ХХК-ийн хувь хувьцааны бүртгэлтэй холбоотой асуудлыг хольж яриад байна. Компанийн бүртгэлтэй холбоотой маргааны асуудал уу? эсхүл үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал уу? Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой харилцаа иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдах ёстой. 288 м.кв манай өмчлөл дээр байсан. 1502 м.кв дотроо байгаа эсэхийг тогтоогоогүй мөртлөө улсын бүртгэгчийн үйлдлийг буруу гэж үзээд байгаа. Энэ маргаан одоог хүртэл шийдэгдээгүй байгаа. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 10 жилээр тодорхойлогддог. 1996 оны Иргэний хуулиар шийдэгдэх асуудал яригдаж байгаа. Өмнөх хуулийн зохицуулалттай асуудлууд байгаа. Бидний эрх зөрчигдөөд байгаа учраас өмнөх хуулийг харж хянах ёстой болов уу гэж бодож байгаа. Өмчлөх эрхтэй холбоотой асуудалд эдгээр хүмүүс ямар холбоотой юм вэ? тэр нь тогтоогдоогүй байгаа. Өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг өөрсдөө тогтоож чадаагүй байж гомдол гаргах эрх үүсэхгүй. Сая улсын бүртгэгч хэллээ. Кадастрын зурагтай холбоотой асуудлаа салгуулаад 2 талаасаа хүсэлт өгөхөд засч янзлаад өгөх боломжтой гэж байна. Гэтэл энэ асуудал нь иргэний эрх зүйн харилцаанд тогтоогдоогүй байгаа. Тийм болохоор бид эрх зөрчигдөөд байгаа гэдэг гомдлыг гаргаж байгаа гэв.

13. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Энхболд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өвлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой нотариатыг буруутгасан асуудал иргэний хэрэг дээрч яригддаг. Гэтэл Монгол Улсын Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх заалтад зааснаар өвлөх эрхийн дагуу хууль ёсоор өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулаад Улсын бүртгэлд хандаад хуулийн дагуу Зулзган түшиг ХХК-ийн өмч хөрөнгийг, өмчлөх эрхийнх нь хамт хууль ёсоор өвлөсөн байдаг. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх заалтад зааснаар ямар нэг байдлаар өвлөх эрхийн хүсэлтээ гаргаагүй байж тухайн нотариатын үйлдэлтэй холбоотойгоор мөн Улсын бүртгэлийн хэлтсийг хууль бус бүртгэл хийсэн гэдэг байдлаар хардлага явдаг. Гэтэл саяын Амарбаяр өмгөөлөгчийн хэлснээр хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт өнгөрсөн байдаг. Мөн өмчлөх эрхтэй холбоотой асуудал ярьж байгаа нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрхийг хөндөж байна гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч З.Түмэнжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхжаргалаас Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Зулзган түшиг ХХК-ийн өмчлөлийн Ү-0405000172 дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай 1502 м.кв, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаарх улсын бүртгэл хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд дээрх нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Зулзган түшиг ХХК-ийн өмчлөлийн Ү-0405000172 дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай 1502 м.кв, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, мөн өдрийн 000121611 дугаарын Зулзган түшиг ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах гэж тодруулан, шүүх хуралдаанд тодруулсан шаардлагаа дэмжсэн байна.

2. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Зулзган түшиг ХХКомпанийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэж үзэн тус компанийг 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 136 дугаартай шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

3. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Нэхэмжлэгч З.Түмэнжаргал нь 1998 онд Эсгэлэн ХХКомпанийн хөрөнгийг Зулзган түшиг ХХКомпани руу шилжүүлэн хувьцаа эзэмшигч болсон. 2002 онд Зулзган түшиг ХХКомпанийн хөрөнгөнөөс 288 м.кв талбай бүхий 1 давхрын хэсгийг Түшээт хан сургуулийн мэдэлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн холбогдох бүртгэлийг хийлгэсэн байтал Зулзган түшиг ХХКомпанийн өмчлөлд үйлчилгээний зориулалттай 1502 м.кв, 2 давхар барилгыг бүртгэсэн бүртгэлийн үйл ажиллагаа нь хууль зөрчсөн ба бүртгэлийг хийхдээ шаардлагатай баримтыг хувийн хэрэгт аваагүй, хуулийн этгээдийн дүрэм хуулбар хувь байгаа нь хуульд заасан эх хувийг ноториатаар гэрчлүүлнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн тул бүртгэлийн үйл ажиллагаа хууль бус гэж;

4. Хариуцагч талаас хуулийн этгээдийн өмчлөлд байх үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хийх үед холбогдох материалыг хуульд заасны дагуу Улсын бүртгэлийн хэлтэст ирүүлснийг хүлээн авч бүртгэл хийсэн. Зулзган түшиг ХХКомпанийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч нь үүсгэн байгуулагчаар бүртгэгдсэн З.Энхтүвшин бөгөөд анх байгуулагдсан цагаас хойш өмчлөгч огт өөрчлөгдөөгүй тул уг үл хөдлөх хөрөнгийн хэмжээ, байршлын өөрчлөлтийг бүртгэхэд үүсгэн байгуулагчаас ирүүлсэн баримтад үндэслэн бүртгэлийг хийсэн нь хууль зөрчөөгүй тул хүчингүй болгох үндэслэл байхгүй. Харин Түшээт хан сургуулийн өмчлөлд шилжсэн 288 м.кв талбай бүхий хэсгийг 2011 онд бүртгэсэн бүртэлээр хамтатган бүртгэснийг залруулах боломжтой гэж;

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн талаас нэхэмжлэгч З.Түмэнжаргал нь Зулзган түшиг ХХКомпанийн хувьцаа эзэмшигч биш, Түшээт хан сургуулийн өмчлөгч гэдэг нь тогтоогдоогүй байхад Зулзган түшиг ХХКомпанийн хөрөнгийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахар нэхэмжлэл гаргасан нь бидний эрхэд халдсан гэж тус тус маргажээ.

6. Зулзган түшиг ХХКомпани нь 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд хөрөнгийн байршил, хэмжээний өөрчлөлтийг бүртгэж, шинээр гэрчилгээ олгосон байна.

7. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

8. Нэхэмжлэгч талаас дээрх 2011 оны улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба тухайн үед 2003 онд батлагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, 2009 онд батлагдсан Улсын бүртгэлийн Ерөнхий хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тул дээрх хуулиуд болон тухайн үеийн дүрэм, журмуудад үндэслэн маргааныг хянан шийдвэрлэсэн болно.

9. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад заасан хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгэсэн бүртгэлийн үйл ажиллагаа нь дээрх захиргааны актын шинжийг агуулсан маргаан бүхий захиргааны акт байна.

10. Зулзган түшиг ХХКомпанийн захирал асан З.Энхтүвшин нь анх 1994 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Булган ББХКомпанийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ /хх-ийн 38 дугаар тал/ авсан байдаг ба дээрх Булган ББХКомпанийг шинэчлэн зохион байгуулж, нэршлийг Зулзган түшиг ХХКомпани болгон өөрчилж, 1996 оны 3 дугаар сарын 15-нд үүсгэн байгуулах гэрээг /хх-ийн 61 дүгээр тал/ үйлдэн, дүрмийг /хх-ийн 62 дугаар тал/ баталснаар мөн оны 4 дүгээр сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн 0400085 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 102 дугаар тал/-г авчээ. Уг гэрчилгээнд хуулийн этгээдийн регистрийн дугаар 2007738, гишүүдийн тоо-2, удирдлагын овог нэр: Зундуй овогтой Энхтүвшин гэж тусгасан байна.

11. Аймгийн өмч хувьчлалын комиссын шийдвэрээр 1994 оны 3 дугаар сарын 17-ны өдөр АЙМГИЙН НАА-Н ГАЗРЫН ХАРЬЯА БУЛГАН ЗОЧИД БУУДЛЫГ БУЛГАН ББХК-НИЙ ЭЗЭН З.ЭНХТҮВШИНД ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН АКТ /хх-ийн 85-86 дугаар тал/-аар зочид буудлын барилгыг, доторх эд хөрөнгийн хамт Булган ББХКомпаний өмчлөлд шилжүүлж, хожим Булган ББХКомпани нь Зулзган түшиг ХХКомпани болон өөрчлөгдөхөд үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Зулзган түшиг ХХКомпани болсноор 1998 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр улсын бүртгэлийн Ү-0405000172 дугаарт бүртгүүлэн, 19 дугаартай Монгол улсын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 119 дүгээр тал/-г авчээ. Гэрчилгээнд Зулзган түшиг ХХК, улсын бүртгэлийн дугаар 0400085, регистрийн дугаар 2007738, Булган сумын 2 дугаар баг 50.000.000 төгрөгийн үнэ бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилгын хууль ёсны өмчлөгч мөн тул гэрчилгээ олгов гэжээ.

12. Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтэст хадгалагдаж байгаа Зулзган түшиг ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0405000172 дугаарт бүртгэгдсэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт 2002 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээ/хх-ийн 120 дугаар тал/-нд Зулзган түшиг ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй зочид буудлын барилгын 1 давхрын сургуулийн зориулалтаар засаж, тохижуулсан хэсгийг иж бүрдлээр нь 15 сая төгрөгөнд тооцож Зулзган түшиг ХХК-ийн эзэн З.Энхтүвшингээс Түшээт хан сургуулийг үүсгэн байгуулагч С.Зундуйд бэлэглэж, гэрээнд бэлэглэгч, бэлэг авагч нар гарын үсэг зурж, гэрээ хүчин төгөлдөр болжээ. Уг гэрээнд үндэслэн 2002 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Зулзган түшиг ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрчлөлт оруулан, 0013017 дугаарын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 131 дүгээр тал/-г олгосон байх ба гэрчилгээнд хөрөнгийг Булган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 35.000.000 /гучин таван сая/ төгрөгийн үнэ бүхий барилга гэж тусгаснаас харахад анх олгосон 19 дугаартай үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан үнийн дүнгээс дээрх бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн хөрөнгийн үнийн дүнг хасаж, гэрчилгээг шинээр олгосон нь Зулзган түшиг ХХК-ийн өмчлөлд байх 2 давхар барилгын 1 давхрын хэсэг нь Түшээт хан сургуулийн өмчлөлд очсон үйл баримт тогтоогдож байна.

13. Дээрх өөрчлөлтөөс хойш Зулзган түшиг ХХКомпанийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт ороогүй ба 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Зулзган түшиг ХХК-ийг үүсгэн байгуулагч, захирал З.Энхтүвшингээс улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гарган, уг мэдүүлэгт кассын орлогын баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Булган аймгийн Татварын хэлтсээс олгосон/, хуулийн этгээдийн дүрэм /2002.02.06/, зочид буудлын барилгын байршлын кадастрийн зураг, З.Энхтүвшингийн ам бүлийн тодорхойлолт, Булган сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 198 дугаартай захирамж, 0013017 дугаарын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг хавсаргажээ. /хх-ийн 124-131 дүгээр тал/

14. Хариуцагчаас дээрх материалыг хүлээн авч, тус компанийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулан 000121611 дугаарын гэрчилгээ /хх-ийн 132 дугаар тал/-г 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдөр олгосон байх бөгөөд уг гэрчилгээнд Зулзган түшиг ХХК /1 гишүүнтэй компани/ нь Булган сумын 5 дугаар баг Цагдаагийн ажилчдын орон сууцны ард байршилтай үйлчилгээний зориулалттай 1502 м.кв хэмжээтэй, хоёр давхар үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-0405000172 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов гэжээ.

15. Улсын бүртгэлийн Ерөнхий хууль /2009 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.5.1-д эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэл нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрөлд хамаарна гэж заасан байх ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар тогтооно гэсний дагуу маргаан бүхий харилцааг 2003 онд батлагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль-иар зохицуулсан байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэхэд эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлэг гаргах-ыг хуульчилж, 13 дугаар зүйлийн 13.5-д Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: гээд хэд хэдэн баримтыг мэдүүлэгт хавсаргахыг шаардсан байна. Зулзган түшиг ХХКомпани нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах явцад мэдүүлэгт дээрх хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлсөн кассын орлогын баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, барилга байгууламжийн план зураг, өмчлөх эрхтэйг нотолсон баримт болох 0013017 дугаарын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ зэргийг хавсарган хүргүүлсэн нь дээрх хуульд заасны дагуу баримтаа хавсарган хүргүүлсэн гэж үзэхээр байна. Учир нь хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан мэдүүлэг гаргагчийн мэдүүлэгт хавсаргах баримтад хуулийн этгээдийн дүрмийн эх хувийг заавал хавсаргасан байхыг шаардаагүй байна. Мэдүүлэгт Булган сумын Засаг даргын Багуудын нэр хаягийг өөрчлөх тухай 198 дугаартай захирамжийг хавсаргасан нь хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө оршин байх газрын хаяг өөрчлөгдсөнтэй холбогдуулан дээрх захирамжийг хавсаргаснаар 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагаас олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ шинэ хаягаар бичигдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан Нэг. Хувийн хэргийн тусгай хуудасны 7 дугаарт Агуулга хэсэгт: Хаягийн өөрчлөлт; Нотлох баримт нэмж оруулсан огноо хэсэгт: 11.08.02 гэж, Хоёр. Эд хөрөнгийн тодорхойлолтын 2.2. Эд хөрөнгөнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 1 дугаарт иргэдийн хурлын тогтоолоор засаг захиргааны нутаг дэвсгэрт өөрчлөлт орж 5 дугаар баг болов гээд бүртгэсэн улсын бүртгэгчийн нэр, гарын үсгийг зурж, огноо-д 2011.8.2 гэж тусгаснаас харахад маргаан бүхий бүртгэлээр Зулзган түшиг ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн оршин байх газрын хаягийн өөрчлөлтийг хийсэн гэх үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 144 дүгээр тал, 145 дугаар хуудасны ар тал/

16. Харин маргаан бүхий бүртгэлийг хийх явцад үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээг 1502 м.кв гэж бүртгэсэн нь эргэлзээ төрүүлж байна. Учир нь хариуцагч Улсын бүртгэлийн хэлтэст хадгалагдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн товчооны 1 дэх хэсэг: Үл хөдлөх эд хөрөнгийн тодорхойлолт-д Бүртгэлийн дугаар: 0405000172, Оршин байгаа нутаг дэвсгэр: Булган сум 4 дүгээр баг, ашиглалт: Зочид буудал, хамтын өмч: 1 гишүүнт өмч, үнэ: 40.000.000 /дөчин сая/ гэж, 2 дахь хэсэг: Өмчлөгч-д Өмчлөгч: Зулзган түшиг ХХК, үнэ 40.000.000 төгрөг гээд Өөрчлөлт хэсэгт: ноториатаар гэрчлүүлсэн бэлэглэлийн гэрээг үндэслэн Зулзган түшиг ХХК-ийн хөрөнгөнөөс 15 сая төгрөгийг хасч чөлөөлөв. 2002-06-20 гэж тэмдэглэл хийсэн байна. Дээрх өөрчлөлтөөр Зулзган түшиг ХХК-ийн 40 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс 2002 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хийгдсэн бэлэглэлийн гэрээнд тусгагдсан Түшээт хан сургуулийн хөрөнгө буюу 2 давхар үйлчилгээний зориулалтай барилгын 1 давхрын хэсэг болох 15 сая төгрөгийн үнэ бүхий хөрөнгө хасагдсан гэж үзэх боломжтой юм.

17. Түшээт хан сургууль нь бие даасан 9013903 дугаарын регистртэй хуулийн этгээд байх ба түүний өмчлөлд улсын бүртгэлийн Ү-0405000785 дугаарт үйлчилгээний зориулалттай 288 м.кв үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдсэн мэдээлэл /хх-ийн 233 дугаар тал/ Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санд тусгагдсан, мөн нэгдсэн санд 2007738 регистртэй хуулийн этгээдийн өмчлөлд бүртгэлтэй байсан эд хөрөнгийг шилжүүлсэн талаар тусгаж шилжүүлсэн огноог 2002/06/20 /хх-ийн 232 дугаар тал/ гэснээс дүгнэхэд Зулзган түшиг ХХК-ийн өмчлөлд байх 2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 1 давхрын 288 м.кв талбай бүхий хэсэг нь Түшээт хан сургуульд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн хөрөнгө гэж үзэхээр байна. Дээрх мэдээллийн санд тусгагдсан үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээг харахад Зулзган түшиг ХХК-ийн хөрөнгө 1502 м.кв үүнээс бэлэглэсэн нь 288 м.кв талбайтай хэсэг нь Түшээт хан сургуулийн өмчлөлд шилжин, Түшээт хан сургуулийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэл хийгдэн, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0013000 дугаартай гэрчилгээ /хх-ийн 237 дугаар тал/ олгосон гэдэг нь тогтоогдож байна.

18. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэгч З.Түмэнжаргалыг Зулзган түшиг ХХК-ийн хувь нийлүүлэгчээр бүртгэсэн бүртгэл хуулийн этгээдийн хувийн хэрэгт байхад түүнд мэдэгдэлгүй хуулийн этгээдийн эд хөрөнгийн бүртгэлд өөрчлөлт оруулсан бүртгэл /2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн бүртгэл/ нь хууль зөрчсөн гэж маргаж байх боловч нэхэмжлэгч З.Түмэнжаргал нь Зулзган түшиг ХХК-ийн болон Түшээт хан дунд сургууль хуулийн этгээдтэй хамаарал бүхий гэх баримт хуулийн этгээдүүдийн мэдээллээс харагдахгүй байна. Нэхэмжлэгч З.Түмэнжаргал нь 1998 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Зулзган түшиг ХХК-ийн үүсгэн байгуулах тухай гэрээ /хх-ийн 55 дугаар тал/, мөн өдрийн хуулийн этгээдийн дүрэмд оруулсан өөрчлөлтөөр Зулзган түшиг ХХК-ийн хувь нийлүүлэгчээр бүртгэгдсэн байдаг боловч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан 2002 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Зулзган түшиг ХХК-ийн дүрэм /ххийн 83 дугаар тал/-д Зулзган түшиг ХХКомпани нь 2 хувь нийлүүлэгч /З.Энхтүвшин, Хүрэлбаатар/-тэй гэж тусгагдсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхжаргалаас шүүх хуралдаанд ...2002 онд дүрмийн өөрчлөлт оруулсан нь Зулзган түшиг ХХК-ийн дэргэд Англи хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Түшээт хан дунд сургуулийг байгуулна гэсэн өөрчлөлт орсон. Өөр ямар ч өөрчлөлт ороогүй... гэх тайлбар зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч З.Түмэнжаргал нь 2002 оноос өмнө Зулзган түшиг ХХК-ийн хувь нийлүүлэгчээс гарсан нь нотлогдож байна.

Мөн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт Зулзган түшиг ХХКомпанийн нэр дээр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч З.Түмэнжаргал бүртгэгдэж байсан, өмчлөх эрхтэйг нотлох баримт захиргааны байгууллагад хадгалагдаж буй Ү-0405000172 дугаарын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт авагдаагүй, хавсаргасан нотлох баримтуудад энэ талаар огт тусгагдаагүй тул маргаан бүхий захиргааны акт /Улсын бүртгэлийн хэлтсийн 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл/ нь нэхэмжлэгч З.Түмэнжаргалын эрх, ашиг сонирхолыг хөндөж, түүний өмчлөх эрхэд халдсан нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

19. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхжаргалаас Түшээт хан сургуулийг үүсгэн байгуулагч С.Зундуй нь нэхэмжлэгч З.Түмэнжаргал болон миний эцэг бөгөөд өв залгамжлалаар хүүхдүүддээ 5 хуваасны дагуу өв нээгдэж, бид өмчлөгч болсон тул Түшээт хан сургуулийн хөрөнгө Зулзган түшиг ХХК-ийн хөрөнгөнд давхар бүртгэгдсэнээр нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, хууль бус гэж маргаж байх боловч энэ талаарх баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгөөгүй, Улсын бүртгэлийн нэгдсэн санд Булган аймгийн Түшээт хан дунд сургууль нэртэй хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч-ийн мэдээлэлд нэхэмжлэгч З.Түмэнжаргал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхжаргал нар бүртгэлгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.

20. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргааны хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байдаг, Иргэний хэргийн шүүхийн маргаан тул нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй гэж маргаж байх боловч нэхэмжлэгч талаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар маргаагүй харин өмчлөх эрхийг бүртгэсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан маргаан үүсгэсэн. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ., 8 дугаар зүйлд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрөл, 8.1.1-д эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл гэж тус тус заасан байх тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах боломжгүй ба нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны акт /бүртгэлийн үйл ажиллагаа/-ын талаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрх бүхий байгууллагаас ирүүлсэн нотлох баримттай танилцаж, мэдсэнээр захиргааны байгууллагад холбогдуулан маргаан үүсгэж, нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн болно.

21. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй гэжээ. Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн маргаан бүхий бүртгэлээр Түшээт хан дунд сургууль хуулийн этгээдийн өмчлөлд бүртгэгдсэн 288 м.кв хэмжээтэй хэсэг нь Зулзган түшиг ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд давхардан бүртгэгдсэн байх магадлалтайг хэргийн оролцогчид шүүхийн хэлэлцүүлгийн явцад хүлээн зөвшөөрч маргаагүй тул дээрх хуулийн этгээдүүдийн өмчлөлд байх үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээг дахин нягталж, бүртгэлийг хуульд нийцүүлэн залруулах шаардлагатайг дурдвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Улсын бүртгэлийн Ерөнхий хууль /2009 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.5.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/ -ийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Түмэнжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхжаргал, Б.Минжүүрдорж нараас Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Зулзган түшиг ХХК-ийн өмчлөлийн Ү-0405000172 дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай 1502 м.кв, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэл, мөн өдрийн 000121611 дугаарын Зулзган түшиг ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ